Семинар
7-р хичээл: Суралцагчийн үүрэг


7-р хичээл

Суралцагчийн үүрэг

Оршил

Энэ хичээлийн зорилго бол сайн мэдээнээс суралцах үйл явцад үүргээ биелүүлэхэд нь суралцагчдад туслах явдал юм. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Жинхэнэ хөрвөлт нь агуу хичээл зүтгэлтээр, итгэлээр эрэлхийлж буй суралцагчаас хамаардаг” гэж хэлжээ (“We Must Raise Our Sights” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг], 2001 оны 8-р сарын 14], 4, LDS.org). Та суралцагчдыг суралцах үйл явцдаа өөрсдийнхөө үүргийг биелүүлэхэд нь тусалснаар тэд хэрхэн хувийн илчлэлт авч мөн Их Эзэнд хөрвөгдөх хөрвөлтөө хэрхэн гүнзгийрүүлэхээ мэдэх болно. Суралцагчдын сайн мэдээнээс суралцах үүрэг хариуцлагыг нь сануулахын тулд та энэ хичээлд заагдсан зарчмуудыг давтаж болно.

Заах зөвлөмж

Сайн мэдээнээс суралцахад багш, суралцагч, Ариун Сүнсний үүрэг

Хоол эсвэл уух ямар нэг зүйл ангид авчир (жишээ нь жимс, талх эсвэл аягатай ус гэх мэт). Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Тэдний нэгээс нь идэх юмнаас хазаж эсвэл уух юмнаас уухыг хүс. Эхний суралцагчаас идэх юмны амтыг (эсвэл уух юмны) нөгөө суралцагчдаа тайлбарлахыг хүс. Нөгөө суралцагчийн хоол идэх хүсэл нь дарагдаж эсвэл цангаа нь тайлагдтал маш сайн тайлбарлахад түүнийг урамшуулан дэмж. Дараа нь хоёр дахь суралцагчаас асуу.

  • Та энэ суралцагчийн дүрсэлсэн идэх юмнаас (эсвэл уух юм) ямар ашиг тус хүртсэн бэ?

  • Энэ суралцагчийн дүрслэн хэлж байгаа нь таны өлсөж байгааг (эсвэл цангааг) хэр сайн тайлсан бэ?

  • Та энэ идэх юмнаас (эсвэл уух юм) ашиг тус хүртэхийн тулд юу хийх ёстой вэ?

Ангийнхнаас бие махбодын хэрэгцээгээ хангах энэ жишээ нь сүнслэг байдлаараа суралцаж мөн өсөж хөгжих бидний үүрэг хариуцлагатай хэрхэн холбогдож болохыг асуу.

Зарим хүн сайн мэдээнээс суралцах гол үүрэг хариуцлага нь багшид байдаг гэж боддог гэдгийг онцлон хэл. Гэсэн хэдий ч, идэх эсвэл уух юмны жишээтэй адилаар аливаа хүн сүнслэг үнэнүүдийг өөр нэг хүний дотор суулгаж чадахгүй. Бидний хүн нэг бүр сүнслэг хүч чадал болон өсөлт хөгжилтийг хүлээн авахын тулд өөрсдийнхөө төлөө сайн мэдээний үнэнүүдээс суралцаж мөн хэрэгжүүлж сурах ёстой.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:118-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас сайн мэдээг суралцах үйл явц дахь бидний үүрэг хариуцлагыг дүрсэлж буй үг, хэллэгийг олж мэдэхийг хүс.

  • Ямар ямар үг, хэллэг нь сайн мэдээнээс суралцах үйл явц дахь бидний үүрэг хариуцлагыг дүрсэлж байна вэ? (“Хичээнгүйлэн эрэлхийлж,” “бие биендээ заагтун,” “бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн.” Та суралцагчдыг эдгээр хэллэгийг хэлэх үед нэг суралцагчаас хэлснийг нь самбар дээр бичихийг хүсч болно.)

