Семинар
121-р хичээл: Сүм Умард Миссури рүү нүүв


121-р хичээл

Сүм Умард Миссури рүү нүүв

Оршил

1837 болон 1838 онд бошиглогч Иосеф Смит Сүмийн бусад удирдагчтай хамт Сүмийг хүнд хэцүү цаг үеүдэд удирдсан юм. Сүмийн зарим нэр хүндтэй удирдагч болон Огайогийн Көртланд ба умард Миссури дэх гэгээнтнүүдийн 10–15 хувь нь санхүүгийн хямрал, шунахай сэтгэл, бие биенээсээ алдаа хайх явдал, хавчлага дарамтаас болж Сүмээс урвасан юм. Огайо дахь итгэлтэй гэгээнтнүүд умард Миссури дэх гэгээнтнүүдтэй нийлэх аяллаа эхэлсэн. Энэ хичээл нь суралцагчдад түүхэн үйл явдлуудыг ойлгож судлахад туслах ба тухайн цаг үед хүлээн авсан илчлэлтүүдийн талаар ойлголт өгөх болно.

Заах зөвлөмж

Урвалт ба Фар Вестийн хот

Урвалт ба хавчлага дарамтын үед итгэлтэй гэгээнтнүүд умард Миссури рүү нүүв

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Саад тотгор ба зовлон бэрхшээл нь бидэнд итгэлээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг уу эсвэл итгэлээ алдахад хүргэдэг үү? Та Огайогийн Көртландын байршил мөн умард Миссури дэх бусад сууринг харуулах газрын зургийг самбар дээр зурж болно.

Зураг
газрын зураг, Огайогоос Миссури хүртэл

Суралцагчдыг самбар дээрх асуултад хариулахад урьснаар хичээлийг эхэл. Суралцагчдыг бодлоо хуваалцсаны дараа 1837 болон 1838 онд тохиолдсон зовлон бэрхшээлүүд нь гэгээнтнүүдийг уг асуултыг тавихад хүргэсэн гэдгийг тайлбарла. Суралцагчид энэ хичээлээр эдгээр хүнд хэцүү үйл явдлын талаар мөн гэгээнтнүүд тэдгээрт хэрхэн хандсан талаар суралцах болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг зовлон бэрхшээлд хандах бидний хандлага хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлж эсвэл сулруулж болох тухай тунгаан бодоход урь.

Та мөн энэ хичээл нь Сургаал ба Гэрээ 113–123-аас суралцагчдын суралцах илчлэлтүүдийн түүхэн нөхцөл байдлын тухай ойлгоход нь тэдэнд туслах болно гэдгийг тайлбарлаж болно.

Газрын зураг дээрх Миссури рүү заа. Гэгээнтнүүд 1833 онд Миссуригийн Жаксон гүнлэгээс явахаар албадуулсны дараа, зэргэлдээх Клей гүнлэгийн иргэд гэгээнтнүүдийг түр хугацаагаар үлдэх байх гэж бодоод тэдний олныг нь хүлээн авч, тэдэнд ойр зуурын тусламж үзүүлжээ. Гэхдээ, гэгээнтнүүдийг тэнд бараг 3 жил амьдарсны дараа тэдгээр иргэд тэдэнд гүнлэгээс нүүх дарамтыг үзүүлж эхэлсэн байна.

Газрын зураг дээрх Огайогийн Көртланд руу заа. Көртландын ариун сүм онцгойлон адислагдсанаас хойш нэг жилийн дараа 1837 онд гэгээнтнүүд итгэлийг нь сорьсон сорилт бэрхшээлүүдтэй тулгарчээ. Сүмийн зарим нэр хүндтэй удирдагч болон хэдэн тооны гэгээнтэн урваж, Сүмийг орхисон юм.

Ангийнхныг хоёр бүлэгт хуваарил. Дараах түүхэн товч дүгнэлтээс аль нэгийг нь хувилж, бүлэг бүрд өг. (Хэрэв анги тань том бол суралцагчдыг дөрөв эсвэл зургаан бүлэгт хувааж, бүлэг бүрд товч дүгнэлтээс нэгийг хувилж өг. Энэ нь илүү олон суралцагчид ярилцлагад оролцох боломжийг өгөх болно.) Бүлэг бүрийг товч дүгнэлтийг хамтдаа уншаад, дүгнэлтийн эцэст байгаа асуултуудыг ярилцахад урь. Бүлэг бүрээс нэг суралцагчид ярилцлагыг удирдаж, дараа нь ангийнхантай хуваалцах зарчмыг бичихэд нь бүлэгтээ туслахыг даалга.

