Семинар
151-р хичээл: Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага


151-р хичээл

Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага

Оршил

1850-аад оны үед хожмын үеийн гэгээнтнүүд болон Нэгдсэн Улсын засгийн газрын албаныхны хоорондох хурцадмал байдал, харилцан үл ойлголцол 1857–1858 оны хоорондох Ютагийн дайн гарахад хүргэжээ. 1857 оны 9-р сард хожмын үеийн зарим гэгээнтэн болон Ютагаар дамжин өнгөрч байсан цагаачдын бүхээгт тэрэгний цувааны гишүүдийн хооронд зөрчилдөөн болов. Уур хилэн болон айдаст автсан өмнөд Ютагийн хожмын үеийн зарим гэгээнтэн Калифорни руу цагаачилж явсан 120 орчим хүний алан хядлагыг төлөвлөж гүйцэтгэжээ. Энэ аймшигт үйлдлийг одоо Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага гэх болсон.

Заах зөвлөмж

Хожмын үеийн гэгээнтнүүд болон Нэгдсэн Улсын засгийн газрын хооронд хурцадмал байдал үүсэв

1857 оны 7-р сарын 24-нд ерөнхийлөгч Бригам Янг бүлэг гэгээнтнүүдийн хамт Солт Лэйкийн хөндийд ирсний 10 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байхдаа Солт Лэйк хот руу цэргийнхэн ирж байгаа гэсэн урьдчилсан мэдээний баталгааг хүлээн авчээ. Өмнөх жилүүдэд хожмын үеийн гэгээнтнүүд болон Нэгдсэн Улсын засгийн газрын албаныхны хоорондох санал зөрөлдөөн, харилцан үл ойлголцол хурцадмал байдлыг улам ихэсгэж байлаа. Гэгээнтнүүд өөрсдийн сонгосон удирдагчдаар захируулахыг хүсэн, харин тэдний эрхэмлэх чанарыг хуваалцдаггүй холбооноос томилогдсон хүнийг эсэргүүцэж байлаа. Энэ нь холбооны зарим албаны хүмүүсийг тэд Нэгдсэн Улсын засгийн газрыг эсэргүүцэж байна гэж бодоход хүргэжээ. Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жеймс Буканан ютачуудыг албаны шинэ хүмүүсийг хүлээн авахыг албадахаар Солт Лэйк хот руу ойролцоогоор 1500 цэргийг илгээв.

  • Хэрэв та нар 1857 оны хожмын үеийн гэгээнтэн байгаад хот руу тань томоохон арми ирж явааг сонсвол юунд санаа зовох вэ? (Суралцагчид гэгээнтнүүдийг Огайо, Миссури болон Иллинойгоос хүч түрэмгийлэн хөөн гаргасан, олонх нь үнэ цэнтэй эд хөрөнгө, газраа алдсан, зарим нь эдгээр хавчлагын үед алуулж бас амь үрэгдсэн зэргийг дурдаж болно. Арми ирж яваа гэсэн мэдээнүүд ийм үйл явдлууд Ютад ч болж болох нь гэсэн санаа зовнилыг бий болгосон.)

Нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь.

Гэгээнтнүүдэд зориулсан номлолдоо ерөнхийлөгч Янг болон Сүмийн бусад удирдагч ирж яваа цэргүүдийг дайснууд гэж дүрсэлжээ. Олон жилийн турш гэгээнтнүүдийг буудайгаа хадгалахыг хүсэж байсан ерөнхийлөгч Янг хэрэв тэд цэргүүдээс зугтаах хэрэгтэй бол идэх хоол хүнстэй байхын тулд зааварчилгаагаа дахин давтаж хэлсэн. Ютагийн бүс нутгийн амбан захирагчийн хувьд тэрээр бүс нутгийн армийг нутгаа хамгаалахад бэлтгэх ажлыг удирджээ.

Хожмын үеийн зарим гэгээнтэн болон цагаачдын бүхээгт тэрэгний цувааны гишүүдийн хооронд зөрчилдөөн болов

Энд байгаатай адил газрын зургийг үзүүлэх юм уу самбар дээр зур. Нэг суралцагчийг дараах хоёр догол мөрийг чанга уншихад урь.

Зураг
газрын зураг, Нэгдсэн Улсын баруун хэсэг

Өрнө зүгт Арканзасаас Калифорни руу явж байсан цагаачдын бүхээгт тэрэгний цуваа хожмын үеийн гэгээнтнүүдийг нутаг дэвсгэрээ Нэгдсэн Улсын цэргүүдээс хамгаалахаар бэлтгэх үеэр Юта руу орж ирэв. Бүхээгт тэрэгний цувааны зарим гишүүн маш их хэрэгтэй байсан буудай болон үр тариагаа хадгалахыг зааварлуулсан гэгээнтнүүдээс худалдаж авах нь хэцүү байгаад ихэд ундууцжээ. Цагаачдын бүхээгт тэргэн дэх морьд, мал сүргүүдэд гэгээнтнүүд өөрсдийн малд өгөх хэрэгтэй байгаа хоол хүнс, усны эх үүсвэрийг хэрэглүүлэхийг хүсэхгүй байгаагаас болж бас зөрчилдөөнд хүрэв.

