Семинар
114-р хичээл: Сургаал ба Гэрээ 108


114-р хичээл

Сургаал ба Гэрээ 108

Оршил

1835 оны 12-р сарын 26-нд Сионы хуарангийн итгэлтэй гишүүн, Далын чуулгын долоон ерөнхийлөгчийн нэг Лайман Шерман, бошиглогч Иосеф Смитээс өөрийн үүргийн талаар удирдамж авахыг асуу хэмээн сүнслэгээр өдөөгдөж, үүний дагуу үйлджээ. Сургаал ба Гэрээ 108 нь бошиглогчоор дамжуулан Лайманд өгсөн илчлэлтийг багтаадаг юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 108:1–3

Их Эзэн Лайман Шерманы гэмийг уучлав

Хичээлээ дараах асуултуудаар эхэл.

  • Та нарт ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж Сүнсээр өдөөгдөж байсан үе бий юу? Сүнсний өдөөлтүүдийг дагаснаар та нар ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 108-р хэсгийн оршлыг чимээгүй уншиж, бошиглогч дээр хэн илчлэлт хүсэж ирснийг олж мэдэхийг хүс.

Лайман Шерманы тухай дараах мэдээллийг чанга уншихад нэг суралцагчийг урь.

Лайман Шерман Сионы хуаранд үйлчилсэн Сүмийн итгэлтэй гишүүн байсан бөгөөд Далын чуулгын долоон ерөнхийлөгчийн нэгээр дуудагдан үйлчилж байсан. Бошиглогч Иосеф Смит тэмдэглэлдээ, 1835 оны 12-р сарын 26-нд “Лайман Шерман ах надаар дамжуулан Их Эзэний үгийг олж авахыг хүсэж ирсэн, тэгээд тэр ‘Танд өөрийн хүсэл мэдрэмжийг мэдүүлэхээр хүрч ирсэн бөгөөд мөн миний үүргийг мэдүүлэх илчлэлтийг би хүлээн авах болно гэсэн амлалтыг авсан’ гэж бичжээ. (History of the Church, 2:345; бас Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers [2008], 137 үзнэ үү).

  • Лайман Иосеф Смиттэй ярилцахаар “хүрч ирсэн” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 108:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, бошиглогчтой ярь гэсэн өдөөлтийг дуулгавартай дагасны улмаас Их Эзэний Лайман Шерманд өгсөн адислалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Их Эзэний Лайман Шерманд илчилсэн дээр үндэслэн, Их Эзэний дуу хоолойг чин хүсэлтэйгээр дагаснаар бид амьдралдаа ямар адислалыг урьдаг вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах зарчмыг тусгасан байх хэрэгтэй. Бид Бурханы дуу хоолойг дуулгавартай дагахдаа, Түүний өршөөлийг урьдаг. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Бид Их Эзэнээс ирэх өдөөлтүүдийг дагах нь яагаад өршөөлийг урьдаг гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход туслахын тулд, Их Эзэний дуу хоолойг судруудаас, Түүний хожмын үеийн бошиглогчдын үгсээс, мөн Ариун Сүнсний өдөөлтөөс сонсож болох талаар тайлбарла. Бурханы үгийг дуулгавартай дагах нь сүнслэг хүчийг авчирдаг зөв шударга үйлсээр амьдралаа дүүргэхийг хэлдэг. Нэг суралцагчийг Итгэлдээ үнэнч байх нь номын дараах тайлбарыг чанга уншихад урь. “Бүрэн дүүрэн дуулгавартай байдал амьдралд тань сайн мэдээний бүрэн хүч болон алдаа дутагдлаа давж гарах өсөн нэмэгдэх хүч чадлыг авчирдаг. Энэхүү дуулгавартай байдал нь цуглаанд оролцох, аравны нэг төлөх, үйлчлэл үзүүлэх болон бусдыг уучлах зэрэг наманчлалын нэг хэсэг хэмээн таны таамаглаагүй байж болох үйл ажиллагааг хамруулна. ‘Наманчилж, мөн Их Эзэний зарлигуудыг биелүүлэх тэр нь өршөөгдөх болно’ (С ба Г 1:32)” хэмээн Их Эзэн амласан (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалтууд [2004], 137–138).

