Семинар
29-р хичээл: Сургаал ба Гэрээ 21


29-р хичээл

Сургаал ба Гэрээ 21

Оршил

Бошиглогч Иосеф Смитийн удирдлагаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 1830 оны 4-р сарын 6-нд Нью-Йоркийн Фейеттед ахмад Петр Витмерийн гэрт албан ёсоор зохион байгуулагдсан юм. Ойролцоогоор 60 хүн залбирал, дэмжин батлалт, томилолт, ариун ёслолын гүйцэтгэл, гишүүний баталгаанаас бүрдсэн цуглаанд оролцжээ. Энэ цуглаан дээр Иосеф Смит Сургаал ба Гэрээ 21-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Их Эзэн уг илчлэлтэнд Иосеф Смитийн дуудлага болон үүргийг тунхаглаж, Сүмийн гишүүдийг түүний үгсэд анхаарал хандуулахыг зааварлав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 21:1–3

Иосеф Смит Сүмийн бошиглогч мөн үзмэрч байхаар томилогджээ.

Ангийнхнаас өдөр тутмын цугларалтынхаа нэг хэсэг болгон “Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя” (Дууны ном , х. 36) дууллыг дуулахыг хүс. Та хичээл зааж эхлэхдээ энэ дууллыг дурдаад, дараах асуултыг тавь.

  • Та нар ямар шалтгаанаар бошиглогчид талархалтай байдаг вэ?

Суралцагчид Сургаал ба Гэрээ 21-ийг судлахдаа бошиглогчдын үүргийн талаарх тэдний ойлголтыг нэмэгдүүлэх үнэнүүдээс суралцана гэдгийг тайлбарла. Суралцагчдад энэ илчлэлтийн талаарх түүхэн нөхцөл байдлыг хэлж өгөхдөө, уг хичээлийн оршилд байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 21:1-ийг чангаар уншихад урь. Суралцагчдаас дор бүрнээ дагаж уншаад, Иосеф Смитийг тодорхойлсон нэр томьёонуудыг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Их Эзэн Иосеф Смитийг үзмэрч байхаар дуудсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Их Эзэн Иосеф Смитийг бошиглогч байхаар дуудсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

Суралцагчдад эдгээр нэр томьёог болон эдгээртэй холбогдох үүргүүдийг ойлгоход нь туслахын тулд хоёр суралцагчийг үзмэрч болон бошиглогчийн дараах тодорхойлолтуудыг чангаар уншихад урь. Тэднээс өгүүлбэр бүрийн хооронд түр зуур зогсож, удаан уншихыг хүс. Ангийнхнаас утга учиртай санагдсан өгүүлбэрүүдийг сонсож, яагаад тэгж санагдсан шалтгаанаа тайлбарлахад бэлтгэлтэй байхыг хүс.

Зураг
Ахлагч Жон А.Видцоу

“Үзмэрч бол сүнсний нүдээр хардаг хүн юм. Тэрээр бусдын ойлгож чадахгүй байгаа [бусдад тодорхой бус эсвэл бусдаас нуугдсан] зүйлсийг ойлгож чаддаг. Тиймээс тэр бол мөнхийн үнэний тайлбарлагч буюу орчуулагч юм. Тэрээр өнгөрсөн, ирээдүй мөн одоог урьдчилан хардаг. Үүнийг тэрээр өөрөөр нь шууд дамжуулах Их Эзэний хүч чадлаар эсвэл Урим ба Туммим гэх зэрэг бурханлаг хэрэгслийн тусламжтайгаар хийдэг. Товчоор хэлбэл, тэр бол нээлттэй нүдээр Их Эзэний гэрэлд харж мөн алхдаг хүн юм” (Жон А.Видцоу, Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham, 3-р боть. in 1 [1960 он], 258).

