Семинар
139-р хичээл: Сургаал ба Гэрээ 132:3–33


139-р хичээл

Сургаал ба Гэрээ 132:3–33

Оршил

Сургаал ба Гэрээ 132-т гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээний тухай илчлэлт агуулагддаг. Энэхүү илчлэлт 1843 оны 7-р сарын 12-нд цэдэглэгдсэн ч гэсэн энэ илчлэлт дэх зарим үнэн нь бүр 1831 оны эхэн үед бошиглогч Иосеф Смитээр мэдэгдэж, заагдсан байдаг. Энэ илчлэлтийг хоёр хичээлд хуваан ярилцах болно. Энэ хичээлээр гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээний нөхцөл болон үүнийг хүндэтгэх хүмүүст ирэх амлалтуудын талаар ярилцана. Дараагийн хичээл дээр олон эхнэр авах зарчмын тухай ярилцах болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 132:3–18

Их Эзэн шинэ бөгөөд үүрдийн гэрээний нөхцөлийг танилцуулав

Тэмдэглэл: Сургаал ба Гэрээ 132:1–2-ыг олон эхнэр авах ёсны тухай ярилцлагын нэг хэсэг болон 140-р хичээлд оруулсан байгаа.

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич.

Мөнхийн гэрлэлт яагаад танд чухал байдаг вэ?

Та өнөөдрөөс эхлэн ариун сүмд орж, энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэхэд бэлтгэхийн тулд юу хийх вэ?

Ариун сүмд лацдан холбогдохоор Бурханы хуульд дуулгавартай байдаг хүмүүст энэ амьдралд нь ямар адислалууд ирж болох вэ?

Суралцагчдыг өнөөдөр Сургаал ба Гэрээ 132-ыг судлахдаа эдгээр асуултын тухай тунгаан бодоход урь.

Дараах асуултыг тавин, хичээлээ эхэл.

  • Шинэ бөгөөд үүрдийн гэрээ гэж юу вэ?

Суралцагчдад “шинэ бөгөөд үүрдийн гэрээ” хэллэгийн утга учрыг ойлгоход нь туслахын тулд Жозеф Фийлдинг Смитийн дараах хэлсэн үгийг унш.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Шинэ бөгөөд үүрдийн гэрээний нарийвчилсан тайлбарын товч тодорхой тодорхойлолт байдаг. Энэ бол бүх зүйл болох сайн мэдээний бүрэн байдал юм. Есүс Христийн сайн мэдээнд хамаарагдах зохих ёсоор гүйцэтгэгдсэн гэрлэлт, баптисм, санваарын томилгоо, бүх гэрээ, хэлцэл, гүйцэтгэл энд өгөгдсөн Түүний хуулийн дагуу Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан бол шинэ бөгөөд үүрдийн гэрээний нэг хэсэг болдог” (Doctrines of Salvation, нэгтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–56], 1:158; налуу үсгийг оруулаагүй болно).

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 132:3–5-ыг дотроо уншаад, селестиел гэрлэлтийн гэрээ зэрэг шинэ бөгөөд үүрдийн гэрээг эсэргүүцсэнээр ирэх үр дагаврыг олж мэдэхэд урь.

  • Шинэ бөгөөд үүрдийн гэрээг эсэргүүцсэнээр ямар үр дагавар ирдэг вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах хооронд та яллагдах гэдэг нь тухайн хүний мөнхийн өсөлт хөгжилт зогсох болно гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, шинэ бөгөөд үүрдийн гэрээнд үнэнч байдаг хүмүүст амласан Их Эзэний адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • 6-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид шинэ бөгөөд үүрдийн гэрээнд итгэлтэй байвал юуг хүлээж авах вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах хооронд та яллагдах эсвэл мөнхийн өсөлт хөгжилтгүй байх мөн “[Их Эзэний] алдар суугийн бүрэн байдлыг” хүлээн авахын хоорондох ялгааг онцолж болно.)

