Семинар
148-р хичээл: Айоваг туулсан аялал; Сургаал ба Гэрээ 136:1–18


148-р хичээл

Айоваг туулсан аялал; Сургаал ба Гэрээ 136:1–18

Оршил

1846 оны 2-р сард гэгээнтнүүд Наувуг орхин өрнө зүгт Айоваг туулах аяллаа эхлэв. Бригам Янг Сургаал ба Гэрээ 136-д цэдэглэгдсэн илчлэлтийг 1847 оны 1-р сард, Небраскагийн Винтер Квортерст хүлээн авчээ. Энэ хичээл дээр Их Эзэний гэгээнтнүүдэд өөрсдийгөө зохион байгуулж, өрнө зүгт үргэлжлүүлэх аялалдаа бэлтгэхэд нь туслахаар өгсөн зөвлөмжийг агуулдаг Сургаал ба Гэрээ 136:1–18-ыг үзэх болно.

Заах зөвлөмж

Хожмын үеийн гэгээнтнүүд Айоваг туулж Винтер Квортерст удирдах төвөө байгуулав

Нэг суралцагчийн нүдийг боогоод өрөөний нэг талд зогсоо. Дараа нь суралцагчид зарим зүйлийн байрлал өөрчлөгдсөнийг хэлэх боломж олгохын тулд өрөөнд байгаа зүйлсийн байрлалыг дуу чимээ гарган өөрчил. Өрөөний нөгөө талд очихын тулд чиглэл зааж хэлж өгөх ангийн нэг суралцагчийг сонгохыг нүдээ боолгосон суралцагчаас хүс. Суралцагч хэн нэгнийг сонгоход дараах асуултыг тавь.

  • Чи яагаад тэр хүнийг сонгосон бэ?

  • Өөр хүнд итгэх бидний итгэл заавруудыг нь ойр ойрхон дагахад хэрхэн нөлөөлдөг вэ?

Хөтчөөс нүдээ боолгосон суралцагчид өрөөний нөгөө тал руу аюулгүй очиж чадах заавруудыг өгөхийг хүс. Дараа нь хоёр суралцагчид суудалдаа эргэн суух заавар өг.

Нэг суралцагчийг Наувугаас гарч явсан гэгээнтнүүдийн талаарх дараах догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас эдгээр гэгээнтний туршлага ангийн нөгөө тал руу удирдагдсан суралцагчийнхтай юугаараа адилхан байж болохыг олж сонсохыг хүс.

Орон нутгийн танхайрагчдын хүчирхийллийн аюул занал доор байсан гэгээнтнүүд 1846 оны 2-р сард Наувуг орхин, Айова мужийг хөндлөн туулж, өрнөд рүү аялсан. “Наувуг орхих нь гэгээнтнүүдийн хувьд итгэлийн үйлдэл байсан юм. Тэд хаашаа явж байгаагаа эсвэл оршин суух газраа хэзээ хүрэхээ тодорхой мэдэхгүй орхиж явсан. Тэд зөвхөн дайснууд нь тэднийг Иллинойгоос хөөж байгаа бөгөөд тэдний удирдагчид Роки Маунтэйнсийн хаа нэгтээ тэдэнд хоргодох газар олох илчлэлт хүлээн авсан гэдгийг л мэдэж байв” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 309).

  • Гэгээнтнүүдийн Наувуг орхин гарсан туршлага ангийг хөндлөн туулах хөтлүүлсэн суралцагчийн туршлагатай хэрхэн адил байна вэ? (Хоёулаа зорьсон газартаа хүрэхэд тэдэнд тусална гэж итгэж байгаа хэн нэгний алсын хараа болон зааварт найдсан)

  • Гэгээнтнүүдийн Наувуг орхин явсан туршлагаас бид юу суралцаж болох вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч хариултууд нь дараах зарчмыг тусгах ёстой. Бид Сүмийн удирдагчдынхаа зөвлөмж хийгээд удирдамжийг дагахдаа итгэлээ хөгжүүлдэг.)

Нэг суралцагчийг Виллям Клейтоны тухай дараах хэлсэн үгийг уншихад урь. Суралцагчдаас Клейтон ахын итгэлийн жишээнүүдийг олж сонсохыг хүс.

