Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 133–135 (29-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 133–135 (29-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материалууд

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Дараах нь суралцагчдын Сургаал ба Гэрээ 133–135-ыг (29-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын тойм юм. Энэ тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. 29-р хэсгийг заах таны хичээл эдгээр сургаал болон зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 133:1–35)

Суралцагчид Их Эзэний Хоёр дахь ирэлтийн талаарх сургаалуудыг судалж байхдаа Тэрээр Өөрийн Хоёр дахь ирэлтээр бурханлаг бус зүйлсийг шүүхээр ирэх болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас өөрсдийгөө болон бусдыг Хоёр дахь ирэлтэд бэлтгэж болох арга замуудыг олж тогтоосон. Энэхүү бэлтгэл нь наманчлал ба урьдын нүглүүддээ эргэн ирэхгүй байхыг багтаадаг.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 133:35–74)

Суралцагчид энэ хичээлээр Их Эзэний Хоёр дахь ирэлтийн талаарх сургаалуудыг үргэлжлүүлэн судалсан. Тэд Бурханы үйлчлэгчдийн хувьд сайн мэдээг бусадтай хуваалцсанаар Хоёр дахь ирэлтэд тэднийг бэлтгэж чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас Их Эзэн Өөрийг нь хүлээдэг хүмүүст агуу адислалуудыг бэлтгэсэн бөгөөд наманчилж, өөрсдийгөө ариусгадаг хүмүүс мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг олж мэдсэн.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 134)

Суралцагчид засгийн газрууд болон хуулиудын тухай Сүмийн итгэл үнэмшлийн талаарх энэхүү тунхгийг судалж байхдаа дараах үнэнүүдийг олж тогтоосон. Үүнд: Засгийн газрууд нь хүмүүний ашиг тусын тулд Бурханаар үндэслэн байгуулагдсан бөгөөд засгийн газрууд нь шашны эрх чөлөөг оролцуулан хувь хүмүүсийн эрхийг хамгаалахаар Бурханы өмнө хариуцлага хүлээдэг. Тэд бас өөрсдийн амьдардаг засгийн газруудыг дэмжиж, туслах үүрэгтэй гэдгийг мөн Бурхан биднийг Түүний хуулийг болон хүмүүний хуулийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээлгэхээр болгодог гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 135)

Суралцагчид энэ хичээлийнхээ нэг хэсгээр Иосеф, Хайрум Смит хоёрын үхэлтэй холбоотой үйл явдлуудын талаар мэдэж авсан бөгөөд тэдний үхлийн талаар бичигдсэн зарлалыг судалсан. Суралцагчид эдгээр зүйлийг судалж байхдаа Иосеф, Хайрум Смит хоёр сэргээгдсэн сайн мэдээний үнэний талаарх гэрчлэлээ өөрсдийн амиар лацадсан гэдгийг олж мэдсэн.

Оршил

Энэ хичээл бошиглогч Иосеф Смитийн хүн төрөлхтний авралын төлөө хийсэн зарим ажлыг ойлгоход суралцагчдад туслах болно. Суралцагчдад бошиглогч Иосеф Смит болон сайн мэдээний сэргээлтийн талаар гэрчлэлээ хуваалцах боломж олгох болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 135:1–7

Иосеф, Хайрум Смит хоёрын үхэл зарлагдав

Хичээл эхлэхийн өмнө Иосеф Смитийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], ду. 87; мөн LDS.org-ийг үзнэ үү). Та нээлтийн хэсэг болгон “Тэр хүнийг магтъя” (Сүмийн дуулал, 50-р хуудас) дууллыг дуулахыг ангийнханд санал болгож болно. Нээлтийн хэсэг эхлэхээс өмнө В.В.Фелпс нь бошиглогчийн үхлийн дараахан Иосеф Смитийг дурсан санаж, энэ дууллын үгсийг бичсэн гэдгийг тайлбарла.

Зураг
Иосеф Смит

Дараах асуултуудаар хичээлээ эхэл.

  • Та өмнө нь Сүмийн гишүүн бус хүнтэй бошиглогч Иосеф Смитийн талаар ярилцаж байсан уу? Хэрэв тийм бол, та юуны талаар ярилцсан бэ? (Хэрэв хэнд ч ийм туршлага байхгүй бол Иосеф Смитийн талаар хүмүүст юу гэж хэлэх байсныг суралцагчдаас асуу.)

