Семинар
35-р хичээл: Сургаал ба Гэрээ 29:1–29


35-р хичээл

Сургаал ба Гэрээ 29:1–29

Оршил

1830 оны 9-р сарын 26-нд болсон Сүмийн чуулганы өмнөхөн Бошиглогч Иосеф Смит зургаан ахлагчийн дэргэд илчлэлтийг хүлээн авчээ. Уг илчлэлтээр дамжуулан ахлагчид Түүний Хоёр дахь Ирэлтийн өмнөх Аврагчийн сонгогдсон хүмүүсийн цугларалтын талаар олж мэдэв.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 29:1–13

Их Эзэн Өөрийн Цагаатгал болон Өөрийн хүмүүсийг цуглуулах хүслийнхээ талаар гэрчлэв

Хичээл эхлэхээс өмнө дараах зөвлөгөөг самбар дээр бич. “Зүрх сэтгэлээ өргөж мөн баяртай байгтун” (С ба Г 29:5).

  • Энэ зөвлөгөөг дагахад яагаад заримдаа хэцүү байдаг вэ? Энэ зөвлөгөөг дагах ямар арга замуудыг та олсон бэ?

Сургаал ба Гэрээ 29:1–3 нь “зүрх сэтгэлээ өргөж мөн баяртай бай[хад]” бидэнд тусалдаг Аврагчийн үгсийг агуулсан гэдгийг тайлбарла.

Зураг
Христ хүүхдүүдтэй хамт

Христ хүүхдүүдтэй хамт (Gospel Art Book [2009 он], no. 47; мөн LDS.org) мөн боломжтой бол дэгдээхийнүүдээ цуглуулж буй тахианы зургийг үзүүл. Тахиа хэрхэн мөн яагаад дэгдээхийнүүдээ цуглуулдаг талаар хэн нэгэн тайлбарлаж чадах эсэхийг асуу. (Хэрэв суралцагчид мэдэхгүй байвал тахиа аюулыг мэдэрсэн үедээ дэгдээхийнүүдээ дууддаг гэдгийг тайлбарла. Тэднийг ирэх үед нь тахиа тэднийг далавчин доороо цуглуулж, хамгаалдаг юм.) Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:2-ыг чангаар уншихад урь.

  • Аврагч хэрхэн дэгдээхийнүүдээ цуглуулан, хамгаалж буй тахиатай юугаараа төстэй байдаг вэ?

  • Дэгдээхийнүүд эхийнхээ далавчин доор аюулгүй цугларахын тулд юу хийх ёстой вэ? (Хэрэв шаардлагатай бол, дэгдээхийнүүд ээж рүүгээ очихоор хичээх хэрэгтэй гэдгийг онцолж хэл.)

Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид … Есүс Христ биднийг цуглуулах болно.

  • Сургаал ба Гэрээ 29:2-т цэдэглэгдсэнээр Аврагчаар цуглуулагдахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? (Самбар дээрх зарчмыг бөглөхийн тулд суралцагчдын хариултуудыг ашигла. Хэрэв бид Есүс Христийн дуу хоолойг сонсож, өөрсдийгөө даруусгаж, Түүнийг залбиралдаа дуудах юм бол Тэрээр биднийг цуглуулах болно.)

Бүр эхлэлээс бошиглогчид Израилын цугларалтын талаар бошиглож байсан гэдгийг тайлбарла. Израилын угсаа—Их Эзэний гэрээт хүмүүс—Христийн ирэлтийн өмнө хожмын үед цугларах болно (Итгэлийн тунхаг 1:10-ыг үзнэ үү). Их Эзэний хүмүүс Түүнд итгэж, Түүний зарлигуудыг дагах юм бол Тэрээр Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно.

Суралцагчдад энэ зарчмын үнэнийг болон ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд нь туслахын тулд дараах асуултуудын талаар ярилц.

  • Бид ямар арга замуудаар Аврагчийн дуу хоолойг сонсдог вэ? (Бид судрууд, амьд бошиглогчид болон төлөөлөгчдийн сургаалууд, Ариун Сүнсний сүнслэг удирдамжаар дамжуулан Түүний хоолойг сонсож болно гэж хариулж болно.)

  • Аврагчийн дуу хоолойг анхааран сонсох нь Түүний дуу хоолойг зүгээр нэг сонсохоос ямар ялгаатай вэ?

  • Бид Аврагчаар цуглуулагдахын тулд яагаад даруу байх ёстой гэж та бодож байна вэ?

Судруудыг судалж, амьд бошиглогчдын үгсийг дагаж, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирснаар Аврагчтай ойр байгаагаа мэдэрсэн туршлагуудынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Цөөн хэдэн суралцагчид туршлагуудаа хуваалцах боломжийг олгож, зарим туршлага нь хэт ариун нандин эсвэл хувийн шинжтэй байдгийг сануул.