Хүмүүс хоорондоо олонтоо гэрээ, хэлэлцээр хийдэг гэдгийг онцол. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:7-г чанга уншихад урь. Ангийн хэсэг гишүүнд хүмүүсийг нас барахад тэдний бусадтай хийсэн гэрээнд юу тохиолддогийг олж мэдэхийг даалга. Нөгөө хагасыг нь биднийг нас барсны дараа ч гэрээ хүчинтэй хэвээрээ байдаг хоёр нөхцөлийг олж тогтооход урь.

  • Хүмүүсийн хоорондох гэрээнд юу тохиолддог вэ? (Тэдгээр нь үхлээр дуусдаг.)

  • 7-р шүлэгт цэдэглэснээр, биднийг нас барсны дараа ч гэрээ хүчинтэй хэвээрээ байхын тулд байх ёстой хоёр зүйл юу вэ? (Тэдгээрийг санваарын эрх мэдлээр гүйцэтгэх ёстой ба тэдгээр нь “Амлалтын Ариун Сүнсээр орж мөн лацдагдах ёстой”.)

“Ариун Сүнс бол Амлалтын Ариун Сүнс” гэдгийг тайлбарла. Аврах ёслолууд зохих ёсоор гүйцэтгэгдсэн хийгээд тэдгээртэй холбоотой гэрээнүүд сахигдаж байгааг Амлалтын Ариун Сүнс Эцэгт гэрчилдэг” (Судруудын удирдамж, “Амлалтын Ариун Сүнс”; scriptures.lds.org). Дараа нь суралцагчдыг 7-р шүлгийг дахин уншаад, үүнийг сургаалын мэдэгдэл болгон нэгтгэн дүгнэхэд урь. Тэдний хариултыг самбар дээр бич. Жишээлбэл, та дараахтай төстэй зүйлийг бичиж болно. Хэрэв аливаа гэрээ нь зохих санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдэж, Амлалтын Ариун Сүнсээр лацдагдаагүй аваас үхлээр дуусах болно.

Суралцагчдад энэ сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд тэднээс дээрх өгүүлбэрийг эерэг утгатай болгохыг хүс. Тэдний хариултыг самбар дээр бич. Жишээлбэл, та дараахтай төстэй зүйлийг бичиж болно. Хэрэв аливаа гэрээ нь зохих санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдэж, Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан аваас үүрд үргэлжлэх болно.

Их Эзэн Өөрийн хуулиуд ба ёслолуудын нөхцөлийг үргэлжлүүлэн танилцуулсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 132:8–14-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр Өөрийнх нь бүтээсэн ямар ч зүйл үлддэг мөн Түүнээс бус ямар ч зүйл ганхаж мөн устгагдах болно хэмээн тунхагласан.

Дөрвөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 132:15–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэж болох хоёр өөр арга замыг олж мэдэхийг хүс. Дараа нь дараах жишээнүүдийг чанга унш. Жишээ бүрийн дараа суралцагчдаас Сургаал ба Гэрээ 132:15–18 дахь аль үнэн энэ нөхцөл байдалд хамаатайг асуу.

1-р жишээ: Эрэгтэй, эмэгтэй хүн бие биедээ дурлаж, ариун явдлын хуулийг сахиж, орон нутгийн эрх баригчаараа дамжуулан аз жаргалтай гэрлэжээ. Тэд ариун сүмд лацдан холбогдоогүй. Тэдний гэрлэх ёслол дээр “үхэл та хоёрыг салгах хүртэл” гэх үгсийг хэлжээ. Хэдэн жилийн дараа нөхөр нь ослоор нас баржээ. Сургаал ба Гэрээ 132:15–17-д заасан ямар ямар үнэн үүнд хамаарч байна вэ? (Эхнэр, нөхөр хоёрын гэрлэлт цаашид хүчингүй болох болно.)

2-р жишээ: Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрлэжээ. Тэд бие биенээ үргэлж хайрлаж, хамтдаа байх болно гэж амласан боловч ариун сүмд лацдан холбогдоогүй. Тэд бие биедээ хайртай учраас Бурхан тэднийг үүрд хамтдаа байхыг зөвшөөрнө гэдэгт итгэдэг. Сургаал ба Гэрээ 132:18-д заасан ямар үнэнүүд үүнтэй холбогдож байна вэ? (Тэдний гэрлэлт нас барсных нь дараа хүчингүй болох болно.)

