Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 29

1830 оны есдүгээр сард Нью-Йоркийн Фейеттед зургаан ахлагчийн дэргэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:111–115). Энэхүү илчлэлт 1830 оны есдүгээр сарын 26-нд эхэлсэн чуулганаас хэд хоногийн өмнө өгөгджээ.

1–8, Христ өөрийн сонгосон хүмүүсийг цуглуулдаг; 9–11, Түүний ирэлт Мянганыг эхлүүлнэ; 12–13, Арванхоёр нь бүх Израилыг шүүх болно; 14–21, Тэмдгүүд, өвчин тахлууд, эзгүйрлүүд Хоёр дахь Ирэлтийн өмнө тохиох болно; 22–28, Мянганы дараа сүүлчийн амилуулалт хийгээд эцсийн шүүлт болно; 29–35, Их Эзэний хувьд бүх зүйл сүнслэг болой; 36–39, Чөтгөр болон түүний арми хүмүүнийг уруу татахын тулд тэнгэрээс зайлуулагдсан билээ; 40–45, Уналт болон Цагаатгал нь авралыг авчирдаг; 46–50, Бага насны хүүхдүүд цагаатгалаар дамжин гэтэлгэгддэг.

1АНХААРАГТУН, та нарын Гэтэлгэгч, та нарын нүглүүдийг нигүүлслийн мутар нь цагаатгасан Агуу Би байдаг, Есүс Христийн дуу хоолойг буюу;

2Бүр миний дуу хоолойг сонсох мөн өөрсдийгөө миний өмнө даруусгах, мөн хүчирхэг залбиралд намайг дуудах болгоныг, тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг өөрийнхөө хүмүүсийг цуглуулах намайг.

3Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ үед нүглүүд тань та нарт өршөөгдсөн болой, тиймийн тул та нар эдгээр зүйлүүдийг хүлээн авч байна; гэхдээ санагтун, аюул та нарын дээр ирэхгүйн тулд дахиад нүгэл үйлдэхгүй байхыг санагтун.

4Үнэнээр, би та нарт хэлж байна, та нар бол миний сайн мэдээг баяслын дуугаар, бүрээн дуу хоолой мэт тунхаглахаар дэлхийгээс сонгогдсон билээ.

5Зүрх сэтгэлээ өргөж мөн баяртай байгтун, учир нь би та нарын дунд байна, мөн бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ; мөн та нарт хаант улсыг өгөх нь түүний эрхэм таалал бөлгөө.

6Мөн, энэ нь бичигдсэний адилаар—Миний зарлигийн дагуу залбиралд нэгдсэн байх аваас, та нар итгэлд юу ч хүслээ гэсэн, та нар хүлээн авах болно.

7Мөн та нар миний сонгосон хүмүүсийн цугларалтыг тохиолгон авчрахаардуудагдсан билээ; учир нь миний сонгосон хүмүүс дуу хоолойг минь сонсож мөн зүрх сэтгэлээ хатууруулах нь үгүй;

8Иймийн тулд ёсон бусчууд дээр гай зовлон болон эзгүйрэл илгээгдэх тэр өдөрт зүрх сэтгэлээ бэлтгэж мөн бүх зүйлд бэлтгэгдсэн байхаар тэд энэ нутгийн нүүрэн дээр нэг газарт цугларах болно хэмээх тогтоол нь Эцэгээс урагш гарч ирсэн билээ.

9Учир нь дэлхий боловсорч гүйцэх тэр цаг ойрхон байна мөн тэр өдөр мөдхөн байна; мөн бүх бардамнагчид мөн ёс бусаар үйлдэх тэд талбайд хаягдсан сүрэл лугаа адил болох болно; мөн дэлхий дээр ёс бус явдал байхгүй байхын тулд бибээр тэднийг шатаах болно хэмээн Түмний Их Эзэн өгүүлнэм;

10Учир нь тэр цаг ойрхон байна, мөн миний төлөөлөгчдөөр хэлэгдсэн нь биелэгдэх ёстой; учир нь тэдний ярьсанчлан энэ нь улиран тохиох болно;

11Учир нь би тэнгэрээс үүний бүх олны хамт сүр хүч хийгээд агуу алдар суугаар өөрийгөө үзүүлэх болно, мөн дэлхий дээр зөв шударга ёсонд хүмүүнтэй хамт мянган жил оршин сууна, мөн ёс бусыг үйлдэгчид тэсвэрлэх нь үгүй бөлгөө.