Бошиглогч бол “Бурханаар дуудагдаж, Түүний өмнөөс ярьдаг хүн. Бошиглогч нь Бурханы элчийн хувьд Бурханаас ирдэг зарлиг, бошиглолууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авдаг. Түүний үүрэг хариуцлага бол Бурханы хүсэл зориг хийгээд үнэн мөн чанарыг хүн төрөлхтөнд таниулж, тэдэнтэй харилцах харилцааны утга учрыг харуулах явдал мөн. Бошиглогч нүглийг буруушаан зэмлэж, үр дагавруудыг нь угтан хэлдэг. Бошиглогч бол зөв шударга ёсыг номлогч мөн. Зарим тохиолдолд бошиглогчид хүн төрөлхтний ашиг тусын тулд ирээдүйг угтан хэлэхэд сүнслэгээр нөлөөлөгддөг байна. Гэвч түүний анхдагч үүрэг хариуцлага бол Христийн тухай гэрчлэх явдал мөн” (Судруудын удирдамж, “Бошиглогч,” scriptures.lds.org).

Тодорхойлолт бүрийг уншсаны дараа хэсэг суралцагчийг тэдэнд онцгой санагдсан өгүүлбэрүүдийг тайлбарлахад урь.

Үргэлжлүүлэхээсээ өмнө Сургаал ба Гэрээ 21-ийн эхний шүлэгт гарсан дараах бусад нэр томъёоны тодорхойлолтыг суралцагчидтай товч ярилцах нь тустай байж магадгүй.

Орчуулагч:(1) нэг хэлэн дээр өгсөн санааг адилхнаар нөгөө хэлээр илэрхийлэх (2) хэлэнд нэгэнт байгааг орчуулан сайжруулах буюу засварлах, эсвээс алдагдсан сэдвийг дахин сэргээдэг хүн (Судруудын удирдамж, “Орчуулах,” scriptures.lds.org-г үзнэ үү).

Төлөөлөгч: дэлхий дээрх Есүс Христийн онцгой гэрч (Bible Dictionary, “Apostle”-г үзнэ үү).

Ахлагч: “Бүх Мелкизедек санваартанд өгсөн тохиромжтой хэргэм” мөн Есүс Христийн тохинууллыг бүрэн цагаар хийхээр дуудагдсан нэгэнд өгсөн нэр томъёо (Bible Dictionary, “Elders”-г үзнэ үү).

  • Иосеф Смитэд өгсөн нэр томъёо Сэргээлт дэх түүний чухал үүргийг ойлгоход танд хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:2–3-ыг дотроо уншаад, Бурхан Иосеф Смитэд юуг хийхэд сүнслэгээр нөлөөлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. (Суралцагчид Бурхан Иосеф Смитийг Есүс Христийн Сүмийг сэргээхэд удирдсан гэдэг үнэнийг илэрхийлэх ёстой.)

  • Иосеф Смит Есүс Христийн Сүмийг сэргээж, удирдахаар Бурханаар дуудагдсан гэдгийг мэдэх нь яагаад бидэнд чухал гэж та бодож байна вэ?

Зураг
Бошиглогч Иосеф Смит

Суралцагчдад Иосеф ах (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], no. 87; мөн LDS.org-г үзнэ үү) зургийг үзүүлээд, дээр ярилцсан үнэний талаар гэрчил.

Сургаал ба Гэрээ 21:4–9

Сүмийн гишүүд Иосеф Смитийн үгсийг анхааран сонсох ёстой

Их Эзэн энэхүү илчлэлтийг Сүм зохион байгуулагдсан өдөр өгсөн гэдгийг суралцагчдад сануул. Энэхүү илчлэлт уг онцгой өдөр өгөгдсөн нь үүнд чухал ач холбогдлыг өгдөг.

