Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 56

1831 оны зургадугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:186–188). Томас Б.Марштай хамт аялалд гарахаар томилогдсон Эзра Тайре, Маршийг (хэсэг 52:22-ыг үз) бэлэн болоход номлолоо эхлэх боломжгүй байв. Ахлагч Тайре Огайогийн Томпсон дахь асуудалд орооцолдсоны улмаас аян замд гарахад бэлэн биш байлаа (хэсэг 54-ийн толгой гарчгийг үз). Энэхүү илчлэлтийг өгснөөр уг асуудлаарх Бошиглогчийн асуултад Их Эзэн хариулжээ.

1–2, Гэгээнтнүүд авралыг олохын тулд загалмайгаа үүрч мөн Их Эзэнийг дагах ёстой; 3–13, Их Эзэн зарлиглаж мөн цуцалдаг болой, мөн дуулгаваргүйчүүд зайлуулагдах ёстой; 14–17, Ядууст үл туслах баячуудад халаг, мөн зүрх сэтгэл нь үл харуусах ядууст халаг; 18–20, Зүрх сэтгэлдээ цэвэр ариун ядуус адислагдсан болой, учир нь тэд дэлхийг өвлөх болно.

1АНХААРАГТУН, Ай та нар миний нэрийг тунхагладаг хүмүүс, хэмээн чиний Бурхан Их Эзэн өгүүлнэ: учрыг болгоогтун, эсэргүүцэгчдэд миний уур дүрэлзэнэ, мөн үндэстнүүд дээрх айлчлал ба хилэгнэлийн тэрхүү өдөр миний мутар хийгээд миний зэвүүцлийг тэд мэдэх болно.

2Мөн загалмайгаа үл үүрч мөн намайг үл дагах, мөн миний зарлигуудыг үл сахих тэрээр, мөнхүү тэрээр аврагдах нь үгүй.

3Болгоогтун, Их Эзэн бибээр зарлиглаж байна; мөн намайг зарлиглаж мөн уг зарлиг зөрчигдсөний дараа дуулгавартай дагаагүй тэр нь миний өөрийн тогтоосон цагт тусгаарлагдах болно.

4Иймийн тул, Их Эзэн бибээр надад сайн санагдсанаар зарлигладаг мөн цуцалдаг буюу; мөн энэ бүгд нь эсэргүүцэгчдийн толгой дээр хариулагдаг хэмээн Их Эзэн хэлдэг бөлгөө

5Иймийн тул, бибээр өөрийн үйлчлэгчид Томас Б.Марш, Эзра Тайре хоёрт өгсөн зарлигаа цуцалж мөн Миссури нутаг уруу явах аян замдаа үтэр түргэн гар хэмээх шинэ зарлигийг би өөрийн үйлчлэгч Томаст өгч байна, мөн миний үйлчлэгч Села Ж.Гриффин тэрчлэн түүнтэй хамт явах болно.

6Учрыг болгоогтун, Томпсонд байгаа өөрийн хүмүүсийн зөрүүдлэл, мөн тэдний эсэргүүцлүүдийн улмаас бибээр өөрийн үйлчлэгчид Села Ж.Гриффин, Ньюел Найт хоёрт өгсөн зарлигаа цуцалж байна.

7Иймийн тул, миний үйлчлэгч Ньюел Найт тэдэнтэй хамт үлдэг; мөн миний өмнө гэмшдэг болгон нь явахыг хүсвэл явж болно, мөн миний томилсон нутаг уруу түүгээр удирдагдаг.

8Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Эзра Тайре өөрийн бардамнал хийгээд амин хувиа хичээсэн үзлээ наманчлах, мөн амьдардаг газрынх нь талаар түүнд миний өгсөн хуучин зарлигийг дуулгавартай дагах ёстой.

9Мөн хэрэв тэр үүнийг хийх аваас, тэрээр Миссурийн нутаг уруу явахаар томилогдсон хэвээр байх болно, учир нь уг нутагт ямар ч хуваагдал байх ёсгүй;

10Эс бөгөөс тэрээр өөрийнхөө төлсөн мөнгийг хүлээж авах ёстой, мөн уг газрыг орхин явах ёстой, мөн миний сүмээс тусгаарлагдах ёстой хэмээн түмний Бурхан Их Эзэн хэлж байна;

11Мөн тэнгэр хийгээд дэлхий алга болох хэдий ч, эдгээр үгс алга болох нь үгүй; харин биелэгдэх болно.

12Мөн хэрэв миний үйлчлэгч Бага Иосеф Смит уг мөнгийг төлөх ёстой нь шаардлагатай аваас, болгоогтун, түүний хүлээн авах тэд хийснийхээ дагуу эргэн шагнагдаж болохын тулд Их Эзэн бибээр Миссурийн нутагт үүнийг түүнд дахин төлөх болно;

13Тэд хийснийхээ дагуу, бүр өвийнхөө нутгийг хүлээн авах болно.

14Болгоогтун, Их Эзэн өөрийн хүмүүст ийн хэлнэ—та нарт хийх мөн наманчлах зүйлүүд олон буй; учрыг болгоогтун, та нарын нүглүүд надад ирээд байна, мөн та нар зөвлөгөөг өөрсдийнхөө арга замуудаар эрэлхийлдэг учраас өршөөгдөх нь үгүй бөлгөө.

15Мөн та нарын зүрх сэтгэл үл ханана. Мөн та нар үнэнийг дуулгавартай дагах нь үгүй, харин зөв шударга бус байдалд баяр хөөртэй байдаг.

16Эд хөрөнгөө ядууст үл өгөгч баян хүмүүс та нарт халаг, учир нь та нарын баялагууд бодгалиудыг чинь ялзруулах болно; мөн энэ нь айлчлалын мөн шүүлтийн мөн зэвүүцлийн өдөр та нарын гашуудал байх болно: Ургац өнгөрч, зун дуусчээ, мөн миний сүнс аврагдсан нь үгүй!

17Зүрх сэтгэл нь харуусдаггүй, сүнс нь гэмшдэггүй, мөн гэдэс нь цаддаггүй, бас гараа бусад хүмүүсийн эд юмс дээр тавихаас буцдаггүй, нүд нь шуналаар дүүрэн, мөн өөрийнхөө гараар хөдөлмөрлөдөггүй ядуу хүмүүс та нарт халаг!

18Харин зүрх сэтгэлдээ цэвэр ариун, зүрх сэтгэл нь харуусдаг, сүнс нь гэмшдэг ядуус адислагдсан болой, учир нь тэднийг чөлөөлөхөөр Бурханы хаант улс хүч хийгээд агуу алдар суунд ирэхийг тэд үзэх болно; учир нь дэлхийн сайн зүйлүүд тэднийх байх болно.

19Учрыг болгоогтун, Их Эзэн ирэх болно, мөн түүний төлөөс түүнтэй хамт байх болно, мөн тэрээр хүн болгоныг шагнах болно, мөн ядуус баясах болно;

20Мөн тэдний үеийнхэн дэлхийг нэг үеэс нөгөө үед үүрд болон мөнхөд өвлөх болно. Мөн эдүгээ бибээр та нарт ярихаа төгсгөл болгоё. Бүр тийм буюу. Амен.