Семинар
159-р хичээл: Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг


159-р хичээл

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг

Оршил

1995 оны 9-р сарын 23-нд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий цуглаан дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг танилцуулжээ. Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас гаргасан энэхүү тунхаг гэр бүлийн талаарх Их Эзэний жишгүүд болон сургаалыг дэлхийд тунхагладаг. Энэ тунхаг нь түүнчлэн гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх талаар зөвлөмж өгөн мөн сүйрүүлэх үр дагавруудаас сэрэмжлүүлдэг.

Тэмдэглэл: Суралцагч бүрд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн хуулбарыг өг. Энэ баримт бичиг Ensign мөн Лиахона-ийн 2010 оны 11-р сарын дугаарын 129-р хуудсан дээр, Бурханы өмнө хүлээсэн үүрэг болон Хувийн хөгжил дэвшил товхимол, Итгэлдээ үнэнч байх нь номын “Гэр бүл” сэдэв дотор мөн LDS.org дээр бий. Гэр бүлийн тунхгийн хуулбарыг та мөн энэ гарын авлагын хавсралтаас олж чадна.

Заах зөвлөмж

Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга гэр бүлийн талаарх дэлхий дахинаа өргөх тунхгийг гаргав

Хичээлийн өмнө дараах үгс болон хэллэгүүдийг самбар дээр бич.

Гэрлэлт, гэр бүлийн ач холбогдол

Гэр бүл салалт

Ижил хүйстний гэрлэлт

Хүйс

Хүүхдүүдтэй байх

Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа

Эх хүний үүрэг

Эцэг хүний үүрэг

Үр хөндөлт

Хичээлээ дараах асуултуудаар эхэл.

  • Та нарын хэд нь самбар дээрх асуудлуудаас нэг юм уу түүнээс олон асуулттай байсан эсвэл асуулттай байсан хэн нэгнийг мэддэг вэ, мэддэг бол гараа өргөж мэдэгдэнэ үү?

  • Эдгээр сэдэв дээрх Их Эзэний зааварчилгаануудыг бид хаанаас олж болох вэ?

Суралцагчдад “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн хуулбарыг тараан өг. (Та суралцагчдыг өөр өөр догол мөрүүдэд анхаарлыг нь хандуулахдаа хялбархан олоод дагахад нь тусалж тунхаг дахь догол мөрүүдийг дугаарлахыг урьж болно.) Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 1995 оны 9-р сарын 23-нд Халамжийн нийгэмлэгийн цуглаан дээр энэ тунхгийг танилцуулсныг тайлбарла. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли энэ тунхгийг уншихаасаа өмнөхөн дэлхийд яагаад тунхагт агуулагдаж буй үнэнүүд хэрэгтэй байгаа зарим шалтгааныг дурджээ. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас энэ тунхаг дэлхийд яагаад хэрэгтэй байгаа шалтгаануудыг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Өчнөөн олон софистик үзэл бодол үнэн хэмээн шургалж, ёс зүйн жишиг, үнэт зүйлсийн талаар олон худал хуурмаг зүйл яригдах болж, ийм их уруу таталт, арга мэхэнд автуулах зүйл дэлхийг аажим аажмаар бохирдуулж байгаа нөхцөлд бид сэрэмжлүүлэн, урьдчилан сэргийлэх ёстой гэдгээ мэдэрсэн билээ. Үүнийг дэмжих үүднээс Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн зөвлөл бид Сүмд болон дэлхийд өргөх тунхгийг энэ Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн дэлхийн түүхийн туршид олон дахин давтан хэлсэн гэр бүлтэй холбоотой жишиг, сургаал, туршлагын мэдэгдэл бөгөөд батламж болгон гаргаад байна (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 100).

  • Энэ тунхгийг яагаад Сүмд мөн дэлхийд өргөн гаргасан бэ?

