Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 112

1837 оны долдугаар сарын 23-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Томас Б.Маршид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:499–501). Энэхүү илчлэлт Хурганы Арванхоёр Төлөөлөгчийн талаар Томас Б.Маршид өгсөн Их Эзэний үгийг агуулдаг. Сайн мэдээ Англид анх номлогдсон тэр өдөр энэхүү илчлэлт хүлээн авагдсаныг Бошиглогч тэмдэглэсэн байдаг. Энэ үед Томас Б.Марш Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч байв.

1–10, Арванхоёр нь бүх үндэстэн хийгээд хүмүүст сайн мэдээг илгээж мөн сэрэмжлүүлгийн дуу хоолойг өргөх ёстой; 11–15, Тэд загалмайгаа үүрч, Есүсийг даган мөн түүний хонинуудыг тэжээх ёстой; 16–20, Тэргүүн Зөвлөлийг хүлээн авдаг тэд Их Эзэнийг хүлээн авдаг; 21–29, Харанхуй нь дэлхийг бүрхдэг, мөн гагцхүү итгэдэг мөн баптисм хүртдэг тэд аврагдах болно; 30–34, Тэргүүн Зөвлөл хийгээд Арванхоёр нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн түлхүүрүүдийг атгадаг.

1ҮНЭНЭЭР Их Эзэн өөрийн үйлчлэгч Томас Б.Марш чамд ийн хэлж байна: залбирлуудыг чинь сонслоо би; мөн миний нэрийг гэрчилж мөн үүнийг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүст хол илгээхээр сонгогдон, мөн миний үйлчлэгчдийн зэмсгээр дамжин томилогдсон тэдгээр ах дүүсийн чинь өмнөөс өглөгүүд чинь миний өмнө дурсамж болон ирлээ.

2Үнэнээр би чамд хэлж байна, Их Эзэн миний таалалд чи эс нийцэх зарим цөөн зүйл зүрх сэтгэлд чинь болон чамд бий болсон байна.

3Гэсэн хэдий ч, чи өөрийгөө дорд аваачихын хэрээр чи өргөмжлөгдөх болно, тиймийн тул, бүх нүгэл чинь өршөөгдсөн болой чамд.

4Зүрх сэтгэл чинь миний нүүрний өмнө хөхүүн баярт байг; мөн чи миний нэрийг зөвхөн харийнханд төдийгүй, мөн иудейчүүдэд гэрчлэх ёстой; мөн чи миний үгийг дэлхийн хязгааруудад урагш илгээх ёстой.

5Тиймийн тул, чи өглөөнөөс өглөөг дараалан тэмц; мөн өдөр өдрөөр сэрэмжлүүлгийн дуу хоолой чинь урагш одог; мөн шөнө байхад чиний ярианы улмаас, дэлхийн оршин суугчид бүү нойрсог.

6Сионд чиний оршин суух газар мэдэгдэг, мөн гэр орноо бүү шилжүүл; учир нь хүмүүний үрсийн дунд миний нэрийг түгээлгэн чамаар хийлгэх ажил Их Эзэн надад буй.

7Тиймийн тул, уг ажлын тул бүсээ бүслэгтүн. Хөлд чинь гутал өмсгөгдөг, учир нь сонгогдсон болой чи, мөн зөрөг чинь уулсын дунд мөн олон үндэстний дунд буй.

8Мөн чиний үгээр олон ихэс дээдэс дорд аваачигдах болно, мөн чиний үгээр олон сул доройчууд өргөмжлөгдөх болно.

9Дуу хоолой чинь зөрчил гаргагчид зэмлэл байх болно; мөн гүтгэгчийн хэл чиний зэмлэлд мушгин гуйвуулахаа болиг.

10Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно.

11Зүрх сэтгэлийг чинь би мэднэ, ах дүүсийн чинь талаарх залбирлуудыг чинь сонссон билээ. Тэднийг хайрлах хайр чинь бусад олноос дээгүүрт, ялгавартай бүү байг, харин тэднийг хайрлах хайр чинь өөрийгөө хайрлахын адил байг; мөн бүх хүмүүнд, мөн миний нэрийг хайрладаг тэд бүгдэд хайр чинь элбэг дэлбэг байг.

12Мөн Арванхоёрын ах нарынхаа төлөө залбирагтун. Миний нэрийн тулд тэднийг хурцаар сануулагтун, мөн тэд бүхий л нүглүүдийнхээ улмаас сануулагдаг, мөн та нар миний нэрэнд миний өмнө итгэлтэй байгтун.

13Мөн тэдний уруу таталтууд, мөн их гай зовлонгийн дараа, болгоогтун, Их Эзэн бибээр тэднийг бодох болно, мөн хэрэв тэд зүрх сэтгэлээ үл хатууруулах аваас, мөн миний эсрэг хүзүүгээ хөшүүн болгохгүй аваас, тэд хөрвүүлэгдэх болно, мөн бибээр тэднийг эдгээх болно.

14Эдүгээ, би чамд хэлье, мөн би чамд хэлснээ, би бүх Арванхоёрт хэлнэм: Босогтун мөн бүсээ бүсэлж, загалмайгаа үүрч, намайг даган хонинуудыг минь тэжээгтүн.

