Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 33

1830 оны аравдугаар сард Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Эзра Тайре мөн Нортроп Свеет нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:126–127). Энэхүү илчлэлтийг тэмдэглэхдээ, “Итгэлд хичээнгүйлэн эрэлхийлэгчдийг зааварлахад … Их Эзэн ямагт бэлэн байдгийг” Бошиглогч нотолжээ (History of the Church, 1:126).

1–4, Хөдөлмөрлөгчид сайн мэдээг арваннэг дэх цагт тунхаглахаар дуудагдав; 5–6, Сүм байгуулагдав, мөн сонгосон хүмүүс цугларах болно; 7–10, Наманчлагтун, учир нь тэнгэрийн хаант улс ойрхон байна; 11-15, Сүм сайн мэдээний хадан дээр баригдав; 16–18, Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн.

1БОЛГООГТУН, миний үйлчлэгчид Эзра, Нортероп та хоёрт би хэлнэ, чихээ нээж мөн үг нь амьд хийгээд хүчирхэг, хоёр талдаа иртэй илднээс илүү хурц, үе мөч болон чөмгийг, сэтгэлхийгээд сүнсийг хэдэн хэсэг болгон салгах Бурхан Их Эзэнийхээ дуу хоолойг, мөн зүрхний бодлууд мөн санааг ялган танигчийг анхаарагтун.

2Учир нь үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ гажууд хийгээд тэрслүү үеийнхэнд миний сайн мэдээг тунхаглахаар дуу хоолойгоо бүрээн дуу мэт өргөхөөр та нар дуудагдсан авай.

3Учрыг болгоогтун, талбай нь цагаан хадахад бэлэн байна; мөн энэ нь арваннэг дэх цаг ажгуу, мөн бибээр сүүлчийн удаа хөдөлмөрлөгчдийг талбайдаа дуудах болно.

4Мөн миний талбай хэсэг бүртээ ялзарчээ; мөн цөөн хэдхэнээс өөр сайныг үйлдэгч хэн ч үгүй болой; мөн бүгдээр ялзарсан оюунтай болж, санваараар мэргэшсэний улмаас олон тохиолдолд тэд алдах болжээ.

5Мөн үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ сүмийг бибээр байгуулж мөн аглаг буйдаас урагш дуудан гаргасан бөлгөө.

6Мөн дэлхийн дөрвөн зүгээс өөрийн сонгосон хүмүүсийг, мөн надад итгэх, мөн дуу хоолойг минь сонсох болгоныг бибээр ийнцуглуулах болно.

7Тийм ээ, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, талбай нь цагаан аль хэдийн хадахад бэлэн байна; иймийн тул, хадуураараа хадаж, мөн бүх хүч, оюун, мөн чадлаараа хураагтун.

8Амаа нээгтүн мөн тэдгээр нь дүүргэгдэх болно, та нар бүр Иерусалимаас аглаг буйдад аялсан эртний Нифайн адил болох болно.

9Тийм ээ, амаа нээгтүн мөн бүү татгалз, мөн та нар нуруун дээрээ боодлуудыг үүрэх болно, учир нь харагтун, би та нартай хамт байна.

10Тийм ээ, амаа нээгтүн мөн тэдгээр нь: Наманчлагтун, наманчлагтун, мөн та нар Их Эзэний замыг бэлтгэгтүн, мөн түүний замуудыг шулуун болгогтун хэмээн хэлж дүүргэгдэх болно; учир нь тэнгэрийн хаант улс ойрхон байна;

11Тийм ээ, та нар өөрсдийн нүглүүдийн ангижралын төлөө, хүн бүр наманчилж мөн баптисм хүрт; тийм ээ, бүр усаар баптисм хүртэгтүн, мөн тэгээд галын мөн Ариун Сүнсний баптисм ирэх ажгуу.

12Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ бол миний сайн мэдээ бөлгөө; мөн тэд надад итгэх ёстой, эс бөгөөс тэд яавч аврагдаж чадахгүй гэдгийг санагтун;

13Мөн энэ хадан дээр би сүмээ барих болно; тийм ээ, энэ хадан дээр та нар баригдсан буюу, мөн та нар үргэлжлүүлэх аваас, тамын үүд та нарыг дийлэх нь үгүй.

14Мөн сүмийн тунхгууд хийгээд гэрээнүүдийг сахихаа та нар санах ёстой.

15Мөн итгэл бүхий хэнийг ч гэсэн та нар гар тавилтаар миний сүмд батлах болно, мөн бибээр Ариун Сүнсний бэлгийг тэдэнд хүртээх болно.

16Мөн Мормоны Ном хийгээд ариун судрууд нь та нарын зааврын тул надаас өгөгдсөн авай; мөн миний Сүнсний хүч бүх зүйлийг амьдруулдаг бөлгөө.

17Иймийн тул, та нар Хүргэн Хүүгийн ирэлтэнд бэлэн байж болохын тулд, ямагт залбиран, дэнлүүгээ бэлтгэж мөн асаан бас тосоо авч яван итгэлтэй байгтун—

18Учрыг болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, бибээр гэнэт ирнэ. Бүр тийм буюу. Амен.