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг бид судалснаар гэр бүлийн талаарх олон асуултад хариулт хүлээн авна гэдгийг тайлбарла. Суралцагчдад самбар дээр жагсаасан сэдвүүдийг илүү тодорхой ойлгоход туслах сургаалуудыг олж тогтооход нь туслахын тулд таван суралцагчийг 1–5-р догол мөрүүдийг ээлжлэн чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, самбар дээрх сэдвүүдтэй холбоотой сургаалыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад олж мэдсэнээ хуваалцах боломжийг олгон догол мөр бүрийн дараа зогс. Суралцагчдыг гэр бүлийн тунхгийн хуулбар дээрээ олсон сургаалуудаа тэмдэглэхэд урь.

Суралцагчдыг хуваалцаж байхад, тэднийг олж тогтоосон сургаалуудаа самбар дээр бичихэд урь. Суралцагчид дараах сургаалуудыг олж тогтоож бичих ёстой.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогддог [1-р догол мөр].

Гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг [1-р догол мөр].

Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм [2-р догол мөр].

Аз жаргалын төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог үргэлжлүүлэх боломжийг олгодог [3-р догол мөр].

Бурханы эхнэр, нөхрүүдэд өгсөн хүүхэдтэй болох тухай зарлиг өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байна [4-р догол мөр].

Үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээн Бурхан зарлигласан [4-р догол мөр].

Мөнх бус амьдралын бүтээлт нандин бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд чухал юм [3 болон 5-р догол мөр].

Суралцагчдыг олж тогтоосон сургаал бүрээ хуваалцаж байхад сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд доорх хянах асуултуудын нэг юм уу түүнээс олныг ашигла.

  • Энэ сургаал самбарт жагсаасан сэдвүүдтэй хэрхэн холбогдож байна вэ?

  • Энэ сургаалыг ойлгох нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Энэ сургаалыг ойлгож, үүнд итгэх нь та нарын гаргах шийдвэрт хэрхэн нөлөөлж болох вэ?

Хэрэв суралцагчид дээр жагсаасан сургаалуудаас дурдахгүй байвал, тэдэнд үүнийг олж ярилцахад тусал.

Гэр бүлийн тунхаг амжилттай гэр бүлүүдийг зохиоход бидэнд тусалдаг

Суралцагчдаас ирээдүйн гэр бүлээ ямар байлгахыг хүсэж байгаа тухайгаа бодохыг хүс.

  • Ямар төрлийн үйл ажиллагаа, зан чанар, хандлага болон итгэл ирээдүйн гэр бүлд тань аз жаргал авчирна гэж бодож байна вэ?

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрийг гэр бүлийн тунхгийн 6–7-р догол мөрийг хамтдаа чанга уншихад урь. Тэднийг гэр бүлээ аз жаргалд хүргэхэд туслах зүйлсийг олж мэдэхэд урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, ангийнхнаас асуу.

  • Гэр бүлээ аз жаргалд хэрхэн хүргэж чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Та суралцагчдад энэ зарчмыг гэр бүлийн тунхгийнхаа хуулбар дээр тэмдэглэхийг санал болгож болно.)

  • 6 болон 7-р догол мөрөнд өгүүлснээр, гэр бүлүүдийг аз жаргалаа олоход туслах ямар зарим зарчим байна вэ? (Нэг суралцагчийг суралцагчдын хариултуудыг самбарт бичихэд урих талаар бодож үз.)

Суралцагчдыг дараах асуултыг жижиг бүлгүүдээрээ хамтдаа ярилцахад урь. Бүлэг бүрд асуултуудыг бичсэн тараах материалыг өг эсвэл үүнийг самбар дээр бич.

Самбар дээр жагсаасан сургаалуудыг дагадаг гэр бүлүүдийн ямар үлгэр жишээг та нар харсан бэ?

Яагаад эдгээр сургаалыг дагадаг гэр бүлүүд ерөнхийдөө аз жаргалтай байдаг гэж та нар бодож байна вэ?