12Мөн дахин, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, миний төлөөлөгчид, Иерусалимд миний тохинуулалд надтай хамт байсан тэр Арванхоёр, галан багананд миний ирэх тэр өдөр баруун гар талд минь зөв шударгын орхимжоор хувцаслан, тэргүүн дээрээ титэмтэйгээр, өөр хэнийг ч бус Израилын бүх угсааг, бүр намайг хайрлаж мөн зарлигуудыг минь сахидаг тэдгээр олныг шүүхээр миний нэгэн адил алдар сууд зогсох болно гэдэг нь чанд хатуу тогтоолоор, Эцэгийн тааллаар урагш гарч ирсэн бөлгөө.

13Учир нь бүрээ чанга хийгээд удаан аль алинаар нь бүр Синайн Уулан дээр мэт дуугарах болно, мөн бүх газар хөдлөх болно—тийм ээ, бид нэг байж болохын тулд бүр надад нас барсан тэрхүү талийгаачид, бүр миний нэгэн адил зөв шударгын титмийг хүлээн авч мөн хувцаслаж, надтай хамт байхаар тэд урагш гарч ирэх болно.

14Гэвч, болгоогтун, энэхүү агуу өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, мөн сар цус болон хувирч, мөн одод тэнгэрээс унах болно, мөн дээр тэнгэрт хийгээд доор газарт илүү агуу тэмдгүүд байх болно гэдгийг би та нарт хэлж байна;

15Мөн олны дунд уйлаан хийгээд ёолон гаслах нь байх болно;

16Мөн дэлхийн ургацыг устгахын тулд агуу мөндрөн шуурга урагш илгээгдэх болно.

17Мөнхүү улиран тохиох дор, дэлхийн ёсон бусын учир, бибээр ёс бусчууд дээр өс хонзон тохиолгох болно, учир нь тэд наманчлах нь үгүй; учир нь миний зэвүүцлийн аяга дүүрэн байна; учрыг болгоогтун, хэрэв тэд намайг эс сонсвоос, миний цус тэднийг цэвэршүүлэх нь үгүй болой.

18Иймийн тул, Их Эзэн Бурхан бибээр дэлхийн нүүрэн дээр оршин суугчдыг нь эзлэн авч мөн тэдний махан биеийг идэх ялаануудыг урагш илгээх болно, мөн махчин өтнүүдийг тэдэн дээр ирэхээр болгоно;

19Мөн тэдний хэл гацаагдах болно, ингэснээр тэд миний эсрэг үг дуугарахгүй байх болно; мөн тэдний махан бие яснаасаа мултарч мөн тэдний нүд ухархайнаасаа мултарч унах болно;

20Мөнхүү улиран тохиох дор ойн араатнууд хийгээд огторгуйн жигүүртнүүд тэднийг идэж дуусгах болно.

21Мөн ирээгүй хэдий ч, би амьдардгийн адилаар гарцаагүй тохиох ёстой эдгээр зүйлүүдийг ярьсан бошиглогч Езекиелийн амаар хэлэгдсэний дагуу бүх дэлхийн садар эм болох тэрхүү агуу хийгээд жигшүүрт сүм устгагч галаар доош шидэгдэх болно, учир нь жигшүүрт явдал ноёрхох нь үгүй.

22Мөн дахин, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, мянган жил дуусахад мөн хүмүүн Бурханаа дахин үгүйсгэж эхэлнэ, тэгэхэд бибээр дэлхийд өршөөнгүй хандах болно, гэхдээ богинохон хугацаанд буюу;

23Мөн төгсгөл ирэх болно, мөн тэнгэр хийгээд дэлхий устгагдаж тэгээд алга болох авай, мөн шинэ тэнгэр бас шинэ дэлхий байх болно.

