Семинар
67-р хичээл: Сургаал ба Гэрээ 63:1–21


67-р хичээл

Сургаал ба Гэрээ 63:1–21

Оршил

1831 оны зун Иосеф Смит Миссуригийн Индепенденст гэгээнтнүүд Сионыг барих ёстой байсан газрыг онцгойлон адислахыг хариуцаж байв. Бошиглогчийг эзгүй байхад Огайо дахь Сүмийн зарим гишүүн Их Эзэнээс нүүр буруулж мөн ноцтой нүглүүд үйлджээ. Бошиглогч Иосеф Смит 8-р сарын 27-нд Көртланд руу буцсан ба 8-р сарын 30-нд тэрээр Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ хичээл нь Их Эзэн гэгээнтнүүдэд ёс бус байдал болон эсэргүүцлийн үр дагавруудын талаар анхааруулсан уг илчлэлтийн нэг хэсгийг хамардаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 63:1–6

Их Эзэн гэгээнтнүүдэд ёс бус байдал болон эсэргүүцлийн үр дагавруудын талаар анхааруулав

Суралцагчдыг найз нь дараах зүйлийг асуусан гэж төсөөлөн бодоход урь. Цөөн суралцагчаас хэрхэн хариулах байснаа хуваалцахыг хүс.

  • Чи зугаацахын оронд яагаад Сүмийн заадаг зүйлүүдийг дагадаг вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, дараах асуултуудыг тавь.

  • Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд, бид итгэл бишрэлийнхээ дагуу амьдрах нь яагаад чухал гэж та боддог вэ?

1831 оны зун Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Миссури дэх газар ба Сион дахь ариун сүмийн талбайг онцгойлон адислахаар очоод байх үед Огайо дахь Сүмийн зарим гишүүн нууцаар ноцтой нүглүүд үйлдэж байсан гэдгийг тайлбарла. Бошиглогч Огайо руу буцаж очоод Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 63:1-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас энэ шүлэгт Их Эзэн Сүмийн гишүүдийг юу гэж нэрлэснийг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Өөрсдийгөө Их Эзэний хүмүүс гэж дуудах нь Их Эзэний хүмүүс байхаас яагаад өөр вэ?

Суралцагчдаас 1-р шүлгийг дахин уншиж, өөрсдийгөө Их Эзэний хүмүүс гэж нэрлэдэг хүмүүст Их Эзэний өгсөн зарлигийг олж мэдэхийг хүс.

  • Өөрийнх нь хүмүүсийн хувьд Их Эзэн биднийг юу хийгээсэй хэмээн хүсдэг вэ? (Дараах зарчмыг самбар дээр бичиж, суралцагчдын хариултуудыг нэгтгэн дүгнэ. Их Эзэний хүмүүсийн хувьд бид зүрх сэтгэлээ нээж, Түүний үгийг болон Түүний хүслийг сонсох ёстой.)

  • Зүрх сэтгэлээ нээх гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  • Зүрх сэтгэлээ нээх нь Их Эзэний дуу хоолойг сонсоход биднийг хэрхэн бэлтгэдэг вэ?

  • Та нар зүрх сэтгэлээ нээхэд тань туслах юуг хийдэг вэ?

Суралцагчдыг энэ хичээлийн үеэр Ариун Сүнсний нөлөөнд зүрх сэтгэлээ нээхэд урь. Та тэдэнд Сүнснээс авах бодлууд эсвэл өдөөлтүүдийг бичиж авахыг зөвлөж болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 63:2, 6-г чанга уншихад урь. Суралцагчийг уншихаас өмнө, та 6-р шүлэг дэх “хилэгнэлийн өдөр” гэсэн хэллэг нь Есүс Христийн Хоёр дахь ирэлт буюу нүглүүдээ наманчлаагүй хүмүүс сонголтуудынхаа үр дагавруудыг амсах үеийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн ёс бусчууд болон эсэргүүцэгчдэд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Сургаал ба Гэрээ 63:7–21

Их Эзэн тэмдэг эрэлхийлэх болон ёс бус үйлдлүүдийн эсрэг сэрэмжлүүлэв

Сургаал ба Гэрээ 63:6 дахь“үл итгэгчид уруулаа хамхиг” гэсэн зарлигийг онцлон хэл. Энэ үед Сүмийн зарим гишүүн Сүмийг үнэн гэдэгт итгэхээ больсон байсан ба Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийн эсрэг зүйлийг нийтэд ярьж байсан гэдгийг тайлбарла (History of the Church, 1:216–217-г үзнэ үү). Сүмийг хамгийн идэвхтэй шүүмжлэгчдийн нэг бол Эзра Бут гэгч эрэгтэй байжээ. Нэг суралцагчийг Эзра Бутийг сүмд нэгдэхэд хөтөлсөн явдлын талаарх дараах хоёр догол мөрийг уншихад урь.

