Семинар
66-р хичээл: Сургаал ба Гэрээ 60–62


66-р хичээл

Сургаал ба Гэрээ 60–62

Оршил

1831 оны 8-р сарын 8-нд Иосеф Смит болон хэдэн ахлагч Миссуригийн Индепенденсээс Огайо руу буцаж явахаар бэлтгээд байв. Их Эзэн ахлагчдад аялах замдаа сайн мэдээг номло гэсэн удирдамж өгсөн бөгөөд энэ удирдамж Сургаал ба Гэрээ 60-д цэдэглэгдсэн юм. Аяллынхаа гурав дахь өдөр тэд Миссури Мөрөн дээр аюултай тулгарав. Дараагийн хоёр өдөр нь буюу 8-р сарын 12, 13-нд бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс хоёр илчлэлт хүлээн авчээ. Тэдгээр илчлэлт Сургаал ба Гэрээ 61 ба 62-т цэдэглэгджээ. Тэдгээр нь заавар, анхааруулга, тайтгарал, урамшуулан зоригжуулах үгсийг агуулдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 60

Их Эзэн ахлагчдад Миссуригээс Огайо руу аялах замдаа сайн мэдээг номлохыг зарлиглав

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Та нар итгэл бишрэлийнхээ талаар бусдад хэлэхээс эргэлзэж байсан эсвэл сайн мэдээний гэрчлэлээ хуваалцахаас эмээж байсан үе байсан уу?

Суралцагчдыг самбар дээрх асуултын талаар тунгаан бодохыг хүсэн хичээлээ эхэл. Суралцагчдыг тунгаан бодож байхад, та өөрийнхөө амьдралд тохиолдсон туршлагыг хуваалцаж энэ асуултад хариулж болно.

Хэсэг ахлагчдын бүлэг Миссуригийн Индепенденсийн газар нутгийг болон ариун сүмийн талбайг онцгойлон адислах ёслолд оролцохоор Огайогоос аялсан гэдгийг тайлбарла. Их Эзэн тэдэнд Миссури рүү аялах замдаа бусдад сайн мэдээг номло хэмээн зарлиглажээ (С ба Г 52:9–10-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 60 нь Огайо руу буцахаар бэлтгэх үед нь эдгээр ахлагчид өгсөн Их Эзэний үгсийг агуулдаг. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 60:1–2-ыг дотроо уншаад, Их Эзэн яагаад эдгээр ахлагчийн заримд сэтгэл дундуур байсныг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн яагаад зарим ахлагчид сэтгэл дундуур байсан бэ? (Тэрээр, “Тэд амаа нээх нь үгүй, тэдэнд миний өгсөн авьяас билгийг тэд нуух ажээ” хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл тэд сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцаагүй.)

  • Сургаал ба Гэрээ 60:2-т цэдэглэгдсэнээр, ахлагчдын зарим нь яагаад гэрчлэлээ хуваалцаагүй вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 60:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, бид гэрчлэлээ хуваалцахгүй бол юу тохиолдож болохыг олж мэдэхийг хүс.

  • Хэрэв бид гэрчлэлээ хуваалцахгүй бол юу тохиолдож болох вэ? (Суралцагчид өөр үгс ашиглаж болох ч дараах зарчмыг тодорхойлох ёстой. Хэрэв бид гэрчлэлээ хуваалцахгүй бол үүнийгээ алдаж болно.)

  • Бид гэрчлэлээ авч үлдэхийн тулд яагаад хуваалцах ёстой гэж та нар бодож байна вэ? Та нар гэрчлэлээ хуваалцсанаар гэрчлэл чинь илүү хүчтэй болж байсныг хэзээ мэдэрсэн бэ?

Суралцагчдыг боломжтой үедээ гэрчлэлээ хуваалцаж байхад урамшуулан дэмж. Их Эзэн эдгээр ахлагчид Огайо руу буцах замдаа сайн мэдээг номлохыг зарлигласан гэдгийг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 60-ын үлдсэн хэсгийг хураангуйл.

Сургаал ба Гэрээ 61

Их Эзэн Иосеф Смит болон бусад ахлагчид Огайо руу буцах аялалд нь зориулан удирдамж өгөв

