Семинар
80-р хичээл: Сургаал ба Гэрээ 76:50–80


80-р хичээл

Сургаал ба Гэрээ 76:50–80

Оршил

1832 оны 2-р сарын 16-нд Библийн орчуулга дээр ажиллаж байх үедээ, Иосеф Смит зөв шударга болон зөв шударга бус хүмүүсийн амилуулалтын талаар Иохан 5:29-д сүнслэгээр өдөөгдсөн өөрчлөлт хийжээ. Эцэг ба Хүүгийн алдар суу, Люсиферийн уналт мөн мөхлийн хөвгүүдийн тухай үзэгдэл үзсэний дараа Иосеф Смит, Сидней Ригдон хоёр зөв шударга хүмүүсийн амилуулалтад оролцох селестиел болон террестриел хаант улсуудын оршин суугчдын тухай үзэгдлийг үзсэн.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 76:50–70

Их Эзэн селестиел хаант улсад өргөмжлөлийг хүлээн авахад тавигдах шаардлага болон адислалуудыг илчлэв

Ангид зүсэм талх болон талх хийх орц материалыг авчирна уу. (Эсвэл та олон төрлийн орц шаарддаг өөр жигнэж хайрсан зүйл авчирч болно.) Самбар дээр Талх хийх жор гэж бич. Суралцагчдаас талх хийхэд орох зүйлсийг нэрлэхийг хүсээд, суралцагчид нэрлэх үед материалуудыг дэлгэн үзүүл. (Хэрэв танд орц материал байхгүй бол тэднийг нэрлэхэд самбар дээр жагсаан бичиж болно.) Суралцагчдад талх хийх үйл явц нь тэдэнд Сургаал ба Гэрээ 76:50–80-ыг судлахдаа олж тогтоох үнэнүүдийг ойлгоход тусалж чадна гэдгийг хэл.

Дараах асуултуудыг тавьж, суралцагчдад Сургаал ба Гэрээ 76-ийн агуулгыг ойлгоход тусал.

  • Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авахын өмнө юу хийж байсан бэ? (Иохан 5:29-ийг орчуулж мөн тунгаан бодож байсан. Хэрэв суралцагчдад агуулгыг санахад нь тусламж хэрэгтэй байвал тэднийг уг хэсгийн оршлын сүүлийн өгүүлбэрийг уншихад урь.)

Нэг суралцагчаас Иохан 5:29-ийг чангаар уншихад урь. Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авахаасаа өмнө сайн үйл хийсэн хүмүүсийн амилуулалт болон хилэнцийг үйлдсэн хүмүүсийн амилуулалтын талаар Иоханы дүрсэлсэн зүйлийг тунгаан бодож байсан гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:50-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смит, Сидней Ригдон хоёр мөхлийн хөвгүүдийн тухай үзэгдлийн дараа юу харсныг олж мэдэхийг хүс. (Та энэ шүлэгт шударга гэдэг үг нь зөв шударга гэсэн утгатай болохыг тайлбарлаж болно.)

  • 50-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бошиглогч, Сидней Ригдон нар мөхлийн хөвгүүдийн тухай үзэгдлийн дараа хэнийг харсан бэ? (Шударга хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх тэд.)

Сургаал ба Гэрээ 76:50–80 нь шударга хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх тэднийг дүрсэлдэг гэдгийг тайлбарла. Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 76:70-ыг уншаад, шударга хүмүүсийн амилуулалтын үеэр амилах эхний бүлэг хүмүүсийг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс.

Самбар дээр Селестиел хүн болох жор гэж бич. Энэ үзэгдлийн хэсэг болгож Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт селестиел хаант улсад өргөмжлөлийг өвлөх хүмүүсийн тодорхойлолтыг илчилсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:51–53-ыг дотроо уншаад, селестиел хүн болох шаардлагууд (орц)-ыг хайж олоход урь. Суралцагчдад шаардлагыг олсныхоо дараа самбарын өмнө гарч, мэдсэн зүйлээ бичих болно гэдгийг хэл.

Суралцагчдыг шаардлагуудыг самбар дээр бичсэний дараа, та тэдэнд эдгээр шүлэг дэх зарим үгийг илүү сайн ойлгоход тусалж болно.

  • “Есүсийн тухай гэрчлэлийг [хүлээн авах]” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (C ба Г 76:51). (Хариултад Аврагчийн бурханлаг үүрэгт итгэж мөн Түүний сайн мэдээг дагах зэрэг нь орж болно.)

