Семинар
79-р хичээл: Сургаал ба Гэрээ 76:20–49


79-р хичээл

Сургаал ба Гэрээ 76:20–49

Оршил

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр 1832 оны 2-р сарын 16-нд үзсэн үзэгдлийнхээ эхний хэсэгт Есүс Христийн алдар сууг болгоож мөн Түүнийг гэрчилсэн. Тэд Сатан дэлхийн өмнөх амьдралд эсэргүүцсэнээс болж Бурханы оршихуйгаас хөөгдөж байгааг харжээ. Түүнчлэн тэд мөхлийн хөвгүүдийг харж мөн Сатаныг дагахаар сонгосон хүмүүсийн мөнхийн үр дагаврыг мэдэж авчээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 76:20–24

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн үзэгдлийг харав

Ангийнхныг нээлтийн дуу болгож “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал, х. 38) дууллыг дуулахад урь. Энэ дууллын үг нь суралцагчдад өнөөдөр суралцах үнэнүүдийн хүчийг мэдрэхэд тусалж болно.

Суралцагчдыг дараах нөхцөл байдлыг бодоход урьж хичээлээ эхлүүл: Сургууль дээр ангидаа сууж байхад багш чинь дэлхийн шашнуудыг ярьж эхэлжээ. Багш чинь Есүс Христийн талаар итгэл үнэмшлээ хуваалцах хүсэлтэй Христийн шашинтан ангид байгаа эсэхийг асуув.

  • Хэрэв та нар энэ нөхцөл байдалд байсан бол Есүс Христийн талаар юунд итгэж мөн юу мэддэг гэж хэлэх байсан бэ?

Суралцагчдыг өмнөх хичээл дээр хүлээж авсан, Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлийг тоймлодог зургийг харахад урь. Өнөөдрийн хичээл дээр тэд Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын үзсэн үзэгдлийн эхний гурван хэсгийг судална гэдгийг тайлбарла. Үзэгдлийн эхний хэсэгт тэд Эцэг, Хүү хоёрыг алдар суундаа байгааг харжээ. Дараах гурван гарчгийг самбар дээр бич.

Тэдний харсан зүйл Тэдний сонссон зүйл Тэдний сурсан зүйл

Суралцагчдаас гарчгуудыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж авахыг хүс. Дараа нь тэднийг Сургаал ба Гэрээ 76:20–24-ийг дотроо уншаад мөн шүлгүүдээс авсан үг, хэллэгүүдийг тохирох гарчгийн доор бичихэд урь. Хангалттай хугацаа гаргаж өгсний дараа, нэг суралцагчийг самбар дээр бичих бичээч болоход урь. Ангийнхнаас эхний хоёр гарчигтай холбоотойгоор олж тогтоосон үг, хэллэгээ хуваалцахыг хүс. Суралцагчаар тэдгээрийг самбар дээрх гарчгуудын доор бичүүл.

  • Эдгээр шүлэг Есүс Христийн тухай ямар сургаалуудыг заадаг вэ? (Бичээч суралцагчийг ангийнхны хариултуудыг самбар дээр Тэдний сурсан зүйл гарчгийн доор жагсаахад урь.)

Суралцагчид олон янзын сургаал, үүний дотор дараахыг хэлж болно. Есүс Христ бол амьд, алдар суут биет, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр салангид хүмүүс, Есүс Христ бол Эцэгийн Төрсөн Ганц Хүү, Есүс Христ бол энэ дэлхий болон бусад гаргийн бүтээгч мөн бид бол Бурханы хайртай охид, хөвгүүд.

Суралцагчдад 20–24-р шүлэг дээрээс олж тогтоосон үнэнүүдийн талаарх мэдрэмж болон гэрчлэлүүдээ хуваалцахаар бэлтгэхэд тусал. Ингэхийн тулд тэднээс дараах асуултуудын нэгд хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулахыг хүс (эдгээр асуултыг самбар дээр бич).

Та нар эдгээр үнэний алинд нь мөн яагаад илүү талархалтай байдаг вэ?

Та нар эдгээр сургаалын алийг нь гэрчилж чадах вэ? Энэ бол үнэн гэдгийг та нар яаж мэддэг вэ?

Дараах өгүүлбэрийг гүйцээ. Есүс Христийн талаар би … гэдгийг мэднэ.