Түүхэн товч дүгнэлт 1—Көртланд дахь урвалт

1837 онд Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүд зарим санхүүгийн асуудалтай тулгарав. Иосеф Смит, Сүмийн бусад удирдагчийн хамт гэгээнтнүүдэд санхүүгийн хувьд илүү бие даасан байхад нь туслахын тулд Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг гэсэн нэртэй, банктай төстэй компани байгуулжээ. Тэр үеийн газар авсан санхүүгийн хямралаас болж улс даяар олон банк дампуурсан юм. Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг мөн адил 1837 оны намар дампуурчээ. Банкинд хөрөнгө оруулсан 200 хөрөнгө оруулагч бараг бүхнээ алдсан ба тэднээс Иосеф Смит хамгийн их хохирлыг амссан байна. Хэдийгээр Көртланд аюулгүй байдлын нийгэмлэг нь Сүмийн үүсгэн байгуулсан байгууллага биш ч гэсэн зарим гэгээнтэн уг байгууллагыг Сүмийн банк буюу бошиглогчийн банк гэж үздэг байсан бөгөөд санхүүгийн асуудалд Иосеф Смитийг буруутгаж байв. Зарим нь бүр түүнийг унасан бошиглогч гэж нэрлэж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч, банкны дампуурлаас үл хамааран, мөнгөө алдсан олон хүн итгэлтэй үлдэж, бошиглогчид үнэнч байсан. (Church History in the Fulness of Times Student Manual [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 171–173-ыг үзнэ үү.)

Урвалт болон бусдаас бурууг хайх сүнс гэгээнтнүүдийн дунд өргөн тархсан байлаа. Сүмийн зарим гэгээнтэн болон удирдагчид Иосеф Смитийг буулгаж, шинэ бошиглогчийг томилохоор уулзсан үйл явдлыг Бригам Янг ийнхүү дүрсэлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Арван хоёрын зарим нь, Мормоны Номын гэрчүүд, Сүмийн бусад эрх мэдэлтэнтэй хамт Ариун Сүмийн дээд давхарт хуралдсан юм. Тэд хэрхэн бошиглогч Иосефыг буулгаж, Давид Витмерийг Сүмийн ерөнхийлөгчөөр томилж болох талаар хэлэлцсэн. … Би босож зогсоод, шулуухан мөн итгэлтэйгээр Иосеф бол бошиглогч мөн, би үүнийг мэдэж байна мөн тэд өөрсдийнхөө хүссэнээр түүнийг гүтгэж, гоочилж болох ч тэд Бурханы бошиглогчийнх нь томилгоог устгаж чадахгүй, харин тэд зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг алдаж, бошиглогчтой болон Бурхантай өөрсдийг нь холбосон холбоог таслан, өөрсдийгөө там руу живүүлэх болно гэж хэлсэн юм” (Manuscript History of Brigham Young, 1801–1844, хянасан Элдэн Жэй Ватсон [1968], 15–16).

1838 оны 6-р сард дөрвөн төлөөлөгч, Мормоны Номын гурван гэрч, Тэргүүн Зөвлөлийн нэг гишүүн зэргийг оролцуулсан 200-аас 300 урвагч Сүмийг орхисон юм (Church History in the Fulness of Times, 177-г үзнэ үү). Гэсэн хэдий ч, ихэнх гэгээнтэн Бригам Янгийн адилаар энэхүү сорилтын цаг үед итгэлтэй үлджээ. Тэд Их Эзэнээр хүчирхэгжиж, гэрчлэлүүддээ үнэнч үлдсэн билээ. Урвалтын энэ цаг үед Сүмийг орхисон хүмүүсийн цөөн хэд нь хожим нь эргэн ирж, Их Эзэний Сүмд эргэн нэгдэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Тэдний дунд Оливер Каудери, Мартин Харрис, Лук Жонсон, Фредерик Г.Виллямс нар байжээ.

