Семинар
92-р хичээл: Сургаал ба Гэрээ 88:41–69


92-р хичээл

Сургаал ба Гэрээ 88:41–69

Оршил

Энэ бол Сургаал ба Гэрээ 88-ын дөрвөн хичээлийн хоёр дахь нь юм. Энэ хичээлээр судлах илчлэлтийн хэсэг нь 1832 оны 12-р сарын 27, 28-нд Огайогийн Көртландад болсон дээд санваартнуудын бага хурал дээр өгөгдсөн юм. Энэ нь Бурхан хэрхэн Өөрийн бүтээлүүдийг захирдаг талаар Есүс Христийн тайлбар болон биднийг Түүнд ойр байхыг урьсан урилгыг агуулдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 88:41–50

Аврагч бүх зүйл тэнгэрлэг хуулиар зохицуулагддаг хэмээн илчлэв

Их Эзэн бүх зүйлийг бүтээсэн оддын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 2; мөн LDS.org-ийг үзнэ үү) эсвэл самбар дээр хэдэн од зур.

Зураг
Огторгуй дахь одод
  • Та хэзээ нэгэн цагт одод руу хараад Бурхан болон Түүний бүтээлүүдийн тухай бодож үзсэн үү? Та тэнгэр рүү ширтэж байхдаа юуг асууж эсвэл бодож байсан бэ?

Хүмүүс Бурханы бүтээлүүдийн сүрлэгийг төсөөлөн бодох үедээ өөрсдийгөө өчүүхэн, ач холбогдолгүй мэт мэдэрдэг болохыг онцолж хэл. Тэд Бурхан тэднийг мэддэг эсэхэд эргэлзэж болно. Өнөөдрийн хичээлийн шүлгүүдийг ярилцах үеэр, тэд Бурхан тэнгэр даяарх асар олон тооны бүтээлийг зохицуулдаг хэдий ч биднийг нэг бүрчлэн мэддэг бөгөөд бидэнтэй ойр байхыг хүсдэг болохыг олж харах болно гэдгийг суралцагчдад хэл.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:41-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, энэ шүлэг нь Өөрийн бүх бүтээлийг зохицуулах хэдий ч биднийг нэг бүрчлэн мэдэж байх хүч чадал Бурханд байдгийг хэрхэн харуулж байгааг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэг биднийг нэг бүрчлэн болон хэрэгцээг маань ч мэдэж байх хүч чадал Бурханд байдгийг хэрхэн харуулдаг вэ?

Өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:42–45-ыг чанга уншихад урь. Бурхан Өөрийн бүтээлүүдийг хэрхэн зохицуулдаг болохыг олж тогтоохыг ангийнхнаас хүс.

  • Бурхан Өөрийн бүтээлүүдийг хэрхэн зохицуулдаг вэ? (Өөрийн хуулиар.)

Суралцагчдыг тэднийг гайхшируулдаг Бурханы нэг бүтээлийн тухай бодоход урь. Цөөн хэдэн суралцагчийг бодлоо хуваалцахад урь. Жишээ нь, та Бурханы бүтээлүүдийн нэгийг төлөөлөх зүйл эсвэл зургийг үзүүлээд энэ нь яагаад таныг гайхшируулдаг болохыг тайлбарлаж болно.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:46–47-г дотроо уншаад, Бурханы бүтээлүүдийг үзэхдээ бид юуг олж хардаг болохыг олж мэдэхэд урь.

  • Бурханы бүтээлийн хамгийн наад захыг харах үед бид юуг олж хардаг вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэдний хариулт дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бид Бурханы бүтээлүүдийг харах үедээ Түүний сүр жавхлан хийгээд сүр хүчийг хардаг. Зарчмыг самбар дээр бич.)

  • Та нарын тэнгэрт болон дэлхий дээр хардаг бүтээлүүд Бурханы талаарх гэрчлэлд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:48–50-ийг дотроо уншихад урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэдний нэгээс шүлгүүдийг өөрийн үгээр товчлон дүгнэхийг хүс.

Сургаал ба Гэрээ 88:51–61

Талбайд хөдөлмөрлөж буй хүмүүс болон тэднийг ээлжлэн эргэж очих эзэний тухай сургаалт зүйрлэлийг Их Эзэн өгүүлдэг.

