Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 85

1832 оны арваннэгдүгээр сарын 27-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой. (History of the Church, 1:298–299). Энэ хэсэг бол Миссурийн Индепендест амьдарч асан В.В.Фелпст Бошиглогчийн бичсэн захидлаас авсан хэсэг юм. Сионд шилжин очсон бөгөөд Сүмд тогтсон журмын дагуу өөрсдийн өвийг хүлээн аваагүй тэдгээр гэгээнтнүүдийн талаарх асуултад энэ нь хариулахаар өгөгдсөн ажээ.

1–5, Сион дахь өвүүд өргөлөөр хүлээн авагдах ёстой; 6–12, Хүчтэй хийгээд хүчирхэг нэгэн Сионд Гэгээнтнүүдэд өвийг нь өгөх болно.

1ЭНЭ бол Сионд болж буй бүх зүйлийн тухай мөн өмч хөрөнгийг ариулан адисладаг, мөн өвийг бишопоос хууль ёсны дагуу хүлээн авдаг тэд бүгдийн тухай түүх, мөн сүмийн ерөнхий цэдэг хөтлөхөөр түүний томилсон, Их Эзэний бичиг хэргийн ажилтны үүрэг юм;

2Мөн тэдний амьдрал, тэдний итгэл, мөн ажлуудын хэв маягийн тухай болой; мөн тэрчлэн өөрсдийн өвийг хүлээн авсны дараа урвадаг урвагчдын тухай болой.

3Тэрээр өөрийн хүмүүст аравны нэгийг оноож, өс хонзон хийгээд шатаалтын өдрийн эсрэг тэднийг бэлтгэхийн тулд өгсөн түүний хуулийн дагуу өргөлөөр өвийг хүлээн авдаггүй тэд, Бурханы хүмүүстэй хамт өөрсдийн нэрсийг цэдэглэх ёстой нь Бурханы таалал хийгээд зарлигт харш юм.

4Мөн тэдний удмын бичиг хадгалагдах буюу сүмийн аливаа цэдгүүдэд, эсвээс түүхэнд энэ нь олддог байх ёсгүй.

5Тэдний нэрс олддог байх ёсгүй, мөн эцгүүдийнх нь нэрс, бас хүүхдүүдийнх нь нэрс ч Бурханы хуулийн номонд бичигдэх ёсгүй хэмээн Түмний Их Эзэн хэлдэг.

6Тийм ээ, бүх зүйлийг нэвт мөн цоо хатган шивнэдэг мөн олонтаа энэ нь илэрхийлэхэд ясыг минь чичрэх болгодог намуухан аниргүй дуу хоолой ийн хэлдэг:

7Мөнхүү улиран тохиох дор сүр хүчний очирт таягийг гартаа барьж, гадуураа гэрлийг өмссөн, ам нь үгсийг, мөнхийн үгсийг илэрхийлэх хүчтэй хийгээд хүчирхэг нэгнийг Их Эзэн бибээр илгээх болно; түүнчлэн Бурханы өргөөг эмх цэгцэд барихын тулд мөн Бурханы хуулийн номонд нэрс нь, мөн эцгүүдийнх нь нэрс, мөн хүүхдүүдийнх нь нэрс олддог гэгээнтнүүдийн өвийг хэсэгчлэн байгуулахын тулд, түүний хэвлий үнэний оргилуур байх болно;

8Харин Бурханаас дуудагдаж мөн томилогдсон, Бурханы авдрыг тогтвортой болгохоор гараа урагш сунгах тэр хүн, аянгын хурц цахилтаар арчигдан унах мод лугаа адил үхлийн дайралтаар унах болно.

9Мөн дурсамжийн номонд бичигдсэн нь үл олддог тэд бүгд тэр өдөр ямар ч өвийг олох нь үгүй, харин тэд тас цавчигдах болно, мөн тэдний хувь нь ёолж мөн шүдээ хавирах үл итгэгчдийн дунд өгөгдөх болно.

10Эдгээр зүйлүүдийг би өөрөөсөө хэлээгүй болой; тиймийн тул, Их Эзэн хэлсэн л бол, тэрбээр тэрчлэн биелүүлэх болно.

11Мөн нэрс нь хуулийн номонд бичигдсэн нь үл олддог Дээд санваартан тэд, эсвээс урвасан нь олдсон буюу сүмээс тусгаарлагдсан тэд, түүнчлэн доод санваартан тэд, эсвээс гишүүд, тэр өдөр Бүхнээс Дээдийн Гэгээнтнүүдийн дунд өв олох нь үгүй болой;

12Тиймийн тул, энэ нь Езрагийн хоёрдугаар бүлэг мөн жаран нэг мөн жаран хоёр дахь шүлгүүдэд цэдэглэгдсэн санваартны хүүхдүүдийн адилаар тэдэнд хийгдэх болно.