Семинар
111-р хичээл: Сургаал ба Гэрээ 106:1–107:20


111-р хичээл

Сургаал ба Гэрээ 106:1–107:20

Оршил

1834 оны 11-р сарын 25-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 106-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэхүү илчлэлтэнд Их Эзэн, Оливер Каудерийн ах Варрен А.Каудерийг Нью-Йоркийн Фрийдом болон эргэн тойрных нь бүс нутгуудад Сүмийг тэргүүлэхээр дуудсан юм. Иосеф Смит Сургаал ба Гэрээ 107-д цэдэглэгдсэн илчлэлтийг 1835 оны 4-р сарын орчимд, Арван хоёрын Төлөөлөгчийн Чуулгын бүх гишүүн Нэгдсэн Улсын зүүн хэсэгт номлолын ажлыг хийхээр бэлтгэж байх үед хүлээн авсан. Арван хоёр бичсэн мэдэгдэлдээ: “Бидний салан явах цаг ойрхон байна, бид хэзээ дахин уулзахыг зөвхөн Бурхан мэднэ. Бид салан явахдаа хүлээж болохын тулд, бидний зүрх сэтгэл тайвширч болохын тулд, … Бошиглогч болон Үзмэрч хэмээн бидний хүлээн зөвшөөрдөг түүнийг бидний өмнөөс Бурханаас асууж өгөн, мөн илэрхийллийг хүлээж авахыг бид түүнээс хүсмээр байна” гэжээ. (History of the Church, 2:209–10-т). Энэ илчлэлт 1835 онд цэдэглэгдсэн боловч, “60–100-р шүлгийн ихэнх хэсэг нь Иосеф Смитээр дамжуулан 1831 оны 11-р сарын 11-нд өгөгдсөнийг түүхэн цэдгүүд нотолдог”( С ба Г 107-ийн оршил хэсэг). Энэ нь уг гарын авлага дахь Сургаал ба Гэрээ 107-ийн гурван хичээлийн эхний хичээл юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 106

Их Эзэн, Варрен Каудерийг Нью-Йоркийн Фрийдомд тэргүүлэх дээд санваартнаар дуудав

Танайд шинэ бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч томилогдож байсан үеийн тухай бодохыг суралцагчдаас хүс.

  • Тэр хүнийг дэмжин батлах цаг ирэхэд түүнд ямар санагдаж байсан гэж та нар бодож байна вэ?

1834 онд Огайогийн Көртландаас 200 миль (320 километр орчим) шахам зайд байдаг Нью-Йоркийн Фрийдомд сүмийн хөгжилд онцгой өсөлт гарсан тухай тайлбарла. Их Эзэн тэнд буй гишүүдийн дээр тэргүүлэх санваарын удирдагчийг дуудав. Сургаал ба Гэрээ 106:1–3-ыг чимээгүй уншихыг суралцагчдаас хүс.

  • Их Эзэн Варрен Каудерид юу хийхийг зарлиг болгосон бэ?

Варрен Каудери ах тэр үед өнөөдрийн шинэ бишоп буюу салбарын ерөнхийлөгчид байдаг шиг мэдрэмжтэй байсан байж болох талаар тайлбарла. Их Эзэн Каудери ахыг шинэ дуудлагаа хүлээн зөвшөөрөхөд нь тайвшруулах үгсийг хуваалцсан байдаг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 106:6-г чангаар уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн яагаад Каудери ахад баярлаж байсныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • “Миний очирт таягт мэхийж” гэсэн үг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд та тэдэнд очирт таяг гэдэг нь хаад, хатдын барьж явдаг саваа болохыг тайлбарлан хэлж өгч болно. Энэ нь эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм.)

  • “Хүмүүний зальхай ажлуудаас өөрийгөө тусгаарлах” гэдэг үгс юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Самбар дээр Хэрвээ , гэж бич. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 106:7-8-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Каудери ахад Их Эзэний өгсөн зөвлөгөөг болон амлалтуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ “хэрвээ-тэгвэл” гэсэн нөхцөлт өгүүлбэрээр судрууд дээрээ бичихэд урь. Тэдэнд хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчаас олж тогтоосон зүйлээ хуваалцахыг хүс. (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах зарчмыг тусгасан байна. Хэрвээ бид Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгах юм бол, Тэр биднийг нигүүлсэн, өргөж, бидэнд ач ивээл мөн баталгааг өгөх болно.)

