Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 8

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан, Оливер Каудерид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:36–37). Мормоны Номын орчуулгын явцад бичээчээр үргэлжлэн үйлчилж, Бошиглогчийн хэлж өгснийг бичиж байсан Оливер орчуулгын бэлгээр хишиг хүртэхийг хүссэн авай. Их Эзэн энэхүү илчлэлтийг соёрхсоноор түүний даруухан залбиралд хариулжээ.

1–5, Илчлэлт нь Ариун Сүнсний хүчээр ирдэг; 6–12, Бурханы нууцуудын мэдлэг хийгээд эртний цэдгүүдийг орчуулах хүч нь итгэлээр ирдэг.

1ОЛИВЕР Каудери, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чиний Бурхан мөн чиний Гэтэлгэгч болох Их Эзэн амьдардаг нь эргэлзээгүйн адил, миний Сүнсний илэрхийллээр яригдсан судруудын минь тэдгээр хэсгүүдийг агуулсан, эртний хуучин цэдгүүдийн сийлбэрүүдийн талаарх мэдлэгийг чи хүлээн авна гэдэгт итгэн, үнэнч зүрх сэтгэлээр итгэн асуух ямар ч зүйлүүдийн тухай мэдлэгийг чи бүр лавтайяа хүлээн авах болно.

2Тийм ээ, болгоогтун, чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно.

3Эдүгээ, болгоогтун, энэ бол илчлэлтийн сүнс болой; болгоогтун, энэ бол Мосе Израилын хүүхдүүдийг Улаан Тэнгисийн дундуур хуурай газраар гаталган авчирсан тэр сүнс бөлгөө.

4Тиймийн тул энэ нь чиний бэлэг болой; үүнийг ашиглагтун, мөн чи адислагдсан бөлгөө, учир нь энэ нь чамайг дайснуудын чинь гараас чөлөөлөх болно, хэрэв энэ нь ийм бус байсан аваас, тэд чамайг алж мөн сүнсийг чинь устгалд авчрах байсан биз ээ.

5Ай, эдгээр үгсийг санагтун, мөн миний зарлигуудыг сахигтун. Санагтун, энэ нь чиний бэлэг болой.

6Эдүгээ энэ нь чиний бүх бэлэг бус болой; учир нь чамд өөр нэг бэлэг, Аароны бэлэг буй; болгоогтун, энэ нь чамд олон зүйлийг хэлсэн бөлгөө;

7Болгоогтун, Бурханы хүчнээс өөр Аароны энэхүү бэлгийг чамтай хамт байлгахад хүргэдэг хүч гэж үгүй болой.

8Тиймийн тул, бүү эргэлз, учир нь энэ бол Бурханы бэлэг юм; мөн чи үүнийг гартаа атгаж, мөн гайхамшигт ажлуудыг үйлдэх болно; мөн үүнийг чиний гараас суга татан авах хүч гэж байхгүй, учир нь энэ нь Бурханы ажил юм.

9Мөн, тиймийн тул, тэр аргаар өөртөө хэлүүлэхээр чи надаас юуг ч асуунав, би чамд өгөх болно, мөн чамд энэ тухай мэдлэг байх болно.

10Итгэлгүйгээр чи юу ч хийж чадахгүй гэдгийг санагтун; тиймийн тул итгэлд асуу. Эдгээр зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд; гуйх ёсгүй зүйлийг чи бүү гуй.

11Бурханы нууцуудыг мэдэж болохын тулд, мөн нуусан байсан эртний тэдгээр бүх ариун нандин цэдгүүдээс мэдлэг хүлээн авах хийгээд орчуулж болохын тулд чи асуугтун; мөн итгэлийн чинь дагуу энэ нь чамд хийгдэх болно.

12Болгоогтун, үүнийг ярьсан нь бибээр болой; мөн би бол эхлэлээс чамд ярьсан тэр болой. Амен.