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн судрыг эргэн хар.

  • Аврагчаар цуглуулагдах тухай бодол нь хэрхэн таны зүрх сэтгэлийг өргөж, баясгаж байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:1, 3-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, зүрх сэтгэлээ өргөж, баясах шалтгааныг олж мэдэхийг хүс. Бид яагаад зүрх сэтгэлээ өргөж, баясдаг тухай тайлбарласан зарчмыг эдгээр шүлгээс олж тогтоохыг суралцагчдаас хүс.

Тэдэнд хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчийг олж мэдсэн зарчмаа хуваалцахад урь. (Тэдний хариултууд дараах зарчмыг тусгах ёстой. Аврагч бидний нүглүүдийг цагаатгасан учраас бид зүрх сэтгэлээ өргөж, баясч болно.)

  • Есүс Христийн Цагаатгалын талаарх таны гэрчлэл хэрхэн амьдралд тань аз жаргал авчирсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа та мөн өөрийн туршлагаас хуваалцаж болно.)

Аврагчийн хүмүүсийг цуглуулдаг нэг арга зам нь сайн мэдээг хуваалцах бидний хичээл зүтгэл гэдгийг тайлбарла. Сургаал ба Гэрээ 29-д цэдэглэгдсэн илчлэлт дээр Тэрээр Иосеф Смитээр дамжуулан зургаан ахлагчтай ярьж, тэдэнд Түүний сайн мэдээг тунхаглахыг зарлигладаг.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 29:4–6-г дотроо уншихад урь. Тэднийг номлогчийн ажилтай холбоотой үгс, хэллэгүүдийг олж мэдэхэд урамшуулан дэмж. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Та нар ямар үгс, хэллэгүүдийг олж мэдсэн бэ? Эдгээр үг болон хэллэгүүд нь сайн мэдээг хуваалцах туршлагын талаар юу зааж байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:7–8-ыг чангаар уншихад урь. Суралцагчдыг хамт уншаад, эдгээр зургаан ахлагч юу хийх мөн яагаад хийхээр дуудагдсаныг тайлбарласан Аврагчийн тайлбарыг олж мэдэхийг хүс.

  • Аврагч эдгээр ахлагчаар юу хийлгэхээр дуудсан бэ? (“[Түүний] сонгосон хүмүүсийн цугларалтыг тохиолгон авчрахаар.”) Аврагч сонгосон хүмүүсээ хэрхэн тодорхойлсон бэ? (“[Түүний] дуу хоолойг сонсож мөн зүрх сэтгэлээ хатууруулах нь үгүй” хүмүүс.)

  • Номлогчид хэрхэн сонгогдсон хүмүүсийн цугларалтыг тохиолгон авчрахад тусалдаг вэ?

Энэ илчлэлтийг өгөх үед Сүмийн гишүүнчлэлийн тоо маш бага байсан. Гэгээнтнүүд “нэг газар цугларч болдог” байв (С ба Г 29:8). Гэсэн хэдий ч Сүм өсч томрохын хэрээр Их Эзэн гэгээнтнүүдэд өөр өөр газруудад цугларахыг зарлиглажээ. Өнөөдөр бид амьдарч буй газрынхаа Сионы гадсанд цуглардаг.

  • Өнөөдөр бид хаана цуглардаг вэ? (Хариултууд гэр орон, цуглааны байр, ариун сүм орж болно.)

Эдгээр шүлэгт Аврагч Өөрийгөө хүч мөн алдар суугийн хамт дэлхий дээр дахин ирнэ гэж тунхагласан гэдгийг тайлбарлан, Сургаал ба Гэрээ 29:9–13-ыг нэгтгэн дүгнэ. Аврагчийн Хоёр дахь ирэлтэд Түүнтэй хамт ирэх хүмүүс нь дэлхийн түүхэн дэх бүхий л цаг үед амьдарч байсан итгэлтэй гэгээнтнүүд байх болно. Нас барсан зөв шударга хүмүүс амилуулагдаж, ёс бус хүмүүс устгагдах болно. Есүс Христ “дэлхий дээр зөв шударга ёсонд хүмүүнтэй хамт мянган жил оршин сууна” (С ба Г 29:11).

Сургаал ба Гэрээ 29:14–21

Есүс Христ Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох зарим тэмдгийг дүрслэв

Израилын цугларалт нь Аврагчийг эргэж ирэхэд бэлтгэх бидний бэлтгэлийн нэг хэсэг гэдгийг тайлбарла. Их Эзэн Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох бусад тэмдгийг дүрсэлжээ. Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 29:14–21-ийг дотроо уншиж, Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох тэмдгүүдийг олж мэдэхэд урь. Та суралцагчдад энэ тэмдгүүдийг судар дээрээ тэмдэглэх эсвэл өөрсдийн дэвтэр эсвэл судрын дэвтэр дээрээ бичихийг санал болгож болно.