  • Хэн нэгэн яаж “итгэлээр дийлж” чаддаг вэ? (C ба Г 76:53). (“Итгэлээр дийлэх” гэдэг нь Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлснээр уруу таталт болон нүглийг даван туулж мөн бүх бэрхшээлийг тэвчих гэсэн утгатай.)

  • “Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (C ба Г 76:53). (Та Амлалтын Ариун Сүнс гэдэг нь Ариун Сүнс гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно. Бидний хүлээн авсан ёслолууд зохих ёсоор гүйцэтгэгдэж мөн бид хийсэн гэрээнүүддээ итгэлтэй байгааг Ариун Сүнс Тэнгэрлэг Эцэгт гэрчлэх үед бид Амлалтын Ариун Сүнсээр лацдагддаг. Түүнчлэн Ариун Сүнс нь ёслолууд болон гэрээнүүдэд хандах бидний итгэлтэй байдал Бурханаар хүлээн авагдсан гэдгийг бидэнд баталж чаддаг.)

Энэ хэсэг нь селестиел хаант улсын өргөмжлөгдсөн оршин суугчдын хүлээн авах адислалуудын олныг тоочдог гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 76:54–68-ыг хураангуйл. Хэрэв цаг байвал та цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:54–68-ыг ээлжлэн чанга уншихад урьж болно. Ангийнхныг дагаж уншаад, эдгээр адислалыг хайж олохыг хүс. Та суралцагчдад өөрсдөд нь илүү утга учиртай байгаа адислалуудыг тэмдэглэхийг санал болгож болно.

  • Ямар адислалууд та нарт онцгой чухал ач холбогдолтой вэ? Яагаад?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:69–70-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, селестиел хаант улсад орохын тулд хувь хүнээс өөр юу шаарддагийг олж мэдэхийг хүс.

  • Хэдийгээр бид амьдралдаа шаардлагатай бүх орцыг бий болгох гэж хичээж байгаа ч гэсэн бид селестиел хаант улсыг өвлөхүйц зохистой байхын тулд бидэнд юу хэрэгтэй гэж эдгээр шүлэг хэлдэг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах сургаалыг самбар дээр Селестиел хүн болох жор гарчгийн доор бич. Бид зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан төгс болж чадна.)

Бүх зарлигийг сахих бидний хүчин чармайлт биднийг төгс болгодоггүй ба бидний хүчин чармайлт Аврагчийн ач ивээлийг хүлээн авч мөн Түүний ”цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс Цагаатгалаар” (С ба Г 76:69) цэвэршигдэхэд бидэнд тусалдаг гэдгийг тайлбарла. Энэ үнэн нь зарлигуудыг сахиж мөн мөнхийн адислалуудыг хүлээн авч болохын тулд авралын ёслолуудыг хүлээн авахад бидэнд урам өгч чадна. Суралцагчдыг дараах асуултыг тунгаан бодож мөн хариултаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь:

  • 69-р шүлэг дэх сургаал нь селестиел хаант улсад өргөмжлөл авахын төлөө хичээх үедээ урам хугарах явдлыг даван туулахад бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Хангалттай хугацаа өгсний дараа, хэдэн суралцагчийг хариултуудаа хуваалцахад урь. Биднийг төгс болоход Аврагчийн гүйцэтгэдэг үүргийн талаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үзээрэй.

Сургаал ба Гэрээ 76:71–80

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр террестриел хаант улсын тухай үзэгдлийг үзэв

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:71-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр дараа нь юу харсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Энэ шүлэгт цэдэглэгдсэнээр, террестриел хаант улсын алдар суу нь селестиел хаант улсын алдар суугаас хэр өөр вэ?

Судрууд террестриел болон селестиел хаант улсуудын ялгааг бэлгэдэхийн тулд сар болон нарнаас ялгардаг гэрлийн өөр өөр хүчийг ашигладаг гэдгийг тайлбарла. Селестиел болон террестриел хаант улсуудын оршин суугчид нь шударга хүмүүсийн амилуулалтад багтдаг боловч селестиел биесүүд нь террестриел биесүүдээс илүү агуу алдар суу болон адислалуудтай амилах болно.