Көртланд дахь энэхүү хүнд бэрх үед цөөн хэдэн урвагч нийлж, Иосеф Смитийг алах оролдлого хийсэн байна. Тэрээр Сидней Ригдоны хамт Сүнсээр сэрэмжлүүлэгдэж, 1838 оны 1-р сарын 12-ны шөнө Көртландаас явжээ. Дайснууд нь тэднийг хэдэн өдөр мөрдсөн боловч Их Эзэн тэднийг хамгаалсан юм. Тэд гэр бүлтэйгээ 1838 оны 3-р сарын 14-нд Миссуригийн Фар Вестэд 1838 оны 3-р сарын 14-нд иржээ.

Бүлгээрээ дараах асуултуудыг ярилц.

  • Бид эдгээр түүхэн үйл явдлаас ямар зарчмуудыг сурч болох вэ?

  • Та нар, бусдаас бурууг хайж байсан тэрхүү цагт бошиглогчид үнэнч үлдэхийн тулд юу хийх байсан бэ?

  • Зовлон бэрхшээлийг итгэлтэй тэвчих нь хэзээ Аврагчид итгэх та нарын итгэлийг хүчирхэгжүүлж байсан бэ?

  • Та нарын хувьд бошиглогчийг дагах нь ямар замаар сүнслэг хамгаалалт болсон бэ?

Түүхэн товч дүгнэлт 2—Умард Миссуригийн удирдлага

1836 оны зун Миссуригийн Клей гүнлэгийн иргэд гэгээнтнүүдийг илүү удаан амьдрах гэр орон олох шахалтад оруулж байх үед Миссуригийн гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёр зөвлөх Жон Витмер, Виллям В.Фелпс нар умард Миссури дэх Фар Вест хэмээх газарт эдлэн газар Сүмийн мөнгөөр худалдаж авчээ. Тэд газраа хэсэгчлэн хувааж, нүүн ирж буй гэгээнтнүүдэд бага зэргийн ашигтайгаар зарсан ба ашгийг нь өөрсдөдөө хадгалж үлджээ. Миссури дэх дээд зөвлөл энэ асуудал болон бусад зөрчлөөс болж гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг албан тушаалаас нь буулгасан.

Иосеф Смит хурлын шийдвэрийг дэмжсэнээс болж Виллям В.Фелпс гомдсон байна. 1838 оны 11-р сард Фелпс ах бошиглогчийн эсрэг бичгээр өгөх гэрчийн мэдүүлэгт гарын үсэг зуржээ. Энэ гэрчийн мэдүүлэг нь Иосеф Смитийг бусдын хамт баривчлагдаж, өвлийн турш Либерти шоронд суухад нөлөөлжээ. Түүнээс хойш удалгүй Фелпс ахыг Сүмийн гишүүнчлэлээс хасав.

Иосеф Смит болон түүнтэй хамт байсан хүмүүс шоронгийн харгис хэцүү нөхцөл байдлаас төдийгүй гэгээнтнүүд янз бүрийн байдлаар гэр орноосоо хөөгдөж, хүчирхийлэлд өртөж байгааг сонссоноос маш их зовж байлаа. Миссуригийн дээрэмчид мужийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр Жакоб Хаун гэгч хүний эзэмшдэг тээрмийн үйлдвэрт 17 хүнийг хядан хөнөөж, өмч хөрөнгийг нь устгажээ.

Виллям В.Фелпс өөрийн үйлдлүүдийн улмаас сүнсээрээ маш их зовсон ба жилийн дараа Иосефт уучлал хүссэн захидал бичжээ. Бошиглогч Иосеф Смит:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Бид таны зан авираас болж маш их зовсон нь үнэн.

Гэсэн хэдий ч, бид гашуун аяганаас хүртэж, Эцэгийн таалал гүйцэлдсэн ба бид амьд байгаадаа Их Эзэнд талархаж байна.

Таны эрж буй өршөөл үнэн гэдэгт мөн наманчлал тань чин сэтгэлийнх гэдэгт итгэж байгаа болохоор би танд нөхөрлөлийн баруун гараа сунгаж, эргэн ирж буй үрэлгэн хүүг хүлээн авч байгаадаа баяртай байх болно.

‘Нааш ир, хайрт ах минь, дайн дууслаа.

Эхэнд найзууд байсан, эцэст нь дахин найз боллоо’” гэж хариу бичжээ (History of the Church, 4:163, 164-т).

Бүлгээрээ дараах асуултуудыг ярилц.

  • Өөрийг тань хуурч, зовлонд унагасан найзыгаа уучлахад яагаад хэцүү байдаг вэ?