24Учир нь бүх хуучин зүйл алга болж, мөн бүх зүйл, бүр тэнгэр хийгээд газар бас тэдгээрийн бүрэн байдал, хүмүүн хийгээд амьтад аль аль нь, огторгуйн жигүүртнүүд, мөн далайн загаснууд ч шинэ болно;

25Мөн нэг ширхэг үс ч, бас өчүүхэн зүйл ч гээгдэх нь үгүй, учир нь энэ нь миний гарын бүтээл бөлгөө.

26Гэвч, болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, дэлхий алга болохын өмнө, миний тэргүүн тэнгэр элч, Михаил бүрээгээ үлээх болно, мөн тэгэхэд бүх нас барагсад сэрэх болно, учир нь тэдний булшнууд нээгдэх болно, мөн тэд—тийм ээ, бүр бүгдээрээ урагш гарч ирэх болно.

27Мөн зөв шударгыг үйлдэгчид мөнх амьдралд миний баруун гар талд цугларах болно; мөн миний зүүн гар тал дахь ёс бусыг үйлдэгчдийг өмчлөхөөс би Эцэгийн өмнө ичих болно;

28Иймийн тул бибээр тэдэнд хэлэх болно—Чөтгөр болон түүний элчүүдэд бэлтгэгдсэн үүрдийн гал уруу, надаас зайлагтун, зүхэгдсэн та нар.

29Мөн эдүгээ, болгоогтун, би та нарт хэлнэ, тэд эргэж ирэх ёстой хэмээн би өөрийн амаар хэзээ ч ямар ч цаг үед тунхаглаагүй бөлгөө, учир нь миний байгаа тэнд тэд очиж чадахгүй, учир нь тэдэнд хүч байхгүй бөлгөө.

30Харин миний бүх шүүлтүүд хүмүүнд өгөгдөөгүйг санагтун; мөн эхнийх нь эцсийнх байхын тулд, мөн миний Сүнсний хүч болох өөрийн сүр хүчний үгээр би юу ч бүтээсэн байлаа гэсэн бүх зүйлд эцсийнх нь эхнийх байхын тулд миний амнаас үгс урагш гарсан л бол бүр тийнхүү тэдгээр нь биелэгдэх болно.

31Учир нь би тэдгээрийг, тийм ээ, сүнсний хийгээд материаллаг бүх зүйлүүд аль алиныг нь Сүнснийхээ хүчээр бүтээсэн билээ—-

32Миний ажлын эхлэл нь, эхнийх нь сүнслэг, хоёр дахь нь материаллаг болой; мөн дахин, миний ажлын төгсгөл нь, эхнийх нь материаллаг, мөн хоёр дахь нь сүнслэг болой—

33Та нар өөрсдийнхөөрөө ойлгож болохын тулд та нарт өгүүлнэм; харин миний хувьд миний ажлууд төгсгөлгүй, мөн эхлэлгүй бөлгөө; гэвч та нар ойлгож болохын тулд үүнийг надаас асууж мөн санал нэгтэй байгаа учраас энэ нь та нарт өгөгдсөн билээ.

34Иймийн тул, бүх зүйл миний хувьд сүнслэг юм гэдгийг би та нарт үнэнээр хэлнэ, мөн аль ч цаг үед би та нарт, бас ямар ч хүнд, эсвээс хүмүүний үрст, мөн өөрийн бүтээсэн та нарын эцэг Адамд ч, цаг зуурын хууль өгөөгүй бөлгөө.

35Болгоогтун, тэрээр өөрийнхөө төлөө сонгогч байхыг нь би түүнд өгсөн юм; мөн би түүнд зарлиг өгсөн буюу, гэвч би түүнд цаг зуурын зарлиг өгсөн нь үгүй, учир нь миний зарлигууд сүнслэг болой; тэдгээр нь ердийн ч бус, цаг зуурын ч биш, зуурдынх ч биш, хүсэл тачаангуй ч биш бөлгөө.

36Мөнхүү улиран тохиох дор Адам чөтгөрөөр уруу татагдсан байв—учир нь, болгоогтун, чөтгөр Адамаас өмнө байлаа, учир нь, сүр хүч тань болох алдар хүндэтгэлээ надад өг хэмээн тэрээр хэлж, миний эсрэг боссон бөлгөө, мөн тэрчлэн тэдний сонгох эрхийн улмаас тэнгэрийн олны гуравны нэг хэсгийг тэрээр надаас урвуулсан билээ;

37Мөн тэд доош хөөгдсөн юм, мөн тийн чөтгөр хийгээд түүний элчүүд болсон бөлгөө;

38Мөн, болгоогтун, эхлэлээс тэдэнд бэлтгэсэн нэгэн газар буй нь там юм.