Сургаал ба Гэрээ 21:4–5 дахь дараах үгс, хэллэгүүдийг самбар дээр бич (бага хаалтан дахь тодорхойлолтуудыг битгий оролцуул). Тухайлбал:

сүм (бидний цаг үе дэх болон Иосеф Смитийн өдрүүд дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд)

түүний (ялангуяа Иосеф Смит, мөн Сүмийн одоогийн ерөнхийлөгчийг хэлж болно)

үгс хийгээд зарлигууд (Их Эзэний бошиглогчоор дамжуулан өгсөн тодорхой заавруудыг оролцуулан бүх бошиглогчийн сургаал болон зөвлөгөөг хэлдэг)

бүхий л тэвчээр хийгээд итгэлд (энэ нь бид бошиглогчийн сургаалд бүрэн итгэлтэй байж болох ба түүний талаар шүүмжлэхгүй байж, түүний хувийн сул дорой байдлаас үл шалтгаалан зөвлөгөөг нь дагаж, амлагдсан адислалуудыг тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэсэн үг юм)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:4–5-ыг дотроо уншаад, самбар дээрх үг, хэллэгүүдийн утгыг тунгаан бодоход урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдаас эдгээр үгс, хэллэгийг хэрхэн тодорхойлж болохыг асуу. Та магадгүй бага хаалтан дахь үгсийг ярилцлагыг эхлүүлэхийн тулд ашиглаж болно. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Сургаал ба Гэрээ 21:4–5-д цэдэглэснээр бид бошиглогчийн ямар сургаалд анхаарал тавих хэрэгтэй вэ? (Бид “түүний бүх үгсэд хийгээд зарлигуудад” анхаарал тавих ёстой.)

  • Заримдаа бошиглогчийн үгсийг хүлээн авахад яагаад тэвчээр хийгээд итгэл шаардагддаг вэ?

  • Бошиглогч Их Эзэнээс зөвлөгөө мөн зарлигуудыг хүлээн авдаг гэдгийг мэдэх нь түүний үгсийг “бүхий л тэвчээр хийгээд итгэлтэйгээр” хүлээн авахад та нарт хэрхэн туслах вэ? (C ба Г 21:5).

Суралцагч бүрийг Сургаал ба Гэрээ 21:6-г дотроо уншаад, бошиглогчдын үгсийг тэвчээр хийгээд итгэлтэйгээр хүлээн авдаг хүмүүст өгөгддөг гурван адислалуудыг олж мэдэхэд урь. (Та мөн сэгсрэх гэдэг нь ямар нэгэн зүйлийг байрнаас нь хөдөлгөх эсвэл хайрцаг эсвэл тулгуураас нь салгах гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаж болно. Иймээс энэ шүлгийн бас нэгэн орчуулга нь тэнгэр “[бидний] сайн сайхны” төлөө сэгсрэгдэхэд илчлэлтүүд болон адислалууд “чөлөөлөгдөж”, амьд бошиглогчдын үгсийг дагадаг хүмүүсийн дээр цутгагдах болно байж болно.

  • Та бошиглогчдын үгсэд анхаарал тавьдаг хүмүүст өгөгддөг адислалуудыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч хариултууд нь дараах зарчмыг тусгах ёстой. Хэрэв бид бошиглогчийн үгсэд анхаарал хандуулбал дайсны эсрэг хамгаалагдах болно. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Бошиглогчдын үгсэд анхаарал тавих нь хэрхэн “харанхуйн хүчийг сарниулах” вэ?

Суралцагчдад олж мэдсэн зарчмаа ойлгоход нь туслахын тулд тэдний нэгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос авсан болзооны талаарх (эсвэл таны сонгосон өөр хэсгийг) дараах хэсгийг чангаар уншихад урь. Суралцагчдыг анхааралтай сонсож, бошиглолын зөвлөгөө болон амлагдсан адислалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг уншиж дууссаны дараа олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

“Болзоо нь залуу эрэгтэй ба залуу эмэгтэйг бие биенээ илүү сайн таньж, мэдэх боломжийг олгодог төлөвлөгдсөн үйл ажиллагаа юм. Болзохыг хүлээн зөвшөөрдөг соёл иргэншилд болзоо нь харилцааны соёлд суралцан мөн түүнийгээ хэрэгжүүлж, нөхөрлөлийг хөгжүүлж, цагийг зөв сайхан өнгөрөөж мөн яваандаа мөнхийн ханиа олоход тусалж чадна.