Сөргөлдөөн Калифорни явах маршрутын Юта дахь хамгийн сүүлчийн суурин болох Седар хотод эцсийн цэгтээ тулсан байна. Бүхээгт тэрэгний цувааны зарим гишүүн болон хожмын үеийн зарим гэгээнтний хооронд мөргөлдөөн болов. Бүхээгт тэрэгний цувааны зарим гишүүн гэгээнтнүүдийн эсрэг ирж яваа засгийн газрын цэрэгтэй нэгдэх болно гэж айлган сүрдүүлжээ. Хэдийгээр бүхээгт тэрэгний цувааны ахмад хамт яваа хүмүүстээ ийм сүрдүүлэг хийснийг буруушаан зэмлэсэн ч Седар хотын зарим удирдагч болон оршин суугчид цагаачдыг дайснаа гэж үзсэн. Бүхээгт тэрэгний цувааны бүлэг хотод ирээд ердөө ганц цаг хүрэхгүй байж байгаад аяндаа гарсан ч Седар хотын зарим оршин суугч, удирдагчид тэднийг гомдоосон эрчүүдийг шийтгэхээр хөөхийг хүсэв.

Суралцагчдыг өөр хүнтэй эсвэл бүлэг хүнтэй зөрчилдөж байсан тохиолдлоо бодоход урь. Нэг суралцагчийг 3 Нифай 12:25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт хараад, биднийг бусадтай сөргөөцөлдөх үед биднийг удирдаж чадах Есүс Христийн заасан зарчмыг олж мэдэхийг хүс.

  • “Өстөнтэйгөө … хурдхан эвлэр” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад энэ хэллэгийг ойлгоход нь туслахын тулд та нэг суралцагчийг дараах мэдэгдлийг чанга уншихыг хүсэж болно.

Далын ахлагч Дэвид E.Сорэнсэн “өстөнтэйгээ хурдхан эвлэр” гэсэн хэллэг нь “тухайн мөчид төрсөн хүсэл маань биеийн ба оюун санааны догшролд орж, уур хилэндээ боолчлогдохгүйн тулд ялгаатай байдлаа эртхэн шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн утгатайг заасан (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 5-р сар, 11).

  • Та нар 3 Нифай 12:25 дээрх Аврагчийн сургаалыг өөрийн үгээр хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчимтай ижил төстэй зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид Их Эзэний арга замаар зөрчлийг шийдвэрлэх юм бол хэрүүл маргааны сөрөг нөлөөнөөс зайлсхийж чадна.)

  • 3 Нифай 12:25 дээрх зарчмыг дуулгавартай дагах нь бүхээгт тэрэгний цувааны гишүүдэд уурласан хожмын үеийн гэгээнтнүүдэд хэрхэн туслах байсан бэ?

Эдгээр гэгээнтэн цагаачидтай хийсэн зөрчилдөөнөө Их Эзэний замаар шийдээгүй учраас нөхцөл байдал илүү ноцтой болж ирснийг тайлбарла. Седар хотын дарга, цагдаагийн хошууч мөн гадасны ерөнхийлөгч Исаак Хэйт ойролцоо орших Парованы суурингийн цагдаагийн захирагчаас бүхээгт тэрэгний цувааны зөрчил гаргагчидтай тулах цэргүүдийг дуудах зөвшөөрлийг хүсжээ. Цагдаагийн захирагч Виллям Дэйм, Исаак Хэйтэд цагаачдын сүрдүүлгийг тоохгүй өнгөр гэж зөвлөсөн байна. Энэ зөвлөгөөг сонсохын оронд Исаак Хэйт болон Седар хотын бусад удирдагчид цагаачдыг шийтгэх арга болгон нутгийн зарим индианыг бүхээгт тэрэгний цуваа руу дайрч мал сүргийг нь хулгайлахыг ятгахаар шийджээ. Исаак Хэйт нутгийн Сүмийн гишүүн мөн цагдаагийн хошууч Жон Д.Лийг дайралтыг удирдахыг хүсээд, хоёулаа энэ үйлдэлд индианчуудыг буруутгахаар төлөвлөв.

  • Виллям Дэйм Седар хотын удирдагчдад цагдаагийн хүчийг ашиглаж болохгүй гэж зөвлөхөд тэд яах ёстой байсан бэ? Зөвлөгөөг эсэргүүцэх нь тэднийг юу хийхэд хүргэсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид зөвийг хийх зөвлөгөөг үл тоовол муу сонголтуудыг хийхдээ илүү өртөмтгий болдог.)

Эдгээр эрс санваарын үүрэг хариуцлагынхаа эсрэг үйлдэл хийснийг онцол. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:36–37-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт хараад, шударга бусаар үйлдэж байгаа санваартнуудад Их Эзэний өгсөн сануулгыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн гэм нүглээ далдлахыг эрэлхийлж эсвэл шударга бусаар үйлдэж байгаа санваартнуудад ямар сануулга өгсөн бэ?

Дараах догол мөрүүдийг уншаад эсвэл нэгтгэн дүгнээд суралцагчдыг Седар хотын удирдагчид хүлээн авсан зөвлөгөөгөө үл тоосны дараа хэрхэн үргэлжлүүлэн буруу сонголтуудыг хийж байгааг сонсоход урь.