  • Түүний өмнө өөрийгөө даруусгадаг хүмүүсийг Их Эзэн ямар арга замаар өргөдөг вэ?

Хэрэв бид Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгах юм бол, Варрен Каудерид амлагдсан тэр адислалуудыг бид мөн авч болно гэдгийг гэрчил.

Сургаал ба Гэрээ 107:1–20

Их Эзэн Мелкизедек болон Аароны санвааруудын талаар заав

Сургаал ба Гэрээ 107 дээр цэдэглэгдсэн илчлэлт нь Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын чуулгын зохион байгуулалт болон үүрэг хариуцлагын талаар тодруулахад тусалсан болохыг тайлбарла.

Хуучин Гэрээний нэгэн бошиглогчийн талаарх дараах тодорхойлолтыг унш. Хэний тухай ярьж буй болохыг олж таахад суралцагчдыг урь.

Энэ бошиглогч “зөв шударга ёсыг авчирсан итгэл бүхий хүн байв, мөн тэрээр балчир хүүхэд байхдаа Бурханаас эмээдэг байв, түүнчлэн хэвлийн амнуудыг зогсоож, мөн түрэмгий галыг унтраав.” (Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 14:26 [Bible appendix-т]). Салемын хаан байхдаа тэр “өөрийн өдрүүдэд уг нутагт амар амгаланг тогтоов; тиймийн тул тэрээр энх амгалангийн ханхүү гэж нэрлэгдсэн бөлгөө” (Алма 13:18). Бошиглогч Абрахам түүнд аравны нэгийг төлжээ. (Алма 13:15-ыг үзнэ үү).

Цөөн суралцагчаар бошиглогчийн нэрийг таалгах оролдлого хийлгэсний дараа, самбар дээр Мелкизедек гэж бич. Сургаал ба Гэрээ 107:1–4-ийг чимээгүй судалж, уг шүлгүүд Мелкизедекийн талаар юу зааж байгааг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Мелкизедек санваар нь Мелкизедекийн өдрүүдээс өмнө юу гэж нэрлэгддэг байсан бэ? Одоо яагаад Мелкизедек санваар гэж нэрлэгдэх болсон бэ?

Дараах зарчмыг самбар дээр бич. Мелкизедек санваар нь Бурханы Хүүгийн жаягийн дагуу юм. Та 3-р шүлэг дэх үгсийг тэмдэглэж авахыг суралцагчдад санал болгож болно.

  • Санваарыг атгагчид үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх ёстой талаар уг зарчим юу зааж байна вэ?

Энэ ярилцлагын нэг хэсэг болгон, нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Санваарын эрх мэдлийг зохих ёсоор ашиглавал, санваарыг эзэмшигчид нь [Есүс Христийн] энэ дэлхийд хийх байсан зүйлсийг хийдэг” (“Санваарын хүч,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 6).

Дараах Сүмийн байгууллагуудын нэрсийг самбар дээр жагсаан бич. Халамжийн нийгэмлэг, Ням гараг, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд болон Хүүхдийн хэсэг. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 107:5, 8–9-ийг чимээгүй уншиж, эдгээр байгууллага Мелкизедек санваартай ямар хамааралтай болохыг зааж буй үгсийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Хавсралт гэж юу вэ? (Гар, хөл гэх мэт биеийн эрхтэн.)

  • 8-р шүлэгт өгүүлснээр Мелкизедек санваар нь ямар эрх ба мэдлийг эзэмшдэг вэ? (Суралцагчдыг хариулах явцад та самбар дээр дараах үнэнийг бичиж болно. Мелкизедек санваар нь Сүмийн бүх албан тушаалыг ерөнхийлөн удирдах эрх, хүч болон эрх мэдлийг атгадаг бөгөөд сүнсний зүйлүүдэд үйлчлэх эрх мэдэлтэй байдаг. “Сүнсний зүйлүүдэд үйлчлэх” гэдэгт адислал, ёслолууд мөн гэрээнүүдийг гүйцэтгэх нь ордог болохыг тайлбарла.)

9-р шүлэгт гарсан ерөнхийлөгчийн зөвлөл нь Тэргүүн Зөвлөлийг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:10-ыг чанга уншихад уриад, ангийнхныг Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор өөр хэн үүрэг гүйцэтгэх эрхтэй байдаг болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчид олж мэдсэн зүйлээ хуваалцах үед, гадасны болон бишопын ерөнхийлөгчийн зөвлөлүүд нь Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор албан үүргээ гүйцэтгэдэг дээд санваартнуудын үлгэр жишээ болохыг ойлгоход нь тэдэнд тусал.