Наад зах нь 16 нас хүртлээ болзоонд явах ёсгүй. Болзож эхлэхдээ өөр нэг буюу түүнээс дээш хостой хамт явж бай. Нэг хүнтэй ойр ойрхон болзож уулзахаас зайлсхий. Дэндүү бага залуугаасаа хэн нэгэнтэй харилцаагаа гүнзгийрүүлэх нь та нартай учрах байсан хүмүүсийн тоог хязгаарлаж, ёс суртахуунгүй явдалд хөтөлж болох юм. Эцэг эхээ болзож байгаа хүнтэйгээ танилцуул.

Зөвхөн өндөр жишигтэй мөн цуг байхад өөрсдийн жишгийг хадгалж болох хүмүүстэй болзохоор сонго. Болзож байгаа залуу эмэгтэй, залуу эрэгтэй бие биенийхээ нэр төр, ариун журмыг хамгаалах үүрэгтэй гэдгийг санаарай” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011 он], 4; мөн LDS.org-г үзнэ үү).

  • Та эсвэл таны мэддэг хэн нэгэн амьд бошиглогчийн үгс болон зарлигуудад анхаарал тавьснаар хэзээ адислагдсан бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:6 дээрх амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо тунгаан бодоход урамшуулан дэмж. Тэд бошиглогчийн үгсэд чин сэтгэлээсээ анхаарал тавьснаар одоо болон үүрд мөнхөд агуу адислалуудыг хүлээн авах болно гэдгийг тэдэнд баталж хэл.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 21:7–9-ийг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогч Иосеф Смитийн зөв шударга хүсэл болон зан байдлуудыг олж мэдэхийг хүс.

  • Бид эдгээр шүлгээс бошиглогч Иосеф Смитийн тухай юу мэдэж болох вэ?

  • Эдгээр шүлэг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн одоогийн ерөнхийлөгчийг мөн хэрхэн төлөөлж байгаа гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 21:10–12

Оливер Каудерийг ахлагч болон номлогчоор хүлээн зөвшөөрөв

Сүмийн анхны цуглаан дээр бошиглогч Иосеф Смит Оливер Каудериг ахлагчаар томилж, Оливер Каудери Бошиглогчийг ахлагчаар томилсон гэдгийг суралцагчдад хэл. Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 21:10–12-ыг чангаар уншихад урь.

Та мөн 10-р шүлэгт Их Эзэн Оливер Каудериг “миний төлөөлөгч” (мөн С ба Г 20:2–3-ыг үзнэ үү) гэж хэлснийг онцолж болно. Грек хэлэнд төлөөлөгч гэдэг нь “урагш илгээгдсэн нэгэн” (Судруудын удирдамж, “Төлөөлөгч,” scriptures.lds.org) гэсэн утгатай. Оливер Каудери Их Эзэнээр урагш илгээгдсэн ба Аврагчийн тухай гэрчлэх зарлиг авсан юм. Оливерт төлөөлөгчийн үүргийг өгсөн ч гэсэн тэр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн биш байв. Гэсэн хэдий ч тэрээр 1835 онд зохион байгуулагдсан уг чуулгын гишүүдээр дуудагдах хүмүүсийг эрж олоход тусалсан юм.

  • Сургаал ба Гэрээ 21:11-д цэдэглэснээр Оливер Каудери юу хийхээр дуудагдсан бэ? (Их Эзэний нэрийг авч явах.)

  • Их Эзэний нэрийг авч явах гэдэг нь юу гэсэн үг вэ?

