Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 136

Айовагийн Каунсил Блаффсын ойролцоо Миссури мөрний баруун эрэг дээр Омаха үндэстний, Израилын буудал, Винтер Квортерст Ерөнхийлөгч Бригам Янгаар дамжуулан өгөгдсөн Их Эзэний үг хийгээд таалал оршвой (Journal History of the Church, 1847 оны нэгдүгээр сарын 14).

1–16, Өрнө зүгт хийх аялалд Израилын буудал хэрхэн зохион байгуулагдах тухай тайлбарлагдав; 17–27, Гэгээнтнүүд сайн мэдээний олон тооны жишгүүдээр амьдрахаар зарлиг болгогдов; 28–33, Гэгээнтнүүд дуулж, бүжиглэн, залбирч, мөн мэргэн ухаанд суралцах ёстой; 34–42, Бошиглогчид хөнөөгддө, иймээс тэд алдар хүндэтгэлтэй болох бөгөөд ёс бусчууд зүхэгддэг.

1ӨРНӨД уруу хийх тэдний аяллууд дахь Израилын Буудлын талаарх Их Эзэний Үг хийгээд таалал нь:

2Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх хүмүүс, мөн тэдэнтэй аялах тэд, бидний Бурхан Их Эзэний бүх зарлиг хийгээд дүрмүүдийг сахих гэрээ болон амлалт бүхий хамтлагууд болон зохион байгуулагдаг.

3Уг хамтлагууд нь зуутын ахмадууд, тавьтын ахмадууд, мөн аравтын ахмадуудтай, өөрсдийн тэргүүнд ерөнхийлөгч болон хоёр зөвлөхтэйгөөр, Арванхоёр Төлөөлөгчийн удирдлага дор зохион байгуулагдаг.

4Мөн энэ нь—бид Их Эзэний бүх ёслолд алхах болно гэсэн бидний гэрээ байх болно.

5Хамтлаг бүр бүх зүтгэх мал, тэрэг, хүнс, материалын хангамжууд, хувцас хунар мөн аялалд шаардлагатай бусад зүйлүүдийг тэд чадлынхаа хэрээр өөрсдийгөө хангаг.

6Хамтлагууд зохион байгуулагдахад үлдэх тэдний төлөө бэлтгэхийн тулд өөрсдийн хүч чадалтайгаар яваг.

7Хамтлаг бүр өөрсдийн ахмадууд хийгээд ерөнхийлөгчдийн хамт хичнээн нь дараагийн хавар явж болохыг шийдэг; тэгээд хаврын тариалалтад бэлтгэх анхдагчууд болж явахын тулд зүтгэх мал, тарих үр, газар тариалангийн эд хогшлуудыг бэлтгэх, бие бялдрын хувьд чадалтай хийгээд дадлага туршлагатай чадварлаг хангалттай тооны хүмүүсийг сонгож аваг.

8Бэлэвсэн эмэгтэйчүүд хийгээд эцэггүй хүүхдүүдийн гуйлтууд түүний өөрийнх нь хүмүүсийн эсрэг Их Эзэний сонорт хүрэхгүйн тулд, хамтлаг бүр өөрсдийн өмч хөрөнгийн ноогдлын дагуу, ядуус, бэлэвсэн эмэгтэйчүүд, эцэггүй хүүхдүүд, мөн цэрэгт явсан хүмүүсийн гэр бүлүүдийг тэнцүү тоогоор авч яваг.

9Хамтлаг бүр энэ улирлын ард үлдэх тэдэнд зориулж байшингууд, тариалж тордох талбайнууд бэлтгэг; мөн энэ нь өөрийн хүмүүсийн талаарх Их Эзэний таалал бөлгөө.

10Энэ хүмүүсийг Сионы гадас болгон Их Эзэний байршуулах тэр газарт нүүлгэхийн тулд хүн болгон бүх нөлөө хийгээд өмч хөрөнгөө ашиглаг.