Сургаал ба Гэрээ 132:19–33

Их Эзэн селестиел гэрлэлтийн хуулийг дагадаг хүмүүст адислалуудыг амлав

Нэг суралцагчийг Далын ахлагч Энрикэ Р.Фалабэллагийн дараах туршлагыг чанга уншихад урь. Ангийнхнаас ахлагч Фалабэлла болон Фалабэлла эгч хоёрыг юу гунигтай болгож, юу аз жаргалтай болгосныг сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Энрикэ Р.Фалабэлла

“Номлолоосоо буцаж ирээд би … нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйтэй учирсан юм. … Түүнийг анх харсан мөчөөс л тэр миний сэтгэлийг татсан.

Тэр үед хамгийн ойрхон ариун сүмд очиход 6400 км аялах шаардлагатай байсан ч эхнэр маань ариун сүмд гэрлэх зорилго тавьсан байлаа.

Бидний иргэний гэрлэх ёслол аз жаргалтай бас гунигтай байсан нь энэ гэрлэлт маань зөвхөн энэ л амьдралын турш үргэлжлэхэд байв. Ордны ажилтан ‘Би, та хоёрыг эхнэр нөхөр болсныг батлан тунхаглаж байна’ гэж хэлсний дараахан ‘Үхэл л та хоёрыг салгана’ гэлээ.

Тиймээс бид золиослол гарган мөнгөө цуглуулж, Аризонагийн Мэса ариун сүмд очих нэг талын тасалбар л авсан.

Ариун сүмд, тахилын ширээний дэргэд өвдөг сөгдөн сууж байхад эрх мэдэлтэй үйлчлэгч миний хүсэн хүлээсэн үгс буюу биднийг энэ амьдрал болон ирэх амьдралд мөнхөд эхнэр нөхөр байх болно гэдгийг тунхаглан хэлсэн юм” (“Гэр бол амьдралын сургууль,” Ensign, 2013 оны 5-р сар, 102 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119).

  • Фалабэллагийнхан яагаад иргэний гэрлэлтэд сэтгэл хангалуун бус байсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:19–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд үнэнч байдаг хүмүүст Их Эзэний амласан адислалуудыг олж мэдэхийг хүс. Эдгээр шүлэг нь урт мөн ойлгоход амар биш учраас та тайлбар хийж, асуултуудад хариулахын тулд хэд хэдэн удаа завсарлага авах хэрэгтэй болж мэднэ. Дараах мэдээлэл танд тус болж магадгүй.

Дагах гэдэг үг нь хүлээн зөвшөөрөх эсвэл үргэлжлүүлэх гэсэн утгатай учраас “миний гэрээг дагах” (19-р шүлэг) мөн “хуулийг дагах” (21-р шүлэг) гэдэг хэллэгүүд нь Их Эзэний гэрээ болон хуульд үнэнч үлдэх гэсэн утгатай.

19-р шүлэг нь хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн “шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр [гэрлэж] … амлалтын Ариун Сүнсээр … лацдагдаж” чадах юм бол мөн тэд “гэрээг дагаж, … үүгээр гэмгүй цусыг урсгахаар аллага үйлдэхгүй байх аваас” “эхний амилуулалтад урагш гарах болно … хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд”-ийг хүлээн авах болно гэсэн амлалтыг багтаадаг. (Мөн С ба Г 132:27-г үзнэ үү.)

“Үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь үргэлжлэл байх” (19-р шүлэг) мөн “үргэлжилсээр байх болно” (20-р шүлэг) гэдэг хэллэгүүд нь бидний гэр бүл, үр удам мөнхөд үргэлжлэх болно гэсэн амлалтыг хэлдэг.

Хэрэв тэгвэл гэж самбар дээр бич. Сургаал ба Гэрээ 132-т өгөгдсөн амлалтуудыг нэгтгэн дүгнэхийн тулд суралцагчдыг хоосон зайг бөглөхөд урь. Тэдний хариултыг самбар дээр бич. Тэд дараахтай адил зарчмуудыг олж тогтоож болно.

Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг дагавал өргөмжлөл болон алдар сууг хүлээн авах болно.

Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг дагавал үр удам нь мөнхөд өсөж үржих болно.

Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг дагавал тэдний гэрлэлт үүрд мөнхөд хүчтэй байх болно.

Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг дагавал тэд Бурхантай адил болох болно.

Дараах жишээг унш.

3-р жишээ: Эрэгтэй, эмэгтэй хоёр санваарын эрх мэдлээр ариун сүмд лацдан холбогджээ. Тэд хоёулаа итгэлтэй амьдардаг ба гэрээнүүдээ сахидаг. Сургаал ба Гэрээ 132:19–21-д заасан ямар үнэнүүд тэднийг нас барсны дараа тохиолдох вэ? (Тэдний гэрлэлт үүрд мөнхөд үргэлжлэх болно. Тэд Тэнгэр дэх Эцэгтэйгээ адил болж, алдар суу, өргөмжлөл, мөнхийн гэр бүлээр адислагдах болно.)

  • Эхнэр, нөхөр хоёр гэрлэлтийн гэрээг дагахын тулд юу хийх ёстой гэж та нар бодож байна вэ? (Хариултуудад Бурханы үгийг дагах, авралын бүх ёслолд дуулгавартай байх, ариун журамтай мөн зөв зохистой байх, нэг нэгнээ хайрлах, сайн эцэг эх байхын тулд хамтдаа хөдөлмөрлөх, хүүхдүүдээ хайр болон зөв шударга байдалд өсгөх, хамтдаа ариун сүмд ойр ойрхон очих гэх мэт хариулт орж болно.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 132:22–25-ыг дотроо уншаад, Их Эзэний дүрсэлсэн авралд хөтөлдөг “хаалга” мөн “зам” гэсэн үгсийн тодорхойлолтод онцгой анхаарал хандуул. Тэднийг уншихаас өмнө 22-р шүлэг дэх шулуун гэдэг үг нь замаасаа гажиж болохгүй давчуу эсвэл чанд гэсэн утгатайг тайлбарла.

  • Өргөн зам болон өргөн хаалганы дүрслэл нь хосуудын харилцаа болон гэрлэлтийн талаарх өнөөгийн нийгмийн үзэл бодлыг ямар арга замаар харуулж байна вэ? Эдгээр үзэл бодол хэрхэн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээтэй зөрчилддөг вэ?

  • 22 болон 25-р шүлгүүдэд цэдэглэснээр, яагаад олон хүн өргөмжлөл рүү хөтлөх давчуу замаар орж чаддаггүй вэ? (Тэд Есүс Христийг хүлээн авдаггүй, Түүнийг мэддэггүй, Түүний хуулийг дагадаггүй.)

  • 21–24-р шүлэгт цэдэглэснээр, бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Дараах зарчмыг самбар дээр бичсэнээр суралцагчдын хариултуудыг нэгтгэн дүгнэ. Бид өргөмжлөл болон мөнх амьдралыг хүлээн авахын тулд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг мэдэж, Тэдэнтэй адил болж, Тэдний хуулийг дагах ёстой.)

Абрахам Их Эзэний мөнхийн гэрлэлтийн хуульд үнэнч байж, дуулгавартай дагасан ба үр удам нь мөнхөд үргэлжлэх болно гэсэн амлалтыг хүлээн авсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 132:29–33-ыг нэгтгэн дүгнэ.

Бид Бурханы хуулиудыг дуулгавартай дагаснаар, Түүнтэй хамт амьдарч, мөнх амьдралыг хүлээн авч чадна гэдгийг гэрчил.

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн асуултуудад анхаарлаа дахин хандуул. Суралцагчдыг эдгээр асуултад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урь. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, та нэг эсвэл хоёр суралцагчийг ангийнхантай бодлоо хуваалцахад урьж болно.

Гэр бүлийнхээ зургийг үзүүлэн, хичээлийг дуусга. Мөнх амьдралын адислалуудын тухай мэдрэмж болон гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг ариун сүмд орж, мөнхөд гэрлэхэд одооноос эхэлж бэлтгэхэд урамшуулан дэмж. Сургаал ба Гэрээ 132-т амласан адислалуудын талаар мөн ариун сүмийн гэрлэлтэд бэлтгэснээр ирдэг баяр баясгалангийн талаар гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 132:5. Гэрлэлт нь “дэлхийн сууринаас өмнө үндэслэгдэн бий болсон”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон гэрлэлт, гэр бүлийн талаар дараах үнэнийг хуваалцжээ.