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 108:2-ыг чимээгүй уншин, нүглүүд чинь өршөөгдсөн гэж хэлсний дараа Их Эзэний Лаймэн Шерманд өгсөн зөвлөгөөг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • “Сүнслэг байдлынхаа тухайд сүнс чинь амралтад байг” гэж юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  • “[Их Эзэний] дуу хоолойг хойшид бүү эсэргүүц” гэсэн зөвлөгөө нь хэн нэгэнд сүнсээ тайван байлгахад хэрхэн тусална гэж та нар бодож байна вэ?

Их Эзэний өршөөл юу авчирдаг талаар Сургаал ба Гэрээ 108:1–2-т гардаг зарчмыг олж уншихад суралцагчдыг урь. (Суралцагчид янз бүрийн зарчмуудыг хуваалцаж болох ч дараах зарчмыг тодорхойлж байгаа эсэхийг бататга. Их Эзэний өршөөл нь бидний сүнсэнд амралт авчирдаг.)

Наманчилсан хүмүүс заримдаа, одоо хүртэл тэднийг доош чангаасаар байгаа мэт мэдрэгдэх гэм нүглүүд нь өршөөгдсөн эсэхэд гайхдаг гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчаас дараах мэдэгдлийг уншихыг хүс. Ангийнхнаас сүнсээ тайван байхыг зөвшөөрч чадахгүй байгаа хүмүүст өгсөн зөвлөгөөг сонсохыг хүс.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Уучлалын агуу өглөө үргэлж тэр дороо ирэхгүй байж магад. Эхлээд амжилтгүй болсон ч бүү бууж өг. Ихэнхдээ наманчлалын хамгийн хэцүү хэсэг нь өөрийгөө уучлах байдаг. Сэтгэл гутралыг даван туулах нь сорилтын нэг хэсэг юм. Бүү шантар, бүү бууж өг. Тэр гайхамшигт өглөө ирэх болно.

Тэгээд ‘Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван …’ амьдралд чинь дахин орж ирэх болно. [Филиппой 4:7.] Үүний дараа та, Түүний адил, гэм нүглээ дахин санахгүй. Харин та үүнийг хэрхэн мэдэж болох вэ? Та мэдэх болно!” гэжээ (Moзая 4:1–3-ыг үзнэ үү.) (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, 1995 оны 11-р сар, 20).

  • Та нар сүнсээ амралтад байлгах нь ямар мэдрэмж төрүүлдгийг хэрхэн дүрслэх вэ?

Сургаал ба Гэрээ 108:3-ыг чимээгүй уншиж, Лайман Шерманд өгсөн Их Эзэний цаашдын зөвлөгөөг олж мэдэхэд суралцагчдыг урь.

  • Их Эзэн Шерман ахад ямар зарлигийг өгсөн бэ? (“Босогтун, мөн өөрийн … тангаргуудыг анхааралтай дагахад энэ цагаас хойш илүү анхааралтай байгтун.” анхааралтай дагах гэдэг нь дуулгавартай дагах, захирагдах гэсэн утгыг энд илэрхийлж байна. Тангараг гэдэг бол амлалт, гэрээ юм.)

  • Бид ямар тангаргуудыг өргөдөг вэ?

Суралцагчдыг тангаргуудаа хэрхэн “энэ цагаас хойш илүү анхааралтай дагаж” болох талаар тунгаан бодоход урь. Хэрэв цаг байвал, тангаргуудаа хэрхэн илүү анхааралтай дагах талаар бичихийг хүс.

Сургаал ба Гэрээ 108:1–3-т олж мэдсэн үнэнүүд нь тэдэнд болон тэдний найз нөхөд, гэр бүлийн гишүүдийг Их Эзэний дуу хоолойг дуулгавартай даган, өршөөгдөхөд хэрхэн урамшуулж зоригжуулсан талаар тайлбарлахыг цөөн суралцагчаас хүс.