“Виллям Клейтон Наувуг орхин явах эхний бүлгүүдийн нэгэнд дуудагдан, анхныхаа хүүхдийг төрүүлэхэд ганцхан сар дутуу байхад эхнэр Диантагаа эцэг эхтэй нь хамт орхиод гарсан ажээ. Шавартай замаар зүтгэн, хүйтэн майханд хоноглож байсан нь түүнийг унтууцуулж, Диантагийнхаа төлөө санаа нь зовдог байв. Хоёр сар болсны дараа, түүнийг эсэн мэнд амаржсан эсэхийг мэдэхгүй байсан хэдий ч, “сайхан мариалаг хөвгүүн” төрсөн тухай баярт мэдээг тэр эцэст нь хүлээн авчээ. Бараг л тэр сониныг дуулангуутаа Виллям доош суугаад, зөвхөн түүний хувьд өвөрмөц утга учиртай байсан төдийгүй бурханлаг нөлөөлөл бүхий сүлд дуулал, Сүмийн гишүүдийн хувьд олон үеийнхний турш талархал болсон нэгэн дууг бичсэн байна. Энэ бол ‘Ирцгээ, Ирцгээ гэгээнтнүүдээ’” гэдэг дуу байсан (Бидний өв: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн товч түүх [1996], 83).

“Ирцгээ, Ирцгээ гэгээнтнүүдээ” (Ёүмийн дуулал, 2) дууллын эхний гурван бадгийг ангийнхныг хамтдаа дуулахад урь. (Эсвэл нэг суралцагч юм уу хэсэг суралцагчтай урьдчилан холбоо бариад, тэднийг дууллын эхний гурван бадгийг дуулахад бэлтгэхэд урь.) Дууллыг дуулахаас өмнө суралцагчдыг гэгээнтнүүдийн Есүс Христэд итгэх итгэл болон удирдагчдадаа найдаж байгааг харуулсан хэллэгүүдийг олж мэдэж эсвэл сонсохыг хүс.

Эхний гурван бадгийг дуулсны дараа асуу.

  • Энэ дуулал гэгээнтнүүдийн Есүс Христэд итгэх итгэл болон удирдагчдадаа тавьсан найдварыг хэрхэн үзүүлж байна вэ?

Нэг суралцагчийг Оорсон болон Катрин Спэнсэрийн тухай дараах түүхийг чангаар уншихад урь. Спенсерийн гэр бүлийн итгэл найдварын тухай жишээнүүдийг олж сонсохыг ангийнхнаас хүс.

“Наувуг орхин явсныхаа дараа үүсэн бий болсон хүнд хүчир дарамтаас болж Катрины эрүүл мэнд доройтож байлаа. Шаналсан нөхөр нь эхнэрийнхээ эцэг эхээс гэгээнтнүүдийг байнгын оршин суух газар олтол түүнийг гэртээ хүлээн авахыг гуйн, захидал бичив. Тэд ‘тэр шашин шүтлэгээ үгүйсгэж, итгэлээ орхих юм бол гэртээ эргэж ирж болно, тэгэхээс нааш хэзээ ч үгүй’ гэж хариулжээ.

Захиаг түүнд уншиж өгөхөд, тэрээр нөхрөө Библиэ авчраад, Рутын номын 1-р бүлгийн 16, 17-р шүлгүүдийг уншихыг хүсжээ. ‘Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан’” (Memoirs of John R. Young: Utah Pioneer 1847 [1920], 17–18). Катрин Спэнсэр үүнээс хойш удалгүй нас барсан.

Суралцагчдыг “Ирцгээ, Ирцгээ гэгээнтнүүдээ” дууллын дөрөв дэх бадгийг дуулахад урь. Энэ бадгийн үгс Катрин Спэнсэртэй хэрхэн холбогдож байгаа талаар бодохыг тэднээс хүс. Тэднийг дуулсны дараа асуу.

  • Энэ бадгийн үг Катрин Спэнсэртэй хэрхэн холбогдож байна вэ?

Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх мөн Сүмийн удирдагчдынхаа зөвлөмж, удирдамжийг хэрхэн илүү сайн дагах зорилго тавихад урь.