Суралцагчдад бичих хангалттай цаг өгсний дараа, нэг суралцагчийг С ба Г 76:22-т цэдэглэгдсэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын гэрчлэлийг чанга уншихад урь. Дараа нь амилсан Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй суралцагчдыг хуваалцахад урь. Аврагчийн тухай өөрийн гэрчлэлийг хуваалцах талаар бодож үзээрэй.

Сургаал ба Гэрээ 76:25–29

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Люсиферийн уналтын тухай үзэгдэл үзэв

Хэрэв боломжтой бол суралцагч бүрд дараах үнэн/худал тааврыг өг эсвэл тааврын мэдэгдлүүдийг самбар дээр бич. Суралцагчдаас өгүүлбэр бүр үнэн эсвэл худал болохыг хуулбар эсвэл хуудас цаасан дээр бичихийг хүс.

  • ____1. Сатан Люсифер хэмээх нэртэй байсан.

  • ____2. Сатан Бурханы оршихуйд эрх мэдэлтэй сүнс байсан.

  • ____3. Сатан Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд дуулгаваргүй байхыг хүсээгүй.

  • ____4. Сатаныг хөөгдөх үед тэнгэрт баяр баясгалан байсан.

  • ____5. Сатан Бурханы гэгээнтнүүдтэй дайн хийдэг.

Суралцагчид тааврыг хийсний дараа, Сургаал ба Гэрээ 76:25–29 нь Люсиферийн уналтын талаар Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын үзсэн үзэгдлийг дүрсэлдэг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг эдгээр шүлгийг дотроо уншиж мөн уншсан зүйл дээрээ тулгуурлан хариултуудаа засаж өөрчлөхөд урь. Суралцагчид хариултаа нягталсны дараа, мэдэгдэл бүрийг ангиараа давтаж мөн суралцагчдыг сурсан зүйлээ ашиглан хариултаа тайлбарлахад урь. 1-р мэдэгдэл нь үнэн (С ба Г 76:26-г үзнэ үү). 2-р мэдэгдэл мөн үнэн (С ба Г 76:25–27-г үзнэ үү). Та Люсифер гэдэг нэр нь гэрэл авчрагч эсвэл гэрэлтэгч нэгэн гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаж болно. Түүнчлэн тэр “өглөөний хүү” гэдэг нэртэй байсан. (Bible Dictionary, “Люсифер”; мөн Судруудын Удирдамж, “Люсифер,” scriptures.lds.org-ийг үзнэ үү.)

Суралцагчид худал гэсэн хариулттай 3-р мэдэгдлийн хариултаа тайлбарлах үед тэдэнд(С ба Г 76:25, 28-ыг үзнэ үү) Сатан бослого гаргасан гэдгийг ойлгоход нь тусал. Тэр Бурханы хүч чадал, хаант улс мөн алдар сууг Тэнгэрлэг Эцэгээс авахаар эрэлхийлсэн.

  • 25-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн эсрэг Люсиферийн гаргасан бослогын үр дагавар юу байсан бэ? (Та суралцагчдыг дараах сургаалыг 25-р шүлгийн хажууд судар дээрээ бичихэд урьж болно. Дэлхийн өмнөх амьдралд, Люсифер Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ хоёрын эсрэг бослого гаргаж мөн хөөгдсөн.)

Суралцагчид худал гэсэн хариулттай 4-р мэдэгдлийн хариултаа тайлбарласны дараа (С ба Г 76:26-г үзнэ үү) Сатанд өгөгдсөн Мөхөл хэмээх нэр нь устгал эсвэл хараал гэсэн утгатайг тайлбарла.

Суралцагчид үнэн гэсэн хариулттай 5-р мэдэгдлийн хариултаа тайлбарлах үед (С ба Г 76:29-ийг үзнэ үү) тэднийг 29-р шүлэгт буй Сатан Бурханы гэгээнтнүүдтэй дайн хийдэг гэдгийг заадаг хэллэгийг тэмдэглэхэд урьж болно.

  • Сатантай хийж буй энэ дайн хэзээ эхэлсэн бэ? (мөнх бус байдлын өмнөх оршихуйд.) Тэнгэрт эхэлсэн дайн өнөөдөр үргэлжилж байгаа гэдгийг 29-р шүлэг дэх ямар үгс тайлбарлаж байна вэ? (Дайтдаг ба тойрон бүсэлдэг гэсэн үгс нь хоёулаа одоо цаг дээр бичигдсэн байдаг. Тойрон бүслэх гэдэг нь бүрмөсөн хүрээлэх гэсэн утгатай үг гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Сатан өнөөдөр Бурханы гэгээнтнүүдийн эсрэг хэрхэн дайтаж байна вэ?