Суралцагчдаас эдгээр зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэглэх мөн Их Эзэний өмнө сүнслэг байдлынхаа талаар амар амгалан байж чадах талаар тунгаан бодоход урь.

Сургаал ба Гэрээ 108:4–8

Их Эзэн Лайман Шерманд нэмэлт зөвлөмж, адислалуудыг өгөв

Онцгой чухал цугларалтын талаар сонсож байсан эсэхийг нь суралцагчдаас асуу. Тийм бол тэднээс үүнийг юу гэж ойлгодог болохыг нь асуу. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол онцгой цугларалт гэдэг нь “ариун сүмийг онцгойлон адислах, санваарын удирдагчдад тусгай заавар өгөх мөн Сүмийн шинэ ерөнхийлөгчийг дэмжин батлах зэрэгт зориулсан онцгой цугларалт” болохыг тайлбарла (Дэвид Б. Хэйт, “Solemn Assemblies,” Ensign, 1994 оны 11-р сар, 14). 1832 оны 12-р сард хэрэв гэгээнтнүүд ариун сүмийг барьж, онцгой цугларалт хийх юм бол, Их Эзэн гэгээнтнүүдийн дээр агуу адислалуудыг юүлэх болно хэмээн амлажээ. (С ба Г 88:70–75, 117–119-ийг үз). Лайман Шерманд өгсөн энэхүү илчлэлт 1835 оны 12-р сард Сургаал ба Гэрээ 108-д цэдэглэгдэх үед, Көртландын ариун сүмийг онцгойлон адислахаас 3 сарын өмнө байжээ. 1836 оны 1–5-р сарын хооронд Көртландад олон цуглаан болсны зарим нь онцгой цугларалтын ангилалд орох цуглаанууд байсан юм. 1836 оны 3-р сарын 27-ны тэр долоо хоногийн турш Көртландын ариун сүмийг онцгойлон адислах цуглааны хэсэг нь болсон онцгой цуглаанууд болж байсан бөгөөд үүнд 1836 оны 3-р сарын 30-нд санваарын удирдагчдад тусгай зааврууд өгөх онцгой цуглаан орсон юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 108:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн энэ онцгой цуглаан дээр юуг хүлээн авах болно гэж Лайманд амласныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Лайманд юуг хүлээн авах болно гэж хэлсэн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 108:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэний Шерман ахад өгсөн заавруудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Та хуулгууд гэдэг нь зөвлөмж, урамшууллын үгс гэсэн үг болохыг тайлбарлаж болно.

  • Их Эзэн ямар арга замуудаар ах нарыг хүчирхэгжүүлэхийг Лайман ахаас хүссэн бэ?

Сургаал ба Гэрээ 108:7–8 дахь үнэнүүдийг олж тогтоохыг суралцагчдаас хүс. Тэд дараахыг оруулан олон янзын үнэнүүдийг таньж гаргаж болох юм. Бид бусдыг бүх үг яриа болон үйлсээрээ хүчирхэгжүүлэх ёстой. Та суралцагчдад энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.

  • Таны эргэн тойрон дахь хүмүүсийг та хэрхэн үг яриагаараа хүчирхэгжүүлж болох вэ? Таны эргэн тойрон дахь хүмүүсийг та хэрхэн үйлээрээ хүчирхэгжүүлж болох вэ?

7-р шүлэг дээр Лайман Шерманд Их Эзэний зөвлөсөн арга замын дагуу та нарыг хүчирхэгжүүлсэн хэн нэгний туршлагыг дүрслэн ярихыг суралцагчдаас хүс.

Өнөөдөр суралцагчдыг хүчирхэгжүүлж чадах хэн нэгэн хүнийг бодож мөн тэдний хийх тодорхой арга замыг бодоход тэднийг урь.

