Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 1

1831 оны арваннэгдүгээр сарын 1-нд Огайогийн Хайрамд Сүмийн ахлагч нарын тусгай чуулганы үеэр Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өөгөгдсөн илчлэлт оршвой (Сүмийн Түүх, [History of the Church] 1:221–224). Энэ цагийн өмнө Их Эзэнээс олон илчлэлт хүлээн авагдсан бөгөөд эдгээрийг эмхэтгэн ном хэлбэрээр нийтлүүлэх нь энэ чуулган дээр хэлэлцсэн үндсэн гол сэдвүүдийн нэг байлаа. Энэ хэсэг нь энэ эрин үед өгөгдсөн сургаалууд, гэрээнүүд хийгээд зарлигууд дахь Их Эзэний оршлыг багтаадаг бөлгөө.

1–7, Сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хандсан болой; 8–16, Урвалт хийгээд ёс бус явдал Хоёр дахь Ирэлтийн өмнө тохиох болно; 17–23, Их Эзэний үнэнүүд хийгээд хүчнүүдийг дэлхийд сэргээхээр Иосеф Смит дуудагдав; 24–33, Мормоны Ном авчрагдаж, мөн үнэн Сүм байгуулагдав; 34–36, Амар амгалан нь дэлхийгээс авагдах болно; 37–39, Эдгээр зарлигуудыг судлагтун.

1АНХААРАГТУН, Ай, миний сүмийн хүмүүс, хэмээн дээд тэнгэрт оршигч хийгээдмэлмий нь бүх хүмүүс дээр байх түүний дуу хоолой хэлэх ажгуу; тийм ээ, үнэнээр би хэлнэ: Холын хүмүүс та нар анхаарагтун; мөн тэнгис далайн арлууд дээрх та нар хамтдаа дуулагтун.

2Учир нь үнэхээр Их Эзэний дуу хоолой бүх хүмүүнд хандсан болой, мөн зайлан зугтах хэн ч үгүй; мөн харах нь үгүй нүд гэж үгүй болой, мөн сонсох нь үгүй чих гэж үгүй, бас нэвтрэх нь үгүй зүрх сэтгэл гэж үгүй бөлгөө.

3Мөн эсэргүүцэгчид туйлын их уй гашууд нэрвэгдэх болно; учир нь тэдний алдсууд дээвэр дээрээс яригдах болно, мөн тэдний нууц үйлүүд илчлэгдэх болно.

4Мөнхүү эдгээр эцсийн өдрүүдэд миний сонгосон шавь нарын минь амаар, сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хүрэх болно.

5Мөнхүү тэд урагш одно, мөн хэн ч тэднийг зогсоох нь үгүй, учир нь Их Эзэн би тэдэнд зарлигласан болой.

6Болгоогтун, энэ бол миний эрх мэдэл, мөн миний үйлчлэгчдийн эрх мэдэл, мөн Ай, дэлхийн оршин суугчид, та нарт хүргэхээр тэдэнд миний өгсөн зарлигуудын минь номны удиртгал юм.

7Иймийн тул, Ай хүмүүс та нар, айж мөн чичрэгтүн, учир нь тэдэнд Их Эзэн миний тунхагласан зүйл хэрэгжих болно.

8Мөнхүү би та нарт үнэнээр хэлнэ, дэлхийн оршин суугчдад эдгээр мэдээг хүргэн урагш одох тэдэнд үл итгэгч хийгээд эсэргүүцэгчдийг дэлхий хийгээд тэнгэрт аль алинд нь -лацдах хүч өгөгдсөн юм;

9Тийм ээ, үнэхээр, Бурханы уур хилэн ёс бусчууд дээр хэмжээлшгүй ихээр цутгагдах тэр өдөрт тэднийг лацдах ажгуу—

10Хүн болгонд ажлынх нь дагуу төлөөсийг нь төлөхөөр, мөн хүн болгоныг анд нөхрөө хэмждэг тэр хэмжүүрийнх нь дагуу хэмжихээр Их Эзэн ирэх тэр өдөрт буюу.

11Иймийн тул Их Эзэний дуу хоолой дэлхийн өнцөг булангуудад, сонсох бүгд нь сонсож болохын тулд хандсан авай:

12Бэлтгэгтүн та нар, ирэх тэр зүйлийн төлөө бэлтгэгтүн та нар, учир нь Их Эзэн ойрхон байна;

13Мөн Их Эзэний уур дүрэлзэж мөн түүний илд тэнгэрт угаагдан, мөн тэр нь дэлхийн оршин суугчид дээр унах болно.

14Мөн Их Эзэний гар илчлэгдэх болно; мөн Их Эзэний дуу хоолойг, бас түүний үйлчлэгчдийн дуу хоолойг эс сонсож, бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн үгсэд анхаарал эс тавих тэд хүмүүсийн дундаас тусгаарлагдах өдөр ирнэ;

15Учир нь тэд миний ёслолуудаас нүүр буруулж, мөн миний үүрдийн гэрээг зөрчсөн билээ;

16Түүний зөв шударга ёсыг бий болгохын тулд тэд Их Эзэнийг эрэлхийлдэггүй, харин дэлхийнхтэй адил дүр төрх бүхий өөрийнхөө бурхны дүр төрхийгдуурайн хүн болгон өөрийнхөө замаар замнадаг бөгөөд тэдний эд хөрөнгө нь хуучирч өгөршин Вавилонд, бүр унах тэрхүү агуу Вавилонд мөхөх хиймэл шүтээнийх бөлгөө.