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 76:72–80-ыг дотроо уншаад, террестриел хаант улсын оршин суугчид нь селестиел хаант улсын оршин суугчдаас юугаараа ялгаатайг олж мэдэхийг хүс. Суралцагчдад унших хангалттай хугацаа өгсний дараа, тэднээс олж мэдсэн ялгаагаа хуваалцахыг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, террестриел хаант улсыг өвлөх хүмүүсийн нийтлэг тодорхойлолт юу вэ? (Хариултуудад дараах зүйлс орж болно. Үүнд: “хуульгүйгээр нас барсан тэд” [72-р шүлэг]; “Тэд Есүсийн тухай гэрчлэлийг махан бодид хүлээн аваагүй, харин хожим нь үүнийг хүлээн авсан” [74-р шүлэг]; “хүмүүний башир аргаар харалган болсон дэлхийн шударга сайн хүмүүс” [75-р шүлэг]; мөн “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш тэд” [79-р шүлэг].)

Суралцагчдад хуульгүйгээр нас барсан эсвэл нас барсныхаа дараа сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн (72–74-р шүлгийг үзнэ үү) тухай хэсгийг илүү сайн ойлгоход туслахын тулд Их Эзэн Иосеф Смитэд баптисм хүртэхээсээ өмнө нас барсан түүний ах Алвины байгаа газрыг илчлэх үедээ эдгээр хувь хүний талаар нэмэлт ойлголт өгсөн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 137:7–9-ийг чанга уншихад урь. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Хэрэв удаан амьдрахаар зөвшөөрөгдсөн бол сайн мэдээг хүлээн авах байсан хүмүүсийн талаар Их Эзэн ямар нэмэлт тодруулгыг өгсөн бэ?

  • Сургаал ба Гэрээ 137:9-д цэдэглэгдсэнээр, хэн биднийг ажлууд болон зүрх сэтгэлийн хүслийн маань дагуу шүүх вэ?

Дараах мэдэгдлийг чанга унш. “Хүн бүрийн зүрх сэтгэлийг мэддэг зөвхөн Бурхан л хувь хүмүүсийн хамгийн эцсийн шүүлтийг хийж чадна гэдгийг сана” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004 он], 62). Зөвхөн Их Эзэн бидний зүрх сэтгэлийг мэддэг учраас бид бусад хүмүүс аль хаант улсыг өвлөх талаар шүүх ёсгүйг онцол.

  • “Хүмүүний башир аргаар харалган болсон” гэдэг нь юу гэсэн үг гэж та боддог вэ? (C ба Г 76:75). (Зарим хүн дэлхийн нөлөөнүүдээс болж Есүс Христийн сайн мэдээний ач холбогдлыг олж харахгүй харалган болсон байдаг.) Өнөө үед зарим хүн хэрхэн хүмүүний башир аргаар харалган болсон байдаг вэ?

Суралцагчдад “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш” (Сургаал ба Гэрээ 76:79) гэсэн хэллэгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Есүсийг гэрчлэхдээ нэн хүчтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? …

Зөв шударга шалтгааны учир зоригтой байхын үндэс нь бүхий л сайн мэдээний хуулинд дуулгавартай байх явдал мөн. …

Бид Есүсийн тухай нэн хүчтэй гэрчлэхийн тулд Христэд болон Түүний сайн мэдээнд гуйвшгүй итгэлтэй байх хэрэгтэй.

Гэвч энэ нь бүгд биш. Энэ нь итгэж мөн мэдэхээс илүү чухал юм. Бид үгийг зөвхөн сонсогч биш харин хэрэгжүүлэгч байх ёстой. Энэ нь амаараа ярихаас илүү юм. Энэ нь Аврагчийн тэнгэрлэг гарал үүслийг хүлээн зөвшөөрөх төдий зүйл биш. Энэ бол дуулгавартай байдал, хүлцэнгүй байдал мөн хувийн зөв шударга байдал юм.

Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байна гэдэг нь … ‘эцсээ хүртэл тэвчих’ явдал юм. (2 Нифай 31:20.) Энэ нь шашныхаа дагуу амьдарч, номлодог зүйлээ хийж, зарлигуудыг сахих явдал билээ” (“Be Valiant in the Fight of Faith,” Ensign, 1974 оны 11-р сар, 35).

  • Есүс Христийн тухай гэрчлэлд нэн хүчтэй гэж бодож буй таньдаг хүнийхээ талаар бод. Тэдний нэн хүчтэй байдлыг ямар зан чанар болон үйлдлүүд тодорхойлдог вэ?

