Семинар
55-р хичээл: Сургаал ба Гэрээ 47–48


55-р хичээл

Сургаал ба Гэрээ 47–48

Оршил

1831 оны 3-р сард, Сүм зохион байгуулагдсанаас хойш бараг нэг жилийн дараа бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээний 47 ба 48-д цэдэглэгдсэн байгаа илчлэлтүүдийг хүлээн авчээ. Энэ үеэс өмнө Оливер Каудери Сүмийн түүхч хийгээд цэдэг хөтлөгчөөр ажиллаж байв. Энэ үүргийнхээ дагуу тэрээр бошиглогчийн хүлээн авсан илчлэлтүүдийг бичин цэдэглэдэг байв. Гэвч Оливер Каудери 1830 оны 10-р сараас хойш номлогчоор үйлчилж байсан тул түүхч болон бичээчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон байна. Сургаал ба Гэрээ 47-д цэдэглэгдсэн илчлэлтэд, Их Эзэн Оливерын оронд Жон Витмерийг энэ албан тушаалд дуудав. Энэ үеэр Огайо дахь гэгээнтнүүд, Нью-Йоркоос цагаачлан ирж буй Сүмийн гишүүдэд хэрхэн туслах талаар удирдамж эрэлхийлжээ. Одоо Сургаал ба Гэрээ 48-д цэдэглэгдсэн энэ илчлэлтэд Их Эзэн гачигдалтай байгаа тэдэнтэй газар нутгаа хуваалцаж мөн Сионы суурийг тавихад бэлтгэхийг гэгээнтнүүдэд зааварчлав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 47

Их Эзэн Жон Витмерийг Сүмийн түүхийг бичихэд томилов

Суралцагчдаас эргэн дурсахад дурсамжтай гэж мэдэрсэн сүнслэг чухал туршлагуудаа бодохыг хүс. (Жишээ нь, тэд ариун сүмийн онцгойлон адислалт эсвэл Сүмийн цуглаан гэх мэт үйл явдлуудын талаар бодож болно. Эсвэл тэд залбирлынхаа хариултыг авсан үеэ эсвэл Ариун Сүнсийг хажуудаа байгааг мэдэрсэн үеэ бодож болох юм.) Цөөн суралцагчийг туршлагуудаасаа хуваалцахад урь. Суралцагч бүрээс асуу.

  • Энэ туршлага та нарын хувьд яагаад чухал санагдсан бэ?

  • Энэ туршлагыг санах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Энэ туршлагаа бичих нь та нарын үр удмыг хэрхэн адисалж чадах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:47-р хэсгийн оршлыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Өөрийн хүмүүст юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдыг Сургаал ба Гэрээ 47:1–3-ыг дотроо уншиж, Жон Витмерийн дуудлагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж тогтоохыг хүс. Олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг суралцагчдаас хүс. (Та суралцагчдад өмнөх илчлэлтээр Их Эзэн “Та нарын дунд цэдэг хөтлөгдөх болно” [С ба Г 21:1] хэмээн хэлснийг сануулж болно. Өнөө үеийн Сүмд Тэргүүн Зөвлөл, Сүмийн түүхч болон бичээч [ихэвчлэн Сүмийн түүхч гэж нэрлэгддэг]-ийг дууддаг бөгөөд түүнийг дэмжүүлэн батлуулахаар санал болгодог.)

  • Яагаад Сүмийн түүхийг бичих чухал гэж та бодож байна вэ?

  • Та нарт Сүмийн ямар түүхүүд сүнслэгээр нөлөөлдөг вэ?

Нэг суралцагчийг 2005–2012 оны хооронд Сүмийн түүхчээр үйлчилж байсан, Далын ахлагч Марлин К.Жэнсэний дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Марлин К.Жэнсэн

“Бидний түүхэнд сүм болон гэр оронд мэдэгдэж бас заагдвал зохилтой бусад агуу түүх байдаг. Көртландын сургамж, Миссуригийн зовлон бэрхшээл, ялалт болон эцэстээ гэгээнтнүүд Наувугаас хөөгдөн гарсан түүх, анхдагчдын өрнөд рүү хийсэн аялал нь газар бүрд, хэл бүр дээр хожмын үеийн гэгээнтнүүдэд сүнслэгээр нөлөөлдөг түүхүүд юм. Гэхдээ Сүмийн өсөлт хийгээд дэвшилтийн талаар мөн сэргээгдсэн сайн мэдээ хүрсэн үндэстэн бүрийн жирийн гишүүдийн амьдрал дахь сайн мэдээний нөлөөний талаар адил тэнцүүхэн, сэтгэл хөдөлгөсөн түүхүүд байдаг. Эдгээр нь бичигдэж мөн хадгалагдах хэрэгтэй.