Их Эзэний нэрийг авч, гэр бүл, нийгэм тэрчлэн дэлхийд Сүмийг төлөөлөх арга замуудын талаар хүлээн авсан өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд суралцагчдыг урамшуулан дэмжсэнээр өнөөдрийн хичээлийг дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 21. 1830 оны 4-р сарын 6-ны тухай Иосеф Смитийн тайлбар

Сүм албан ёсоор зохион байгуулагдсан 1830 оны 4-р сарын 6-ны үйл явдлын талаар бошиглогч Иосеф Смит:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Ариун Сүнс бидэн дээр агуу ихээр юүлэгдэн, бид бүгд Бурханыг магтан үлэмж ихээр баясан байх зуур зарим нь бошиглож гарах нь тэр” гэж хэлжээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас : Иосеф Смит [2007 он], 157).

Сургаал ба Гэрээ 21. 1830 оны 4-р сарын 6-ны тухай Иосеф Найтын дурсамж

Ахмад Иосеф Найт энэхүү өдөр Иосеф Смитийн аав Ахмад Иосеф Смит баптисм хүртэх үед бошиглогчийн мэдэрсэн баяр хөөрийг дурсжээ.

“Смит ах, Мартин Харрис хоёрыг баптисм хүртсэн тэр оройны талаар би нэг зүйлийг дурдах болно. Иосеф өөрийнхөө эцэг, Мартин Харрис хоёрыг хараад бүр дэлхий өөрийг нь барьж дийлэхгүй болтол асар их баяр хөөр болон Сүнсийг мэдэрсэн юм. Тэрээр гадагшаа гараад, хүмүүсийн нүднээс холдож, уйлж мэгшин, бүр амьсгалж чадахгүй болтлоо баяр хөөрөөр дүүрсэн байлаа. … Би урьд өмнө нь ингэж их сэтгэл нь хөдөлсөн хүн хараагүй билээ. Тэрээр баяр баясгалангаар дүүрэн харагдаж байлаа. Тэрээр өөрийнхөө эхэлсэн агуу ажлыг хараад, үүнийгээ хийж дуусгах хүслийг мэдэрсэн гэж би бодож байна” (Dean Jessee, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” BYU Studies, vol. 17, no. 1 [1976 он], 37-д эш татсанаар).

Сургаал ба Гэрээ 21:5. “Түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой”

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон амьд бошиглогч болон Сүмийн Ерөнхийлөгчийн ач холбогдлыг:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Ирээдүйд ирэх чухал сорилтуудыг давахад тань туслахын тулд би нэгэн чухал түлхүүрийн хэд хэдэн талыг хэлж өгье. Хэрэв та нар тэдгээрийг дагавал та нарыг Бурханы алдар суугаар шагнаж, Сатаны уур хилэнгийн эсрэг ялалт байгуулахад хүргэх болно.

…Чухал түлхүүр нь бошиглогчийг дагах явдал юм. Одоо Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч, бошиглогчийг дагах арван дөрвөн үндсэн зарчмыг хэлж өгье. …

Нэгдүгээрт: Бошиглогч Их Эзэний өмнөөс бүх зүйлийн талаар ярьдаг цорын ганц хүн юм.

Хоёрдугаарт: Амьд бошиглогч бидэнд жишиг бүтээлүүдээс илүү чухал байдаг.

Гуравдугаарт: Амьд бошиглогч бидэнд нас барсан бошиглогчдоос илүү чухал.

Дөрөвдүгээрт: Бошиглогч Сүмийг хэзээ ч буруу зам руу удирдахгүй.

Тавдугаарт: Бошиглогч хэзээ ч ямар ч сэдвийн талаар ярьж, ямар ч үйл ажиллагаанд оролцоход дэлхийн олгох ямар нэгэн сургалт, боловсролыг эзэмшсэн байх шаардлагагүй.

Зургаадугаарт: Бошиглогч бидэнд судар өгөхдөө заавал ‘Их Эзэн ийн айлдаж байна’ хэмээн хэлэх шаардлагагүй.

Долоодугаарт: Бошиглогч үргэлж бидний мэдэхийг хүссэн зүйлийг биш харин мэдэх хэрэгтэй зүйлсийг хэлдэг.

Наймдугаарт: Бошиглогч хүмүүний бодол ойлголтоор хязгаарлагддаггүй.