  • Есүс Христийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байхад юу та нарт тусалсан бэ?

  • Хэрэв бид Есүс Христийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байвал юуг олж авах вэ? (Суралцагчид хариулах үедээ дараах зарчмыг тодорхойлох ёстой. Хэрэв бид Есүс Христийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байвал Бурханы селестиел хаант улсыг өвлөж авч чадна. Энэ үнэнийг самбар дээрх Селестиел хүн болох жор-д нэмж бич.)

Суралцагчдыг Есүс Христийн гэрчлэлдээ илүү, нэн хүчтэй байхын тулд хийж чадах нэг зүйлээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэдний хүн нэг бүр селестиел хаант улсыг өвлөн авах боломжтой гэдгийг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 76:51–53, 69–70. Селестиел хүмүүс болох нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс биднийг селестиел хаант улсад ороход зохистой болоход дуулгавартай байдал ба Цагаатгалын гүйцэтгэх үүргийг тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Эцсийн шүүлт бол бидний хийсэн сайн ба муу үйлсийг дэнслэн үнэлэлт дүгнэлт өгөх төдий зүйл биш. Энэ бол бидний үйл хэрэг, бодол санаа—бид ямар хүмүүс болсны эцсийн үр дүн юм. Хэний ч тухайд зүгээр л урсгалаараа явах нь хангалттай биш. Зарлиг, ёслол, гэрээнүүд нь тэнгэр дэх дансанд оруулах шаардлагатай орлогын жагсаалт биш билээ. …

Есүс Христийн сайн мэдээ бол биднийг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд ямар болох ёстой, түүн шиг нь болгож чадах төлөвлөгөө билээ. Энэхүү толбогүй, төгс төгөлдөр байдал нь гэрээ, ёслол, үйлдлүүдийн болон зөв сонголтуудын нийлбэрийн үр дүнд мөн тасралтгүй үргэлжлэх наманчлалын үр дүнд бий болдог. …

… Би Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд талархалтайгаар, энэ төлөвлөгөөний дагуу Аврагчийн амилалт болон Цагаатгалаар дамжуулан бидэнд үхэшгүй байдлын баталгаа болон мөнх амьдралыг авахад шаардлагатай хүмүүс болох боломж байгааг гэрчилж байна” (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 32, 33, 34).

Сургаал ба Гэрээ 76:67. “Енохын сүмд мөн Ууган Хүүгийн сүмд”

Енох болон түүний хүмүүс сүм, цугларалт эсвэл Енохын цугласан хүмүүс хэмээн нэрлэгдэж болох ба тэд Сионыг амжилттай байгуулж мөн тэнгэрт авагдсан билээ. Ууган Хүүгийн сүмийн гишүүн болохын тулд бид Енохын нийгэмд орших зохистой байх шаардлагатай бөгөөд энэ нь зөвхөн хувийн зөв шударга байдал, Их Эзэний өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар мөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болдог.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Ууган Хүүгийн сүмийн гишүүн байх гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарласан.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Өөрсдийгөө зөв шударга байдалд бүрэн зориулж, өргөмжлөлийн илүү өндөр ёслолуудыг хүлээн авсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Ууган Хүүгийн Сүмийн гишүүд болдог. Баптисм нь Сүм руу орох хаалга, харин селестиел гэрлэлт нь Ууган Хүүгийн Сүм буюу өргөмжлөл ба Эцэгийн хаант улсын бүрэн байдлыг өвлөгч итгэлтэй гэгээнтнүүдийн дотоод бүлгийн гишүүнчлэлд орох хаалга нь юм” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966 он], 139).

Сургаал ба Гэрээ 76:69. Төгс төгөлдөр байдал

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон Их Эзэний төлөвлөгөөн дэх төгс төгөлдөр байдлын утга учрыг тайлбарласан.

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Аврагчийн биднийг хүрээсэй гэж хүсдэг төгс төгөлдөр байдал нь ямар ч алдаагүй гүйцэтгэлээс илүү зүйл юм. Энэ нь Эцэгт хандсан агуу залбиралдаа Их Эзэний хэлсэн мөнхийн хүлээлт бөгөөд бид төгс болж мөн тэдэнтэй хамт мөнхөд орших явдал юм [Иохан 17:23–24-ийг үзнэ үү]. …

… Төгс төгөлдөр байдал мөнх амьдрал буюу Бурханы амьдардаг амьдралыг олж авахад оршдог. …

… Тэнгэрлэг эцэг эхийн хайртай хүүхдүүдийн хувьд мөнх бус амьдралд хүүхдүүд эцэг эхтэйгээ адил болдог шиг бидэнд тэдэнтэй адил болох чадавх өгөгдсөн.