… Сүмийн агуу түүхүүдийн олон нь хувийн болон гэр бүлийн түүхүүдэд хадгалагддаг бөгөөд эдгээр нь хувь хүн болон гэр бүлийн өвийн нэг хэсэг юм” (“There Shall Be a Record Kept among You,” Ensign, 2007 оны 12-р сар, 31).

  • Хувийн болон гэр бүлийн түүхүүд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Хичээлийн эхэнд суралцагчдын санасан туршлагуудад тэдний анхаарлыг хандуул. Тэднээс хүүхдүүд болон ач зээ нар нь эдгээр туршлагынх нь талаар тэдний хувийн тэмдэглэлийг уншиж байна гэж төсөөлөн бодохыг хүс. Суралцагч бүрийг дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс.

  • Энэ туршлагынхаа аль хэсгийг та онцлон тэмдэглэхийг хүсэж байна вэ? Таны түүхийг уншсанаар гэр бүл тань юуг мэдэрч бас мэдээсэй гэж та хүсэж байна вэ?

Сүмийн түүхч болон бичээчийн хувьд Жон Витмерийн дагадаг байсан тэр зарчмууд нь бидний хувийн болон гэр бүлийн түүхүүдэд бас хамаатай гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 47:4-ийг дотроо уншиж, Их Эзэн Жон Витмерийг ажилдаа итгэлтэй байх юм бол юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Жон Витмерт юу амласан бэ? (Их Эзэн, Тайтгаруулагч—Ариун Сүнсийг түүнд Сүмийн түүх бичих хүчин чармайлтад нь туслах болно хэмээн амласан.)

  • Бид үүнийг хувийн болон гэр бүлийн түүхээ бичих хүчин чармайлттайгаа хэрхэн холбож чадах вэ? (Суралцагчдад дараах зарчмыг ялган танихад нь тусал. Хэрэв бид хувийн болон гэр бүлийн түүхээ хөтлөх хүчин чармайлтдаа итгэлтэй байвал Ариун Сүнс бидэнд туслах болно. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Ариун Сүнс хүмүүст хувийн болон гэр бүлийн түүхээ хөтлөхөд нь хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдыг энэ асуултын талаар ярилцах үед Ариун Сүнс бидний дурсамжинд бүх зүйлийг авчирч, (Иохан 14:26) мөн гэр бүлийн гишүүдээ болон бусдыг адисалж чадах арга замаар, үйл явдал болон нөхцөл байдлуудын талаар бичихэд бидэнд тусалж чадна гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

Суралцагчдыг хувийн болон гэр бүлийн түүхүүдээ хөтлөх үедээ Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэхэд урамшуулан дэмж.

Сургаал ба Гэрээ 48

Их Эзэн, Огайо дахь гэгээнтнүүдэд Нью-Йоркоос ирж байгаа тэдэнд туслахыг зааварчлав

Суралцагчдаас алс холын нутагт байгаа гэгээнтнүүд гэр орноо орхин нүүх шаардлагатай болсон байна гэж төсөөлөн бодохыг хүс. Сүмийн удирдагчид суралцагчдын гэр бүлээс нүүж ирсэн зарим гэр бүлийг хэдэн сарын турш хоол хүнс болон байрлах байраар хангахыг хүсэв.

  • Энэ хүсэлтийн талаар танд болон таны гэр бүлд ямар асуулт болон санаа зовоох асуудлууд гарч болох вэ?

  • Танай гэрт нүүж ирж байгаа тэдэнд ямар санаа зовоох асуудлууд болон мэдрэмжүүд төрнө гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг судрууд дээрх Сүмийн түүхийн газрын зургууд хэсгийн Газрын зураг 3 (“НУ-ын Нью-Йорк, Пеннсильвани, Огайо нутаг”А)-ыг гаргахад урь. Тэднийг Нью-Йоркийн Фейетте болон Огайогийн Көртландыг олж, эдгээр хот хоорондоо хэр зайтайг олж тодорхойлохыг хүс (ойролцоогоор 250 миль буюу 400 километр). 1830 оны 12-р сард Их Эзэн Нью-Йорк дахь гэгээнтнүүдийг Огайо руу нүүхийг зарлигласан гэдгийг суралцагчдад сануул (С ба Г 37:3-ыг үзнэ үү).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 48:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн Огайогийн гэгээнтнүүдэд бүс нутагт нь шилжин ирж буй Сүмийн гишүүдийн төлөө юу хий хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Их Эзэн Огайо дахь гэгээнтнүүдэд юу хийхийг зарлигласан бэ? (Их Эзэн эдлэн газартай тэдэнд газраа энэ хэсэгт шилжин ирж байгаа тэдгээр гэгээнтэнтэй хуваалцахыг зарлигласан.) Бид энэ зарлигаас ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчдын хариултууд дараах зарчмыг тодорхойлох хэрэгтэй. Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүдийг өөрсдөдөө байгаа зүйлсээ гачигдалтай тэдэнтэй хуваалцахыг зарлигладаг. Огайо дахь бүх гэгээнтэнд хуваалцах газар байгаагүй бөгөөд Нью-Йоркийн зарим гишүүн өөрсдөө газар худалдаж авах шаардлагатай байсныг онцлон хэлэх нь тустай байж болох юм.)