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Энэхүү ертөнц бүтээгдэж, мөн энэхүү Сүм сэргээгдсэнээр гэр бүлүүд бий болж, лацдагдан, мөнхөд өргөмжлөгдөх боломжтой болсон. …

… Ариун сүмийн гэрлэлт зөвхөн эхнэр нөхөр хоёрын дундах зүйл биш бөгөөд энэ нь Бурхантай хамтардаг.

… Гэр бүл ариун сүмд лацдагдан холбуулснаар уг гэр бүл Бурханы хаант улсын адил үүрд мөнхийн болж болох юм” (“Селестиел гэрлэлт,” Ensign, 2008 оны 11-р сар, 93 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107).

Ахлагч Нэлсон түүнчлэн:

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Гэрлэлт нь хүмүүний аль ч бусад харилцаанаас илүүгээр аз жаргалтай байх боломжуудыг нээж өгдөг.

Гэрлэлт бол иргэний дэг жаягийн эхлэл бөгөөд ариун журмын эх булаг, мөнхийн өргөмжлөлийн үндэс суурь юм” (“Nurturing Marriage,” Ensign эсвэл 2006 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36) гэж заажээ.

Сургаал ба Гэрээ 132:7. Амлалтын Ариун Сүнс

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Амлалтын Ариун Сүнс бол баптисм, гишүүний баталгаа, томилгоо, гэрлэлт зэрэг бүх ёслол дээр зөвшөөрлийн тамга дардаг Ариун Сүнс юм. Итгэлтэй байдлаар дамжуулан адислалууд ирэх болно гэсэн амлалт байдаг.

Хэрэв хүн баптисм, томилгоо, гэрлэлт эсвэл өөр бусад ёслолын гэрээгээ зөрчвөл Сүнс зөвшөөрлийн тамгыг цуцалж, адислал ирдэггүй.

Бүх ёслол итгэлтэй байдал дээр тулгуурласан амлалтын шагналтай байдаг. Хэрэв гэрээ зөрчигдвөл Ариун Сүнс зөвшөөрлийн тамгыг цуцалдаг” гэж заажээ [С ба Г 76:52–53; 132:7-г үзнэ үү]” (Doctrines of Salvation, comp. Брүс Р.Макконки, 3 боть [1954–1956], 1:45).

Сургаал ба Гэрээ 132:19–20. “Тэд бурхад байх болно … учир нь тэд үргэлжилсээр байх болно”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парлей П.Пратт мөнхийн гэрлэлтийн сургаалын талаарх ойлголтыг хүлээн авах үед түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай өгүүлсэн.

Зураг
Парлей П. Пратт

“Иосеф Смит надад эцэг эх болон эхнэр нөхөр; ах эгч болон хүү охины гайхамшигт харилцаануудыг хэрхэн олж авахыг заасан юм.

Би түүнээс хайрт эхнэр минь надтай энэ амьдралд болон мөнхөд лацдагдах болно гэдгийг сурсан мөн нэг нэгнээ хайрлах илүү агуу өрөвч сэтгэл болон хайр нь тэнгэрлэг мөнхийн хайрын эх булгаас ирдэг гэдгийг сурсан юм. Би түүнээс бид эдгээр хайрыг хөгжүүлж, мөнхөд өсч хөгжиж, дээшлэх болно гэдгийг сурсан мөн бид мөнхөд нэгдсэний үр дүнд үр удам маань тэнгэрийн одод эсвэл тэнгисийн эргийн элс шиг олон байх болно гэдгийг сурсан.

Би түүнээс Бурханы тоолшгүй их үр удмын патриарх, эзэн ба мөнхийн санваараар хувцасласан Бурханы хүүгийн жинхэнэ сүр жавхлан, хувь заяаг сурсан. Би түүнээс эмэгтэй хүний хамгийн дээд сүр жавхлан бол нөхрийнхөө хатан мөн эхнэр болж, өөрийнхөө тоолж баршгүй мөн өсч хөгжсөөр буй үр удмын хатан ээжээр өргөмжлөгдөх явдал гэдгийг сурсан.