Сургаал ба Гэрээ 135 нь Иосеф, Хайрум Смит нарын үхлийн зарыг багтаадаг гэдгийг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:3-ын эхний өгүүлбэрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншихыг хүс.

  • Энэ шүлгийн захиас юу вэ? (Суралцагчид Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.)

  • Бошиглогч Иосеф Смит бидний аврал болон өргөмжлөлийн төлөө юу хийсэн бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:3-ын үлдсэн хэсгийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смитийн бидний авралын төлөө хийсэн зүйлсийг дүрсэлж буй үг хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Самбар дээрх жагсаалт дээр нэмж болох өөр зүйлсийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Бошиглогч Иосеф Смитийн ажил хэнд нөлөөлснийг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Иосеф Смитийн бие сэтгэлээ бүрэн зориулсан ажил зөвхөн энэ амьдралаар хязгаарлагдахгүй ба ирэх болон өнгөрсөн амьдралд холбогдоно. Өөрөөр хэлбэл түүний ажил дэлхий дээр амьдарч байсан, одоо амьдарч байгаа болон бидний дараа ирэх хүмүүст хамаатай юм. Энэ нь зөвхөн махан биед орших хүнд биш харин хүн төрөлхтний бүх гэр бүлд мөнхөөс мөнхөд хамаатай юм” (Gospel Doctrine, 5 дахь хэвлэл [1939], 481).

3-р шүлэг дэх Мормоны Ном болон Сургаал ба Гэрээг урагш авчирсан Иосеф Смитийн талаарх тодорхойлолтыг харна уу. Энэ ажлын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ урагш авчрагдсан шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • 6-р шүлэгт цэдэглэснээр, Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ яагаад урагш авчрагдсан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ нь дэлхийн авралын тулд урагш авчрагдсан.)

  • Эдгээр ном ямар арга замаар дэлхийн авралд хувь нэмэр оруулдаг вэ?

  • 6-р шүлэгт цэдэглэснээр, юу Мормоны Ном болон Сургаал ба Гэрээг таны хамгийн үнэ цэнтэй номуудын нэг болгодог вэ?

Суралцагчдаас тэд амьдралдаа Мормоны Ном болон Сургаал ба Гэрээгээр дамжуулан юу хийснээ тунгаан бодохыг хүс.

  • Эдгээр номыг урагш авчрахын тулд Иосеф, Хайрум Смит хоёрын хийсэн золиослолд талархаж байгаагаа харуулахын тулд бид юу хийж чадах вэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ эдгээр номыг урагш авчрахын тулд хийсэн золиослолд талархаж байгаагаа харуулж болох тодорхой арга замыг бичихэд урь.

Өмнө нь хичээлээ эхлэхдээ самбар дээр бичсэн жагсаалтаа эргэж хар. Иосеф Смит судар, үнэн сургаал, санваарын эрх мэдэл болон түлхүүр, ёслол, Есүс Христийн Сүмийн зохион байгуулалтыг сэргээхэд тусалснаар Бурханы бүх хүүхдэд Цагаатгалын адислалуудыг бүрэн дүүрэн хүлээн авахад нь тусалсан юм.

Зарим хүн бошиглогч Иосеф Смитийн талаарх хожмын үеийн гэгээнтнүүдийн мэдрэмж эсвэл итгэл үнэмшлийг буруугаар ойлгодог гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Сүмийн гишүүд Иосеф Смитийг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй хэрхэн холбож үздэгийг олж сонсохыг хүс. Боломжтой бол та энэ хэлсэн үгийн хувийг суралцагч бүрд өгч болно.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бид Бошиглогчийг шүтэн биширдэггүй. Бид Бурхан Мөнхийн Эцэг болон амилсан Их Эзэн Есүс Христийг шүтэн биширдэг. Гэхдээ бид Бошиглогчийг хүлээн зөвшөөрдөг; бид түүнийг тунхагладаг; бид түүнийг хүндэлдэг; бид түүнийг Бурханы эрх мэдэл Сүмийн ажил хэрэгт хэрэгжиж, Түүний хүмүүсийг адислах болгосон санваарын хамтаар тэнгэрлэг сайн мэдээний эртний үнэнүүдийг дэлхийд авчрахад Бүхнийг Чадагчийн мутарт зэмсэг болсон учраас хүндэтгэдэг (“Joseph Smith Jr.—Prophet of God, Mighty Servant,” Ensign, 2005 оны 12-р сар, 4).