Сургаал ба Гэрээ 76:30–49

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр мөхлийн хөвгүүдийн зовж байгаа үзэгдлийг үзжээ.

  • Дайны үед, урвагч гэж хэн бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:30–32-ыг уншаад, Их Эзэний Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт үзүүлсэн үзэгдэлд Аврагчид урвагч бологсдыг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 76:30–35-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, хувь хүмүүсийг мөхлийн хөвгүүд болоход хөтөлдөг сонголтуудыг олж мэдэхийг хүс.

  • Ямар сонголтууд мөхлийн хөвгүүд болоход хөтөлдөг вэ? (Сатаныг дагахаар сонгох, үнэнийг үгүйсгэх мөн Бурханы хүчийг мэдсэний дараа үүнийг үгүйсгэх [С ба Г 76:31-ийг үзнэ үү], Ариун Сүнсийг хүлээн авсны дараа үүнийг үгүйсгэх мөн Аврагчийг үгүйсгэх [С ба Г 76:35-ыг үзнэ үү].)

Зарим үед суралцагчид идэвх султай болсон хайртай хүмүүс нь мөхлийн хөвгүүд болсон гэж санаа зовдог. Мөхлийн хөвгүүд нь нэг үед үнэний гэрчлэлтэй байсан ч сайн мэдээнд идэвхгүй болсон сүмийн гишүүдээс ялгаатай гэдгийг тайлбарла. Мөхлийн хөвгүүд Ариун Сүнсийг үгүйсгэн, уучлагдашгүй нүглийг үйлдсэн.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Ариун Сүнсний эсрэг нүгэл нь жирийн сүмийн гишүүд ийм нүгэл үйлдэх нь илэрхий боломжгүй мэт тийм мэдлэгтэй байхыг шаарддаг” (The Miracle of Forgiveness [1969], 123).

Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:36–38, 44–49-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад мөн мөхлийн хөвгүүдийн байдлыг олж мэдэхийг хүс.

  • Мөхлийн хөвгүүдийн мөнхөд эдлэх зовлонг та нар хэрхэн дүрслэх вэ?

  • 37-р шүлэгт цэдэглэгдсэнээр, зөвхөн мөхлийн хөвгүүд ямар төрлийн үхлийг амсах вэ?

Мөхлийн хөвгүүд хоёр дахь сүнслэг үхлээс гэтэлгэгдэхгүй бөгөөд амилсныхаа дараа алдар суугийн хаант улсыг өвлөн авахгүй гэдгийг тайлбарла. Үүний оронд тэд үүрд мөнхөд зовох болно.

Мөхлийн хөвгүүдийн талаарх үзэгдлийг хүлээн авах үедээ, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр нэгэн найдвар төрүүлэх үнэнийг сурч авсан гэдгийг онцлон хэл. Суралцагчдад энэ үнэнийг олж тогтооход нь туслахын тулд суралцагчдаас өнгөрсөн долоо хоногт сонссон хамгийн сайхан мэдээгээ хуваалцахыг хүс. (Та сонин эсвэл өөр эх сурвалж дээр гарсан сайхан мэдээнүүдийг жишээ болгон авчирч болно.) Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:39–43-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас дагаж уншаад мөн дэлхийд ирсэн зарим сайн мэдээг олж мэдэхийг хүс.

  • Дэлхий ямар сайхан мэдээг хүлээн авсан бэ? (Сайн мэдээ гэдэг үг нь шууд утгаараа сайн сайхан мэдээ гэсэн утгатай үг гэдгийг та тайлбарлаж болно.)

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 76:39–43-т заагддаг сургаалуудыг олж тогтооход нь туслахын тулд тэднээс хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ эдгээр шүлэгт заагдаж буй “сайн мэдээг” хураангуйлсан товч мэдээлэл бичихийг хүс. Суралцагчдад хангалттай цаг өгсний дараа, хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Суралцагчдыг хариулсны дараа, та тэдэнд 39–43-р шүлэг дээр дараах сургаалыг заасан хэллэгүүдийг тэмдэглэхийг зөвлөж болно. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөхлийн хөвгүүдээс бусад Бурханы бүх хүүхэд аль нэг алдар суугийн хаант улсыг өвлөх болно.

  • Яагаад Есүс Христийн Цагаатгал та нарын хувьд “сайн сайхан мэдээ” байж чадах вэ?