Эзра Бут Огайод Методист сүмийн номлогч байжээ. Тэр 1831 оны эхээр Мормоны Номыг уншсаны дараа сэргээлтийг сонирхох болсон байна. Тэр бошиглогчтой уулзахаар Жон мөн Алис Жонсон нартай хамт Көртланд руу явжээ. Жонсон эгч хэрх өвчинд нэрвэгдсэнээс болж гар нь өвдөж хавдан мөн чинэрсэн байв. Иосеф Смиттэй уулзахаас өмнө, тэр хоёр жилийн турш гараа толгой хүртлээ өргөж чаддаггүй байжээ.

Ярилцлагын үеэр яриа, төлөөлөгчдийн өдрүүдэд өгөгддөг байсан ер бусын бэлгүүд рүү шилжив. Нэг хүн ‘Жонсон эгч өрөөл татанги гартай болсон байна. Бурхан түүнийг эдгээх ямар нэг хүчийг хүмүүнд өнөөдөр дэлхий дээр өгсөн болов уу?’ гэж хэлжээ. Хэдэн сарын дараа, ярианы сэдэв өөр тийшээ эргэсэн үед, Иосеф Смит босож, өрөөн дотор алхаж, Жонсон эгчийн гараас барьж, маш ёслол төгөлдөр мөн хүндэтгэлтэй маягаар: ‘Эмэгтэй, Их Эзэн Есүс Христийн нэрээр би танд бүрэн бүтэн болохыг зарлиглаж байна’ хэмээн хэлээд өрөөнөөс тэр даруй гарчээ. … Жонсон эгч гараа түвэггүй өргөж, маргааш нь гэртээ эргэж ирээд ямар нэг хүндрэл эсвэл өвдөлтгүйгээр хувцас угааж байв” (History of the Church, 1:215–216-д).

  • Хэрэв та нар үүнтэй адил гайхамшгийн гэрч болсон бол ямар санагдах байсан бэ?

Эзра Бут энэ гайхамшгийн гэрч болсон ба удалгүй баптисм хүртсэн гэдгийг тайлбарла.

Дараах үгсийг самбар дээр бич. Тэмдгүүд ба итгэл.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 63:7–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн тэмдгүүд болон итгэлийн талаар юу заасныг олж тогтоохыг хүс.

  • Бид эдгээр шүлгээс тэмдгүүд болон итгэлийн талаар юу сурч болох вэ? (Суралцагчид олон зарчим тодорхойлж болох ч, дараах үнэнийг онцлох хэрэгтэй. Итгэл тэмдгүүдээр ирдэггүй. Энэ үнэнийг самбар дээр Тэмдгүүд ба итгэл гэдгийн доор бич.)

  • Агуу тэмдгүүд эсвэл гайхамшгийн гэрч болсон боловч жинхэнэ итгэл ба зөв шударга байдлыг бий болгоогүй хүмүүсийн ямар жишээнүүд судруудад байдаг вэ? (Энэ жишээнд Израилын угсаа [Тооллого 14:22–23-ыг үзнэ үү] мөн Лемен, Лемүел орж болно [1 Нифай 17:43–45-ыг үзнэ үү].)

Эзра Бут бол итгэлийн оронд тэмдгүүдэд найдсан хүний жишээ гэдгийг тайлбарла. Тэр баптисм хүртсэнийхээ дараа, санваарыг хүлээн авч мөн номлол хийхээр Миссури руу илгээгдсэн байна. Бут энэ номлолд гарахдаа маш их хүлээлттэй байсан бөгөөд тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлж олон хүнийг хөрвүүлнэ гэж боджээ. Гэвч багахан хугацааны турш номлосныхоо дараа Бут хүсэн хүлээсэн үр дүнгээ үзээгүй ба “эргэж” мөн урвасан юм (History of the Church, 1:216-г үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит Эзра Бутийн талаар дараах ажиглалтыг хийжээ.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Тэр ‘Аврагч өөрт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг цохих мөн итгүүлэх хүчийг өгөхийн’ оронд итгэл, даруу байдал, тэвчээр мөн бэрхшээлийн дараа адислал ирдэг ба Бурхан өргөмжлөхөөсөө өмнө доор авчирдгийг мэдээд сэтгэлээр унасан юм” (History of the Church, 1:216-д).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 63:10-12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, нэмэлт үнэнүүдийг олж мэдэхийг хүс.

  • 10-р шүлэгт цэдэглэгдсэнээр, тэмдгүүд хэрхэн ирдэг вэ? (Суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход тусал. Тэмдгүүд нь Бурханы хүслийн дагуу итгэлээр ирдэг. Энэ үнэнийг самбар дээрх Тэмдгүүд ба итгэл гэсэн гарчгийн доор нэмж бич.)

