Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 64

1831 оны есдүгээр сарын 11-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмийн ахлагч нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:211–214). Бошиглогч Миссурид байх үедээ хойш тавьсан байсан Библийн орчуулгын талаарх ажлаа сэргээхийн тулд Огайогийн Хайрам уруу шилжихээр бэлтгэж байлаа. Сион (Миссури) уруу аялал хийхээр зарлиг болгуулсан хэсэг ах нар аравдугаар сард явах бэлтгэлээ шаргуу хангаж байлаа. Ийм завгүй үед энэхүү илчлэлт хүлээн авагджээ.

1–11, Илүү их нүгэл тэдэнд үлдэхгүйн тулд Гэгээнтнүүд бие биеэ уучлахаар зарлиг болгогдов; 12–22, Үл наманчлагсад Сүмийн өмнө авчрагдах ёстой; 23–25, Аравны нэгээ төлдөг тэрээр Их Эзэний ирэлтээр шатаагдахгүй байх болно; 26–32, Өрийн эсрэг Гэгээнтнүүд сэрэмжлүүлэгдэв; 33–36, Эсэргүүцэгчид Сионоос тусгаарлагдах болно; 37–40, Сүм үндэстнүүдийг шүүх болно; 41–43, Сион цэцэглэн хөгжих болно.

1БОЛГООГТУН, Ай миний сүмийн ахлагчид та нар, анхаарагтун та нар мөн сонс, мөн өөрсдийнхөө талаарх миний тааллыг хүлээн авагтун хэмээн та нарын Бурхан Их Эзэн ийн хэлж байна.

2Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, дэлхийг та нар дийлэх ёстой хэмээн би хүсдэг; иймийн тул би та нарт өрөвч сэтгэлээр хандана.

3Та нарын дунд нүгэл үйлдсэн тэд буй; гэвч үнэнээр би хэлнэ, энэ удаад л, өөрийн алдар суугийн төлөө, мөн бодгалиудын авралын төлөө та нарт нүглүүдийг чинь өршөөсөн билээ би.

4Бибээр та нарт нигүүлсэнгүй байх болно, учир нь хаант улсыг та нарт өгсөн билээ би.

5Мөн тэрээр миний ёслолуудыг дуулгавартай дагахын хэрээр миний өгсөн арга замуудаар дамжуулан түүнийг амьд сэрүүн байхад миний хаант улсын нууцуудын түлхүүрүүд миний үйлчлэгч Бага Иосеф Смитээс авагдахгүй байх болно.

6Шалтгаангүйгээр түүний эсрэг далим эрэгч тэд буй;

7Гэсэн хэдий ч, тэрээр нүгэл үйлдсэн билээ; гэвч үнэнээр би та нарт хэлнэ, нүглүүдээ миний өмнө хүлээж мөн өршөөлийг хүсдэг, үхэлд хүргэх нүгэл үйлдээгүй тэдэнд Их Эзэн бибээр нүглүүдийг нь өршөөдөг билээ.

8Эрт дээр үед, миний шавь нар бие биеийнхээ эсрэг далим эрж мөн зүрх сэтгэлдээ бие биенээ уучилдаггүй байлаа; мөн энэ хилэнцийн учир тэд зовлонд унаж мөн гашуунаар гэсгээн цээрлүүлэгддэг байв.

9Иймийн тул, та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүгийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой.

10Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана.

11Чи бид хоёрын хооронд Бурхан шүүг, мөн чиний үйлүүдийн дагуу чамайг шагнаг—хэмээн та нар зүрх сэтгэлдээ хэлэх ёстой.

12Нүглүүдээсээ үл наманчилдаг түүнийг мөн тэдгээрээ үл хүлээдэг түүнийг та нар сүмийн өмнө авчрах ёстой, мөн судар та нарт өгүүлдгийн дагуу зарлиг буюу илчлэлтийн аль алинаар нь түүнд хандагтун.