39Мөн чөтгөр хүмүүний үрсийг уруу татах ёстой нь шаардлагатай ажгуу, эс бөгөөс тэд өөрсдийнхөө төлөө сонгогч байж эс чадна; учир нь хэрэв гашуун нь тэдэнд хэзээ ч байх ёсгүй аваас, тэд чихэрлэгийг мэдэж чадах нь үгүй бөлгөө—

40Иймийн тул, мөнхүү улиран тохиох дор чөтгөр Адамыг уруу татаж, мөн тэрээр хориглогдсон жимснээс хүртэж мөн зарлигийг зөрчсөн нь, тэрээр уруу таталтанд автагдсан учир ийнхүү чөтгөрийн таалалд захирагдсан бөлгөө.

41Иймийн тул, Их Эзэн Бурхан бибээр, түүний зөрчлийн учир түүнийг Еденийн Цэцэрлэгээс, өөрийнхөө дэргэдээс хөөгдөх ёстой болгосон билээ, үүгээр тэрээр сүнсний хувьд үхмэл болсон нь, намайг: Зайлагтун, зүхэгдсэн та нар хэмээн хэлэх үед ёс бусыг үйлдэгчид дээр тохиох тэрхүү сүнсний, бүр сүүлчийн үхэл болох тэрхүү үхэлтэй адил үхэл болох анхны үхэл юм.

42Гэвч, болгоогтун, Их Эзэн Бурхан бибээр, миний Төрсөн Ганц Хүүгийн нэрэн дээрх итгэлээр дамжин ирэх наманчлал хийгээд гэтэлгэлийг тэдэнд тунхаглахаар тэнгэр элчүүдийг урагш илгээх хүртэл тэд цаг зуурын үхлээр үхэх ёсгүйг Их Эзэн Бурхан бибээр Адам хийгээд түүний үр удамд өгснийг би та нарт хэлнэ.

43Мөн ийн Их Эзэн Бурхан бибээр түүний сорилтын өдрүүдийг хүмүүнд тогтоов–ингэснээр бүр итгэсэн болгоны адилаар тэрээр ердийн үхлээрээ үхэшгүй байдалд мөнх амьдралд босч болох бөлгөө;

44Мөн итгээгүй тэд мөнхийн яланд буюу; учир нь тэд наманчилдаггүй учраас тэд сүнсний уналтаасаа гэтэлгэгдэж чадахгүй бөлгөө;

45Учир нь тэд гэрлээс илүүгээр харанхуйд дурладаг буюу, мөн тэдний үйлүүд нь хилэнцэт бөлгөө, мөн тэд дуулгавартай дагахыг хүсдэг түүнээсээ шан харамжаа хүлээн авдаг бөлгөө.

46Гэвч болгоогтун, би та нарт хэлнэ, бага насны хүүхдүүд дэлхийн сууринаас миний Төрсөн Ганцаар дамжин гэтэлгэгддэг;

47Иймийн тул, тэд нүгэл үйлдэж эс чадна, учир нь тэд миний өмнө хариуцлага хүлээж эхлэх хүртэл бага насны хүүхдүүдийг уруу татах хүч Сатанд өгөгдсөн нь үгүй;

48Учир нь агуу зүйлүүд эцгүүдийнх нь гараас шаардагдаж болохын тулд, энэ нь бүр миний хүсдэгчлэн, миний тааллын дагуу тэдэнд өгөгдсөн билээ.

49Мөн, дахин, би та нарт хэлж байна, мэдлэг бүхий хэнд ч наманчлахыг би зарлиглаагүй гэж үү

50Мөн ойлголтгүй байх түүний хувьд, энэ нь бичигдсэний дагуу үйлдэх нь надад үлдэх авай. Мөн эдүгээ энэ цагт би чамд илүүг тунхаглах нь үгүй. Амен.