Исаак Хэйт бүхээгт тэрэгний цуваа руу дайрах төлөвлөгөөгөө орон нутгийн Сүмийн удирдагчдын зөвлөл, олон нийт ба цагдаагийнханд танилцуулжээ. Зөвлөлийн зарим гишүүн төлөвлөгөөг хүчтэйгээр эсэргүүцэж Хэйт ахыг ерөнхийлөгч Бригам Янгтай энэ тухай зөвлөлдсөн эсэхийг асуув. Хэйт үгүй гэдгээ хэлээд Жеймс Хасламыг элчээр Солт Лэйк хот руу явуулж нөхцөл байдлыг тайлбарласан захиаг хүргүүлж, яах ёстойгоо асуухыг зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч, Солт Лэйк хот Седар хотоос ойролцоогоор 250 бээрийн зайтай байсан учир элч Солт Лэйк хот хүрээд ерөнхийлөгч Янгаас зааварчилгаа аваад эргэж Седар хотод зогсоо зайгүй давхиулсаар ирэхэд ойролцоогоор долоо хоног шаардлагатай байв.

Исаак Хэйтийг захиагаа элчээр илгээхээс өмнөхөн Жон Д.Лий бүлэг индианы хамт Маунтэйн Мийдөүс гэж нэрлэгддэг газар цагаачдын байрлал руу дайрчээ. Лий дайралтыг удирдсан ч зөвхөн индианчууд байсан гэж харагдуулахаар нүүрээ далдалсан байлаа. Цагаачдын зарим нь алагдаж, зарим нь шархадсан ч үлдсэн нь дайрсан хүмүүсийн эсрэг тэмцэж Лий болон индианчуудыг ухрахад хүргэв. Хамгаалахын тулд цагаачид бүхээгт тэргээ маш хурдан татаж, чанга тойрог юм уу малын хашаа шиг болгосон байна. Бүхээгт тэрэгний цувааг бүсэлсэн тав хоногийн турш дахин хоёр удаа дайрчээ.

Нэгэн удаа Седар хотын цэргийнхэн цагаачдаас хоёр нь бүхээгт тэрэгний хашааны гадна байгааг олж мэдэв. Цэргийнхэн тэдэн рүү гал нээж нэгийг нь алжээ. Нөгөө хүн нь буудалласан газар руугаа зугтаж, тэдний эсрэг дайрсан хүмүүсийн дунд цагаан арьстай хүмүүс байна гэсэн мэдээг хүргэжээ. Дайралтыг төлөвлөсөн хүмүүс заль мэхэндээ ороогдов. Хэрэв цагаачид Калифорни руу явах нь зөвшөөрөгдсөн бол хожмын үеийн гэгээнтнүүд бүхээгт тэрэгтнүүд рүү хийсэн дайралтын хариуцлагыг хүлээнэ гэсэн мэдээ тархах байлаа. Хуйвалдагчид энэ мэдээ өөрсдийнх нь болон хүмүүсийнх нь дээр сөрөг үр дагавар авчрах болно гэдгээс айж байв.

  • Цагдаагийн захирагчийн шийдвэрийг дагахгүй байх шийдвэрээс болж ямар үр дүнд хүрсэн бэ?

  • Энэ тохиолдолд, дайралтуудын төлөө хариуцлага хүлээх ёстой тэдэнд ямар сонголт үлдсэн бэ? (Тэд юу хийснээ хүлээгээд үр дагавруудыг нь хүлээн авах эсвэл гэмт хэрэг болон нүглүүдээ нуухыг оролдож болно. С ба Г 121:37-г үзнэ үү.)

  • Тэд юу хийх хэрэгтэй байсан бэ?

Суралцагчдаас дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс.

  • Та нар ямар нэгэн буруу зүйл хийх үедээ яадаг вэ? Та нар буруу хийсэн зүйлээ хүлээгээд, үр дагавруудыг нь хүлээн авдаг уу эсвэл гэм нүглээ заль мэхээрээ нуухыг оролддог уу?

Хожмын үеийн зарим гэгээнтний төлөвлөгөө хэрэгжүүлэлт ба Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага

Цагаачдын эсрэг дайралтад оролцсон Сүмийн гишүүд гэм нүглээ далдлахыг сонгосон гэдгийг тайлбарла. Дараах догол мөрүүдийг уншихдаа эсвэл нэгтгэн дүгнэж байхдаа ангийнхныг энэ шийдвэрийн үр дүнд юу тохиолдсоныг сонсоход урь.

Хожмын үеийн гэгээнтнүүд бүхээгт тэрэгний цуваа руу хийсэн дайралтад оролцсон гэсэн мэдээ тархахаас сэрэмжлэхийн тулд Исаак Хэйт, Жон Д.Лий, орон нутгийн Сүмийн болон цагдаагийн удирдагчид жаахан хүүхдүүдээс бусад үлдсэн бүх цагаачийг алахаар төлөвлөв. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Жон Д.Лий цагаачид руу дөхөж очоод цагдаагийнхан тэднийг Седар хот руу аюулгүй очиход удирдан, цаашид гарах дайралтаас хамгаална гэж хэлжээ. Цагаачдыг Седар хот руу хөдөлж эхлэх үед цагдаагийнхан эргэж тэдэн рүү гал нээсэн байна. Зарим индиан нуугдсан газраасаа гарч, дайралтад нэгдэв. Бүхээгт тэрэгний цувааны хэсэг болсон 140 орчим цагаачаас ердөө 17 жаахан хүүхэд амьд гарчээ.