  • Бид Иосеф Смитийн жишээнээс ямар ямар зарчмыг сурч болох вэ?

  • Бид энэ туршлагаас өөр ямар сургамж сурч болох вэ?

Бүлгүүдийг түүхэн товч дүгнэлтүүдийг уншиж ярилцсаны дараа, тэднийг суралцсан түүхээ мөн олж тогтоосон зарчмуудаа ангийнханд хэлж өгөхөд урь. Тэднийг заах үед тэднээс зарчмуудыг самбар дээр бичихийг хүс. Эдгээр зарчимд дараах зарчим орж болно. Бид зовлон бэрхшээлд эргэлзээгээр биш, итгэлтэйгээр хандвал гэрчлэл маань хүчирхэгжих болно; бид бошиглогчийг дэмжиж, зөвлөгөөг нь дагаснаар биднийг Бурхантай холбох сүнслэг хамгаалалтыг хүлээн авах болно (түүхэн товч дүгнэлт 1-ийг үзнэ үү). Бид бусдыг уучлах үед Их Эзэн бидний харилцааг эдгээх болно (түүхэн товч дүгнэлт 2-ыг үзнэ үү).

Суралцагчдаас зарчмуудыг олж тогтоох үед нь тэдэнд эдгээр үнэний ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд туслах дагалдах асуултуудыг тавь. Эдгээр асуултад дараах асуултууд орж болно.

  • Энэ зарчмыг санах нь бидний хувьд яагаад чухал байдаг вэ?

  • Та энэ үнэнийг найздаа хэрхэн тайлбарлаж өгөх вэ?

  • Та хэзээ энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж эсвэл үүний жишээг харсан бэ?

Суралцагчдад суралцсан үнэнүүдээ хэрэгжүүлэхэд нь туслахын тулд тэднээс бүлгүүдийн олж тогтоосон зарчмуудаас нэг эсвэл хоёрыг сонгохыг хүс. Тэднийг дараах асуултын хариултыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

  • Би өнөөдөр сурсан зарчмуудынхаа улмаас юуг өөрөөр хийх вэ?

Гэгээнтнүүдийг умард Миссуригээс хөөгдөхөд хүргэсэн үйл явдлууд

Суралцагчдаас хэн нэгэн хүнд Сүмийн талаарх сөрөг сэтгэгдэл үлдээх сонголтыг хийж байсан Сүмийн гишүүнийг харж байсан бол гараа өргөхийг хүс. (Тэднээс туршлагуудаа хуваалцахыг хүсэх хэрэггүй.) Та мөн суралцагчдаас тэдний өөрсдийнх нь үйлдэл бусдын Сүмийн талаарх сэтгэгдэлд хэрхэн нөлөөлснийг бодож болно.

  • Бидний үг болон үйлдэл хэрхэн Сүмийг төлөөлдгийг бодох нь бидний хувьд яагаад чухал вэ?

1838 онд Сүмийн зарим гишүүний үг болон үйлдэл Миссуригийн оршин суугчдад хожмын үеийн гэгээнтнүүдийн талаарх сөрөг бодлыг нэмэгдүүлжээ. Суралцагчдад дараах түүхэн товч дүгнэлтийн хуулбарыг өгөөд, нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, зарим гэгээнтний хэлсэн эсвэл хийсэн ямар зүйлс Сүмд болон гишүүдэд хор хөнөөл учруулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчийг догол мөр бүрийн хооронд түр завсарлахад урь. Түр завсарлах бүрд суралцагчдаас дараах асуултыг асуу.

  • Цөөхөн хэдэн гэгээнтэн Сүмийн талаар сөрөг хандлагыг бусдад авчирсан юуг хэлж эсвэл хийсэн бэ?