Суралцагчдыг эдгээр шүлгийг уншихаас өмнө бид эдгээр бошиглол хэрхэн мөн хэзээ биелэгдэхийг мэдэхгүй гэдгийг онцолж хэл.

Суралцагчдад эдгээр шүлгийг судлах цаг өгсний дараа эдгээр тэмдэг нь ёс бусын улмаас ирэх боловч дэлхий дээрх бүх хүнд, бүр зөв шударга хүмүүст хүртэл нөлөөлөх болно гэдгийг онцолж хэл. Та Бошиглогч Иосеф Смитийн дараах хэлсэн үгийг уншиж болно.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хүний Хүүгийн ирэлтийн хувьд … ёс бусыг үйлдэгчид л зовохоос биш Гэгээнтнүүд аливаа шүүлтээс зугтааж чадна гэсэн хуурмаг санаа бас байдаг. Учир нь бүх маханбод зовлонгийн эрхшээл дор байдаг бөгөөд ‘зөв шударга хүмүүс ч арай ядан зугтаах болно’ [С ба Г 63:34-ийг үзнэ үү]. Гэхдээ Гэгээнтнүүдээс олон нь мултарна. Учир нь зөв шударга хүмүүс итгэлээр амьдардаг билээ [Хабаккук 2:4]. Зөв шударга хүмүүсээс олон нь маханбодын сул доройн улмаас өвчин, тахал гэх мэтэд өртөн унах ч Бурханы хаант улсад аврагдана” (Сүмийн Ерөнхийлөгчийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 2 86).

  • Эдгээр зүйлийг тохиолдох үед та яагаад Аврагчийн сонгосон хүмүүсийн нэгэн байж цугларалтад орохыг хүсэж байна вэ?

Хэрэв бид Есүс Христэд итгэлтэй байж, Түүнийг дагавал энэ илчлэлт дээр дүрсэлсэн үеүдэд ч гэсэн үргэлж амар амгалан байж чадна. Энэ үнэнийг онцлохын тулд та суралцагчдыг дараах шүлгүүдээс заримыг нь эсвэл бүгдийг нь уншихад урьж болно. Иохан 14:27; 16:33; Сургаал ба Гэрээ 59:23.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:17-г чангаар уншихад урь. Ангийнхнаас наманчлахаас татгалзсанаар ирэх үр дагаврыг олж мэдэхийг хүс.

  • Наманчлахаас татгалзсанаар ямар үр дагавар ирдэг вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Хэрэв бид наманчлахгүй бол Есүс Христийн цагаатгагч цус биднийг цэвэршүүлэхгүй. Та мөн суралцагчдад энэ зарчмыг Сургаал ба Гэрээ 29:17 дээр тэмдэглэхийг зөвлөж болно.)

Хоёр дахь ирэлтэд бидний бэлтгэж болох хамгийн чухал бэлтгэл нь Аврагчид ирж, наманчилж, нүглүүдээсээ цэвэрших явдал гэдгийг суралцагчдад баталж хэл. Суралцагчдыг ямар нэгэн наманчлах зүйл байгаа эсэхээ мөн нүглүүдээсээ цэвэршихийн тулд юу хийж болохоо тунгаан бодоход урь.

Сургаал ба Гэрээ 29:22–29

Аврагч Мянган жилийн дараа Эцсийн шүүлтийг оролцуулан юу тохиолдох талаар үнэнүүдийг илчлэв

Суралцагч бүрд Сургаал ба Гэрээ 29-ийн дараах шүлгүүдээс нэгийг даалгаж өг. 22-р шүлэг, 26-р шүлэг эсвэл 27–28-р шүлэг. Суралцагчдыг шүлгээ дотроо уншиж, Мянган жилд тохиох нэг нэг зүйлийг олж тогтооход урь. (Та Сургаал ба Гэрээ 29:26-г судлахаар оноогдсон суралцагчдад тэргүүн тэнгэр элч Михаил бол Адам гэдгийг тайлбарлаж болно. С ба Г 107:54-ийг үзнэ үү.) Суралцагчдад дааж авсан шүлгээ судлах цаг өгсний дараа 22-р шүлгээс эхлэн тэднээс юу олж мэдсэнийг асуу.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:27-г чангаар уншихад урьж, суралцагчдаас Эцсийн шүүлт дээр зөв шударга хүмүүст өгөгдөх адислалыг олж мэдэхийг хүс.

  • Хэрэв бид Аврагч дээр цугларах юм бол бидэнд ямар адислалууд ирэх вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох хэрэгтэй. Зөв шударга амьдарч, Есүс Христэд ирсэн хүмүүс мөнх амьдралыг хүлээн авах болно. Та тэднийг Сургаал ба Гэрээ 29:27 дээр энэ үнэнийг тэмдэглэж авахад урамшуулан дэмжиж болно.)