  • Байгаа зүйлээ бусадтай хуваалцаж болох ямар арга замууд бидэнд байдаг вэ?

Суралцагчдаас гачигдалтай байгаа тэдэнтэй хуваалцаж байгаа хүмүүсийг харсан туршлагуудаасаа хуваалцахыг хүс. Та бас тэднийг хэн нэгний өгөөмөр зан болон үйлчлэлээр дамжуулан ашиг тусыг нь хүртэж байсан үеэ дүрслэн ярихад урьж болно.

Гачигдалтай тэдэнд тусалж буй жишээ өгөхийн тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны Хүүхдийн ангид бага байхад нь түүнд тохиолдсон туршлагын талаарх дараах түүхийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Бид Христийн мэндэлсний баярын маш том үдэшлэг хийхээр зоосон мөнгө цуглуулах төсөл эхлэв. Гэрц эгч бидний цуглуулгын хэмжээний талаар маш нарийн тэмдэглэл хөтөлж байлаа. Ердийн хоолны дуршилтай хөвгүүдийн хувьд бид нийт мөнгөө хэдэн ширхэг торт, жигнэмэг, нарийн боов болон зайрмаг болно гэж оюун санаандаа төсөөлж байв. Гайхамшигтай үйл явдал болох гэж байв. Өмнө нь манай багш нарын хэн нь ч үүнтэй адил олон нийтийн үйл ажиллагааг хэзээ ч санал болгож байгаагүй юм.

Зуны сарууд өнгөрч намар болов. Намар дуусч өвөл боллоо. Бид үдэшлэг зохиох зорилгодоо хүрлээ. Ангийн тоо өсөв. Бид их баяр хөөртэй байлаа.

Бидний хэн нь ч, хайрт багш маань манай ангийн нэгнийх нь ээж нас барсныг бидэнд зарласан тэр бүүдгэр өглөөг хэзээ ч мартахгүй. Бид ээжүүдийнхээ талаар мөн тэд бидний хувьд ямар чухал болохыг бодов. Бид Билли Дэвэнпорт ээжийгээ алдсанд нь чин сэтгэлээсээ харамсаж байсан юм.

Энэ ням гаргийн хичээл Үйлс номын 20-р бүлгийн 35-р шүлэг: ‘Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй хэмээсэн Их Эзэн Есүсийн үгийг санагтун’ гэсэн хичээл байв. Сайн бэлтгэлтэйгээр заасан хичээлийн төгсгөлд Люси Гэрц, Биллигийн гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдлын талаар дурдав. Энэ нь эдийн засгийн хямралын үе байсан бөгөөд мөнгө хомс байв. Түүний нүд нь гялалзан, ‘Та нар Их Эзэний энэ сургаалыг дагамаар байна уу? Бид ангиараа үдэшлэгийнхээ мөнгийг авч, хайрын илэрхийлэл болгон Дэвэнпортын гэр бүлийнхэнд өгнө гэвэл та нарт ямар санагдаж байна вэ?’ гэж асуув. Шийдвэрийг санал нэгтэй батлав. Бид цент бүрийг маш хянамгай тоолж, бүх мөнгийг том дугтуйнд хийсэн юм. Нэг гоё ил захидлыг худалдан авч, бидний нэрсийг бичив.

Сайхан сэтгэлийн энэ энгийн үйлдэл нь биднийг нэг болгон нэгтгэсэн билээ” (“Таны хувийн нөлөө,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 21–22).

  • Бид энэ түүхээс юу сурч болох вэ? Сайхан сэтгэл болон үйлчлэл нь хүлээн авагчийн бас өгөгчийн амьдралыг хэрхэн адисалж чадах вэ?

Гачигдалтай байгаа хүмүүст туслах (эсвэл бусдын тусалж байгааг харах) үед олж авсан сэтгэгдлээсээ хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчдыг дараагийн долоо хоногт хэн нэгэнд тусалж чадах нэг арга замын талаар тунгаан бодоход урамшуулан дэмж.