Сургаал ба Гэрээ 88:51–60 нь Бурханы бүтээсэн хаант улсууд эсвэл дэлхийнүүдтэй харилцах Түүний харилцааг ойлгоход бидэнд туслах сургаалт зүйрлэлийг агуулсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:51–55-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, сургаалт зүйрлэл дээр гардаг хүн зарц нэг бүрдээ юу хий гэж зарлигласныг мөн зарц болгондоо юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Тэр хүн зарц нартаа юу хийхийг зарлигласан бэ? Тэрээр зарц нартаа юу амласан бэ? (Тэр тэднийг талбайд нь ажиллахыг зарлигласан. Тэдний ээлж болгонд тэрээр тэдэн дээр айлчлах болно гэж амласан.)

Уг сургаалт зүйрлэлд талбайн эзэн ээлж болгонд нь зарц нартаа айлчилсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 88:56–60-ыг нэгтгэн дүгнэ. Зарц болгон “өөрийнхөө цагт … эзнийхээ дүр төрхний гэрлийг хүлээж авсан ажгуу” (С ба Г 88:58).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:61-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Бурхан Өөрийн бүтээсэн хаант улсуудтай хэрхэн харилцдаг талаар энэ сургаалт зүйрлэл бидэнд юу заадгийг олж мэдэхийг хүс.

  • Бурхан Өөрийн бүтээсэн хаант улсуудтай хэрхэн харилцдаг талаар энэ сургаалт зүйрлэл бидэнд юу заадаг вэ? (Суралцагчдыг дараах сургаалыг олж тогтооход тусал. Бурхан Өөрийн хаант улс бүрд мөн тэдний оршин суугчид дээр Өөрийнхөө цаг хугацаанд айлчлах болно. Энэ сургаалыг самбар дээр бич.)

Сургаал ба Гэрээ 88:62–69

Бид Бурханд ойр байх тусам Тэрээр бидэнд ойр байхаа амладаг.

Их Эзэн энэ дэлхий дээрх Өөрийн хаант улсад ирсэн бөгөөд Тэрээр Мянган жилийн үеэр дахин ирж, энд хаанчлах болно гэдгийг онцол. Сургаал ба Гэрээ 88:62–69-д Их Эзэнийг өөрсөдтэйгөө ойр болгохын төлөө бид одоо юу хийж болохыг заадаг. Суралцагчдаас дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс.

  • Та нар Их Эзэнтэй хэр зэрэг ойр байна гэж мэдэрч байна вэ? Түүнтэй илүү ойрхон байгаагаа та нар мэдэрмээр байна уу?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:62–63-ыг дотроо уншаад, Их Эзэнийг өөрсдөдөө ойр байлгахыг урихын тулд хийж болох зүйлсийг олж мэдэхэд урь.

  • Их Эзэнд ойр байх тухай ямар зарчмыг эдгээр шүлэг заадаг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид Их Эзэнд ойр байвал Тэр бидэнтэй ойр байх болно.)

  • 63-р шүлэг дэх үгс нь бид хэрхэн Их Эзэнд ойр байж болох тухай бидэнд юуг зааж байна вэ? (Эрэлхийлэгтүн, асуу мөн тогш.)

Эрэлхийлэгтүн, асуу, мөн тогш гэдэг үгс нь үйл үг болохыг онцолж хэл.

  • Их Эзэнд ойр болохын тулд эрэлхийлэх, асуух, тогшиход тань та нарт тусалсан ямар зарим үйлдэл байна вэ?

Суралцагчдыг Их Эзэнд ойр болох нэг аргыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Бурханлаг зүйлсэд хайнга хандах нь бурханлагаар сонсох чихгүй, бурханлагаар ярих дуу хоолойгүй болж, бүр цаашлан холддогийг би мэднэ. Хэрэв би судруудыг шимтэн судалбал холын зай ойртож, сүнслэг байдал эргэж ирнэ” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006 он], 67).