Хядлага болсноос хоёр хоногийн дараа Жэймс Хаслам орон нутгийн удирдагчдад битүү тэрэгний цувааг тайван өнгөрүүлэхийг зөвлөсөн Бригам Янгийн хариуг Седар хотод авчрав. Тэрээр Хайт Янгийн үгийг уншаад, хүүхэд адил уйлан, ‘Хэт оройтлоо, хэт оройтлоо’ гэх хэдхэн үгээс өөр юу ч хэлж чадаагүй аж” (Бага Ричард Э.Төрлий, “The Mountain Meadows Massacre,” Ensign, 2007 оны 9-р сар, 20).

Ютагийн өмнөд бүс нутгийн зарим удирдагч болон оршин суугчдын сонголт Маунтэйн Мийдөүс дэх эмгэнэлт хядлага руу хөтөлснийг тайлбарла. Үүний эсрэгээр, 1858 онд Солт Лэйк хотын Сүмийн болон бүс нутгийн удирдагчид үүссэн сөргөлдөөнийг Нэгдсэн Улсын засгийн газартай тайван замаар ярьж, хэлэлцэн шийджээ. Хожим нь Ютагийн дайн гэж нэрлэгдсэн энэ зөрчилдөөний үеэр Нэгдсэн Улсын цэргүүд, Ютагийн цагдаагийнхан түрэмгийллийн үйлдэлд оролцсон ч дахин хэзээ ч тулалдаанд оролцоогүй юм.

  • Та Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагыг хийхэд хүргэсэн сонголтуудыг хэрхэн товч дүгнэх вэ?

  • Бид энэ эмгэнэлт явдлаас ямар зарчмуудыг сурч мэдэж болох вэ? (Суралцагчид олон янзын зарчмыг тодорхойлж болох ч тэдний хариулт дараахыг багтаасан байна. Гэм нүглээ нуун далдлах сонголт хийх нь биднийг дахин нүгэл үйлдэхэд хөтөлнө. Гэм нүглээ нуун далдлах сонголт нь бидэнд харуусал, зовлон зүдгүүрийг авчирна.)

Маунтэйн Мийдөүст болсон хядлага нь 120 орчим хохирогчийн амийг аваад зогсохгүй амьд гарсан хүүхдүүд болон хохирогчдын бусад хамаатан саданд зовлонгийн асар том шалтгаан болсон. Пайутын индианчууд ч гэмт хэрэгт шударга бусаар буруутгагдсанаар зовж шаналсан. Үүнээс гадна, “алан хядлагыг гүйцэлдүүлсэн хүмүүс гэм нүглийн аймшигт шаналал ба хийсэн мөн харсан зүйлийнхээ хар дарсан зүүдэнд үлдсэн амьдралынхаа үлдсэн хэсгийг туулж өнгөрүүлсөн юм” (Бага Ричард Э.Төрлий, “The Mountain Meadows Massacre,” 20).

Хэрэв суралцагчид алдаа эндэгдэл болон гэм нүглийн замаар уруудаж эхэлсэн бол, ирээдүйд ирэх зүрх сэтгэлийн харуусал, шаналлаас сэрэмжлэхийн тулд Их Эзэн рүү эргэж нүглээ наманчилж болно гэдгийг батал.

Орон нутгийн хожмын үеийн гэгээнтнүүдийн зарим нь Маунтэйн Мийдөүст болсон хядлагыг төлөвлөж мөн гүйцэлдүүлэхэд оролцсон учраас зарим хүн энэ үйл явдлыг Сүмийг бүхэлд нь үзэх үзэлдээ сөргөөр нөлөөлөхийг зөвшөөрсөн гэдгийг тайлбарла.

  • Сүмийн зарим гишүүний буруу үйл сайн мэдээний үнэнийг тодорхойлдоггүй гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Бидний эрхэмлэдэг Есүс Христийн сайн мэдээ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хороосон хүйтэн цуст аллагыг жигшдэг. Үнэн хэрэгтээ, энэ нь амар амгалан болон өршөөлийг дэмжин хамгаалдаг. Олон жилийн өмнө[Маунтэйн Мийдөүст] гишүүдийн хийсэн энэ зүйл нь Христийн шашны сургаал болон биеэ авч явах байдлаас аймшигтайгаар, уучилшгүйгээр холдсоныг төлөөлдөг” (“150th Anniversary of Mountain Meadows Massacre,” 2007 оны 9-р сарын 11, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre).

Нэг суралцагчаас Хиламан 5:12-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Сүмийн гишүүд Есүс Христийн сургаалын дагуу амьдарч чадахгүй байгаа тохиолдлын тухай олж мэдэх зэрэг хүнд бэрх үед бидний итгэл гуйвахгүй байж, гэрчлэлээ хөгжүүлж, хамгаалахын тулд бид юу хийж болохыг олж мэдэхийг хүс.