Есдүгээрт: Бошиглогч биеийн болон сүнслэг байдлын—ямар ч зүйлийн талаар илчлэлт хүлээн авч чадна.

Аравдугаарт: Бошиглогч иргэний үйл ажиллагаанд оролцож болно.

Арван нэгдүгээрт: Бошиглогчийг дагахад хамгийн хэцүү байдаг хоёр бүлэг хүн байдаг. Үүнд их мэдлэгээсээ болж бардам болсон болон баян чинээлгээсээ болоод бардам болсон хүмүүс ордог.

Арван хоёрдугаарт: Бошиглогч дэлхийд эсвэл дэлхийн зүйлүүдэд нэр алдартай байх шаардлагагүй.

Арван гуравдугаарт: Бошиглогч болон түүний зөвлөхүүд Сүмийн хамгийн дээд чуулга болох—Тэргүүн Зөвлөлийг бүрдүүлдэг.

Арван дөрөвдүгээрт: Бошиглогч болон ерөнхийлөгчийн зөвлөл—амьд бошиглогч болон Тэргүүн Зөвлөлийг дагавал адислагдах болно, эсэргүүцвэл зовно” (“Fourteen Fundamentals in Following the Prophet” гэж онцолж хэлсэн байдаг [Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх ярилцлагаар хэлсэн үг, 1980 оны 2-р сарын 26], 1, 6, speeches.byu.edu).

Сургаал ба Гэрээ 21:5–6. “Бүхий л тэвчээр хийгээд итгэлд”

Ерөнхийлөгч Харолд Б.Лий бидний үзэл бодол бошиглогчийн зөвлөгөөнөөс өөр байсан ч гэсэн түүний зөвлөгөөнд анхаарал тавихын үнэ цэнийн талаар:

Зураг
Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Энэ сүмийн гишүүд бидэнд байдаг цорын ганц аюулгүй байдал бол Сүм зохион байгуулагдсан өдөр Их Эзэн Сүмд хандан хэлсэн зүйлсийг ширхэгчлэн биелүүлэх явдал мөн. Бид Их Эзэний бошиглогчоороо дамжуулан өгөх үгс хийгээд зарлигуудыг ‘тэрээр тэдгээрийг хүлээн авсан үед, та нар миний өмнө бүхий л цэвэр ариун байдалд алхан; … миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд’ хүлээн авах ёстой (С ба Г 21:4–5). Зарим зүйл нь итгэл, тэвчээрийг шаардах болно. Сүмийн эрх мэдэлтнүүдээс ирж байгаа зүйл та нарт таалагдахгүй байж болно. Энэ нь та нарын улс төрийн болон нийгмийн талаарх үзэл бодолтой мөн нийгмийн амьдралтай зарим талаараа зөрчилдөж магадгүй. Хэрэв та эдгээр зүйлийг Их Эзэний өөрийнх нь амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлээрээ сонсвол ‘тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно’ гэж тайлбарлажээ (С ба Г 21:6)” (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000 он], 84–85; мөн Doctrine and Covenants Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001 он], 45-ыг үзнэ үү).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллард:

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Ах, эгч нар аа, бидний дунд Бурханы бошиглогч байна гэдэг нь жижиг зүйл биш юм. Бид Их Эзэний түүгээр дамжуулан өгөх үгсийг сонссоноор агуу, гайхамшигт адислалууд бидний амьдралд ирэх болно. Яг тэр мөчид [одоогийн Сүмийн ерөнхийлөгч] нь Бурханы бошиглогч гэдгийг мэдэх нь бидэнд үүрэг хариуцлагыг өгдөг. Бид Сүмийн ерөнхийлөгчийн үгээр дамжин ирсэн Их Эзэний зөвлөгөөг бид эергээр хүлээн авч мөн хурдан шаламгай хариу үйлдэл хийх ёстой. Эртний Нифайн адил бошиглолын зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдал, амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг: ‘Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно’” хэмээн заажээ (“His Word Ye Shall Receive,” Ensign, 2001 оны 5-р сар, 65).