Суралцагчдыг судрууд дээрх Сүмийн Түүхийн газрын зургууд хэсгийн Газрын зураг 6 (“Сүмийн өрнөд дэх аялал”)-ыг гаргахад урь. Их хэмжээний бороо орж, хомс нөөцтэй байсан учраас 1846 оны 2-р сард Наувуг орхисон гэгээнтнүүд Айоваг хөндлөн туулж, 482 километр аялахдаа дөрвөн сарыг зарцуулсан гэдгийг тайлбарла. Эдгээр нөхцөл байдлаас болж мөн тэд 500 гаруй эрүүл чийрэг хожмын үеийн гэгээнтэн эрсийн хувь нэмрийг алдсан учраас энэ бүлгийн хурд удааширсан байв. Мормон суман хэмээх нэрээрээ танил болсон энэ эрчүүд өрнөдийг зорин аялж буй Сүмийн ядуу гишүүдэд туслахын тулд мөнгө олохоор Нэгдсэн Улсын Армид элсэх хэрэгтэй гэсэн ерөнхийлөгч Бригам Янгийн дуудлагыг хүлээн авсан байв. Энэ золиослол нь олон арга замаар тусалсан боловч олон гэр бүлийг аяллын турш нөхрүүд болон эцгүүдгүй байхад хүргэсэн юм. Сүмийн удирдагчид энэ удааширсан үйл явцыг бодож үзээд 1847 оны хавар хүртэл Роки Маунтэйнс рүү хийх өрнөдийг чиглэсэн аяллаа үргэлжлүүлэхгүй байхаар шийдсэн байна. Тэд гэгээнтнүүдэд өвлийн турш үлдэхийг зөвлөсөн. Хамгийн том суурингуудын нэг болох Винтер Квортерс нь Миссури мөрний баруун талд, орчин үеийн Небраска хэмээх мужийн нутагт байрладаг байв.

Нэг суралцагчийг Винтер Квортерс болон бусад түр зуурын суурингийн талаарх дараах тодорхойлолтыг чанга уншихад урь.

Гэгээнтнүүдийн олон нь дүнзэн байшин болон бургас, шавраар хийгдсэн нүхэн гэрт амьдарч байсан байна. Олон хүн хүйтэн цаг агаараас хангалттай хамгаалагдаагүй байв. Хумхаа, хатгаа, сүрьеэ, булчин задрах өвчин болон чийг бам зэрэг өвчнүүдээс болж зовлон бэрхшээл, үхэлд нэрвэгдэж байлаа. Эхний өвөл өнгөрөхөд хуарангуудад долоон зуу гаруй хүн үхсэн байлаа. (Бидний Өв, 84; Church History in the Fulness of Times Student Manual, 319–320-ийг үзнэ үү.)

  • Хэрэв та нар Винтер Квортерст гэгээнтнүүдтэй хамт байсан бол дахиад хэдэн зуун бээр аялах хэрэгтэйгээ мэдэх нь та нарт ямар санагдах байсан бэ?

Сургаал ба Гэрээ 136:1–18

Их Эзэн гэгээнтнүүдийг өөрсдийгөө зохион байгуулж өрнө зүгт аялахаа үргэлжлүүлэхэд бэлтгэхийг зөвлөв

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 136-р хэсгийн оршлыг дотроо гүйлгэн уншаад, энэ илчлэлт хаана өгөгдсөн мөн үүнийг хэн хүлээн авсныг олж мэдэхийг хүс. Тэднээс сурч мэдсэнээ хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 136:1-ийг чанга уншихад урь.

  • Их Эзэн гэгээнтнүүдэд Өөрийн хүслийг үргэлжлүүлэн илчилж байгааг мэдэх нь тэдэнд хэрхэн тусалсан гэж та нар бодож байна вэ? (Хариултуудад энэ илчлэлт тэдэнд Их Эзэн тэднийг анхаардаг, тэднийг өрнө зүгт аялахаа үргэлжлүүлэхэд туслах болно мөн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан ярьж байсан шигээ бошиглогч Бригам Янгаар дамжуулан ярьдаг гэдгийг мэдэхэд тусалсан зэрэг багтаж болно.)

Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 136:2–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд өрнөд рүү хийх аяллаа үргэлжлүүлэхэд бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж зааварласныг олж мэдэхийг хүс.

  • Бүлгүүд хэрхэн зохион байгуулагдах ёстой байсан бэ?