  • Хиламан 5:12-т цэдэглэгдсэний дагуу, бид гэрчлэлээ хөгжүүлж, хамгаалахын тулд юу хийж чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах зарчмыг самбар дээр бичиж болно. Бид итгэлээ Есүс Христ дээр суурилуулан босгосноор хүчтэй гэрчлэлийг хөгжүүлж чадна.)

Энэ зарчмыг үзүүлэхийн тулд нэг суралцагчийг дараах догол мөрийг уншихад урь.

“Жэймс Сандэрс бол алан хядлагаас амьд гарсан хүүхдүүдийн нэгнийх нь … гуч [бөгөөд бас Сүмийн гишүүн юм]. … Сандэрс ах … өвөг дээдсээ алан хядлагад алагдсаныг мэдсэн нь ‘миний итгэлд нөлөөлөөгүй, учир нь энэ итгэл Сүмийн хэн нэгэнд биш харин Есүс Христэд суурилсан’ гэж хэлжээ (Бага Ричард Э.Төрлий, “The Mountain Meadows Massacre,” 21).

  • Есүс Христэд итгэх итгэл маань Сүмийн гишүүд Аврагчийн сургаалуудын дагуу амьдарч чадахгүй байгаа тохиолдлын тухай олж мэдэх үед биднийг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

  • Та нар итгэлээ Есүс Христ дээр суурилан хөгжүүлэхэд туслах юуг хийдэг вэ?

Аврагчийн сургаалын дагуу амьдрах болон итгэлээ Түүн дээр мөн Түүний сайн мэдээнд суурилуулахын ач холбогдлыг гэрчил. Суралцагчдыг Есүс Христ дээр суурилуулан итгэлээ хэрхэн илүү сайн хөгжүүлэх талаар тунгаан бодож мөн ийн үйлдэх зорилго тавихад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагад хүлээх хариуцлага

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Маунтэйн Мийдөүст болсон хядлагад хүлээх хариуцлагын талаар дараах мэдэгдлийг хийсэн.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Алан хядлагын хариуцлагыг иргэний болон цэргийн албан тушаалыг зэрэг хашиж байсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Маунтэйн Мийдөүс бүсийн орон нутгийн удирдагчид болон тэдний удирдлаган доор ажилласан Сүмийн гишүүд хүлээнэ. …

… Тэнгэрийн шударга ёс хядлагад хариуцлага хүлээх хүмүүст зохих шийтгэлийг нь ноогдуулна гэдэгт эргэлзэх юмгүй юм” (“150th Anniversary of Mountain Meadows Massacre,” 2007 оны 9-р сарын 11, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre).

Сүмийн туслах түүхч, бүртгэгч Бага Ричард Э.Төрлий, Сүмийн ерөнхий удирдагчид хядлагын тухай эцэст нь хэрхэн мэдсэнийг тайлбарласан. Тэрээр мөн гэм буруутнуудын заримд учирсан үр дагавруудыг нэгтгэн дүгнэжээ.

Зураг
Ахмад Ричард Э.Төрлий

“Хэдийгээр Бригам Янг болон Солт Лэйк хот дахь Сүмийн бусад удирдагч хядлага болсныг дараахан нь мэдсэн ч, оршин суугчдын оролцоо хэр их байсан талаарх ойлголт хийгээд гэмт хэргийн аймшигт нарийвчилсан мэдээлэл яваандаа бага багаар ирсэн байна. 1859 онд тэд гадасны ерөнхийлөгч Исаак Хэйт, хядлагад оролцсон Седар хотын Сүмийн бусад нэр хүнд бүхий удирдагчийг дуудлагаас нь буулгав. 1870 онд тэд Исаак Хэйт, Жон Д.Лий нарыг Сүмийн гишүүнчлэлээс хасав.

1874 онд бүс нутгийн дээд шүүх хядлагад оролцсон есөн хүнийг гэм буруутайд тооцжээ. Тэдний ихэнх нь эцэстээ баригдсан ч, зөвхөн Лий гэмт хэргийнхээ төлөө шүүх хурлаар орж, шийтгэгдэж мөн цаазлагдсан. Өөр нэгэн гэмт хэрэгтэн мужийн шүүхэд [сайн дураараа, бусад буруутнаа хаацайлсан мэдүүлэг өгч], үлдсэн хүмүүс нь олон жилийн турш хуулиас зугтаасан байдаг. Аллагад оролцсон цагдаагийн бусад цэрэг үлдсэн амьдралынхаа эцсийг хүртэл гэм буруугийн аймшигт мэдрэмж, байнга давтагдах хар дарсан зүүдэн доор ажиллаж амьдарсан гэдэг” (Бага Ричард Э.Төрлий, “The Mountain Meadows Massacre,” Ensign, 2007 оны 9-р сар, 20).