11Мөн хэрэв та нар үүнийг цэвэр ариун зүрх сэтгэлээр, бүхий л итгэлтэй байдалд хийх аваас, та нар адислагдах болно; та нар бог болон бод малаараа, мөн талбайнуудаараа, мөн орон гэрээрээ мөн өөрсдийн гэр бүлүүдээрээ адислагдах болно.

12Миний үйлчлэгчид Эзра Т.Бенсон мөн Эрастус Снөү нар хамтлагийг зохион байгуулаг.

13Мөн миний үйлчлэгчид Оорсон Пратт мөн Вилфорд Вудрафф нар хамтлагийг зохион байгуулаг.

14Тэрчлэн миний үйлчлэгчид Амаса Лайман мөн Жорж А.Смит нар хамтлагийг зохион байгуулаг.

15Мөн ерөнхийлөгчид, мөн зуутуудын, мөн тавьтуудын бас аравтуудын ахмадуудыг томил.

16Мөн томилогдсон байгаа, миний үйлчлэгчид явж мөн тэд амар амгалангийн нутаг уруу явахад бэлэн болсон байхын тулд, миний тааллыг гэгээнтнүүдэд зааг.

17Замаараа явж мөн та нарт миний хэлсэнчлэнгээр хийгтүн, мөн дайснуудаасаа бүү эмээ; учир нь миний ажлыг зогсоох хүч тэдэнд үгүй байх болно.

18Сион миний өөрийн тогтоосон цагт гэтэлгэгдэх болно.

19Мөн хэрэв ямар ч хүн өөрийгөө төлөвшүүлэхийг эрэлхийлж, мөн миний зөвлөгөөг үл эрэлхийлэх аваас, түүнд хүч байх нь үгүй, мөн түүний мунхаглал илэрхийлэгдэх болно.

20Эрэлхийл та нар; мөн бие биендээ өгсөн бүх амлалтуудаа биелүүлж бай; мөн ах дүүсийнх чинь болох зүйлд бүү шуна.

21Их Эзэний нэрийг дэмий хоосноор хэрэглэх хилэнцээс өөрсдийгөө хол байлга, учир нь бибээр Их Эзэн, та нарын Бурхан, бүр та нарын эцгүүдийн Бурхан, Абрахам, мөн Исаак, мөн Иаковын Бурхан билээ.

22Би бол Израилын хүүхдүүдийг Египетийн нутгаас удирдан гаргасан тэрбээр билээ; мөн эцсийн өдрүүдэд өөрийн хүмүүс, Израилыг аврахын тулд миний гар урагш сунгагдах болой.

23Бие биентэйгээ сөргөлдөхөө эцэслэ; бие биенийхээ тухай хилэнцэтийг ярихаа эцэслэ.

24Архидан согтуурахаа эцэслэ; мөн үгс чинь бие биенээ сэнхрүүлэхэд чиглэг.

25Хэрэв чи хөршөөсөө зээлдсэн бол, чи зээлсэн тэр зүйлээ буцааж төлөх ёстой; мөн чи буцаан төлж чадахгүй бол тэрээр чамайг яллахгүйн тулд чи тэр даруй хөршдөө хэл.

26Хэрэв чи хөршийнхөө гээсэн зүйлийг олох аваас, үүнийг чи түүнд хүргэж өгөх хүртлээ хичээнгүйлэн хайх ёстой.

27Чи мэргэн даамал байж болохын тулд өөртөө байгаа юмыг хамгаалахад чи хичээнгүй байх ёстой; учир нь энэ нь Их Эзэн Бурханы чинь үнэгүй бэлэг болой, мөн чи түүний даамал билээ.

28Хэрэв чи аз жаргалтай байх аваас, Их Эзэнийг дуугаар, хөгжмөөр, бүжгээр мөн магтаалын болон талархлын залбирлаар магтагтун.

29Хэрэв чи уй гашуутай байх аваас сүнс чинь баяр хөөртэй байж болохын тулд Их Эзэн Бурханаа даруухан залбирлаар дуудагтун.