  • Бид яагаад итгэлээ хөгжүүлсний дараа тэмдгүүдийг хүлээн авдаг гэж та нар бодож байна вэ?

  • 12-р шүлэгт цэдэглэгдсэнээр, тэмдгүүдийг эрэлхийлэх ямар зөв шалтгаан байдаг вэ? (“[Бурханы] алдар суугийн төлөө хүмүүний сайн сайхны төлөө” буюу бусдад туслах болон Их Эзэний ажлыг урагшлуулах.)

Тэмдгүүд болон гайхамшгууд нь үргэлж гайхалтай харагддаггүй гэдгийг онцлон хэл. Бид итгэлээ хөгжүүлснээр сайн мэдээний үнэний талаарх тэмдэг эсвэл гэрчийг чимээгүй, хувийн арга замаар олонтоо хүлээн авдаг.

  • Бид сайн мэдээний гэрчлэлийг хүлээн авахын тулд хэрхэн итгэлээ хөгжүүлж чадах вэ? (Тэдний хариултыг самбар дээр жагсаан бичиж болно. Хариултууд нь залбирал, судраас судлах, мацаг барих, үйлчлэх болон сайн мэдээний зарчмуудаар амьдрах зэргийг багтааж болно.)

Суралцагчдыг эдгээр арга замын нэгээр итгэлээ хөгжүүлснээр сайн мэдээний үнэний талаар гэрчлэл хүлээн авсан туршлагаасаа хуваалцахад урь.

Суралцагчдад Огайо дахь Сүмийн зарим гишүүн тэмдгүүд эрэлхийлэхээс гадна “зарлигуудаас нүүр буруулж” (С ба Г 63:13) мөн ноцтой нүглүүд үйлдэж байсан гэдгийг сануул. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 63:14–19-ийг дотроо уншиж, Сүмийн гишүүдийн үйлдсэн зарим нүглийг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. (Та садарлагч гэдэг нь бэлгийн харьцааны нүгэл үйлддэг хүн гэдгийг тайлбарлаж болно. Мэрэг төлөгч гэдэг нь хилэнцэт сүнснүүдийн нөлөөг урьсан үйл ажиллагаанд оролцдог хүн юм.)

  • 16-р шүлэг дэх тачаангуйгаар харахын талаар Их Эзэний сэрэмжлүүлгийг анзаар. Бусдыг тачаангуйгаар харах гэдэг нь ямар утгатай үг вэ? (Тачаангуйгаар харах гэдэг нь хэн нэгэнд эсвэл “ямар нэгэн зүйлийг зохисгүйгээр хүчтэйгээр хүсэх” гэсэн үг [Судруудын Удирдамж, “Тачаангуйгаар харах” scriptures.lds.org]. Бусдыг тачаангуйгаар харах гэдэг нь бусдын биеийг зохисгүй байдлаар эсвэл дур хүсэл өдөөх маягаар харахыг хэлдэг. Үүнд порнограф үзэх ордог.)

  • 16-р шүлэг дэх Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгээс та нар ямар зарчим олсон бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид бусдыг тачаангуйгаар харвал Сүнсийг алдаж мөн итгэлийг үгүйсгэх болно. Та суралцагчдад энэ зарчмыг заадаг үгсийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Бусдыг тачаангуйгаар харах нь яагаад Сүнсийг алдахад хүргэдэг гэж та нар бодож байна вэ?

  • Бид бусдыг тачаангуйгаар харах уруу таталтыг даван туулахын тулд юу хийж чадах вэ?

Тачаангуйгаар харахаас зайлсхийх талаарх хэлэлцүүлгийн хэсэг болгон нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах тайлбарыг уншихад урьж болно.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Юуны түрүүнд та нарыг хорлох хүмүүс, материал болон орчноос өөрсдийгөө хол хөндий байлга. …

…Телевизийн нэвтрүүлэг ёс жудаггүй байх юм бол зурагтаа шууд унтрааж бай. Кино ой гутам бүдүүлэг байвал орхиод гар. Зохисгүй харилцаа үүсэж магадгүй байвал энэ харилцааг хурдхан орхи. Наанадаж л эдгээр нөлөөллийн олонх нь эхэндээ хор уршигтай биш юм шиг санагдаж болно. Гэвч бидний шийдвэрийг өөрчилж, сүнслэг байдлыг сулруулж, хор уршигтай муу зүйл рүү хөтөлж мэднэ. …

…Ёс жудаггүй бодол санаагаа итгэл найдварын төсөөлөл, аз жаргалтай дурсамжаар соль. Гомдоовол мөхөл сүйрэлд хүрч мэдэх, чамайг хайрладаг хүмүүсийн нүүр царайг төсөөл. … Та нарын зүрх сэтгэл дэх ямар ч бодол санаа зөвхөн урилгаар ирсэн байхыг мэд. …

Ариун Сүнсийг эрэлхийлж, Их Эзэний Сүнс байдаг газарт бай. Гэр орон чинь, байдаг газар чинь ийм байх хэрэгтэй. Гэр орон, байдаг газарт чинь ямар зураг, ямар хөгжим, уран зохиол байх ёстойг сайтар бод” (“Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” Ensign, 2010 оны 5-р сар, 45, 46 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52–53).

Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн анхны зарчмыг онцол. Их Эзэний хүмүүсийн хувьд бид зүрх сэтгэлээ нээж, Түүний үгийг болон Түүний хүслийг сонсох ёстой. Суралцагчдыг өнөөдөр судраас судлахдаа зүрх сэтгэл нь өдөөлтүүд эсвэл бодлуудад нээлттэй байсан эсэхийг бодоход урь. Тэднийг Их Эзэнээс хүлээн авсан өдөөлтүүд болон бодлуудын дагуу үйлдэхэд урамшуулж мөн тэд үүнийг хийснээр Их Эзэний хүмүүс байх болно гэдгийг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 63:16. Шунал тачаал нь Сүнсийг холдуулдаг

Өнөө үед порнографын тархалт нь олон хүнийг бусдыг тачаангуйгаар харах уруу таталтад оруулж байна. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт порнограф нь хүний Их Эзэний Сүнсийг мэдрэх чадварыг хязгаарладаг тачаангуй үйл ажиллагаа гэдгийг батлан хэлжээ.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Би та бүхнийг сэрэмжлүүлж байна. Сатан уруу таталтаар дамжуулан, сүнстэй харилцах хувь хүний харилцааг хааж боогдуулах замаар сүнсний харилцаа суурилдаг хуулиудыг зөрчүүлэх талаараа гарамгай туршлагажсан юм. Тэр ч байтугай, Их Эзэнээс сүнсний удирдамж хүлээн авах нь боломжгүй зүйл гэдэгт зарим хүнийг итгүүлж чаддаг гээч.

Сатан порнографын донтуулагч хүчийг ашиглан, хувь хүмүүсийн Сүнсээр удирдуулах чадварыг бууруулахдаа тун гарамгай. Порнографын балмад, хор хөнөөлтэй, сүйрүүлэгч төрөл бүрийн хэв маягийн дайралтууд нь хэмжээлшгүй гай түйтгэр, зовлон зүдгүүр учруулж, гэрлэлтийг сүйрүүлж байна. Энэ бол дэлхий дээрх хамгийн гамшигт нөлөөнүүдийн нэг мөн. Порнограф нь ном, кино, телевизийн хөтөлбөр, ичгүүр сонжуураа алдсан утга уянгын зохиол, утсаар хэлэх бүдүүлэг үг яриа байна уу эсвэл хувийн компьютерийн сүүмэлзэгч дэлгэц байна уу ялгаагүй, хэмжээлшгүй донтуулагч, маш ноцтой хохирол учруулагч юм. Люсиферийн энэхүү хүчтэй хэрэгсэл үүнийг хэрэглэсэн хүний оюун санаа, зүрх сэтгэл, бодгалийг доройтуулдаг. Порнографын уруу татагч, гай зовлон учруулагч урхинд орж, тэндээ үлдсэн бүх хүмүүс үүний ёс суртахуунгүй, сүйрүүлэгч нөлөөнд донтсон хэвээр байх болно. Олон хүний хувьд уг донтолтыг бусдын тусламжгүйгээр даван туулж чадахгүй. Энэхүү эмгэнэлт явдлыг бүх нийтээр мэддэг билээ. Порнографыг сониуч зангаар эхэлж үзээд, улмаар гал дээр тос нэмэх лүгээ адил шохоорхон шимтэж, салж чадахгүй болдог. Порнографыг ганцаархнаа үзэх юм бол өөр хэнд ч хор хохирол учруулахгүй шүү дээ гэсэн хуурмаг бодлоор өөрийгөө зөвтгөдөг хүмүүс байдаг. …

Хэрэв та нар порнографын донтолтонд хүчтэй автсан бол яг одоо үүнээсээ гарна гэсэн төгс шийдвэр гарга. Нэг чимээгүй газар хайж олон, бүх зүрх сэтгэлээсээ тусламж хүсэн залбир. Тэвчээртэй бай. Дуулгавартай бай. Битгий бууж өг” (“Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” Ensign, 2009 оны 11-р сар, 8–9 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5–8).