Тэнгэрлэг Эцэг хэрхэн тэдний залбирлуудад хариулдаг талаарх суралцагчдын ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд Сургаал ба Гэрээ 88:64–65-ыг чанга унш. Суралцагчдыг хамт уншаад, Их Эзэний нэрээр Эцэгт хандан залбирвал бидэнд өгөх Аврагчийн амлалтыг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт Тэнгэрлэг Эцэгт бидний залбиралд хэрхэн хариулдаг тухай Аврагч юу заадаг вэ? (Суралцагчдыг дараах зарчмыг олж тогтооход нь тусал. Тэнгэрлэг Эцэг бидэнд хамгийн сайн гэж мэддэг арга замуудаар бидний залбиралд хариулдаг. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд та тэдэнд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийн хуулбарыг өгч болно. Нэг суралцагчийг энэ мэдэгдлийг чанга уншихад мөн ангийнхныг дагуулан уншаад Тэнгэрлэг Эцэг залбиралд маань бидний найдаж эсвэл хүлээж байснаас өөр арга замаар хариулбал бид юу хийх ёстойг олж тогтооход урь.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Өөрийн чинь маш их хүссэн ямар нэг зүйлийн талаарх залбиралд хүсэн хүлээсэн байдлаар чинь хариулахгүй байвал их хэцүү байдаг. Дуулгавартай амьдралын тань гүн гүнзгий хийгээд чин сэтгэлийн итгэл яагаад хүсэн хүлээсэн үр дүнд очихгүй байгааг ойлгох нь хэцүү. … Заримдаа цаг хугацаа өнгөрөх тусам таны хувьд юу хамгийн сайн буюу шаардлагатай болохыг танин мэдэх нь хэцүү байдаг. Амьдралд тань Бурханы хийсэн зүйл бол таны мөнхийн сайн сайхны төлөө юм гэдгийг хүлээн зөвшөөрөх үед амьдрал тань илүү хялбар байх болно” (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 9).

Цөөн хэдэн суралцагчийг Тэнгэрлэг Эцэг тэдний залбиралд тэдний хувьд хамгийн сайн байхаар хариулсан туршлагаасаа хуваалцахад урих талаар бодож үз. Та бас өөрийн туршлагаас хуваалцахыг хүсэж болно.

Бурхан бидэнтэй холбогддог нэг арга зам нь “аглаг буйдад хашгирах нэгний дуу хоолой” шиг байдгийг бид Сургаал ба Гэрээ 88:66-аас олж мэддэг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:66-г дотроо уншаад, Бурханы дуу хоолой бидэнд хэрхэн хүрдгийг олж мэдэхэд урь.

  • Энэ шүлэгт цэдэглэснээр, Бурханы дуу хоолой яаж “аглаг буйдад хашгирах нэгний дуу хоолой” шиг байж болох вэ?

  • Та нар Бурханыг харж байгаагүй ч Түүнийг танд ойр байгааг хэзээ мэдэрч байсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:67–69-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэнд ойр байж болох нэмэлт арга замуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид Бурханы сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас …

Суралцагчдыг уг мэдэгдлийг 67-р шүлгээс олж мэдсэн зүйлээрээ гүйцээж бичихэд урь. Мэдэгдэл нь дараах байдалтай байж болно. Хэрэв бид Бурханы сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас гэрлээр дүүргэгдэх болно. (Та мөн суралцагчдад энэ зарчмыг Сургаал ба Гэрээ 88:67 дээр байгаагаар нь тэмдэглэхийг зөвлөж болно.)

  • Та нар “[Их Эзэний] сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас” гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? (Суралцагчид энэ асуултад хариулахдаа өөр өөр тодорхой жишээнүүдийг дурдаж мэднэ.) Энэ хэллэг нь ерөнхийдөө Бурханы ажил болон зорилгод бүрэн зориулагдсан байх гэсэн утгатайг тэд ойлгоход анхаар.

  • Их Эзэний гэрлээр дүүргэгдсэн мэт санагддаг өөрсдийн мэддэг хүмүүсийн тухай бод. Та тэдэнд байгаа гэрлийг ямар арга замаар олж хардаг вэ?

  • 68-р шүлэгт цэдэглэснээр, бид оюун бодлоо Бурханы төлөө зориулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? (Та “өөрсдийгөө ариусга” гэдэг хэллэг нь бидний нүглээсээ цэвэршиж, цэвэрлэгдсэн байх хэрэгцээг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно. Бид нүглээ наманчилж, санваарын ёслолуудыг хүлээн авч мөн хийсэн гэрээгээ сахиснаар Есүс Христийн Цагаатгал болон Ариун Сүнсний нөлөөгөөр дамжуулан ариусгагддаг.)