30Дайснуудаасаа бүү эмээ, учир нь тэд миний гарт байгаа бөгөөд тэдний талаар би хүссэнээ хийх болно.

31Тэдний тулд надад буй тэр алдар сууг, бүр Сионы алдар сууг хүлээн авахад тэд бэлтгэгдэхийн тулд, миний хүмүүс бүх зүйлд зовлон зүдгүүр үзэн соригдох ёстой; мөн зэмлэл үл даах тэрээр миний хаант улсын хувьд зохистой бус бөлгөө.

32Мөн тэрээр харж болохын тулд, нүд нь нээгдэж, мөн тэрээр сонсож болохын тулд чих нь нээгдэхийн тулд өөрийгөө даруусгаснаар, мөн Их Эзэн, Бурханаа дуудсанаар үл хайхрагч тэрээр мэргэн ухаанд суралцаг.

33Учир нь миний Сүнс даруу төлөв хийгээд гэмшдэг тэднийг гэгээрүүлэхийн тулд, мөн бурханлиг бус тэднийг буруушаахын тулд дэлхийд урагш илгээгдсэн бөлгөө.

34Ах дүүс тань, бүр та нарыг хөөсөн үндэстэн та нарыг мөн та нарын гэрчлэлийг эсэргүүцсэн билээ.

35Мөн эдүгээ тэдний гай түйтгэрийн өдөр, бүр уй гашуугийн өдрүүд, төрөхөөр шаналж буй эмэгтэйн адил ирэх буюу; мөн хэрэв тэд үтэр түргэн, нэн үтэр түргэн үл наманчлах аваас, тэдний уй гашуу агуу байх болно.

36Учир нь тэд бошиглогчдыг, мөн өөрсөд уруу нь илгээгдсэн тэднийг хөнөөсөн билээ; мөн газраас тэдний эсрэг хашгирах гэмгүй цусыг тэд урсгасан билээ.

37Тиймийн тул, эдгээр зүйлүүдэд бүү гайх, учир нь та нар хараахан цэвэр ариун биш бөлгөө; та нар миний алдар сууг тэсэн гарах нь хараахан үгүй бөлгөө; харин, хэрэв та нар Адамын өдрүүдээс Абрахамыг хүртэл, Абрахамаас Мосег хүртэл, Мосегоос Есүс болон түүний төлөөлөгчид хүртэл, мөн Есүс болон түүний төлөөлөгчдөөс бибээр өөрийн ажлыг урагш авчрахын тулд тохинуулагч үйлчлэгчид, тэнгэр элчүүдээрээ, мөн тэнгэрээс өөрийн дуу хоолойгоор дуудсан Иосеф Смитийг хүртэл та нарт миний өгсөн бүх үгсийг минь сахихад итгэлтэй байх аваас, та нар үүнийг болгоох болно;

38Тэрээр тэрхүү суурийг тавьсан юм, мөн итгэлтэй байв; мөн бибээр түүнийг өөртөө авсан билээ.

39Түүний үхлийн улмаас олон хүн гайхсан билээ; гэвч тэрбээр алдар хүндийг хүлээж, мөн ёс бусчууд яллагдахын тулд өөрийн гэрчлэлийг цусаар лацдах ёстой нь шаардлагатай байсан ажгуу.

40Та нарыг би дайснуудаас чинь чөлөөлөөгүй, зөвхөн үүнд би нэрнийхээ гэрчийг үлдээсэн гэж үү

41Эдүгээ, тиймийн тул, анхаарагтун, Ай миний сүмийн хүмүүс та нар; мөн ахлагчид та нар хамтдаа сонсоцгоо; та нар миний хаант улсыг хүлээн авсан билээ.

42Та нар дээр шүүлтүүд ирэхгүйн тулд, мөн итгэл чинь та нарт алдагдахгүйн тулд, мөн дайснууд чиньта нарыг ялахгүйн тулд, миний бүх зарлигийг сахихад хичээнгүй бай. Эдүгээ үүнээс илүү нь үгүй болой. Амен мөн Амен.