Тэмдэглэл: Гэр бүлийн харьцааны мэдрэмтгий болон хувийн шинж чанараас болоод суралцагчдыг дараах үйл ажиллагааг чанга ярилцахад урих хэрэггүй. Үүний оронд суралцагчдыг эдгээр сургаалыг дор бүрнээ тусгаж аваад, хэрхэн өөрсдийгөө сайжруулахаа эргэцүүлэн бодоход урамшуул.

Бүлгүүд тодорхой цаг аван, асуултуудыг ярилцсаны дараа суралцагчдаас эдгээр сургаалын алийг нь тэдний гэр бүл дагадаг ба ингэснээр гэр бүлийнх нь аз жаргал хэрхэн нэмэгдэж ирснийг эргэцүүлэн бодохыг хүс. Суралцагчдыг энэ тунхгийн аль сургаалыг өөрсдөдөө болон гэр бүлүүддээ илүү их аз жаргал авчрахыг хичээн амьдралдаа илүү сайн хэрэгжүүлж болохыг бодоход урь. Та суралцагчдыг эдгээр сургаалыг гэр бүлдээ илүү сайн хэрэгжүүлэхийг хэрхэн төлөвлөх талаар зорилго бичихэд урьж болно.

Цаг гарвал дараах асуултуудын хоёр эсвэл түүнээс олныг сонгоод, ангиараа ярилц.

  • 7-р догол мөрний сүүлийн хагаст хэлснээр, эцэг хүн ямар үүрэг хариуцлагатай вэ? Та нарын болон бусад аавын ямар арга замаар эдгээр үүрэг хариуцлагыг биелүүлж байгааг та нар харсан бэ?

  • 7-р догол мөрний сүүлийн хагаст хэлснээр эх хүн ямар үүрэг хариуцлагатай вэ? Та нарын ээж болон бусад ээж ямар арга замаар эдгээр үүрэг хариуцлагыг биелүүлж байгааг та нар харсан бэ?

  • Эдгээр үүрэг хариуцлага “тэнгэрийн загвараар“ өгөгдсөн гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Тэдгээр нь Тэнгэрлэг Эцэгээр зохион байгуулагдсан.) Үүнийг ойлгох нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • 7-р догол мөрний ямар үгс бидэнд эцэг, эхчүүд хэрхэн бие биедээ туслах ёстойг ойлгоход тусалдаг вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой.)

  • Эцэг эхчүүдийн хувьд адил тэгш хамтрагчид гэдгээ ойлгох нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг эцэг эх нь адил тэгш хамтрагчид шиг хэрхэн хамтран ажиллаж байсныг харснаа хуваалцахад урь.

Суралцагчдыг эцэг эхчүүдийн бие биенээ дэмжих хэрэгцээний тухай ярилцаж байхад та тэдний анхаарлыг 7-р догол мөрний бараг төгсгөл дэх дараах өгүүлбэр рүү хандуулж болно. “Хувь хүн тахир дутуу болох, нас нөгчих болон бусад нөхцөл байдалд зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно.” Их Эзэн эдгээр нөхцөл байдлыг мэдэж байдаг бөгөөд үүрэг хариуцлагаа биелүүлэхийг хичээж байгаа эцэг эхчүүд болон гэр бүлүүдийг адисалдаг гэдгийг суралцагчдад батал.

  • 7-р догол мөрний төгсгөлийн өгүүлбэрт өгүүлснээр, эцэг эхчүүдэд үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь өөр хэн тусалж чадах вэ? (Төрөл төрөгсөд. Та хүүхдүүд ч бас эцэг эхдээ тусалж болохыг онцолж болно.)

Гэр бүл бүр өөрсдийн гэсэн бэрхшээлтэй ч Есүс Христийн сургаалын дагуу амьдарч, аз жаргалаа олж болно гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг гэр бүлийн тунхгийн 8 болон 9-р догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хэрэв бид гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол юу тохиолдохыг олж мэдэхийг хүс.