  • Бид “судалснаар” суралцах гэдэг нь юу гэсэн үг болохыг мэднэ. “Тэрчлэн итгэлээр” суралцахыг эрэлхийлэгтүн гэдэг нь юу гэсэн үг вэ?

Суралцагчдад энэхүү үнэнийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Хэрэв боломжтой бол үүний хуулбарыг суралцагч бүрд өг эсвэл энэ мэдэгдлийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бич. Суралцагчдаас итгэлээр суралцахыг эрэлхийл гэсэн Их Эзэний зарлигийг ойлгоход тэдэнд тусалдаг үг, хэллэгийг олж мэдэхийг хүс.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Итгэлээр суралцах нь идэвхгүй хүлээн авах биш, харин сүнслэг байдал, оюун ухаан, бие бялдрын хувьд идэвхтэй хичээж чармайхыг шаарддаг. …

… Суралцагч нь өөрийнхөө төлөө мэдлэг олж авахын тулд итгэлээ ашиглаж мөн үйлдэх ёстой” (“Seek Learning by Faith” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 2006 оны 2-р сарын 3], 3, LDS.org).

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич. Сүнслэг суралцах үйл явц нь …-ийг шаарддаг.

Суралцагчдаас ахлагч Бэднарын өгсөн тайлбарыг болон суралцагчдын хувьд үүрэг хариуцлагынхаа талаар сурсан зүйлээ ашиглан, энэ өгүүлбэрийг гүйцээхийг хүс. Боломжит хариулт нь дараахыг багтаасан байж болно. Сүнслэг суралцах үйл явц нь бидний зүгээс хүч чармайлт шаарддаг. Сүнслэг суралцах үйл явц нь биднээс итгэлээ ашиглаж мөн үйлдэхийг шаарддаг.

Хувийн хичээл зүтгэл нь тэдний сүнслэг суралцах үйл явцад нөлөө үзүүлж чадна гэдгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд дагалдах бүдүүвч зургийг самбар дээр зур. Сургаал ба Гэрээ 50-д Их Эзэн суралцах үйл явц дахь бидний үүргийг илүү сайн ойлгоход маань тусалдаг гэдгийг тайлбарла. Үүнийг ойлгуулахын тулд Тэрээр эхлээд сайн мэдээг суралцах үйл явц дахь багш болон Ариун Сүнсний үүргийг тайлбарладаг.

Зураг
Ариун Сүнсний гурвалжин

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 50:13–14-ийг чанга уншихад урь. Суралцагчийг уншихаас өмнө эдгээр шүлэг нь сайн мэдээг бусдад заахаар томилогдсон эхэн үеийн гэгээнтнүүдэд өгөгдсөн гэдгийг тайлбарла. Суралцагчдын хагасыг нь багшийн үүрэг хариуцлагыг дүрсэлж буй үгсийг олж мэдэхэд урь. Үлдсэн суралцагчдыг Сүнсний үүрэг хариуцлагыг дүрсэлж буй үгсийг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр багшийн үүрэг хариуцлага юу вэ? (Сайн мэдээг Сүнсээр номлох. Нэг суралцагчийг бүдүүвч зурган дээр Сүнсээр номлох гэдэг үгсийг Багш гэдэг үгийн доор бичихэд урь.)

  • Ариун Сүнс буюу Тайтгаруулагчийн үүрэг хариуцлага юу вэ? (Үнэнийг заах. Нэг суралцагчийг бүдүүвч зурган дээр үнэнийг заах гэдэг үгсийг Ариун Сүнс гэдэг үгийн доор бичихэд урь.)

Дараах үнэнийг самбар дээр бич. Ариун Сүнс бол жинхэнэ багш. Сүм дэх багш, номлогч эсвэл удирдагч нь сайн мэдээг Сүнсээр номлох үүрэг хариуцлагатай боловч илчлэлт өгөн, гэгээрүүлж мөн сайн мэдээний үнэнийг бидний зүрхэнд хүргэдэг хүн нь Ариун Сүнс юм гэдгийг тайлбарла.