Маунтэйн Мийдөүст болсон хядлагыг тойрсон үйл явдлын цаг тооллын хүснэгт

1857 оны 9-р сарын 3, пүрэв гараг: Ихэвчлэн Арканзасаас яваа ойролцоогоор 140 хүнтэй бүхээгт тэрэгний цуваа Ютагийн Седар хотыг дайран өнгөрсөн. Бүхээгт тэрэгний цувааны зарим гишүүн орон нутгийн хожмын үеийн зарим гэгээнтэнтэй зөрчилдөн дайсагналцав. Бүхээгт тэрэгний цувааны зарим гишүүнийг баривчлагдахаас татгалзсаны дараа, Седар хотын Сүмийн болон иргэний удирдагчид ойролцоо орших Парованы суурингийн цагдаагийн захирагч Виллям Дэймээс зөрчил гаргагч цагаачидтай тулах цэргүүдийг дуудах зөвшөөрлийг хүсжээ.

1857 оны 9-р сарын 4, баасан гараг: Виллям Дэйм цагаачдын эсрэг ямар нэгэн зүйл хийхгүй байхыг Седар хотын удирдагчдад зааварласан хариу зурвасыг илгээсэн байна. Исаак С.Хэйт болон Седар хотын бусад удирдагч цагаачдын бүхээгт тэрэг рүү дайрахад нь нутгийн индианчуудыг ятгах төлөвлөгөө зохиосон. Хэйт дэргэдэх Форт Хармони хотоос Жон Д.Лийг дайралтыг удирдуулахаар элсүүлэв.

1857 оны 9-р сарын 6, ням гараг: Исаак С.Хэйт Седар хот дахь зөвлөлийн хурлыг тэргүүлж, цагаачдыг дайрах төлөвлөгөөгөө орон нутгийн өөр удирдагчдад мэдэгдэв. Зарим удирдагч энэ төлөвлөгөөг эсэргүүцэж, Хэйтийг элч Жеймс Хасламыг ерөнхийлөгч Бригам Янгийн энэ талаарх зөвлөгөөг эрэлхийлэхээр илгээхийг ятгасан.

1857 оны 9-р сарын 7, даваа гараг: Жон Д.Лий болон индианчууд Маунтэйн Мийдөүст цагаачдын бүхээгт тэрэгний цуваа руу дайрав. Жеймс Хаслам ерөнхийлөгч Бригам Янгаас удирдамжийг хүссэн захиаг аван Солт Лэйк хот руу явахаар Седар хотоос гарсан аж. Седар хотын хоёр цагдаа бүхээгт тэрэгний хашаанаас гадна явсан хоёр цагаач руу дайрсан байна. Нэг цагаач нь зугтаж хашаа руугаа эргэн очиж, орон нутгийн оршин суугчид цагаачид руу дайрч байгаа гэсэн мэдээг хүргэсэн.

1857 оны 9-р сарын 8, мягмар гараг: Хожмын үеийн зарим гэгээнтэн болон индианчууд бүхээгт тэрэгний цувааны эсрэг дахин хоёр дайралтад оролцжээ. Цагаачид байрлалаа амжилттай хамгаалсан ч Седар хотын хүмүүс зугтааж, тусламж эрэлхийлэх гэсэн хоёр хүнийг алжээ.

1857 оны 9-р сарын 9, лхагва гараг: Исаак С.Хэйт Виллям Дэймтэй уулзахаар Седар хотоос гарч Парован руу явсан. Парованы зөвлөл цагаачдын бүлгийг амар тайван явахыг зөвшөөрөх ёстой гэсэн шийдвэр гаргасан ч Хэйт нууцаар ярилцан, бүслэгдсэн цагаачид руу дайрах цагдаагийн тусламжийг авах Дэймийн зөвшөөрлийг авсан.

1857 оны 9-р сарын 10, пүрэв гараг: Исаак С.Хэйт Седар хотод эргэж ирээд орон нутгийн удирдагчидтай хэлэлцсэн. Тэд хүүхдүүдээс бусад бүх цагаачийг алах тушаалыг өгсөн. Жеймс Хаслам Солт Лэйк хотод ирж Хэйтийн зурвасыг дамжуулаад, ерөнхийлөгч Янгийн хариуг аван, Седар хот руу буцах аяллаа эхлэв.

1857 оны 9-р сарын 11, баасан гараг: Орон нутгийн цагдаа нар үлдсэн цагаачдыг байрласан газраас нь гаргахаар хуурав. Цагдаагийнхан индианчуудтай нийлж, цагаачид руу дайран, 17 жаахан хүүхдээс бусдыг нь хөнөөв.

1857 оны 9-р сарын 13, ням гараг: Жеймс Хаслам Бригам Янгаас цагаачдыг амар тайван явуулах тухай бичгэн зааварчилгаатай эргэн ирсэн.

1859: Улсын албаны хүмүүс амьд гарсан хүүхдүүдийг Арканзаст хамаатнуудтай нь амьдруулахаар буцаан авчирсан.

1870: Ерөнхийлөгч Бригам Янг хядлагын тухай нэмэлт мэдээллүүдийг авч, Исаак С.Хэйт, Жон Д.Лий хоёрыг гишүүнчлэлээс хассан.

1874: Бүс нутгийн дээд шүүх хядлагад оролцсон есөн хүнийг гэм буруутайд тооцсон.