Би урьд нь хайрлаж байсан ч яагаад гэдгээ мэддэггүй байв. Харин одоо би бодгалийг минь дэлхийн эгэл зүйлсээс өргөж, далай мэт тэлсэн илүү хүчтэй, өргөмжлөгдсөн, чин сэтгэлийн, цэвэр ариун мэдрэмжээр хайрлаж байна. Үнэндээ Бурхан миний Эцэг мөн Есүс ах маань байсныг би мэдэрсэн. Мөн хайрт эхнэр минь үүрд мөнхөөс үүрд мөнхөд надад тайтгарал болон илгээгдсэн мөнх бус, мөнхийн хамтрагч, эелдэг тохинуулагч тэнгэр элч, сүр жавхлангийн титэм байсныг мэдсэн. Товчоор хэлбэл би одоо сүнсээр мөн ойлголтоор хайрлаж чадаж байна.

… Иосеф Смит … хөшигний үзүүрийг өргөж, энэ амьдралын цаадахыг цухас харах боломжийг надад [өгсөн] юм” (Autobiography of Parley P. Pratt, хянасан Бага Парлей П. Пратт [1938], 297–298).

1916 онд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит, Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд ингэж тунхаглажээ.

“Мөнхийн өсөлт хөгжилт болон ололт амжилтын үе шат тэнгэрлэг илчлэлтээр мэдэгдсэн ба зөвхөн амилуулагдсан, алдар суутай болсон биес сүнсэн хүүхдүүдийн эцэг, эх болж чадна гэдгийг бид ойлгох ёстой. Зөвхөн өргөмжлөгдсөн эдгээр бодгаль мөнх амьдралын сонгогдсон үе шатанд хүрсэн байдаг ба мөнхийн дэлхийд тэдэнд төрсөн сүнснүүд алдар суутай эцэг, эхийнхээ өргөмжлөлийг хүлээн авсан цөөн хэдэн үе шатаар дайрч өнгөрөх болно” (“The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Quorum of the Twelve Apostles,”Ensign, 2002 оны 4-р сар, 18-д эш татсанаар).

Сургаал ба Гэрээ 132:22–25. “Амьдралын үргэлжлэл” мөн “үхэл” гэж юу вэ?

Ахлагч Брүс Р.Макконки:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Мөнх амьдралын (өргөмжлөлийг) хүлээн авч байгаа хүмүүс мөнх амьдралыг хүлээн авч байна гэсэн үг юм. Энэ нь тэд амилуулагдсаныхаа дараа мөнхийн ‘өсөлт’ буюу ‘үр удмынх нь хувьд үргэлжлэл’, ‘амьдралын үргэлжлэл’-ийг хүлээж авна гэсэн үг юм. Тэдний сүнсэн хүүхдүүд ‘тоо томшгүй одод мэт үргэлжлэх ёстой; эсвээс, хэрэв та нар далайн эрэг дэх элсийг тоолохтой адил та нар тэдгээрийг тоолж чадах нь үгүй.’ (С ба Г 131:1–4; 132:19–25, 30, 55.)” (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 238; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 330-ийг үзнэ үү).

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

[Сургаал ба Гэрээ 132:25]-д дурдсан ‘үхэл’ гэдэг нэр томьёо нь гэрлэлтийн мөнхийн гэрээг эсэргүүцсэн хүмүүсийг тусгаарлахыг хэлж байгаа бөгөөд тэгснээр тэд өргөмжлөлийн хүчийг мөн үр удмын үргэлжлэлийг хүлээн авч чадахгүй. Үр удам, гэр бүлийн зохион байгуулалтыг хүлээж авахгүй байх нь ‘үхэл’ рүү хөтөлдөг ба энэ нь ирэх амьдралд ямар ч өсөлт хөгжилтгүй байхыг хэлдэг” хэмээн тайлбарлажээ (Church History and Modern Revelation, 2-р боть [1953], 2:360; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 330-ийг үзнэ үү).