Лайман Шерман нас эцэслэх хүртлээ итгэлтэй хэвээр үлдсэнийг суралцагчдад мэдэгд. Бошиглогч Иосеф Смит Либертийн шоронд байх үедээ 1836 оны 1-р сарын 16-нд Лайманыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр дуудан томилсон боловч Лайман өөрийн энэ шинэ дуудлагын тухай бошиглогчийн захидлыг авахын өмнөхөн нас барсан ажээ.

Хэн нэгэн хүн таныг хүчирхэгжүүлсэн тухай, эсвэл та хэн нэгнийг хүчирхэгжүүлсэн туршлагаасаа хуваалцан, хичээлийг өндөрлө.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 108:1–2. “Нүглүүд чинь чамд өршөөгдсөн … сүнс чинь амралтад байг”

Ерөнхийлөгч Харолд Б.Лий:

Зураг
Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Та хэн ч байсан мөн хаана ч байсан гэсэн нүглээсээ уучлагдахын тулд чадах бүхнээ хийж, өөрчлөгдөн мөн төлөөсөө төлсөн бол, … Их Эзэн таныг хүлээн зөвшөөрсөн эсэх баттай хариулт авахыг та хүсэх болно. Та зүрх сэтгэлийнхээ гүнээс эрэлхийлбэл Их Эзэн таны наманчлалыг хүлээн авсан гэдэг шинж тэмдэг болох амар амгалангийн мэдрэмжийг мэдрэх болно” гэж заасан (“Stand Ye in Holy Places,” Ensign, 1974 оны 7-р сар, 185).

Сургаал ба Гэрээ 108:3. “Тангаргуудыг анхааралтай дагахад энэ цагаас хойш илүү анхааралтай байгтун”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт гэрээгээ сахиснаар ирдэг адислалуудын талаар:

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Та [Их Эзэнд] итгэж, Түүний хүслийг эрэлхийлж, дагаснаар энэ дэлхийд таны хязгаарлагдмал оюун ухаарч үл чадах тийм адислалуудыг хүлээн авах болно. Тэнгэрлэг Эцэг болон Түүний Ариун Хүү юу аз жаргал авчирдгийг та нараас илүү мэднэ. Тэд та нарт аз жаргалын төлөвлөгөөг өгсөн юм. Та үүнийг ойлгож, дагах юм бол аз жаргал таны адислал байх болно. Тэрхүү ариун төлөвлөгөөний ёслол, гэрээнүүдийг та чин хүсэлтэйгээр дагах юм бол энэ амьдрал дахь сэтгэл хангалуун байдлыг хамгийн дээд хэмжээгээр эдлэх болно. Тийм ээ, бүр цаглашгүй аз жаргалыг мэдрэх цаг үеүд ирэх болно. Та уг хаант улсад орохоор тэнцэх хайртай хүмүүсийнхээ хамт сүр жавхлант амьдралыг мөнхөд авахаар өөрийгөө бэлтгэх болно”.(“Trust in the Lord,” Ensign, 1995 оны 11-р сар, 18).

Сургаал ба Гэрээ 108:6. “Би чамайг хааш нь ч илгээлээ гэсэн чи миний сайн мэдээг номлох эрхтэй байх болно”

Лайман Шерман Далын чуулгын долоон ерөнхийлөгчийн нэг байв. 1836 оны 3-р сарын 30-нд Далын гишүүдэд сайн мэдээг тунхаглах тэдний үүргийн талаар зааварлахдаа Иосеф Смит:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хэрэв Далууд хүсвэл Сион руу явах, эсвэл тэд хаа хүссэн газар руугаа явж сайн мэдээг тунхаглах эрх чөлөөтэй. Сионы гэтэлгэл бидний зорилго байж, бид хаанаас ч олсон гэсэн Их Эзэний өргөөний бүхий л хүчээ тийшээ явуулцгаая” хэмээжээ (Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers [2008], 215; зөв бичгийн дүрэм, тэмдэгт, том үсгийг стандартын дагуу болгов; мөн History of the Church, 2:432-ыг үзнэ үү).