1875: Шүүх хурлаар орсон цорын ганц гэм буруутан бол Жон Д.Лий ч түүний хэрэг шүүх дээр гацсан.

1876: Жон Д.Лий дахин шүүх хурлаар орж, хядлагад оролцсон үүргээсээ болж хүний амь хөнөөсөн хэрэгт яллагдсан.

1877 оны 3-р сарын 23, баасан гараг: Жон Д.Лийг Маунтэйн Мийдөүст буудан хороож цаазалсан.

Ютагийн дайн

1857 оны дундуур хожмын үеийн гэгээнтэн удирдагчид Холбооны засгийн газар Бригам Янгийг олон тооны холбооны цэргээр хамгаалагдсан Ютагийн бүс нутгийн шинэ даргаар солино гэсэн цуурхал сонсжээ. Эдгээр цуурхал 7-р сарын 24-нд дорноос Солт Лэйк хотод ирсэн хожмын үеийн гэгээнтэн ах нараар батлагдав (Роналд В.Вокер, Бага Ричард И.Турлий, болон Глен M. Леонард, Massacre at Mountain Meadows: An American Tragedy [2008], 30-ийг үзнэ үү). Абрахам Смүүт, Жадсон Стоддард болон Оррин Портер Роквелл нар 7-р сарын 23-нд Солт Лэйк хотод ирэхдээ арми ирж явааг мэдэгджээ. Дараах өдөр нь тэд мэдээг Биг Коттонвүүд хавцалд Солт Лэйкийн хөндийд ирснийхээ 10 жилийн ойг тэмдэглэж байсан Бригам Янг болон бусад олон гэгээнтэнд хүргэжээ (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003 он], 369).

Ерөнхийлөгч Бригам Янг болон Сүмийн бусад удирдагч Холбооны цэргийнхний ирж яваа нь хожмын үеийн гэгээнтнүүдэд дайсагнасных гэж итгэж байлаа. 1857 оны 8-р сарын эхээр Сүмийн удирдагчид цэргүүдийг Ютагийн бүс нутагт орж ирэхэд саад болох буюу зогсоох төлөвлөгөөг зарлав. 1857 оны 9-р сарын 15-нд Бригам Янг бүс нутагт цэргийн хуулийг тунхагласан. Тэр түүнчлэн “Наувугийн Легионыг дайралтад бэлтгэхийг тушаав. Ютагийн бараг бүх нэгдэл, олон нийт хамгаалалтад бэлтгэхээ түргэвчилсэн. Тэр мөн тосгод дахь бишопуудыг сөргөлдөөн үүсэх юм бол бүхнийг шатаахад бэлтгэхийг зааварлажээ (Church History in the Fulness of Times Student Manual, 371).

Наувугийн Легионы [Ютагийн бүс нутгийн цагдаагийн бүлгийг нэрлэсэн нэр] гишүүд холбооны цэргүүдийг бүс нутаг руу ирж байхад нь түгшээхээр илгээгджээ. “[Легионы гишүүд] томоохон армийг гурван сар хооллоход хангалттай хоол хүнс агуулсан далан дөрвөн бүхээгт тэргийг шатаав. Тэд мөн багийг дагаж явсан хоёр мянган толгой мал сүргээс мянга дөрвөн зууг нь олзолжээ” (Church History in the Fulness of Times Student Manual, 374). Энэ нь цэргүүдийн давшилтын хурдыг сааруулж, 1858 оны хавар хүртэл Солт Лэйкийн хөндий рүү орохоос сэргийлжээ.

1858 оны 3-р сард ерөнхийлөгч Янг гэгээнтнүүдэд Ютагийн хойд хэсгийн бүх суурингаас гарахыг зааварлав. Гэгээнтнүүд “Солт Лэйкийн ариун сүмийг барихад зориулан зүссэн бүх чулуугаа нуугаад, сэжиг авахуулахгүйн тулд барилгын талбайг хагалсан мэт харагдуулахаар суурийг нь далдлав (Church History in the Fulness of Times Student Manual, 376). Солт Лэйк хот дахь гэр орнууд болон бусад барилгад армийнхныг орогнуулахын оронд галдахаар сүрлээр дүүргэжээ. 30000 гаруй гэгээнтэн Прово болон Ютагийн төв мөн өмнөд хэсэг дэх бусад хот руу нүүж, тэнд Сүмийн бусад гишүүн тэднийг байрлуулж, халамжилжээ.