Суралцагчдаас аюулгүй байдалдаа санаа зовж байсан болон Их Эзэний хамгаалалтыг мэдэрсэн үеийнхээ талаар бодохыг хүс. 1831 оны 8-р сарын 11-нд бошиглогч Иосеф Смит болон арван ахлагч хөнгөн завиар явж байхдаа Миссури мөрний хүчтэй урсгалд аюулд орсон байна. Иосеф Смит аяллын гурав дахь өдрийн талаар, “усан дээр гарч болох олон аюул бидэнд тулгарсан ба биднийг голын эрэг дээр гарсны дараа [Виллям В.] Фелпс ах гэгээн цагаан өдөр устгагч хамгийн аймшигт сүр хүчээрээ усан дээр явж байхыг харсан билээ. Бусад нь дуу чимээг нь сонссон боловч үзэгдлийг үзээгүй юм” (History of the Church, 1:203-m) хэмээн дурсан ярьжээ. Энэ үзэгдлээс өмнө, “ах нарын дунд зарим санал зөрөлдөөн болон таагүй мэдрэмж үүссэн байжээ” (Б.Х. Робэртс, A Comprehensive History of the Church, 1:262–263). Тэр орой ах нар хүндрэлүүдээ ярилцаж мөн тэдний ихэнх нь нэг нэгнээ уучилсан байна. Маргааш өглөө нь Иосеф Смит залбирч, Сургаал ба Гэрээ 61-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 61:2, 20, 36–37-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, эдгээр ахлагчид тайтгарал авчирсан байж болох үг, хэллэгийг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр ахлагчид тайтгарал авчирсан байж болох ямар үг, хэллэгийг та нар олсон бэ? (Суралцагчдыг хариулах үед та тэдний олсон үг, хэллэг нь хэрхэн тайтгарал авчирсан байж болохыг тайлбарлахыг тэднээс хүсэж болно.)

Энэ илчлэлтэд Их Эзэн хожмын өдрүүдэд их усан дээр “олон устгалууд” тохиох болно хэмээн заасан гэдгийг тайлбарла (С ба Г 61:5, 14–19-ийг үзнэ үү). Их Эзэн түүнчлэн Өөрийнхөө хүчний талаар ярьсан. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 61:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэний Өөрийнхөө хүчний талаар юу зааж байгааг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт, Их эзэн Өөрийнхөө хүчийг хэрхэн дүрсэлж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах сургаалыг самбар дээр бич. Их Эзэн бүх хүчийг эзэмшдэг.)

Виллям В.Фелпсийн үзсэн усан дээр явж буй устгагчийн үзэгдлээс болж зарим хүн Сатан усан дээрх хүчийг эзэмшдэг гэж боддог гэдгийг та онцлон хэлж болно. Гэсэн хэдий ч, Их Эзэнд усан дээрх хүчийг оролцуулаад бүх хүч байдаг гэдгийг Сургаал ба Гэрээ 61:1 баталдаг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 61:6, 10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, ахлагчдад Их Эзэний хүч чадалд талархахад нь тусалсан байж болох хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс, дараа нь самбар дээр байгаа өгүүлбэр дээр нэм. Их Эзэн бүх хүчийг эзэмшдэг ба биднийг хамгаалах чадвартай.

  • Их Эзэний хүч ба биднийг аюул ослоос хамгаалах Түүний чадварын талаарх гэрчлэлийг чинь хүчирхэгжүүлсэн ямар туршлага танд байгаа вэ?

Их Эзэн эдгээр ахлагчийг Огайо руу буцах замд нь удирдах өөр удирдамжуудыг өгсөн гэдгийг тайлбарласнаар та Сургаал ба Гэрээ 61-ийн үлдсэн хэсгийг хураангуйлж болно.

Сургаал ба Гэрээ 62

Их Эзэн Миссуригийн Индепенденс рүү аялж буй ахлагчдын бүлгийн итгэлтэй байдлыг сайшаав

Дараах асуултуудыг самбар дээр бич.

Би өнөөдөр ямар өнгийн цамц өмсөх вэ?

Би ням гарагт сүмд явах ёстой юу?

Би яагаад номлолд үйлчлэх ёстой вэ? Хэрэв тийм бол хэзээ?

Хэрэв ээж дуртай хоолыг минь хийж өгье гэвэл би алийг нь сонгох вэ?

Би хэнтэй болзох вэ? Болзож байхдаа хаашаа явах ёстой вэ?

Эдгээр асуултын аль нь Их Эзэнд хамгийн их хамаатай болохыг бодож үзэхийг суралцагчдаас хүс.

Их Эзэн Миссуригээс Огайо руу аялж байсан ахлагчдад удирдамж өгөхдөө тэдний гаргах хэрэгтэй байсан зарим шийдвэр нь Түүнд бусдаас нь илүү чухал байсан гэдгийг ойлгоход нь тусалжээ. Суралцагчдыг шийдвэр гаргахад нь тэднийг удирдаж болох санаануудыг Сургаал ба Гэрээ 62-оос хайж олоход урамшуул.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 62:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, ахлагчдын сайн мэдээг номлох хүчин чармайлтууд Их Эзэнд илүү чухал байсныг харуулдаг хэллэгүүдийг хайж олохыг хүс.

  • Та нар ямар хэллэгүүд олсон бэ? Эдгээр хэллэг Их Эзэн эдгээр номлогчийн хүчин чармайлтуудын талаар ямар сэтгэгдэлтэй байсныг хэрхэн харуулж байна вэ?

Суралцагчдад Их Эзэнд чухал ба чухал биш зүйлсийн жишээг бодоход нь туслахын тулд дараах хүснэгтийг самбар дээр зурж эсвэл тараах материал болгон бэлд. Хаалтанд буй мэдээллийг бүү бич.Суралцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан тэднийг асуултад бие дааж эсвэл өөр нэг суралцагчтай хамт хариулахыг хүс. Эсвэл энэ үйл ажиллагааг ангиараа хийж дуусгаж болно.