  • Та өөрийнхөө үгээр бошиглогч Иосеф Смитийн талаарх Сүмийн гишүүдийн бодлыг хэрхэн тайлбарлах байсан бэ?

Суралцагчдыг бошиглогч Иосеф Смитийн тохинуулал тэдний болон дэлхийн сая сая хүний амьдралд үзүүлсэн үр нөлөөний талаар бодоход урь. Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдаас эдгээр асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихийг хүс.

Бошиглогч Иосеф Смитийн тохинуулалгүйгээр таны амьдрал ямар тодорхой байдлаар өөр байж болох байсан бэ?

Бошиглогч Иосеф Смит таны Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн тухай мэдлэгт болон тэдэнтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг хичээлийнхээ үлдсэн цагийг бошиглогч Иосеф Смит болон сайн мэдээний Сэргээлтийн талаарх мэдрэмж болон гэрчлэлүүдээ хуваалцахад ашиглахад урь. Тэднийг мэдрэмж, гэрчлэлүүдээ хуваалцахдаа өмнөх бичих үйл ажиллагааны хариултаа ашиглах талаар бодож үзэхэд урь.

Бошиглогч Иосеф Смит болон Сэргээлтийн тухай гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга. Суралцагчдыг дараагийн хэдэн өдөр бошиглогч Иосеф Смит болон сайн мэдээг сэргээхэд түүний гүйцэтгэсэн үүргийн талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцах боломжуудыг эрэлхийлэхэд урь. Та бас тэднийг бошиглогч Иосеф Смит болон сайн мэдээний Сэргээлтийн талаарх өөрсдийн гэрчлэлийг хувийн тэмдэглэлдээ бичихэд урамшуулж болно.

Тайлбар: Энэ хичээлийн төгсгөлд суралцагчдад гэрчлэлээ хуваалцах хангалттай цаг гаргаж өгөх нь дараах үйл ажиллагааг гүйцэтгэхээс илүү чухал юм. Хэрэв суралцагчдын гэрчлэл хичээлийн үлдсэн цагт багтаагүй бол энэ үйл ажиллагааг илүү цаг гарсан үед өөр өдөр хийж болно.

Суралцагчдад Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн 25 төгс эзэмших судрын эшлэлийн жагсаалтыг өг. Тэднийг төгс эзэмших судрын хэсгийн алийг нь бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээний Сэргээлтийн талаар хэн нэгэнд заахдаа ашиглаж болохыг бодож үзэхэд урь. Суралцагчдыг олж тогтоосон төгс эзэмших судрын хэсгүүдийнхээ заримыг ашиглан богинохон хичээл эсвэл хэлэх үг бичихийг хүс. Тэд өөрсдийн хичээл эсвэл хэлэх үгээ цаасан дээр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж болно. Удахгүй болох хичээлийнхээ сүнслэг хэсгээр ангийнхандаа хичээлээ зааж эсвэл үгээ уншиж өгөхөд цөөн суралцагчийг урих талаар бодож үз.

Дараагийн бүлэг (Өрнөд рүү аялсан нь)

Суралцагчдаас бошиглогч тэднийг өөрсдийнхөө цөөн хэдэн зүйлийг баглаад, тэргээр олон километр аялж эсвэл хүмүүс суурьшаагүй газар руу гар тэрэг түрж явахыг асууж байгаагаар төсөөлөхийг хүс. Тэд дараагийн хэсгээр гэгээнтнүүдийн Өрнөд рүү хийсэн аяллын талаар мэдэж авах болно гэдгийг тайлбарла. Тэд бас Их Эзэн хэрхэн бошиглогч Иосеф Смитийн үхлийн дараа, дараагийн удирдагчийг тодорхойлж, Сүмээ үргэлжлүүлэн удирдаж байсныг мэдэж авах болно.