  • Хэрэв бид гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг умартвал юу тохиолдох вэ? (Суралцагчид Хэрэв бид гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй бол Их Эзэн бидэнтэй хариуцлага тооцно гэдгийг илэрхийлэх ёстой. Тэд мөн гэр бүлээ сарниулах нь гамшиг руу хөтөлнө гэдгийг онцолж болно.)

  • Хүүхдүүд гэр бүлдээ ямар үүрэгтэй гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг гэр бүлдээ хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаагаа тунгаан бодоход урь. Хэрэв та суралцагчдыг гэр бүлийн тунхаг дээрх сургаалуудыг амьдралдаа илүү сайн хэрэгжүүлэх зорилго бичихийг урьсан бол зорилгоо биелүүлэхийг хичээхдээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд урамшуул.

Цөөн суралцагчийг энэ хичээлд заасан аль нэг үнэний талаар гэрчлэлээ хуваалцахад урьснаар хичээлээ дуусга. Та бас гэр бүлийн тунхаг дахь сургаал, зарчмуудын талаар өөрийн гэрчлэлийг хуваалцаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас хоёр хэсгийг эш татахдаа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд яагаад чухлыг тайлбарласан:

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Зөв шударга гэрлэлт нь зарлиг бөгөөд булшнаас цааш үргэлжилсээр байх хайраар дүүрэн гэр бүлийн харьцааг бий болгох үйл явцын чухал нэгэн алхам юм.

Бидэнд Эцэгийн төлөвлөгөөнд мөнхийн гэрлэлт яагаад чухлыг ойлгоход тусалдаг хоёр няцаашгүй шалтгаан бий.

1-р шалтгаан: Эрэгтэй эмэгтэй сүнснүүдийн мөн чанар нь бие биенээ гүйцээдэг бөгөөд төгс болгодог юм, мөн тиймээс эрэгтэй эмэгтэй хүмүүс өргөмжлөл өөд хамтдаа дэвшихээр зориулагдсан байдаг.

Гэрлэлтийн мөнхийн мөн чанар, ач холбогдлыг зөвхөн Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний хамгийн чухал хам сэдвийн хүрээнд авч үзвэл бүрэн ойлгох боломжтой. …

‘Хүйс бол мөнх бус байдлын өмнөх болон мөнх бус, тэрчлэн мөнхийн хувь хүний болон түүний зорилгын нэн чухал шинж чанар мөн’ бөгөөд энэ нь биднийг хэн болох, яагаад дэлхий дээр байгаа ба юу хийх мөн хэн болохыг илүү өргөн тодорхойлдог. Тэнгэрлэг зорилгоор эрэгтэй, эмэгтэй сүнснүүд өөр өөр, өвөрмөц байж, харилцан бие биенээ нөхөж байдаг.

Дэлхий бүтээгдсэний дараа, Адамыг Едений цэцэрлэгт суурьшуулсан. Хамгийн чухал нь, хэдий тэгсэн ч Бурхан ‘хүн ганцаар байх нь сайн биш’ (Эхлэл 2:18; Moсе 3:18) хэмээн хэлсэн бөгөөд Ева Адамын хамтрагч мөн туслагч болсон. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хоёулангийнх нь сүнслэг ба бие махбод, оюун санааны мөн сэтгэл санааны чадамжуудын онцгой нэгдлээр аз жаргалын төлөвлөгөө хэрэгжих хэрэгтэй байсан. Эрэгтэй нь ч эмэгтэй нь ч ганцаараа бүтээлтийн зорилгыг гүйцэлдүүлж чадахгүй байх байсан.