13Мөн Бурхан алдаршиж болохын тулд —та нар өрөвч сэтгэлгүй байж эс уучлахын улмаас бус, харин та нар хуулийн нүдэнд зөвтгөгдөж болохын тулд, та нарын хууль тогтоогч болох түүнд та нар гомдохгүй байж болохын тулд үүнийг та нар хийх ёстой—

14Үнэнээр би хэлнэ, энэ шалтгааны учир та нар эдгээр зүйлүүдийг үйлдэх ёстой.

15Болгоогтун, Их Эзэн, бибээр өөрийн үйлчлэгч байсан Эзра Бут, мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Исаак Морлейд уур хүрч байлаа, учир нь тэд хуулийг ч, бас зарлигийг ч сахиагүй билээ;

16Тэд зүрх сэтгэлдээ хилэнцэтийг эрэлхийлдэг байв, мөн Их Эзэн, бибээр Сүнсээ татан авсан билээ. Хилэнц үүнд байгаагүй тэр зүйлийг хилэнц хэмээн тэд буруушаасан болой; гэсэн хэдий ч, бибээр өөрийн үйлчлэгч Исаак Морлейг өршөөсөн билээ.

17Мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Эдвард Партрижийг, болгоогтун, тэрээр нүгэл үйлдсэн авай, мөн Сатан түүний бодгалийг устгахыг эрэлхийлж буй; харин эдгээр зүйлүүд тэдэнд мэдүүлэгдсэн үед, мөн тэд хилэнцээс наманчилсан үед, тэд өршөөгдөх болно.

18Мөн эдүгээ, миний үйлчлэгч Сидней Гилберт хэдэн долоо хоногийн дараа ажилдаа мөн Сионы нутаг дахь төлөөний хүний хувиарх ажил үүрэгтээ эргэж ирэх нь миний хувьд зүйтэй байна гэдгийг үнэнээр би хэлнэ;

19Мөн тэд мөхөхгүйн тулд түүний харсан хийгээд сонссон тэрхүү зүйл миний шавь нарт мэдүүлэгдэж болох бөлгөө. Мөн энэхүү зорилгын учир би эдгээр зүйлүүдийг ярилаа.

20Мөн дахин, би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Исаак Морлей, тэвчиж чадах зүйлийнхээ дээр уруу татагдахгүй байж болохын тулд мөн та нарыг эмзэглүүлэхээр бурууг зөвлөхгүйн тулд түүний ферм зарагдах ёстой хэмээх зарлигийг би өгч байна.

21Миний үйлчлэгч Фредерик Г.Виллямс фермээ зарахыг би үл хүснэ, учир нь Их Эзэн бибээр, Көртландын нутагт таван жилийн хугацаанд хүчирхэг түшицтэй үлдэхийг хүснэ, түүгээр би заримыг нь аварч болохын тулд би ёс бусчуудыг унагаахгүй байх болно.

22Мөн тэрхүү өдрийн дараа Их Эзэн бибээр, Сионы нутаг өөд явах зүрх сэтгэл нь нээлттэй аливаа гэмтнийг барьж байх нь үгүй; учир нь Их Эзэн бибээр хүмүүний үрсийн зүрх сэтгэлийг шаарддаг.

23Болгоогтун, Хүний Хүүгийн ирэлтийг хүртэл эдүгээ энэ нь өнөөдөр хэмээн нэрлэгдэх бөлгөө, мөн үнэнээр энэ нь золиослолын өдөр, мөн миний хүмүүсийн аравны нэгийг төлүүлэх өдөр бөлгөө; учир нь аравны нэгээ төлдөг тэрээр миний ирэлтээр шатаагдах нь үгүй.

24Учир нь өнөөдрийн дараа тэрхүү шатаалт ирэх болой—энэ бол Их Эзэний маягаар ярих нь буюу—учир нь үнэнээр би хэлнэ, бүх бардамнагсад хийгээд ёс бусаар үйлдэгч тэд маргааш талбайд хаягдсан сүрэл лугаа адил болох болно; мөн бибээр тэднийг шатаах болно, учир нь бибээр Түмний Их Эзэн билээ; мөн Вавилонд үлдсэн хэнийг ч би амь хэлтрүүлэх нь үгүй.

