Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 9

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудерид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:37–38). Тэвчээртэй байхыг Оливерт сэрэмжлүүлж, мөн тухайн үед орчуулах гэж оролдохоосоо илүүгээр, орчуулагчийн хэлж өгснийг бичихдээ сэтгэл ханамжтай байхыг сануулав.

1–6, Орчуулагдах ёстой эртний өөр цэдгүүд буй; 7–14, Мормоны Ном сурах хийгээд сүнсний баталгаагаар орчуулагдах авай.

1БОЛГООГТУН, хүү минь, би чамд хэлж байна, чи надаас хүссэний дагуу орчуулаагүй мөн миний үйлчлэгч Бага Иосеф Смитэд зориулж дахин бичиж эхэлсэн учраас, мөн тийнхүү түүнд миний итгэл хүлээлгэсэн энэхүү цэдгийг дуустал та нар үргэлжлүүлэх ёстой хэмээнэ би.

2Мөн тэгээд, болгоогтун, орчуулахад нь чи тусалж болох хүчийг би чамд өгөх бусад цэдгүүд надад буй.

3Хүү минь, тэвчээртэй байгтун, учир нь энэ бол надад орших мэргэн ухаан болой, мөн чи эдүгээ энэ цагт орчуулах нь шаардлагатай бус бөлгөө.

4Болгоогтун, чиний хийхээр дуудагдсан ажил бол миний үйлчлэгч Иосефт зориулж бичих явдал мөн.

5Мөн, болгоогтун, чи орчуулж эхлэхдээ эхэлсэн шигээ үргэлжлүүлээгүй учир, би энэхүү онцгой боломжийг чамаас авсан билээ.

6Хүү минь, бүү бувтна, учир нь би энэ маягаар чамд хандсан нь надад орших мэргэн ухаан буюу.

7Болгоогтун, чи ойлгосонгүй; чи надаас асуухаас өөрөөр санаа тавиагүй байхад чинь, би үүнийг чамд өгөх юм шигээр чи бодсон байна.

8Гэвч, болгоогтун, би чамд хэлнэ, чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой, мөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно.

9Гэвч энэ нь зөв биш аваас чамд ийм мэдрэмж байхгүй байх болно, харин буруу зүйлийг мартахад чамайг хүргэх дүйнгэ бодол санаа чамд байх болно; тиймийн тул, надаас чамд өгөгдөхөөс бусдаар, ариун нандин тэр зүйлийг чи бичиж чадах нь үгүй болой.

10Эдүгээ, хэрэв чи үүнийг мэдсэн сэн бол чи орчуулж чадах байсан; гэсэн хэдий ч, эдүгээ чи орчуулах нь зүйтэй бус бөлгөө.

11Болгоогтун, чиний эхэлсэн үед энэ нь зүйтэй байлаа; гэвч чи айсан, мөн цаг нь өнгөрч, мөн энэ нь эдүгээ зүйтэй бус бөлгөө;

12Учир нь, би үйлчлэгч Иосефтоо хангалттай хүч чадал өгч түүгээр энэ нь нөхөгдсөнийг чи харахгүй байна гэж үү? Мөн та хоёрын алийг чинь ч би зэмлээгүй байна.

13Чамд миний зарлигласан энэ зүйлийг хийгтүн, мөн чи дэгжих болно. Итгэлтэй байгтун, мөн уруу таталтанд бүү авт.

14Чамайг миний дуудсан тэр ажилд чанд шаргуу зогсогтун, мөн толгойны чинь ширхэг үс ч гээгдэх нь үгүй, мөн эцсийн өдөр чи өргөгдөх болно. Амен.