  • Та нар Сүнсээр заалгаж байгаагаа хэзээ мэдэрч байсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 50:19–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчийн үүрэг хариуцлагыг дүрсэлсэн үгсийг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, суралцагч ямар үүрэг хариуцлагатай вэ? (Үнэний үгийг Сүнсээр хүлээн авах. Нэг суралцагчийг бүдүүвч зурган дээр Сүнсээр хүлээн авах гэдэг үгсийг суралцагч гэдэг үгийн доор бичихэд урь.)

Суралцагчдад Сүнсээр хүлээн авах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход туслахын тулд тэднээс хүний өшиглөж эсвэл шидэж байгаа бөмбөгийг барьж авах гэж байгаа хүн юу хийх ёстойг тунгаан бодохыг хүс.

  • Тэр хүн бөмбөгийг барьж авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? (Гараа сунган барьж авах.) Энэ нь үнэний үгийг Сүнсээр хүлээж авахын тулд суралцагчийн гаргах ёстой хүч чармайлттай хэрхэн адил байж чадах вэ? (Бөмбөгийг барьж авахын тулд хүн бэлтгэх ёстой. Үүний адилаар, бид үнэнийг Сүнсээр хүлээж авахын тулд зүрх сэтгэл болон оюун ухаанаа бэлтгэх ёстой.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 50:22-ыг дотроо уншаад, бид сайн мэдээг хүлээн авч мөн итгэлээр суралцахын тулд ийм хүч чармайлт гаргах үед юу тохиолддогийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг уншихаас өмнө сэнхрүүлэх гэдэг үг нь сүнслэгээр өдөөгдөх эсвэл сүнслэг байдлаар барьж босгогдох гэсэн утгатай гэдгийг тайлбарла.

  • Энэ шүлэгт цэдэглэгдсэнээр багш нар болон суралцагчид сайн мэдээг заах болон суралцах үйл явц дахь өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг биелүүлбэл Сүнснээс ямар адислал хүлээн авах вэ? (Ойлголт, сэнхрүүлэл ба баяр баясгалан.)

Ахлагч Ричард Г.Скотт суралцагчдад өөрсдийн үүргийг биелүүлэх болон Сүнсний зааж мөн гэрчлэх боломж хоёрын хоорондын холбоог гэрчилсэн гэдгийг тайлбарла. Хэрэв боломжтой бол суралцагч бүрд дараах мэдэгдлийн хуулбарыг тарааж өг. Нэг суралцагчийг мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчийн хүч чармайлт нь Ариун Сүнсний заах боломжинд нөлөөлдөг нөлөөллийг тайлбарласан хэллэгүүдийг олж мэдэхийг хүс.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“[Суралцагчдын] хичээлд оролцох шийдвэр нь сонголтоо ашиглаж байгаа хэрэг бөгөөд энэ нь тэдний хувийн хэрэгцээнд тохирсон захиасыг хүргэх боломжийг Ариун Сүнсэнд олгодог. Суралцагчдыг оролцох уур амьсгал бүрдүүлэх нь Сүнс [багшийн] зааж чадахаас илүү чухал хичээлүүдийг заах магадлалыг ихэсгэдэг” (“To Learn and to Teach More Effectively” [БЯИС-ын боловсролын долоо хоногийн онцгой цугларалт, 2007 оны 8-р сарын 21], 4–5, speeches.byu.edu).

  • Ахлагч Скоттын хэлснээр бид Ариун Сүнсээр заалгахын тулд түүнийг хэрхэн урьж болох вэ?

Суралцагчдын хувьд тэдний хүч чармайлт нь Ариун Сүнсний заах боломжинд хэрхэн нөлөөлдгийг дүгнэн хэлэхэд тэднийг урь. Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бид сонголтоо ашиглан, суралцах үйл явцад оролцсоноороо үнэнийг зааж мөн гэрчлэх Сүнсийг урьдаг. Энэ зарчмыг өмнө нь тодорхойлсон зарчмуудын доор самбар дээр бич.