1837 болон 1838 онд Миссуригийн Фар Вестэд гэгээнтнүүдийн дунд амьдарч байсан зарим үнэнч бус, дургүйцсэн мөн гишүүнчлэлээс хасагдсан гишүүд Сүмийн болон удирдагчдын эсрэг зарга үүсгэж, дарамт учруулж эхэлсэн байна. Эдгээр тэрслэгчээс болж зарим гэгээнтний тэвчээр алдагдаж эхэлсэн юм. 1838 оны 6-р сард Сидней Ригдон “Давсны сургаал” гэдгээр нь мэдэх болсон хатуухан үгийг хэлжээ. Тэрээр Матай 5:13-ыг эш татаж, хэрэв давс амтаа алдвал юунд ч хэрэг болдоггүй бөгөөд хөл доор дэвслэгдэх болно гэж хэлэхдээ Сүмийг орхисон хүмүүсийг гэгээнтнүүдийн дундаас явах ёстой гэсэн санааг илэрхийлэв. Мөн үүнээс гадна Сүмийн гишүүн 84 урвагчаас гүнлэгийг орхихыг шаардсан баримтад гарын үсэг зуржээ. Хоёр долоо хоногийн дараа, 7-р сарын 4-нд Сидней Ригдон үг хэлэхдээ гэгээнтнүүд “устгах дайнд” хүргэх байсан ч хамаагүй өөрсдийгөө хамгаалах болно гэж амласан байна. Хэдийгээр эдгээр хоёр хэлсэн үг нь “амар амгаланг уриал” (С ба Г 105:38) гэх Их Эзэний заавартай зөрчилдсөн ч, хэлсэн үгс нь хоёулаа хэвлэгдэн, хожмын үеийн гэгээнтэн бус хүмүүсийн дунд ихээхэн айдсыг төрүүлжээ. (Church History in the Fulness of Times, 191–192-ыг үзнэ үү.)

1838 оны 8-р сарын 6-нд хэсэг бүлэг гэгээнтэн Миссуригийн Галлатинд сонгуульд оролцохыг оролдсон боловч тэндхийн зарим иргэн тэднийг түлхэж, тэднээс нэг нь нэгэн гэгээнтнийг цохиод авчээ. Гэгээнтнүүд буцааж дайрсан ба хоёр талаас хоёулангаас нь хэд хэдэн хүн гэмтжээ. Уг явдал илүү олон зөрчилдөөн, аюул заналхийллийг өдөөж, Миссури дэх гэгээнтнүүд болон тэдний хөршүүдийн дундах үл ойлголцлыг нэмэгдүүлсэн аж.

Тэр үед Сампсон Авард хэмээх хөрвөгч Данайтс хэмээн нэрлэгдэх танхайрагчдын бүлэгт өөртэй нь нэгдсэн хүмүүст нууц тангаргуудыг танилцуулжээ. Авард тэдэнд Миссуригийн оршин суугчдыг дээрэмдэн тонохыг зааварласан ба үүнийгээ Бурханы хаант улсыг байгуулахад тусалж байгаа хэрэг гэж хэлсэн байна. Авард уг удирдамж нь Тэргүүн Зөвлөлөөс ирсэн гэдэгт өөрийнхөө дагагчдыг итгүүлж чаджээ. Хожим нь үнэн илчлэгдэж, Авард сүмээс хөөгдсөн юм. Авардын үйлдэл нь Сүмийн нэр хүндэд маш том сэв суулгаж, бошиглогчийг Либерти шоронд хоригдоход нөлөөлсөн байна.

1838 оны 10-р сард Сүмийн гишүүд болон Миссуригийн орон нутгийн цэргийнхний хооронд сөргөлдөөн гарч, хоёр талын аль алинаас нь цөөн тооны хүн нас барав. Уг сөргөлдөөний хэтрүүлэгтэй мэдээлэл Миссури мужийн захирагч болох удирдагч Лилбүрн В.Боггсын сонорт хүрч, тэрээр устгах тушаал гэдгээр мэдэх болсон дараах тушаалыг өгчээ. “Хэрэв ард түмний сайн сайхны төлөө шаардлагатай бол мормончуудыг дайсан гэж үзэн, мужаас хөөж гаргах хэрэгтэй эсвэл устгах ёстой” (History of the Church, 3:175-аас эш татав). Удалгүй, гэгээнтнүүдээс тав дахин их орон нутгийн цэргийнхэн Фар Вест хотыг бүсэлсэн байна. Иосеф болон Сүмийн бусад удирдагч Либерти дэх шоронд хоригдон, тэндээ бүтэн өвлийг өнгөрүүлжээ. Үлдсэн гэгээнтнүүд мужийг орхин гарахаар албадуулав.

  • Гэгээнтнүүдийн туулсан зарим хавчлага дарамт Сүмийн гишүүдийн үйлдлийн үр дагавар байсан гэдгийг мэдэх нь бидний хувьд яагаад чухал байж болох вэ?