  • Гэгээнтнүүдийг томилогдсон удирдагчтай бүлэг болгон зохион байгуулах нь яагаад тустай байсан байх гэж та бодож байна вэ? Энэ нь өнөөдрийн Сүмийн зохион байгуулалттай хэрхэн төстэй байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах үнэнийг самбар дээр бичиж болно. Хүн бүр удирдуулж мөн халамжлагдсан байхын тулд Их Эзэн гэгээнтнүүдээ бүлгүүдэд зохион байгуулдаг.)

  • 4-р шүлэг гэгээнтнүүд хүч чадлыг хэрхэн хүлээн авах тухай юуг санал болгож байна вэ?

Винтер Квортерст болон ойр орчны хуарангууд дахь өвчин зовлон, үхлээс болж олон гэр бүл, хувь хүмүүст өрнө зүгт хийх аяллаа үргэлжлүүлэхэд нь санхүүгийн тусламж хэрэгтэй байсан.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднээс Сургаал ба Гэрээ 136:6–11-ийг хамтдаа судлаад, гэгээнтнүүдийн гачигдагсдаа халамжилсан арга замуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг энэ судрын хэсгийг уншихаас өмнө, тэдэнд гэгээнтнүүд Винтер Квортерсыг нэгэн зэрэг орхиогүй гэдгийг тайлбарла. 6-р шүлэг дээрх “үлдэх тэдний төлөө” гэдэг хэллэг нь хэсэг хугацаанд Винтер Квортерст болон ойролцоох буудлуудад үлдэх ёстой байсан гэгээнтнүүдийг хэлж байгаа юм.

  • 6–11-р шүлэг дэх ямар үг, хэллэг гэгээнтнүүд тусламж хэрэгтэй хүмүүсийг хэрхэн халамжлах ёстой байсныг илтгэж байна вэ?

  • 7-р шүлэг дэх ямар үг бусдад замыг бэлтгэдэг хүмүүсийг төлөөлж байна вэ? (Анхдагчид.)

Дараах тодорхойлолтыг самбар дээр бич. (Үүнийг Oxford English Dictionary, 2 дахь хэвлэл [1989], “pioneer”-оос эш татав.)

Анхдагч: Бусдад дагах замыг нь бэлтгэж эсвэл нээхийн тулд өмнө нь явдаг хүн юм.

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, тусламж хэрэгтэй тэдэнд тусалж эсвэл тэдний замыг бэлтгэдэг хүмүүст Их Эзэн юу гэж амласан бэ? Бид энэ туршлагаас юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах зарчмыг самбар дээр бичиж болно. Их Эзэн биднийг тусламж хэрэгтэй байгаа бусдадаа тусалж мөн тэдний төлөө замыг бэлтгэвэл адислах болно.)

Суралцагчдыг хамтрагчтайгаа дараах асуултыг ярилцахад урь.

  • Хэн таны сайн мэдээний адислалуудыг хүлээн авах замыг бэлтгэсэн бэ?

Суралцагчдаас дараах асуултыг тунгаан бодохыг хүс. Дараа нь цөөн хэдэн суралцагчийг хариултуудаа ангийнхантай хуваалцахад урь.

  • Сайн мэдээний адислалуудыг хүртэх хэрэгтэй байгаа бусдадаа тусалж мөн тэдний төлөө замыг бэлтгэх анхдагч байхын тулд та нар юу хийх вэ?

Их Эзэн энэ илчлэлтийг гэгээнтнүүдэд заахыг үйлчлэгчдэдээ зарлигласан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 136:12–18-ыг нэгтгэн дүгнэ.

Та ярилцсан үнэнүүдээ гэрчилж мөн суралцагчдыг эдгээр үнэний дагуу үйлдэхэд урьснаар хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 136:7, 9. Бусдын төлөө замыг бэлтгэх нь

Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Нэгэн толь бичигт анхдагч гэдэг үгийг ‘бусад хүмүүсийн дагах замыг бэлтгэхээр өмнө нь явдаг хүн’ гэж тодорхойлсон байдаг [Oxford English Dictionary, 2 дахь хэвлэл (1989), “pioneer”]. Бид өмнөх үеийн анхдагчдын зан төлөвийг тодорхойлдог байсан эрэлхэг зориг, зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцдэг чанарыг өөртөө бий болгон хөгжүүлж чадах уу? Та нар бас би жинхэнэ ёсоор анхдагчид байж чадах уу?