17Иймийн тул, Их Эзэн бибээр, дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу;

18Мөн түүнчлэн эдгээр зүйлүүдийг тэд дэлхийд тунхаглавал зохино хэмээн зарлигуудыг бусдад өгсөн билээ; мөн энэ бүхэн нь бошиглогчдоор бичигдсэн нь биелэгдэж болохын тулд юм—

19Хүн анд нөхөртэйгөө зөвлөхгүй, мөн хүмүүний чадварт итгэхгүй байхын тулд дэлхийн сул дорой зүйлүүд урагш гарч ирэх бөгөөд хүч чадалтнууд хийгээд хүчтэнүүдийг унагах болно—

20Харин хүн болгон Их Эзэн Бурханы, бүр дэлхийн Аврагчийн нэрээр ярьж болохын тулд юм;

21Тэрхүү итгэл бас дэлхий дээр өсч болохын тулд юм;

22Тэрхүү миний үүрдийн гэрээ үндэслэгдэн бий болж болохын тулд юм;

23Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад, мөн хаад хийгээд захирагчдын өмнө тунхаглагдаж болохын тулд бөлгөө.

24Болгоогтун, бибээр Бурхан бөгөөд үүнийг ярилаа; эдгээр зарлигууд нь надаас бөгөөд миний үйлчлэгчдэд тэдний сул доройд нь, тэдний хэлний маягаар өгөгдсөн нь тэд ойлголтод хүрч болохын тулд юм.

25Мөн тэд алдаа гаргахын хэрээр энэ нь мэдэгдэж болохын тулд бөлгөө;

26Мөн тэд мэргэн ухааныг эрэлхийлэхийн хэрээр тэд зааварлагдаж болохын тулд бөлгөө;

27Мөн тэд нүгэл үйлдэхийн хэрээр тэд гэсгээн цээрлүүлэгдэж, тийн тэд наманчилж болохын тулд билээ;

28Мөн тэд даруу байхын хэрээр тэд хүчирхэгжиж, мөн дээрээс адислагдан, мөн цагаас цагтмэдлэгийг хүлээн авч болохын тулд бөлгөө.

29Мөн нифайчуудын цэдгийг хүлээн авсны дараа, тийм ээ, бүр миний үйлчлэгчБага Иосеф Смит Бурханы нигүүлслээр дамжуулан, Бурханы хүчээр, Мормоны Номыг орчуулах хүчийг авч болохын тулд бөлгөө.

30Мөн түүнчлэн, Их Эзэн миний таалалд нийцдэг, бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм, энэ сүмийн суурийг тавих, мөн үүнийг тодорхой бус байдлаас хийгээд харанхуйгаас урагш гарган авчрах хүч эдгээр зарлигууд өгөгдсөн тэдэнд байхын тулд, бибээр хувь хүмүүст биш харин сүмднийтэд нь ярьж байна—

31Учир нь Их Эзэн бибээр нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй;

32Гэсэн хэдий ч, наманчилж мөн Их Эзэний зарлигуудыг биелүүлэх тэр нь өршөөгдөх болно;

33Мөн наманчлахгүй тэр нь, хүлээж авсан гэрэл нь ч түүнээс авагдах болой; учир нь миний Сүнс хүмүүний төлөө ямагт хичээн зүтгэх нь үгүй хэмээн Түмний Их Эзэн хэлдэг.

34Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, Ай, дэлхийн оршин суугчид аа: Их Эзэн бибээр эдгээр зүйлүүдийг бүх хүмүүнд мэдүүлэхийг хүсч байна;

35Учир нь бибээр хүмүүсийг ялгаварлан нүүр тал харагч биш, мөн тэрхүү өдөр мөдхөн ирнэ гэдгийг бүх хүмүүн мэдээсэй хэмээн хүсч байна; дэлхийгээс амар амгалан нь авагдаж мөн чөтгөр өөрийн ноёрхолд хүчтэй байх тэр цаг хараахан болоогүй ч, ойрхон байна.

36Мөн түүнчлэн Их Эзэн гэгээнтнүүдийнхээ дээр хүчтэй байж, мөн тэдний дунд хаанчлан, мөн Идумеа буюу дэлхий дээр шүүлтэнд бууж ирэх бөлгөө.

37Эдгээр зарлигуудыг судлагтун, учир нь тэдгээр нь үнэн бөгөөд итгэмжлэгдсэн юм, мөн тэдгээрт буй бошиглолууд хийгээд амлалтууд бүгд биелэгдэх болно.

38Их Эзэн миний бие ярьснаа би ярилаа, мөн би өөрийгөө зөвтгөх нь үгүй; мөн тэнгэр хийгээд газар үгүй болсон ч, миний үг алга болох нь үгүй, харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно.

39Учрыг болгоогтун, мөн харагтун, Их Эзэн бол Бурхан мөн, бас Сүнс гэрчилдэг, мөн тэрхүү гэрчлэл үнэн болой, бас тэрхүү үнэн үүрд мөн үргэлж оршино. Амен.