Их Эзэнд чухал байсан зүйл

Их Эзэнд чухал биш зүйл

С ба Г 60:5

(Ахлагчид Сейнт Люис рүү аян замдаа үтэр түргэн гарах)

(Ахлагчид аялах завиа хийх эсвэл худалдаж авах эсэх)

С ба Г 61:21–22

(Ахлагчид аян замдаа хурдан гарч, номлолоо хийх)

(Тэд усаар эсвэл газраар аялах эсэх)

С ба Г 62:5–7

(Ахлагчид итгэлтэй байж, сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцаж мөн гэгээнтнүүдэд цугларахад нь туслах)

(Ахлагчид бүгдээрээ эсвэл хоёр хоёроороо аялах ба морь, луус унах эсвэл хөсөг тэргээр явах эсэх)

Суралцагчдыг хүснэгтийг бөглөж дууссаны эцэст дараах асуултуудыг тавь.

  • Их Эзэнд чухал ба чухал бус зүйлсийн хооронд та нар ямар ялгааг анзаарсан бэ?

  • Энэ загвар нь та нарыг шийдвэр гаргахад хэрхэн чиглүүлж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 62:8 нь биднийг шийдвэр гаргахад чиглүүлж чадах зарчмыг заадаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг энэ шүлгийг дотроо уншиж, уг зарчмыг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. Тэд өөр үгс ашиглаж болох ч дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бид шийдвэр гаргахдаа өөрсдийн бодол болон Сүнсний удирдамжид тулгуурлах ёстой. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ өөрсдийн үгээр бичихийг санал болгож болно.

  • Бид шийдвэр гаргахдаа өөрсдийн бодол болон Сүнсний удирдамжид тулгуурлах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Та нар хэзээ өөрсдийн бодол болон Сүнсний удирдамжаар шийдвэр гаргаж байсан бэ? Үүнийг хийснээрээ та хэрхэн адислагдсан бэ?

Энэ хичээлээр ярилцсан үнэнүүдийг гэрчил. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 60–62-оос сурсан үнэнүүдийн дагуу хэрхэн үйлдэж болохыг тунгаан бодоход урь. Та нэг эсвэл хоёр суралцагчаас эдгээр үнэний аль нэгний дагуу үйлдэхийн тулд юу хийх гэж байгаагаа хуваалцахад урьж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 61:5–19. Ус яаж зүхэгдсэн бэ?

Сургаал ба Гэрээ 61:5–19 дэх Их Эзэний үгс нь хожмын үеийн гэгээнтнүүдийг усаар аялах буюу усанд сэлэхийг хориглодоггүй. Хожмын өдрүүдэд зүхэгдсэн усны тухай дүрслэх үедээ Их Эзэн Илчлэлт ном дахь шүлгийн талаар ярьсан байж болно. Энэ шүлэгт төлөөлөгч Иохан Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө усан дээр тохиох устгалын талаар дүрсэлсэн байдаг (Илчлэлт 8:8–11; 16:2–6-г үзнэ үү). Сургаал ба Гэрээ 61 дээр Их Эзэн “их ус” буюу Миссури мөрний аюулыг онцлон хэлсэн (С ба Г 61:5, 18-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Миссури мөрний учруулсан уршгуудын заримыг тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Миссури-Миссиссипи мөрний усан дээр болсон мөн удахгүй болох олон устгалыг бид жилээс жилд харсаар байдаг. Эргээ халин урсах энэ агуу мөрнөөс болж жил бүр сая сая доллар алдагдаж байна. Олон хүн энэ мөрний ус эрэг дээр халин гарч ирэх үерт амиа алдсан бөгөөд бүр энэ тогтуун юм уу үлбэгэр мөрөн дээр устгал авчрах шуурга босдог. Энэ устай холбоотой Их Эзэний үгс биелсээр ирсэн ба одоо ч биелж байна” (Church History and Modern Revelation, 2-р боть [1953 он], 1:224).

Сургаал ба Гэрээ 62. Түүхэн нөхцөл байдал

Иосеф Смит болон бусад нь Огайо руу аялж байхдаа Миссуригийн Индепенденс рүү аялж буй дөрвөн ахлагчтай таарчээ. Эдгээр ахлагчийн нэг нь болох Жон Мурдок Огайогоос сайн мэдээг номлож явах замдаа өвчин туссан байв. Жон ба түүний хамтрагч Хайрум Смит Миссуригийн Чаритонд байрлаж байсан бөгөөд Жоныг эдгэрэхийг хүлээж байжээ. Тэд тэнд Миссури явах замдаа сайн мэдээг номлох зарлигт дуулгавартай байсан Давид Витмер, Харви Витлок хэмээх хоёр ахлагчтай уулзжээ. Энэ дөрвөн ахлагч Чаритонд Иосеф Смиттэй уулзаж, Сургаал ба Гэрээ 62-т цэдэглэгдсэн Их Эзэний удирдамжийг хүлээн авсны дараа мөнгөө нийлүүлж нэг морь худалдаж авсан бөгөөд энэ нь Жон Мурдокийг Сион руу ядаргаа багатайгаар аялах боломжтой болгосон байна.