Суралцагчдыг самбар дээр бичсэн сургаал, зарчмуудыг дахин уншихад урь. Дараа нь тэднээс Бурхан түүнийг мэддэггүй гэж боддог найзтайгаа хамт одод руу ширтэж байгаагаар төсөөлөхийг хүс. Суралцагчдыг самбар дээрх зарчмуудыг ашиглан найздаа юу гэж хэлэх байснаа хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн хэдэн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг уншсанаар дуусгаж болно. Та Түүнд ойртохоор хичээж чармайснаар амьдралд тань үзүүлсэн Бурханы нөлөөний талаарх гэрчлэлээ бас хуваалцаж болно.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Ах эгч нараа, … заримдаа бид чухал биш, анзаарагдахгүй байгаа мэт, ганцаараа эсвэл мартагдсан мэт санагдаж болно. Гэхдээ та нар Түүнд чухал гэдгээ үргэлж санаж байгаарай! …

Бурхан таныг нэгэн жижигхэн гараг дээр түр хугацаагаар амьдарч байгаа зуурдын нэгэн бодгаль биш харин Өөрийн хүүхэд хэмээн үздэг. Тэрээр таныг ирээдүйд хэн болж чадахаар тань хардаг. Түүнд та чухал болохыг Тэр таныг мэдээсэй гэж хүсдэг” (“Та нар Түүнд чухал,”Ensign, 2011 оны 11-р сар, 22 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 88:67. “Гэрлээр дүүргэгдэх болно”

Бурхантай ойртох тусам бидний бодгаль гэрлээр дүүргэгдэх болно гэж Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф заасан юм.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид Тэнгэрлэг Эцэгт ойртох тусам, улам ариун болдог. Бид илүү ариун болох тусам итгэлгүй байдлыг даван туулж, бидний бие сэтгэл Түүний адислалын гэрлээр дүүрдэг. Бид амьдрал ахуйгаа энэхүү тэнгэрлэг гэрэлтэй нийцүүлбэл, уг гэрэл биднийг харанхуйгаас илүү агуу гэрэл өөд хөтөлдөг. Энэхүү илүү агуу гэрэл Ариун Сүнсний өгүүлшгүй үйлчлэл рүү хөтөлж, улмаар тэнгэр, газрын хоорондох хөшиг нимгэн болдог” (“Бурханы хайр,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган 22).

Сургаал ба Гэрээ 88:68. “Өөрсдийгөө ариусга”

Судруудын Удирдамж нь ариусгал гэдгийг “Есүс Христийн цагаатгалаар нүглээс ангид, ариун, цэвэр ариун болох үйл явц (Мосе 6:59–60)” хэмээн тодорхойлдог. Судруудын Удирдамж дахь ариусгал гэдэг үгийн тэмдэглэлд дараах эшлэлүүд ордог. Үүнд: 2 Тесалоник 2:13; Еврей 10:10; 13:12; Алма 13:10–12; Хиламан 3:33–35; 3 Нифай 27:20; Сургаал ба Гэрээ 20:31; 76:41; 88:68. (Судруудын Удирдамж, “Ариусгал,” scriptures.lds.org-ийг үзнэ үү.)

Өөрсдийгөө ариусга гэдэг нь ямар утгатай болохыг Далын ахлагч Ж.Томас Фаянс тайлбарласан.

Зураг
Ахлагч Ж.Томас Фаянс

Судраас судалснаар бид Их Эзэнтэй ойр болох замын талаар цаашдын удирдамжийг хүлээн авдаг. ‘Та нарын оюун Бурханд бүхлээрээ зориулагддаг болохын тулд өөрсдийгөө ариусга, мөн та нар түүнийг харах тэрхүү өдрүүд ирэх болно; учир нь тэрээр нүүрээ та нарт харуулах болно, мөн энэ нь түүний өөрийнх нь цагт, мөн түүний өөрийнх нь замаар, мөн түүний өөрийнх нь тааллын дагуу байх болно.’ (С ба Г 88:68; налуу бичлэг нэмэгдсэн). Ариусга гэдэг нь нүглээс ангид, цэвэршүүлэх—ариун эсвэл нандин болгох гэсэн үг юм. Үүнийг бид Түүний Сүнстэй зохицохын тулд хийдэг.

Биднийг нүглээс ангид байж, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болох арга замуудын талаар байнга бидэнд сануулж байх удирдамж өгөгдсөн билээ. Бид ариун ёслолоос хүртэх бүрдээ үүнийг сонсдог. Энэ үгсийг анхааралтай сонсоорой. ‘Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх тэд бүгдийн бодгалийн тулд; тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд таны Хүүгийн биеийг төлөөлөн дурсаж, тэд үүнийг идэж, Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авч, мөн үргэлж түүнийг санаж, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ танд гэрчилж болохын тулд, энэ талхыг адисалж мөн ариусгахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна’ (Моронай 4:3; мөн С ба Г 20:77; налуу бичлэг нэмэгдсэн.) (“Draw Near unto Me,” Ensign, 1985 оны 11-р сар, 90).