Та энэ асуултын талаарх өөрийнхөө хариултыг хуваалцсанаар хичээлээ дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 76. Үзэгдэл хүлээн авах нь

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдэл хүлээн авах үед Фило Диббл хажууд нь байжээ. Тэр Иосеф, Сидней хоёрын туршлагыг дүрсэлжээ.

“Сургаал ба Гэрээ хэмээх номд цэдэглэгдсэн үзэгдэл нь Огайогийн Хайрам дахь ‘Эцэг Жонсоны’ байшинд өгөгдсөн бөгөөд тэр үеэр Иосеф, Сидней хоёр сүнсэнд байсан ба тэнгэрүүд нээгдэхийг харж, өрөөнд өөр хүмүүс магадгүй арван хоёр төлөөлөгчид байсан ба тэр үед би тэдний дунд байсан билээ. … Би алдар сууг нь харж мөн хүч чадлыг нь мэдэрсэн ч үзэгдлийг үзээгүй. …

Иосеф үе үе, өрөөний цонхоор хараад өрөөнд буй бусад хүмүүсийн харж чадахгүй байгаа хүн шиг ‘Би юу харж байна вэ?’ гэж хэлж байв. Тэгээд тэр юу харснаа эсвэл юуг харж байгаагаа хэлж байсан. Тэгээд Сидней, ‘Би бас харж байна’ гэж хариулж байв. Сидней бас үе үе ‘би юу харж байна вэ?’ гэж хэлээд юу харснаа эсвэл юу харж байгаагаа хэлэхэд Иосеф, ‘би бас харж байна’ гэж хариулж байв.

Ийм харилцан яриа нь үзэгдлийн төгсгөл хүртэл ойр ойрхон зайтай болж байв. …

Энэ бүх хугацаанд Иосеф гайхалтай алдар суугийн дунд бат мөн тайван сууж байхад Сидней тогтворгүй бас зэвхий царайлан сууж байгааг ажигласан Иосеф, инээмсэглэж ирээд, ‘Сидней үүнд над шиг дасаагүй юм’ гэж хэлсэн” (in “Recollections of the Prophet Joseph Smith,” The Juvenile Instructor, 1892 оны 5-р сарын 15, 303–304).

Сургаал ба Гэрээ 76:22. “Энэ бол … , хамгийн сүүлчийн гэрчлэл юм”

Сургаал ба Гэрээ 76:22 дахь бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын гэрчлэл нь Эцэг, Хүү хоёрын бодит байдлын талаарх өнөө цагийн гэрчлэл юм. Иосеф, Сидней хоёр хараад зогсохгүй сонссон бөгөөд тэдний гэрчлэл бүх хүнд гэрчлэл болон зогсдог. Хайрум М.Смит, Жаннэ М.Жодал нар “сүүлчийн” гэсэн үгийг дараах байдлаар тайлбарласан. “Энэ бол амилсан, алдар суут биес болох Түүний тухай Тэр амьд гэсэн эцсийн гэрчлэл бус, харин энэ үзэгдлийн сүүлчийн гэрчлэл юм” (Doctrine and Covenants Commentary [1972 он], 448). Иосеф, Сидней хоёр “сүүлчийн” гэж хэлсэн нь ийм гэрчлэл хүлээн авах сүүлчийн хүмүүс гэсэн үг биш юм.

Сургаал ба Гэрээ 76:26. “Өглөөний хүү”

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жорж К.Канноны Сатаны “өглөөний хүү” гэсэн нэрний талаар дараах тайлбарыг өгсөн.

Зураг
Ерөнхийлөгч Жорж К.Каннон

“Зарим хүн түүнийг цор ганц өглөөний хүү гэж дууддаг боловч энд нэгэн өглөөний хүү буюу олны дундах нэг гэсэн утгатай нь эргэлзээгүй юм. Энэ тэнгэр элч хүч чадалтай хүн байсан нь гарцаагүй. Түүний талаар бидэнд өгөгдсөн мэдээлэл нь тэр маш өндөр албан тушаалтай байсныг, маш нэр хүндтэй мөн өөрийн хүрээнд хүчирхэг байсныг тодорхой харуулдаг” (“Discourse by President George Q. Cannon,” Latter-day Saints’ Millennial Star, 1895 оны 9-р сарын 5, 563–564).