  • Бидний үг болон үйлдэл бусдад хэрхэн нөлөөлдөг талаар эдгээр үйл явдлаас бид юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг онцол. Бидний үг, үйлдэл бусдын Есүс Христийн Сүмийн талаарх үзэл бодолд нөлөөлөх болно. Та мөн суралцагчдаас Алма 39:11-ийг уншихыг хүсэж болно.)

Хэн нэгний үг эсвэл үйлдэл Сүмийн талаар эерэг сэтгэгдэлтэй байхад нь өөр хэн нэгэнд тусалж байсныг харсан жишээгээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь.

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн асуултаа эргэн дурдаж, хичээлийг дуусга. Бидний сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрт хандах хандлага хэрхэн итгэлийг маань хүчирхэгжүүлдэг эсвэл сулруулдаг тухай өнөөдрийн хичээлээр сурсан зүйлсээ хуваалцахад суралцагчдыг урь. Хэцүү цаг үед сайн мэдээнд үнэнч үлдсэнээр ирдэг хүч чадлын тухай гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Көртланд дахь урвалтын үеийн тухай тайлбарууд

1837 онд Огайогийн Көртланд дахь Сүмийн зарим гишүүнд харанхуйн сүнс нөлөөлсөн юм.

“Эдлэн газар болон өөр бусад олон төрлийн өмч хөрөнгөнөөс хурдан хугацаанд их ашиг олох гэсэн ашиг сонирхлын сүнс үндэстэн даяар газар авч, Сүмд ч бас ихээр нэвтэрсэн байв. Уг сүнсний үр жимс болох хилэнцэт таамаглал, нэг нэгнээсээ буруу хайх явдал, хагарал бутрал, зөрчилдөөн, урвалт зэрэг нь ил тод болсон бөгөөд дэлхий болоод там Сүмийг сүүлийн удаа турхирч, нэгмөсөн арчиж хаяхын тулд маш өвөрмөц замаар бүх хүч чадлаа нэгтгэн цуглуулсан мэт байв” (History of the Church, 2:487).

Тухайн үед Көртландад амьдарч байсан мөн хожим нь Халамжийн нийгэмлэгийн хоёр дахь ерөнхийлөгчөөр үйлчилсэн Элиза Р.Снөү Көртланд дахь энэхүү үеийн тухай дүрслэн ярьжээ.

Зураг
Элиза Р.Снөү

“Нэгэн цагт бүхий л үүрэг хариуцлагаа даруу мөн үнэнчээр биелүүлж, санваараас ирэх дуудлага бүрийг хийх хүсэлтэй, бэлэн байсан тэр хүмүүс ихэрхэж хөөрөн, зүрх сэтгэлийнхээ бардамналд хөтлөгдсөн байв. Тэднийг дэлхий болоод дэлхийн баялагт зүрх сэтгэлээ бүрэн хандуулах үед Их Эзэний Сүнс тэднийг орхин явсан ба тэд үнэнч шударга хэвээрээ үлдсэн хүмүүсийг үзэн ядаж, бардамнаж байлаа” (Biography and Family Record of Lorenzo Snow [1884], 20).

Бригам Янг 1837 оны Сүмийн нөхцөл байдлын тухай мөн бошиглогч Иосеф Смитийг хамгаалах гэсэн хичээл зүтгэлийнхээ талаар өгүүлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Энэ цаг үед эргэлзээ, хөндийрөл болон урвалтын сүнс арван хоёрын олон гишүүнд нөлөөлж, цаашлаад Сүмийн бүх чуулгыг эзэгнэж, хэн ч юу ч хийхээ тодорхой мэдэхээргүйгээр хүнд байдалд ортол газар авсан юм.

… Энэ нь дэлхий болоод там хоёр Бурханы бошиглогч хийгээд Сүмийг ялан дийлэхийн тулд нэгдсэн мэт түгшүүрт цаг үе байлаа. Сүм дэх хүч чадалтай олон эрэгтэйн итгэл гуйвсан юм.

Харанхуйн хүч дайрах энэ үед би Иосефт ойр үлдэж, Бурханаас надад ирсэн бүх мэргэн ухаан, хүч чадал, хичээл зүтгэлээ Бурханы үйлчлэгчийг дэмжихэд, сүмийн чуулгуудыг нэгтгэхэд зориулсан билээ” (Manuscript History of Brigham Young 1801–1844, хянасан Элдэн Жэй Ватсон [1968], 15–17).