Сурахаар мөн итгэлээр суралцахын тулд сонголтоо ашигласан хүний жишээг суралцагчдад харуулахын тулд тэднийг Иосеф Смитийн Анхны үзэгдлийн түүхийг бодож үзэхэд урь. Суралцагчдыг баг болгон хуваарилж, баг бүрд дараах шүлгүүдээс нэг эсвэл хэд хэдийг оноож өг. Иосеф Смит—Түүх 1:8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 18. (Та эдгээр шүлгийг самбар дээр бичиж болно.) Суралцагчдыг авсан шүлгүүдээ уншиж мөн дараах асуултуудыг ярилцахад урь.

  • Иосеф сүнслэг үнэнүүдийг суралцахын тулд хэрхэн хүч чармайлт гаргасан бэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа баг бүрийг авсан шүлгүүдээс нь Иосефын хүч чармайлтыг харуулсан хэллэгүүдийг хайж олоход урь.

Бурханы үгийг сурч мөн сурсан зүйл дээрээ итгэлтэйгээр үйлдэх Иосефын хүсэл нь илүү агуу мэдлэгийг авчирсан бөгөөд энэ адислал нь бид бүхэнд боломжтой гэдгийг гэрчил. Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:20-ийг дотроо уншаад, Иосеф анхны үзэгдлийг хүлээн авсныхаа дараа гэртээ эргэж ирээд, ээждээ юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.

  • Иосефын ээждээ хэлсэн үгний ямар хэллэг нь тэр үнэнийг өөрөө мэдэж авсан гэдгийг харуулж байна вэ? (“Би өөртөө мэдэж авлаа.”)

Бид Иосефын туршлагаас суралцаж болох зарчмыг олж тогтооход суралцагчдыг урь. Тэднийг санаануудаа “хэрэв–тэгвэл” гэдэг хэлбэрт оруулахад урамшуулан дэмж. Дараах нь суралцагчид энэ зарчмыг хэлж болох нэг арга юм. Хэрэв бид Бурханы үгийг хичээнгүйлэн суралцаж мөн үүн дээр итгэлтэйгээр үйлдэх аваас сайн мэдээний үнэнүүдийг өөрсдөдөө мэдэж авч чадна. (Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ Иосеф Смит—Түүх 1:20-ийн дэргэд бичихийг санал болгож болно.)

Хичээлийн эхэнд хийсэн идэх, уух юмны тухай үйл ажиллагааны талаар ярь. Суралцагчдад бие махбодын тэжээл авахад бидний зүгээс хүч чармайлт шаарддаг бөгөөд бид хоол ундыг идэж ууж байж л ашиг тусыг нь авч чадна гэдгийг сануул. Сүнслэг байдлын хувьд ч адил гэдгийг гэрчил. Бид сайн мэдээний үнэнүүдэд суралцаж мөн тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх хүч чармайлт гаргасан үед л сайн мэдээ бидний зүрх сэтгэлд нэвтрэн орж бидний нэг хэсэг болно.

  • Та нар энэ жил та нарт зааж мөн сайн мэдээний үнэнүүдийг та нарын зүрх сэтгэлд хүргэх Сүнсийг урихын тулд ямар үйлдэл хийх вэ? (Хариултууд нь Сүмийн цуглаан ба хичээлүүдэд оролцох, семинарт хамрагдах; дуулал дуулж, цуглаан ба ангиудад оролцох, судрын шүлгүүдийг тэмдэглэх, шинэ ойлголтуудаа тэмдэглэх, асуултуудад хариулах, туршлага ба гэрчлэл хуваалцах, бусдад заах, гэр бүлийн үдэш болон гэр бүлийн судар судлах үйл ажиллагаанд оролцох, өдөр тутам хувиараа судраас судалж мөн залбирах ба сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх зэргийг багтааж болно. Суралцагчдыг нэг ба түүнээс олон зорилгоо бичихэд урь.)

