Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 21


Хэсэг 21

1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэл нь дурдсан өдөр Сүмийг зохион байгуулах үед, Ахмад Петр Витмерийн гэрт өгөгдсөн ажээ. Өмнө нь баптисм хүртсэн байсан зургаан хүн оролцжээ. Бурханы зарлигийн дагуу энэ хүмүүс, зохион байгуулах өөрсдийн хүсэл болон төгс шийдвэрийг нэгдмэл саналаар илэрхийлсэн байлаа (хэсэг 20-ийг үз). Тэрчлэн тэд Бага Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг Сүмийн тэргүүлэх удирдагчдаар хүлээн зөвшөөрч мөн дэмжихээр санал өгсөн байлаа. Дараа нь Иосеф гар тавин, Оливерыг Сүмийн ахлагчаар томилов, мөн Оливер нэгэн адилаар Иосефыг томилов. Ариун ёслолыг гүйцэтгэсний дараа, хүн бүрд Ариун Сүнс хүртээхийн тулд мөн Сүмийн гишүүнээр батлахын тулд Иосеф мөн Оливер оролцогчид дээр тус бүр дээр гар тавив.

1–3, Иосеф Смит үзмэрч, орчуулагч, бошиглогч, төлөөлөгч мөн ахлагч байхаар дуудагдав; 4–8, Түүний үг Сионы байр суурийг удирдан чиглүүлэх болно; 9–12, Тэрээр Тайтгаруулагчаар дамжуулан ярихад гэгээнтнүүд түүний үгсэд итгэх болно.

1 Болгоогтун, та нарын дунд цэдэг хөтлөгдөх болно; мөн үүнд чи үзмэрч, орчуулагч, бошиглогч, Есүс Христийн төлөөлөгч, мөн сүмийн ахлагч хэмээн дуудагдах болно, Бурхан Эцэгийн таалал бөгөөд мөн та нарын Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр дамжуулан буюу,

2 Чи үүний суурийг тавихад болон хамгийн ариун шашинд үүнийг өсгөн бэхжүүлэхийн тулд Ариун Сүнсээр нөлөөлөгдсөн болой.

3 Уг сүм нь та нарын Их Эзэний мянга найман зуун гучин оны хаврын дунд сард, мөн дөрөвдүгээр сар хэмээн нэрлэгдэх уг сарын зургаа дахь өдөр зохион байгуулагдаж мөн үндэслэгдсэн бөлгөө.

4 Иймийн тул, сүмд хэлэхэд, та нар түүний бүх үгэнд болон зарлигуудад анхаарал тавих ёстой, миний өмнө бүхий л цэвэр ариун байдалд алхан, тэдгээрийг тэрээр хүлээн аваад та нарт өгөх үед нь болой;

5 Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр болон итгэлтэйгээр хүлээн авах ёстой.

6 Учир нь эдгээр зүйлийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчүүдийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан бөгөөд өөрийн нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно.

7 Учир нь Их Эзэн Бурхан ийн хэлэх ажгуу: Сайн сайхны төлөө хүчирхэг хүч чадалд Сионы байр суурийг урагш ахиулахын тулд би түүнд сүнслэгээр нөлөөлсөн билээ, мөн би түүний хичээл зүтгэлийг мэднэ, мөн би түүний залбирлуудыг сонссон бөлгөө.

8 Тийм ээ, Сионы төлөө түүний уйлахыг харсан билээ би, мөн тэрээр түүний төлөө гашуудахыг нь эцэс болгоно би; учир нь нүглүүдийнх нь ангижралаас, мөн түүний ажлууд дээрх миний адислалуудын үзүүлэлтүүдээс болж түүний баяр баяслын өдрүүд нь ирлээ.

9 Учир нь, болгоогтун, миний жимсний талбайд хөдөлмөрлөдөг тэднийг бүгдийг нь би хүчирхэг адислалаар адислах болно, мөн Тайтгаруулагчаар дамжуулан надаас түүнд өгөгдсөн түүний үгсэд тэд итгэх болно, Есүс дэлхийнхний нүглүүдийн төлөө, тийм ээ, харууссан зүрхтэнгүүдийн нүглүүдийн ангижралын төлөө нүгэлт хүмүүсээр цовдлогдсоныг уг Тайтгаруулагч үзүүлдэг бөлгөө.

10 Иймийн тул миний төлөөлөгч Оливер Каудери чамаар тэр томилогдох ёстой нь миний таалал болой;

11 Энэ ёслол нь чиний тусын тулд болой, чи миний нэрийг хэрэглэх Христийн энэ сүмд ахлагч байж болохын тулд, тэрбээр чамаас анхдагч болохоор чи түүний гар дор ахлагч болохын тулд болой—

12 Мөн сүмд мөн дэлхийн өмнө, тийм ээ, харийнхны өмнө, тийм ээ, харагтун, харагтун! Тэрчлэн иудейчүүдэд энэ сүмийн анхны номлогч бөлгөө, хэмээн Их Эзэн Бурхан хэлнэм. Амен.