Көртланд дахь санхүүгийн бэрхшээлүүдэд нөлөөлсөн хүчин зүйлс

1837 онд Көртланд дахь Сүмийн зарим гишүүн болон бүр зарим нэр хүндтэй удирдагчийн зүрх сэтгэлд хүртэл шунахай сэдэл үүссэн байв. Алт болон мөнгөн зоос хомс байлаа. Хүмүүс өөрсдийн бүс дэх хэд хэдэн банкнаас цаасан мөнгө авч ашигладаг байв. Иосеф Смит Сүмийн бусад удирдагчийн хамт гэгээнтнүүдэд санхүүгийн хувьд илүү бие даасан байхад нь туслахын тулд Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг гэсэн нэртэй, банктай төстэй компани байгуулжээ. Олон гэгээнтэн тус шинэ банкнаас хувьцаа худалдаж авчээ. Компани хаалгаа нээснээс хойш хэдхэн сарын дотор, хожим нь 1837 оны үймээн самуун гэж нэрлэгдсэн санхүүгийн хямрал Нью-Йорк хотод газар авч улмаар баруун зүг рүү нөлөөлж, Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэгийг оролцуулан, олон банкийг дампуурахад хүргэсэн байна.

Мөн бусад олон хүчин зүйл Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэгийг дампуурахад нөлөөлсөн юм. Өөр олон банк Аюулгүй байдлын нийгэмлэгийн цаасан мөнгийг хүчин төгөлдөр валют гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд мормончуудыг эсэргүүцдэг сонинууд тэдний цаасан мөнгийг үнэ цэнгүй гэж зарлажээ. Үүнээс гадна, уг компанийн үндсэн хөрөнгө нь ихэвчлэн эдлэн газар байсан ба их хэмжээний цаасан мөнгийг солих алт мөнгө зэрэг хатуу валютыг бараг эзэмшдэггүй байлаа. Цаасан мөнгийг арилжаалж эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа Сүмийн дайснууд Аюулгүй байдлын нийгэмлэгээс хөрөнгөнөөс нь хэтэрсэн хатуу валютыг цаасан мөнгөөр солихыг шаардахын тулд хангалттай цаасан мөнгө цуглуулж, харилцагчидтайгаа алт, мөнгө арилжаалахаа зогсоохыг хүчилсэн байна. Эцсийн дүнд нь Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Огайогийн банкны хуулийг зөрчсөн хэргээр шүүхэд дуудагдав. Иосеф, Сидней хоёрт тус бүр 1000 ам.долларын торгууль ногдуулжээ.

Иосеф Смит хөрөнгө оруулагчдыг банкийг дэмжихийн тулд илүү их хөрөнгө оруулахад ятгахын тулд чадах бүхнээ хийсэн боловч эцэст нь тэрээр үйл ажиллагаагаа өөр хүмүүст даатгасан байна. Гэсэн ч энэ нь асуудал шийдэхэд тусалсангүй. Туршлагагүй, шударга бус удирдлагууд банкийг улам доройтуулжээ. Банкны кассчин буюу Иосефын хувийн бичээч Варрэн Парриш 20000 гаруй ам.доллар хулгайлав.

Көртландад газар авч байсан шуналт байдал Сүмийн эдийн засгийн асуудлуудад илүү хүндрэл авчирсан байна. Тэд банкнаас өөрсдийнхөө үнэ цэнтэй гэж хүлээн зөвшөөрсөн мөнгийг их хэмжээгээр зээлснийхээ дараа газар худалдан авч, тэдгээрийг дахин арилжиж, илүү их ашиг олохын тулд өр зээл тавьжээ.

1837 оны намар Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг хаалгаа барихад хүрсэн. Банкинд хөрөнгө оруулсан зуу зуун хөрөнгө оруулагч хамгийн их хохирол амссан Иосеф Смитийн хамт оруулсан хөрөнгөө бараг бүгдийг нь алдсан байна. Олон хүн Аюулгүй байдлын нийгэмлэгийг Сүмийн банк буюу бошиглогчийн банк гэж бодож байсан учраас зарим нэг нь санхүүгийнхээ асуудлуудад Иосефыг буруутгаж, бүр түүнийг унасан бошиглогч гэж нэрлэж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч, мөнгөө алдсан маш олон хүн итгэлтэй үлдэж, бошиглогчид үнэнч байсан юм. (Church History in the Fulness of Times Student Manual [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 171–173-ыг үзнэ үү.)