Суралцагчдыг сайн мэдээний талаар болон өөрсдийнхөө үнэн гэж боддог зүйлсээ тунгаан бодохыг хүсэж, хичээлээ дуусга. Цөөн суралцагчийг сайн мэдээг сурах хувийн хүч чармайлт нь тэдний гэрчлэл болон Их Эзэнтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахад урь. Сайн мэдээний зарчмуудад суралцаж мөн тэдгээрийн дагуу амьдрах хүч чармайлтын хариуд Их Эзэнээс бидний хүлээж авч болох хүч чадал болон удирдамжийн талаар гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Суралцагчид суралцаж байгаа зүйлийг нь батлах Ариун Сүнсийг урьж чадна

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар өөрсдийн үүргийг биелүүлж буй суралцагчид болон Сүнсний зааж мөн гэрчлэх боломж хоёрын хоорондын холбоог гэрчилсэн.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Зөв зарчмуудын дагуу өөрийн чөлөөт сонголтыг хийгч суралцагч нь өөрийн зүрх сэтгэлийг Ариун Сүнсэнд нээж, гэрчлэгч хүч ба батлагч гэрчийг урьдаг. … Энэ нь Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христэд харуулах бидний суралцах хүсэл болон Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авах итгэлээр өдөөгдсөн чин сэтгэл ба тууштай үйлдэл юм” (“Seek Learning by Faith,” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 2006 оны 2-р сарын 3], 3, LDS.org).

Өдөр бүр судраас судлахын ач холбогдол

Итгэлдээ үнэнч байх нь товхимолд өдөр бүр судраас судлахын ач холбогдлын талаар ингэж өгүүлжээ.

“Тиймээс хожмын үеийн бошиглогчид хувиараа болон гэр бүлээрээ судруудыг өдөр бүр судлахыг бидэнд зөвлөдөг. Нифай ах нараа урамшуулж байсан шиг өнөөдөр амьдралдаа эртний хүмүүсийн нандин шастирыг олж, судруудыг өөрсөдтэйгөө адилтгахад тэд биднийг урамшуулан дэмждэг (1 Нифай 19:23–24-ийг үзнэ үү). Тэд биднийг “судруудыг судалж” (Иохан 5:39) мөн “Христийн үгэн дээр хуримлахыг” ухуулдаг (2 Нифай 32:3).

Та нар энэ зөвлөгөөг дагаснаар агуу их ашиг тусыг олох болно. Судраас өдөр бүр, утга учиртайгаар судлах нь та нарт Ариун Сүнсний шивнээг хүлээн авахад тусалдаг. Энэ нь та нарын итгэлийг нэмэгдүүлж, уруу таталтаас хамгаалж, та нарт Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайрт Хүүтэй илүү ойр байхад тусалдаг.

Судраас бие даан судлах төлөвлөгөө гарга. Өдөр бүр судраас суралцахад тодорхой хэмжээний цаг гаргах тухай бод. Тэр хугацаандаа судрыг анхааралтай уншиж, Сүнсний өдөөлтөнд мэдрэмтгий бай. Тэнгэрлэг Эцэг та нарыг юу сурч, юу хийгээсэй гэж хүсч байгааг мэдэхийн тулд Түүнээс тусламж хүс.

Амьдралынхаа туршид судруудаас, ялангуяа Мормоны Номноос үргэлжлүүлэн унш. Та судруудын эрдэнэсийг амьдралынхаа өөр өөр цаг үед судлахдаа шинэ утга, хэрэглээг олж, дахин дахин нээх болно” Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 176).

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийнхүү хэлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Хэрэв бид судар судлахдаа хайнга хандах юм бол залбирахдаа бас хайнга байх болно.

Бид залбирлаа зогсоохгүй байж магадгүй гэхдээ бидний залбирал хоосон давталттай, хүсэл зоригоор дутмаг байх болно. Бидний зүрх сэтгэл бидний мэдэхгүй Бурхан руу татагдаж чадахгүй ба судрууд болон амьд бошиглогчдын үгс Түүнийг таньж мэдэхэд бидэнд тусалдаг” гэж хэлжээ (“Prayer,” Ensign, 2001 оны 11-р сар, 17).