25Иймийн тул, хэрэв та нар надад итгэх аваас, энэ нь өнөөдөр хэмээн нэрлэгдэж байхад та нар хөдөлмөрлөх болно.

26Мөн миний үйлчлэгчид, Ньюел К.Витней мөн Сидней Гилберт эндэх өөрсдийн дэлгүүр хийгээд эзэмшлүүдээ зарах нь зүйд үл нийцэх бөлгөө; учир нь энэ газарт үлдсэн сүмийн үлдэгсэд Сионы нутаг уруу явах хүртэл энэ нь мэргэн ухаан биш болой.

27Болгоогтун, дайснууддаа өртэй болох нь миний хуулиудад хориглогдсон, эсвээс хэлэгдсэн бөлгөө;

28Гэвч болгоогтун, таалах үедээ Их Эзэн авах ёсгүй, мөн түүнд сайн санагдсанаар төл хэмээн ямар ч үед хэлэгдээгүй болой.

29Иймийн тул, та нар төлөөний хүмүүс учраас та нар Их Эзэний зараалд байгаа бөлгөө; мөн та нар Их Эзэний тааллын дагуу юу ч хийлээ гэсэн Их Эзэний ажил бөлгөө.

30Мөн тэд Сионы нутагт өв олж авч болохын тулд тэрээр та нарыг эдгээр эцсийн өдрүүдэд гэгээнтнүүдийнхээ төлөө хангах болголоо.

31Мөн болгоогтун, Их Эзэн бибээр та нарт тунхаглана, мөн миний үгс лавтай бөгөөд биелэгдэхгүй болох нь үгүй, ийнхүү тэд үүнийг олж авах болно.

32Гэвч бүх зүйл тэдний цаг үед тохиохоор ирэх ёстой.

33Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг.

34Болгоогтун, Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг билээ; мөн эрмэлзэгчид хийгээд дуулгавартнууд эдгээр эцсийн өдрүүдэд Сионы нутгийн сайн сайхныг зооглох болно.

35Мөн эсэргүүцэгчид Сионы нутгаас гадагш тусгаарлагдах болно, мөн алсад илгээгдэх болно, мөн уг нутгийг өвлөх нь үгүй.

36Учир нь эсэргүүцэгчид Ефраимийн цус биш бөлгөө, иймийн тул, тэд гадагш суга татан хаягдах болно.

37Болгоогтун, Их Эзэн бибээр үндэстнүүдийг шүүхээр гүвээн дээр эсвээс өндөр газарт суугаа шүүгчийн адилаар эдгээр эцсийн өдрүүдэд өөрийнхөө сүмийг бий болголоо.

38Учир нь мөнхүү улиран тохиох дор Сионы оршин суугчид Сионд хамаарах бүх зүйлийг шүүх болно.

39Мөн худал хэлэгчид хийгээд хоёр нүүртнүүд тэднээр нотлогдох болно, мөн төлөөлөгчид хийгээд бошиглогчид биш тэд мэдэгдэх болно.

40Мөн шүүгч болох бишоп ч, мөн түүний зөвлөхүүд ч, хэрэв тэд ажил үүрэгтээ итгэлтэй үнэнч биш аваас буруушаагдах болно, мөн тэдний оронд бусад нь тавигдах болно.

41Учир нь, болгоогтун, Сион цэцэглэн хөгжих болно, мөн Их Эзэний алдар суу түүн дээр байх болно гэдгийг би та нарт хэлж байна;

42Мөн тэр нь хүмүүст туг байх болно, мөн тэнгэрийн доорх үндэстэн бүрээс түүнд ирэх болно.

43Мөн дэлхийн үндэстнүүд түүний улмаас дагжин чичрэх тэрхүү өдөр ирэх болно, мөн түүний аймшигтай хүмүүсийн улмаас эмээх болно. Их Эзэн үүнийг ярилаа. Амен.