Сургаал ба Гэрээ 76:32–35. Ариун Сүнсийг үгүйсгэж мөн мөхлийн хөвгүүн болох нь

Бошиглогч Иосеф Смит аливаа хүнийг мөхлийн хөвгүүн болгодог зүйлүүдийн нэг болох Ариун Сүнсийг үгүйсгэх талаар заажээ.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хүн юу хийснээрээ уучлагдашгүй нүглийг үйлддэг вэ? Тэрээр Ариун Сүнсийг хүлээж аван, тэнгэр түүнд нээгдэж, Бурханыг мэддэг болсны дараа Түүний эсрэг нүгэл үйлддэг. Хүн Ариун Сүнсний эсрэг нүгэл үйлдсэний дараа түүнд наманчлал гэж байдаггүй. Тийм хүн нарыг харж байгаа атлаа энэ чинь гэрэлтэхгүй байна гэдэг; тэнгэр өөрт нь нээгдсэн ч Есүс Христийг эсэргүүцдэг; нүд нь энэхүү үнэнд нээлттэй байсаар атал авралын төлөвлөгөөг үгүйсгэдэг” (History of the Church, 6:314-т).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл үүнийг дараах байдлаар дүрсэлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Тэд хэтэрхий доош живснээс болоод наманчлах хүсэл ба чадвараа алддаг” (The Miracle of Forgiveness [1969 он], 125).

Сургаал ба Гэрээ 76:35. “Түүнийг оюун санаандаа цовдолж мөн түүнийг нийтийн өмнө ичгүүрт тавьсны учир бөлгөө”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки заахдаа:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Уучлагдашгүй нүгэл нь Бурханы Хүүг өөртөө дахин цовдолж мөн түүнийг нийтийн өмнө ичгүүрт тавихаас бүрддэг. (Евр. 6:4–8; С ба Г 76:34–35.) Тэр ингэж Их Эзэний үхэл өөд авирч, аллага үйлддэг буюу үнэний тухай төгс мэдлэгтэй мөртлөө илт эсэргүүцэж, Христийг Бурханы Хүү гэдгийг төгс мэдсээр байж, Түүнийг цовдлох тийм нөхцөл байдалд оруулдаг. Христийг дахин цовдолж мөн нийтийн өмнө ичгүүрт тавих гэдэг нь энэ юм. (С ба Г 132:27.)” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966 он], 816–817).

Сургаал ба Гэрээ 76:44. “Тэднээс бусдыг нь тэрээр бүгдийг авардаг билээ”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс аврагдах гэдэг ойлголтын хоёр өөр утгыг тайлбарласан байдаг.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд аврагдах нь ирэх дэлхийд алдар суугийн хаант улсыг өвлөснөөр хоёр дахь үхлээс (эцсийн сүнслэг үхэл гэсэн үг) аврагдана гэсэн утгатай үг юм (1 Коринт 15:40–42-ыг үзнэ үү). Амилалт нь ертөнц дахины шинжтэй учраас дэлхий дээр хэзээ нэгэн цагт амьдарч байсан хүн бүр, цөөн хэдхэнээс бусад нь ийм авралыг олох болно. …

Бошиглогч Бригам Янг ‘ач ивээлийг үгүй болтол нүгэл хийдэггүй мөн чөтгөрийн тэнгэр элч болдоггүй хүн бүр алдар суугийн хаант улсыг өвлөхөөр авчрагдах болно’ хэмээн хэлэхдээ энэ сургаалыг заасан юм (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 288). Аврагдах гэдэг үгний энэ утга нь Их Эзэн, Аврагч Есүс Христийн ач ивээлээр дамжуулан бүх хүн төрөлхтнийг өөд нь татдаг. …

… Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд танил хэлбэрээр аврагдах ба аврал гэдэг үгс нь өргөмжлөл эсвэл мөнх амьдралыг илэрхийлэхэд ашиглагддаг (Aбрахам 2:11-ийг үзнэ үү). Энэ нь заримдаа ‘авралын бүрэн байдал’ гэсэн утгаар хэрэглэгддэг (Брүс Р.Макконки, The Mortal Messiah, 4-р боть [1979–1981], 1:242). Энэхүү аврал нь наманчлал болон санваарын зохих эрх мэдлээр баптисм хүртэхээс илүү зүйлийг шаарддаг. Энэ нь ариун гэрээнүүд, түүний дотор Бурханы ариун сүмд мөнхийн гэрлэлтийн гэрээ хийж, эдгээр гэрээндээ эцсийг хүртэл үнэнч итгэлтэй байхыг шаарддаг” (“Have You Been Saved?” Ensign, 1998 оны 5-р сар, 56–57).