15Өөрсдийгөө бүү өргөмжил; миний үйлчлэгч Иосефын эсрэг бүү бос; учир нь үнэнээр би чамд хэлж байна, би түүнтэй хамт байна, мөн миний гар түүн дээр байх болно; мөн түүнд мөн тэрчлэн та нарт миний өгсөн түлхүүрүүд намайг ирэх хүртэл түүнээс авагдах нь үгүй.

16Үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Томас, чи бол миний хаант улсын түлхүүрүүдийг, Арванхоёрт хамаарахын хувьд, алс холд бүх үндэстнүүдийн дунд атгахаар миний сонгож авсан тэр хүн бөлгөө—

17Миний үйлчлэгч Иосеф, мөн миний үйлчлэгч Сидней, мөн миний үйлчлэгч Хайрум нар очиж чадахгүй бүх газарт чи хаант улсын хаалгыг нээх миний үйлчлэгч байж болохын тулд буюу;

18Учир нь бүх сүмийн ачааг би багахан хугацаагаар тэдэн дээр үүрүүлсэн билээ.

19Иймийн тул, тэд чамайг хааш нь ч илгээлээ гэсэн, чи явагтун, мөн би чамтай хамт байх болно; мөн ямар ч газарт чи миний нэрийг тунхаглалаа гэсэн, тэд миний үгийг хүлээн авч болохын тулд үр дүнтэй хаалга чамд нээгдэх болно.

20Миний үгийг хүлээн авдаг хэн боловч, намайг хүлээн авдаг, мөн намайг хүлээн авдаг хэн боловч миний илгээсэн тэднийг миний нэрийн тулд чамд бибээр зөвлөхүүд болгосон, Тэргүүн Зөвлөлийг хүлээн авдаг болой.

21Мөн дахин би чамд хэлнэ, миний нэрээр чи хэнийг ч илгээлээ гэсэн, тэд ах дүүсийн чинь, Арванхоёрын дуу хоолойгоор зохих ёсоор зарлигдуулж мөн чамаар зөвшөөрөгдөж мөн эрх мэдэлтэй болгогдож, тэднийг чи тийш нь илгээсэн аль ч үндэстэнд миний хаант улсын хаалгыг нээх хүчтэй байх болно—

22Тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж мөн миний үгэнд оршиж мөн миний Сүнсний дуу хоолойг сонсохын хэрээр буюу.

23Үнэнээр, үнэнээр би чамд хэлж байна, харанхуй нь дэлхийг, мөн түнэр харанхуй нь хүмүүсийн оюуныг бүрхэж, мөн бүх махан бодь миний нүүрний өмнө ялзарчээ.

24Болгоогтун, хилэгнэлийн өдөр, шатаалтын өдөр, эзгүйрлийн, уйлааны, гашуудлын мөн уй гашуугийн өдөр өс хонзон дэлхийн оршин суугчид дээр даруй тохиох ажгуу; мөн энэ нь хуй салхи лугаа адил дэлхийн бүх гадаргуу дээр ирэх болно хэмээн Их Эзэн хэлж байна.

25Мөн энэ нь миний өргөөн дээр эхэлж, мөн миний өргөөнөөс урагш одох болно хэмээн Их Эзэн хэлж байна.

26Эхлээд, миний нэрийг мэддэг дүр эсгэдэг атлаа намайг мэддэггүй, мөн миний өргөөн дотор миний эсрэг гутаан доромжилсон та нарын дундах тэдний дунд буюу хэмээн Их Эзэн хэлж байна.

27Тиймийн тул, энэ газар дахь миний сүмийн хэрэг явдлуудын талаар та нар өөрсдөө тэвдэн сандрахгүйн тулд үүнийг мэдэгтүн хэмээн Их Эзэн хэлж байна.

28Харин миний өмнө зүрх сэтгэлээ ариусгагтун; мөн тэгээд бүх дэлхий уруу явагтун та нар, мөн үүнийг хүлээн аваагүй байгаа хүн бүхэнд миний сайн мэдээг номлогтун;

29Мөн итгэдэг хийгээд баптисм хүртдэг тэрээр аврагдах болно, мөн итгэдэггүй, мөн баптисм хүртдэггүй тэрээр яллагдах болно.

30Учир нь та нарт, Арванхоёрт, мөн та нарын зөвлөхүүд хийгээд удирдагчид байхаар та нарын хамт томилогдсон Тэргүүн Зөвлөлд, эцсийн өдрүүдийн төлөө мөн эцсийн удаад, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед энэхүү санваарын хүч өгөгдсөн болой.

31Уг хүчийг та нар бүтээлтийн эхлэлээс хойших ямар ч цагт, эрин үеийг хүлээж авсан тэд бүгдтэй хамт атгаж байгаа билээ;

32Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, та нарын хүлээн авсан эрин үеийн түлхүүрүүд, эцгүүдээс доош бууж ирсэн мөн бүхнээс сүүлд та нарт тэнгэрээс доош илгээгдсэн билээ.

33Үнэнээр би та нарт хэлж байна, дуудлага тань хичнээн агууг болгоогтун. Энэ үеийнхний цус та нарын гараас шаардагдахгүйн тулд зүрх сэтгэлээ мөн өмсгөлүүдээ цэвэршүүлэгтүн.

34Намайг ирэх хүртэл итгэлтэй бай, учир нь би гэнэт ирнэ; мөн хүн болгонд ажлынх нь дагуу төлөхийн тулд миний шагнал надтай хамт байх болно. Би бол Альфа ба Омега. Амен.