Бид анхдагчид байж чадна гэдгийг би мэднэ. Ай, дэлхийд өнөөдөр анхдагчид хэчнээн их хэрэгтэй байна гээч! ( “Дэлхийд өнөөдөр анхдагчид хэрэгтэй байна,” 2013 оны 7-р сарын Лиахона, 5).

Ахлагч Парлей П.Пратт араас нь дагах хүмүүсийн замыг бэлтгэхээр гэгээнтнүүд юу хийсэн тухай өгүүлжээ.

Зураг
Парлей П. Пратт

“Бүх зүйл хоорондоо уялдан холбогдож, зохих журамдаа орж, хуарангууд цааш хөдөлсөн. Бид Гранд мөрний нэг салбар болох газар ирээд айхтар хийгээд тасралтгүй үргэлжилсэн бороо, шавар, шавхайн дундуур аялсан аяллаасаа түр саатав. Энд бид хашаа бариад, үлдэх хийгээд Наувугаас гарч биднийг дагах хүмүүст зориулан олон зуун акр газарт нийтэд зориулан тариа тарьж, суурьшилтын эхлэлийг тавив. Бид тэр газрыг ‘Цэцэрлэгт төгөл’ гэж нэрлэсэн” (Autobiography of Parley P. Pratt, хянасан Бага Парлей П. Пратт [1938], 342).

Сургаал ба Гэрээ 136:8. Мормон суман

1846 оны 5-р сард Сүмийн төлөөлөгч Жессе С.Литтл Колумбын дүүрэг болох Вашингтон дахь Нэгдсэн Улсын засгийн газрын албаны хүмүүстэй уулзав. Сүм хэрэв хожмын үеийн гэгээнтнүүд засгийн газарт ямар нэгэн ажил хийх юм уу үйлчилбэл оронд нь гэгээнтнүүдийг өрнө зүгт нүүхэд санхүүгийн тусламж үзүүлж чадах эсэхийг асуужээ. Нэгдсэн Улсын Конгресс Мексикийн эсрэг дайн зарлаад удаагүй байсан бөгөөд ерөнхийлөгч Жеймс Полк хожмын үеийн гэгээнтэн эрс Нэгдсэн Улсын армид элсвэл тэдний цалингаар гэгээнтнүүдэд аялалд нь тусалж болох санааны талаар Жессе С.Литтлтэй ярилцав. Гэгээнтнүүдийг Айоваг хөндлөн гулд туулж байхад Нэгдсэн Улсын армийн цэрэгт татагч Сүмийн гишүүдийг Мексик Америкийн дайнд үйлчлэхийг хүсжээ. Эхлээд гэгээнтнүүд эсэргүүцсэн ч ерөнхийлөгч Бригам Янг энэ нь Наувугаас ядуучуудыг цуглуулах мөн гэгээнтнүүдийг өрнө зүгт нүүхэд туслах мөнгийг хуримтлуулах арга замд оролцох боломж хэмээн урамшуулсан байна. Ерөнхийлөгч Янгийн зөвлөгөөний улмаас 500 гаруй эр Нэгдсэн Улсын армид элсэв. Энэ бүлгийг Мормоны Суман гэж нэрлэжээ. Тодорхой тооны эмэгтэйчүүд болон хүүхдүүд сумантай хамт тэдний мэргэжлийн цэргийн үүрэг гүйцэтгэсэн Калифорнийн өмнөд рүү 2000 гаруй бээр туулав.

1846 оны 7-р сарын 4-нд Даниел Б.Равсон тэмдэглэхдээ: “Намайг дээрэмдэж мөн гэр орноос минь салган зовоож байхад туслаагүй засгийн газарт миний уур хүрч байлаа. Би бүр бүдүүлгээр ‘Би тэднийг бүгдийг нь цээрлэгдэж тамд байхыг нь хармаар байна’ гэсэн шүүмж хүртэл хэлсэн. Би элсэхгүй гэж шийдсэн. Блафф руу явах замдаа бид ерөнхийлөгч Бригам Янг, Хибер С.Кимбалл болон В.Ричардс нар эргэн ирж элсэгчдийг дуудаж байхтай таарав. Тэд Израилын аврал армитай болохоос хамаарна гэж хэлэв. Үүнийг сонсоод миний бодол өөрчлөгдсөн. Явах нь миний үүрэг гэж би мэдэрсэн” гэж бичжээ (Норма Болдвин Рикэттс, The Mormon Battalion [1996], 13).