Их Эзэн Сионы хот буюу Шинэ Иерусалимын байрлалыг илчлэх тэр үед газар худалдан авахад бэлтгэхийг гэгээнтнүүдээс хүссэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 48:4–6-г дүгнэн ярьж өг. Их Эзэн гэгээнтнүүдэд тэр хотын суурийг тавихад бэлтгэн чадлынхаа хэрээр бүх мөнгөө хадгалахыг зарлигласан (С ба Г 48:4–6-г үзнэ үү). Суралцагчид дараагийн хичээлүүдээр Сионы хотыг байгуулах гэгээнтнүүдийн хүчин чармайлтуудын талаар дэлгэрэнгүй үзэх болно гэдгийг тэдэнд хэл.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 47:1. “Байнгын түүхийг бичиж мөн хөтлөх нь”

Бошиглогч Иосеф Смит манай Сүмийн түүхэн дэх чухал үйл явдлуудыг хөтлөхгүй байснаас үүдэн гарах үр дагавруудыг дүрслэн хэлэв.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хэрэв энэ ажил эхэлснээс хойш сургаал болон үүргүүдийн чухал зүйлс дээр гаргасан шийдвэр бүр одоо миний эзэмшилд байсан бол би тэдгээрийг ямар ч мөнгөөр солихгүй байхсан; гэхдээ бид эдгээр зүйлийг дараа нь бидэнд хэзээ ч ашиг тусаа өгөхгүй байх гэж бодон, нарийвчлан бичилгүйгээр үл тоомсорлож ирсэн билээ. Хэрэв эдгээр нь одоо бидэнд байсан бол бидэнд асуудал учруулж болох сургаалуудын бараг цэг бүрийг шийдэх байсан. Гэвч энэ нь үл тоомсорлогдсон бөгөөд бид одоо хүч болон эрх мэдлийн зэргээр бидэнд мэдүүлэгдсэн агуу хийгээд алдар суут илэрхийлэлтүүдийг Сүмд болон дэлхийд гэрчилж чадахгүй байна, хэрэв бидэнд дэлхий даяар хэвлэх эдгээр зүйл байсан бол бид одоо гэрчилж чадах байсан (History of the Church, 2:198–199). (Мөн Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 103-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 47. Сүмийн түүхч болон бичээчийн дуудлага гэж юу вэ?

2005–2012 оны хооронд Сүмийн түүхч болон бичээчээр үйлчилж байсан, Далын ахлагч Марлин К.Жэнсэн:

Зураг
Ахлагч Марлин К.Жэнсэн

“Сүмийн түүхч ба бичээчийн ажил нь ихэнхдээ бүртгэл хөтлөлтийн ажил юм. Энэ нь Сүмийн түүхэн эх сурвалжуудыг цуглуулах болон хадгалах, ёслолуудын бүртгэл хөтлөх протоколын цуглуулгуудыг багтаадаг. Бичээсүүд нь “сүмийн сайн сайхны тулд мөн өсч өндийх ирээдүй үеийнхний тулд” (С ба Г 69:8) ашиглагдаж байгаа эсэхийг бататгах үүрэгтэй хэмээн судрууд түүнчлэн санал болгодог.

Түүхч болон бичээчийн үүргүүд нь уялдаа холбоотой бөгөөд заримдаа бараг ялгагдахааргүй байдаг. Энэ нь Сүмийн эхэн үед заримдаа бичээч томилогдон, заримдаа түүхч томилогдон, заримдаа эдгээр үүрэг нь хамтдаа нэг дуудлага болдог байсны шалтгаан байсан гэж би бодож байна” гэж тайлбарласан (“There Shall Be a Record Kept among You,” Ensign, 2007 оны 12-р сар, 28).

Сургаал ба Гэрээ 48:6. “Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл хийгээд бишопоор”

Сургаал ба Гэрээ 48:6 нь “сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл хийгээд бишопоор” хэмээх үгсийг агуулдаг. Гэхдээ энэ илчлэлт өгөгдөх үед Тэргүүн Зөвлөл зохион байгуулагдаагүй байсан. Энэ илчлэлтийн эртний гар бичвэр нь “Сүмийн бишоп хийгээд ахлагчдаар” хэмээх үгсийг агуулсан байв (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 288). Тэргүүн Зөвлөл зохион байгуулагдсаны дараа үгс нь өөрчлөгдсөн юм. Илчлэлтийн дагуу Сүм өсөж, санваарын байгууллага өргөжин томрох үед ийм өөрчлөлтүүд заримдаа хийгддэг байжээ.