Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 70

1831 оны арваннэгдүгээр сарын 12-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:235–237). Бошиглогчоор бичигдсэн түүх нь арваннэгдүгээр сарын 1-нээс 12-ныг дуустал дөрвөн тусгай чуулган болсныг харуулдаг. Эдгээр цугларалтуудын сүүлчийнхэд нь, хожим нь Сургаал ба Гэрээ хэмээн нэрлэгдсэн Зарлигуудын номны агуу ач холбогдлыг авч үзжээ; мөн үүнийг “эдгээр эцсийн өдрүүдэд Сүмийн суурь, мөн дэлхийд ашиг тус болж, бидний Аврагчийн хаант улсын нууцуудын түлхүүрүүд хүмүүнд дахин итгэл хүлээлгэн өгөгдсөнийг харуулсан болохыг Бошиглогч заан тэмдэглэжээ” (History of the Church, 1:235).

1–5, Илчлэлтийг нийтлэхээр даамлууд томилогдов; 6–13, Сүнслэг зүйлүүдэд хөдөлмөрлөх тэд хөлс шангаа хүртэх нь зүй ёсны юм; 14–18, Гэгээнтэнүүд материаллаг зүйлүүдэд тэгш байх ёстой.

1БОЛГООГТУН, мөн анхаарагтун, Ай Сионы оршин суугчид та нар, мөн алс хол байгаа миний сүмийн бүх хүмүүс та нар, мөн бибээр өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смит, мөн өөрийн үйлчлэгч Мартин Харрис, мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Оливер Каудери, мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Жон Витмер, мөн өөрийн үйлчлэгч Сидней Ригдон мөн өөрийн үйлчлэгч Виллям В.Фелпс, тэдэнд зарлигийн замаар өгсөн Их Эзэний үгийг.

2Учир нь бибээр тэдэнд зарлиг өгсөн билээ; иймийн тул, анхаарагтун, мөн сонс, учир нь Их Эзэн тэдэнд ийн хэлж байна—

3Их Эзэн, бибээр тэднийг томилсон бөлгөө, мөн тэдэнд миний өгсөн мөн үүнээс хойш тэдэнд миний өгөх илчлэлт хийгээд зарлигуудын даамлууд байхаар тэднийг томилсон болой;

4Мөн шүүлтийн өдөр би энэ ажил үүргийн тайланг тэднээс шаардах болно.

5Иймийн тул, тэдгээрийг хийгээд тэдгээрийн асуудлуудыг зохицуулах, тийм ээ, тэдгээрийн тусын тулд бибээр тэднийг томилсон билээ мөн энэ нь Бурханы сүм дэх тэдний ажил юм.

6Иймийн тул, тэд эдгээр зүйлүүдийг сүмд ч, мөн дэлхийд ч өгөх ёсгүй хэмээх зарлигийг би тэдэнд өгч байна;

7Гэсэн хэдий ч, тэд өөрсдийн хэрэгцээ хийгээд өөрсдийн хүсэлд шаардлагатайгаас илүүг хүлээн авахын хэрээр, энэ нь миний агуулахад өгөгдөх ёстой;

8Мөн хаант улсын хуулиудын дагуу тэд өв залгамжлагчид болохын хэрээр, ашиг тус нь Сионы оршин суугчдад мөн тэдний үеийнхэнд ариулан адислагдах болно.

9Болгоогтун, энэ бол өөрийнх нь ажил үүрэгт байдаг хүн болгоноос, бүр Их Эзэн бибээр томилсон буюу үүнээс хойш томилох аль ч хүмүүнээс Их Эзэний шаардах тэр зүйл бөлгөө.

10Мөн болгоогтун, амьд Бурханы сүмд харьяалагдах хэн боловч энэ хуулиас чөлөөлөгдөх нь үгүй;

11Тийм ээ, бишоп ч, Их Эзэний агуулахын төлөөний хүн ч, материаллаг зүйлсийн ажил үүрэгт томилогдсон тэрээр ч үгүй бөлгөө.

12Сүнслэг зүйлүүдийг эрхлэхээр томилогдсон тэрээр мөн мөнхүү тэрээр бүр материаллаг зүйлсийг эрхлэх ажил үүрэгт томилогдсон тэдний адилаар хөлс шангаа хүртэх нь зүй ёсны юм;

13Тийм ээ, илүү элбэг дэлбэгээр, Сүнсний илэрхийллүүдээр дамжин тэдэнд үржин өсөх тэрхүү элбэг дэлбэгээр буюу.

14Гэсэн хэдий ч, материаллаг зүйлүүддээ та нар тэгш байх ёстой, мөн энэ нь дурамжхан бус болой, эс тэгвээс Сүнсний илэрхийллүүдийн элбэг дэлбэг байдал татан авагдах болно.

15Эдүгээ, би энэ зарлигийг өөрийн үйлчлэгчдэд тэднийг амьд байх үед тэдний ашиг тусын төлөө, тэдний тэргүүн дээрх миний адислалуудын илэрхийллийн төлөө мөн тэдний хичээл зүтгэлийн шагналын төлөө мөн тэдний аюулгүй байдлын төлөө өгч байна;

16Хоол хүнс хийгээд хувцас хунарын тулд; өвийн тулд; орон байрнууд хийгээд газруудын тулд Их Эзэн бибээр ямар ч нөхцөлд тэднийг оруулах болно, мөн Их Эзэн бибээр тэднийг хааш нь ч болов илгээх болно,

17Учир нь тэд олон зүйлд итгэлтэй байгаа билээ, мөн тэд нүгэл үйлдээгүйн хэрээр сайныг үйлдсэн билээ.

18Болгоогтун, Их Эзэн, бибээр нигүүлсэнгүй болой мөн тэднийг адислах болно, мөн эдгээр зүйлүүдийн баяр хөөрт тэд орох болно. Бүр тийм буюу. Амен.