Их Эзэн биднийг төгс төгөлдөр болоход бэлтгэхэд туслахын тулд Сүмээ сэргээсэн. …

Төгс төгөлдөр хүн … бол бүрэн гүйцсэн хүн … алдар суут бодгаль юм! …

Хэрэв бидний төгс төгөлдөр болох гэсэн хичээнгүй чармайлт одоогоор давагдашгүй бөгөөд дуусашгүй мэт санагдаж байгаа бол бид зовох шаардлагагүй. Төгс байдал нь хүлээгдэж байна. Энэ нь бүхлээрээ зөвхөн Амилуулалтын дараа бөгөөд зөвхөн Их Эзэнээр дамжуулан ирнэ. Энэ нь түүнийг хайрлаж, зарлигуудыг нь дагах бүх хүнийг хүлээдэг. Энэ нь хаан ширээ, хаант улс, вант улс, хүчнүүд мөн эзэгнэлүүдийг багтаадаг [С ба Г 132:19-ийг үзнэ үү]. Бид энэ эцсийг хүртэл тэвчих ёстой. Энэ бол Бурхан бидний хүн нэг бүрд бэлтгэсэн мөнхийн төгс төгөлдөр байдал юм” (“Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 87, 88).

Сургаал ба Гэрээ 76:69–70. Сүмийн бүх гишүүн селестиел хаант улсад өргөмжлөлийг хүлээн авах боломжтой

Ерөнхийлөгч Жорж Албэрт Смит селестиел хаант улсыг хүлээн авах боломж хүн бүрд байгааг заасан.

Зураг
Ерөнхийлөгч Жорж Алберт Смит

“Миний хувьд Есүс Христийн сайн мэдээн дэх хамгийн сайхан зүйлсийн нэг нь гэвэл энэ нь бид бүгдийг нэг түвшинд аваачдаг явдал юм. Хүн селестиел хаант улсын дээд хэсэгт орохын тулд гадасны ерөнхийлөгч эсвэл Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байх шаардлагагүй. Сүмийн хамгийн эгэл жирийн гишүүн хүртэл Бурханы зарлигуудыг сахивал селестиел хаант улс дахь ямар ч хүнтэй адил өргөмжлөлийг олж авч чадна. Есүс Христийн сайн мэдээ бид бүгд Их Эзэний зарлигуудыг сахиж байгаа цагт биднийг эрх тэгш болгодог нь гайхалтай юм. … Бидэнд өргөмжлөлийг хүртэх ижил боломжууд байгаа” (Conference Report, 1933 оны 10-р сар, 25-д).

Тэргүүлэх Бишопын Зөвлөлийн бишоп Жозеф Л.Вөртлин: “Бид бүгдээрээ селестиел хаант улсад нэр дэвшигчид” хэмээн гэрчилжээ (Conference Report, 1952 оны 4-р сар, 118-д).

Сургаал ба Гэрээ 76:58, 71. Бурхад болж мөн Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авах нь

Бурхан Эцэгийн төрсөн хүүхдүүдийн хувьд бидний чадавх бол Түүнтэй адил болох юм. Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авна гэдэг нь Түүний алдар суу болон адислалуудыг бүрэн хэмжээгээр хүлээн авах явдал юм. Хэрэв бид Аврагчийн заасан зүйлсийн дагуу амьдарч, Түүний зарлигуудыг сахиж, мөн Түүний Цагаатгалыг амьдралдаа ашиглавал Эцэг биднийг Өөртэйгөө адил болж, Түүний амьдралаар амьдарч, Түүний эдэлдэг мөнхийн аз жаргалыг эдлэхэд туслах болно.

Сургаал ба Гэрээ 76:79. “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй”

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон 1982 оны 4-р сарын Сүмийн Ерөнхий чуулган дээр Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх гэдэг нь ямар утгатай болохыг дүрсэлсэн. “Valiant in the Testimony of Jesus,” Ensign, 1982 оны 5-р сар, 62–64-ийг үзнэ үү.