Есүс Христ хүүхдүүдтэй хамт байгаа зургийг самбар дээр байрлуулснаар хичээлийг дуусга. Би гэдэг үгийг самбар дээр бич. Хэрэв самбар дээрх Би гэдэг үгийн байршил нь тэдний Аврагчтай хэр ойрхон байдгийг төлөөлж байгаа бол энэ үгийг хаана тавих талаар бодоход нь суралцагчдыг урь. Тэднийг Аврагчтай илүү ойр болгосон өдөөлтүүдийг дагасан туршлагаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Өнөөдөр сурсан зүйлээ хэрэгжүүлж, Түүнтэй илүү ойр болохын тулд хийх нэг зүйлийг сонгоход суралцагчдыг урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 29:7. “Та нар миний сонгосон хүмүүсийн цугларалтыг тохиолгон авчрахаар дуудагдсан билээ”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Сүмийн залуу эрэгтэйчүүдэд хандан Бурханы сонгосон хүмүүсийг цуглуулах бидний үүрэг хариуцлагыг баталж үг хэлсэн юм.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Та нарын номлол бол хүмүүсийг Христэд авчирч Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ариун үйлс байх болно.

“Их Эзэн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх бэлтгэлүүдийн талаар их эртнээс ярьсаар ирсэн. Тэрээр ‘Зөв шударга ёсыг тэнгэрээс доош би илгээх болно; … дэлхийгээс үнэнийг би илгээх болно; … миний сонгогдсон хүмүүсийг дэлхийн дөрвөн зүгээс цуглуулахын тулд миний илгээх зөв шударга ёс хийгээд үнэн нь дэлхийг үер мэт арчих болгоно би’ хэмээн Инохт тунхагласан. [Мосе 7:62.] Бошиглогч Даниел хожмын өдрүүдэд сайн мэдээ ‘хүний гар хүрэлгүйгээр уулнаас цавчигдсан чулуу мэт’ өнхрөн дэлхийн өнцөг булан бүрт хүрнэ хэмээн бошигложээ. [Даниел 2:45.] Нифай хожмын үеийн Сүм цөөхөн боловч дэлхийн бүх гадаргуу дээр тархсан байх болно хэмээн хэлжээ. (1 Нифай 14:12–14-ийг үзнэ үү.) Их Эзэн ‘Та нар миний сонгосон хүмүүсийн цугларалтыг тохиолгон авчрахаар дуудагдсан’ хэмээн энэ эрин үед тунхагласан юм. Сургаал ба Гэрээ 29:7 … Та нарын номлол нь агуу боломж, үүрэг хариуцлага бөгөөд энэхүү амлагдсан цугларалтад чухал ач холбогдолтой байдаг ба та нарын мөнхийн хувь заяанд холбогдсон юм” (“Preparing the World for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 50–51).

Сургаал ба Гэрээ 29:7–9. Гэгээнтнүүд Сионы гадаснуудад цуглардаг

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки гэгээнтнүүд хаана цугларах ёстойг:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Сионы гадаснууд нь … дэлхийн бүх өнцөгт зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбон дараах үнэнүүдийг тунгаан бодоцгооё: Сионы гадаснууд нь Сионы нэг хэсэг юм. Та Сионы нэг хэсгийг байгуулахгүйгээр Сионы гадаснуудыг байгуулж чадахгүй. Сион нь зүрх сэтгэлдээ цэвэр ариун байдаг; бид баптисм болон дуулгавартай байдлаар дамжуулан зүрх сэтгэлийн цэвэр ариун байдлыг бий болгодог. Гадас нь газар зүйн хил хязгаартай байдаг. Гадас байгуулна гэдэг нь Ариун Хотыг үндэслэн байгуулахтай адил юм. Дэлхий дээрх гадас бүр тухайн бүсэд амьдарч буй Израилын төөрсөн хоньдын цугларах газар юм.

Перу хүмүүсийн цугларах газар бол Перу дахь Сионы гадаснууд эсвэл удахгүй гадас болох газрууд байх юм. Чили хүмүүсийн цугларах газар бол Чилид; Боливи хүмүүсийн цугларах газар бол Боливид; Солонгос хүмүүсийн цугларах газар бол Солонгост байх бөгөөд дэлхийн бүх уртраг мөн өргөргүүдэд адил байх болно. Бүх үндэстэн дэх тараагдсан Израилчууд өөрсдийнх нь үндэстэн дунд зохион байгуулагдсан Христийн хонин сүрэгт, Сионы гадаснуудад цугларахаар дуудагдах болно” гэж тайлбарлажээ (“Come: Let Israel Build Zion,” Ensign, 1977 оны 5-р сар, 118).