Солт Лэйк хотын Сүмийн болон бүс нутгийн удирдагчид Нэгдсэн Улсын засгийн газартай үүссэн сөргөлдөөнийг тайван замаар ярих болон хэлэлцээрийн аргаар шийджээ. 1858 оны 4-р сард Сүмийн удирдагчид бүс нутгийн шинэ захирагч Алфред Камминг Солт Лэйк хотод угтан авсан байна. Бригам Янг бүс нутгийн бүртгэл болон тамгыг шинэ захирагчид хүлээлгэн өгөөд түүнтэй найрсаг харилцаа тогтоожээ. 6-р сарын эхээр ерөнхийлөгч Жэймс Буканангийн элч төлөөлөгчид Солт Лэйк хотод ирж, хожмын үеийн гэгээнтнүүдэд өршөөл үзүүлэх санал тавьсан байна. Сүмийн удирдагчид хоол хүнстэй цувааны эсрэг хийсэн Наувугийн легионуудын армийн буруу үйлдлийг арилгах саналыг хүлээн авсан. 6-р сарын 26-нд арми чимээгүй, бараг эзэнгүй болсон нийслэл хот руу энх тайвнаар орж ирэв. Цэргүүд гэгээнтнүүдийн эд хөрөнгөнд халдаагүй учраас хотод үлдсэн байсан гэгээнтнүүд байшингуудаа шатаах сүрдүүлгээ хэрэгжүүлээгүй. Арми хотод хэд хоног өнжөөд Солт Лэйк хотоос баруун өмнөд рүү 48 бээрийн (77 км) тэртээд Флоидын лагерь гэгддэг шинэ заставаа зохион байгуулжээ. 1858 оны 7-р сарын 1-нд Бригам Янг гэгээнтнүүдийг Ютагийн хойд хэсэг дэх гэр орондоо эргэн ирэхийг зааварласан юм (Church History in the Fulness of Times Student Manual, 375–377-г үзнэ үү).

Хядлагаас амьд гарсан цагаачдын хүүхдүүдэд юу тохиолдсон бэ?

Хожмын үеийн зарим гэгээнтэн алан хядлагаас амьд гарсан цагаачдын хүүхдүүдийг авч халамжилжээ. 1859 онд холбооны албаны хүмүүс эдгээр хүүхдийг Арканзас дахь хамаатнуудад нь аваачиж өгсөн.

Цагаачдын бүхээгт тэрэгний цувааны гишүүд индианчуудыг хордуулсан уу?

Сүмийн туслах түүхч, бүртгэгч Бага Ричард Е.Турлий ийн тайлбарласан.

Зураг
Бага Ричард Э.Төрлий

“Маунтэйн Мийдөүст тохиолдсон зүйлийн тухай Ютагийн зарим хуучны түүхэнд Арканзасын цагаачид санаатайгаар Ютагийн төвийн Филлмор хот дахь рашаан мөн шар үхрийн бүтэн махыг хордуулан, нутгийн индианчуудыг өвчлүүлж мөн үхэлд хүргэж байсан нь сөргөлдөөн гарахад бас нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ түүхийн дагуу индианчууд хилэгнэн, цагаачдыг Маунтэйн Мийдөүс хүртэл дагаж очоод, харгислалаа өөрсдөө үйлдэх эсвэл айдаст автсан хожмын үеийн гэгээнтэн оршин суугчдыг нэгдэн дайрахад хүчилсэн гэдэг. Түүхэн судалгаа эдгээр түүхийг үнэн зөв биш гэдгийг харуулжээ.

“Хэдий цагаачдын заримынх нь мал сүрэг замдаа, Филлморын ойролцоо үхсэн ч, энэ нь 1850-аад онд, хуурай газраар тууж яваа малд гардаг өвчнөөс болсон байв. Халдвар авсан малаас зүсэгдсэн шарх, үрэвслээр дамжин халдварласан мах идсэнээр хүмүүс ч тэр өвчнөөр өвдөж байлаа. Орчин үеийн ийм ойлголт байхгүйгээс хүмүүс тэр асуудал хордуулалтаас болсон гэж сэжиглэж байв” (“The Mountain Meadows Massacre,” Ensign, 2007 оны 9-р сар, 16).

Сүмийн гишүүдийн бүтэлгүй үйлдлүүд

Хэрэв бид Сүмийн удирдагчдын буруутай үйлдлийг олж мэдсэн бол ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ мэдэхэд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдэл тусална.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Шулуухан хэлэхэд Сүмийн гишүүд эсвэл удирдагчид алдаа гаргах үе бий. Бидний эрхэмлэн үздэг зүйлс, зарчим юм уу сургаалуудтай зохицохгүй хэлэгдсэн эсвэл хийгдсэн зүйлс байж болно.

Сүм төгс хүмүүсээр удирдагдсан бол төгс байх байсан гэж би төсөөлж байна. Бурхан төгс бөгөөд Түүний сургаал ариун юм. Гэхдээ Тэр биднээр буюу Өөрийн төгс бус хүүхдүүдээр, алдаа гаргадаг төгс бус хүмүүсээр дамжуулан ажилладаг билээ.

Ийм л байсан бөгөөд Христ дэлхий дээр Өөрийн биеэр хаанчлах тэрхүү төгс өдрийг хүртэл ийм л байх болно.

Хүмүүний гаргасан алдаанаас болж зарим хүн бүдэрдэг нь харамсалтай. Гэвч үүнийг үл хайхран Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байдаг сэргээгдсэн сайн мэдээний мөнхийн үнэн гутаагдахгүй, сулрахгүй мөн устгагдахгүй (“Ирж, бидэнтэй нэгд” Ensign, 2013 оны 11-р сар, 22 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–23).

Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага

Маунтэйн Мийдөүст болсон хядлагын талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл LDS.org дээрх Сайн мэдээний сэдвүүд рүү орж “Mountain Meadows Massacre”-г хай.