Тэнгэрийн загвараар эрэгтэй, эмэгтэй хүмүүс төгс төгөлдөр, алдар суугийн бүрэн байдал руу хамтдаа тэмүүлэн, өсч хөгждөг жамтай. Эрэгтэй, эмэгтэй хүн нь өвөрмөц ялгаатай зан ааш, авьяас чадварынхаа ачаар гэрлэлтийн харилцаандаа хосгүй онцгой төлөв, туршлагуудыг авчирдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ нэгдэлд өөр өөр байдлаар, адил тэгш эрхтэйгээр хувь нэмэр оруулдаг бөгөөд нэгдмэл байдлыг үүнээс өөр байдлаар бий болгох боломжгүй юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээсээ суралцаж мөн бие биенээ хүчирхэгжүүлж, адисалснаар эрэгтэй хүн эмэгтэй хүнийг нөхөж, төгс болгон мөн эмэгтэй хүн эрэгтэй хүнийг нөхөж, төгс болгодог. ‘Их Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм’ (1 Коринт 11:11; налуу бичиглэл нэмэгдсэн).

2-р шалтгаан: Тэнгэрийн загвараар, мөнх бус амьдралд хүүхдүүдийг авчирч, тэднийг өсөж, хүмүүжих хамгийн сайн орчноор хангахад эрэгтэй, эмэгтэй хүн хоёул хэрэгтэй.

Эрт үед Адам, Ева хоёрт өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээсэн зарлиг өнөө ч хүчин төгөлдөр байгаа. ‘Түүнчлэн үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээсэн Бурханы зарлигийг тунхаглаж байна. … Мөнх бус амьдралын арга зам нь тэнгэрээс тогтоогдсон.’ Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт мөнх бус байдлын өмнөх оршихуйд буй сүнснүүдийг энэ амьдралд авчрахад зөвшөөрөгдсөн арга зам юм. Гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд огт орохгүй байх болон гэрлэснийхээ дараа үнэнч байх нь энэхүү нандин сувгийн ариун байдлыг хамгаалдаг.

Хүүхдүүд хайр болон зөв шударга байдалд өсөж чадах мөн хүүхдүүдийн сүнслэг болон бие махбодын хэрэгцээнд тохирох дээд нөхцөл нь хайрладаг мөн үнэнч нөхөр болон эхнэртэй гэр орон юм. Эрэгтэй, эмэгтэй хоёулангийнх нь онцлог мөн чанар гэрлэлтийн харьцааны төгс байдалд хувь нэмрээ оруулдаг шиг хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж, заахад эдгээр мөн чанар чухал юм (“Гэрлэлт нь Түүний мөнхийн төлөвлөгөөний чухал хэсэг” Ensign, 2006 оны 6-р сар, 83–84).

Ижил хүйстний гэрлэлтийн талаарх Сүмийн байр суурь

Сүм ижил хүйстэндээ татагдах мэдрэмж, зан төлөв хоёрыг хооронд нь ялгаж салгадаг. Ижил хүйстэндээ татагдах мэдрэмж, дур хүслээ хазаарлаж байх нь нүгэлтэй зүйл биш, харин ижил хүйстний хоорондох үйлдэлд татагдан орох нь ‘эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг… гэсэн ариун судар дээр үндэслэсэн сургаалын зарчимтай’ зөрчилддөг [“Тэргүүн Зөвлөлийн ижил хүйстний гэрлэлтийн тухай мэдэгдэл”].

Учир нь нөхөн үржихүйн ‘үр удмаа үлдээх нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр хоёрын хооронд байх ёстой, … ижил хүйсийн хүмүүсийн хоорондын харилцааг хамруулсан өөр ямар ч төрлийн бэлгийн харьцаа нь тэнгэрлэгээр бүтээгдсэн гэр бүлийн тогтолцоог алдагдуулдаг’ хэмээн Сүм итгэдэг. Тийм учраас гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдэл гэж тогтоодог хууль журмыг Сүм дэмждэг юм. Хэдий тийм ч, ‘эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хамгаалах явдал нь бүх хүнд хайр, сайхан сэтгэл, хүнлэг чанараар ханддаг Христийн шашны үүргээс нь Сүмийн гишүүдийг холдуулахгүй’ [“The Divine Institution of Marriage,” Aug. 13, 2008, mormonnewsroom.org]” (“Same-Sex Attraction,” LDS.org).