Самбар дээр бичсэн байгууллагуудын нэрсэд анхаарлыг нь дахин хандуул. Эдгээр байгууллага болон гадас, тойргийн санваарын удирдагчдын хоорондох хамаарлын талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Есүс Христийн Сүмд ариун санваар болон үүний эрх мэдлээс дээгүүр эсвэл ангид тусдаа засаг захиргаа гэж байдаггүй. … Үүний гадна, дээр, цаана нь байдаг [туслах байгууллагууд ч] гэж байхгүй юм. Тэдгээр нь Санваарын зарчмыг хүлээн зөвшөөрдөг. Хаа ч байлаа гэсэн тэд ямагт сайныг хийж, гүйцэтгэж мөн түүнчлэн бодгалиудын сүнсний болоод цаг зуурын авралын төлөө ажиллаж байдаг” (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 341–342).

Мелкизедек санваар нь өөр ямар нэмэлт эрх мэдлийг атгадгийг олж танихын тулд Сургаал ба Гэрээ 107:18–19-ийг чимээгүй уншихад суралцагчдыг урь.

  • 18-р шүлэгт өгүүлснээр Мелкизедек санваар нь ямар эрх мэдлийг атгадаг вэ? (Суралцагчдыг олж тогтоох явцад дараах үнэнийг самбар дээр бич. Мелкизедек санваар нь Сүмийн бүх сүнслэг адислалын түлхүүрүүдийг атгадаг.)

Суралцагчдад энэхүү үнэнийг ойлгоход туслахын тулд бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Мелкизедек санваараар дамжин ирдэг сүнслэг адислалуудыг сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“[Мелкизедек санваар] бол бүх тэнгэрээс илчлэгддэг мэдлэг, сургаал, авралын төлөвлөгөө мөн бүх чухал зүйлийг дамжуулдаг суваг юм” (History of the Church, 4:207-д).

  • 19-р шүлэгт дүрслэгдсэн ямар сүнслэг адислалууд таны анхаарлыг татаж байна вэ? Яагаад?

Мелкизедек санваарыг эзэмшигчид хүмүүст адислал, Ариун Сүнсний бэлгийг болон ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад нь туслахад үүнийг ашиглах ёстой гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.

  • Мелкизедек санваараар дамжуулан хүлээн авсан зарим адислал тань юу вэ?

Их Эзэн мөн Аароны санваарын эрх мэдлийн талаар илчлэгдсэн үнэнүүдийг дүрслэн хэлсэн болохыг тайлбарла. Суралцагчдаас гурван хүнийг Сургаал ба Гэрээ 107:13–14, 20-ийг ээлжлэн чанга уншихыг урь. Ангийнхнаас дагуулан харж, Аароны санваарын атгадаг эрх мэдлийн талаар олж мэдэхийг хүс.

  • Аароны санваар ямар эрх мэдлийг атгадаг вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх хэрэгтэй. Аароны санваар нь тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд гаднах ёслолуудыг гүйцэтгэх түлхүүрүүдийг атгадаг.)

  • 20-р шүлэгт ямар ёслолыг дурдсан байна вэ? Аароны санваарын эрх мэдлээр гүйцэтгэх ёстой ямар өөр гаднах ёслол байдаг вэ? (Ариун ёслол.)

  • Аароны санваараар дамжуулан хүлээн авсан зарим адислал тань юу вэ?

Самбар дээр дараах үгсийг гарчиг болгон бич.

Мелкизедек санваарын албан тушаалууд Аароны санваарын албан тушаалууд

Хичээлийн өмнө дараах санваарын албан тушаалуудын нэрсийг тусгай салангид цааснууд дээр бич. Дикон, багш, прист, бишоп, ахлагч, дээд прист, патриарх, дал, төлөөлөгч. Цааснуудыг нэг хайрцагт замбараагүй хийж байрлуул.

Хичээлийн энэ мөчид цөөн суралцагчийн дунд цааснуудыг хувааж өг. Суралцагчдыг самбар руу ирж, албан тушаал бүрийг зөв гарчгийн доор байрлуулахад урь.

Зарим суралцагч бишопын албан тушаалыг Мелкизедек санваарын алба гэж хэлж болзошгүй. Хэрвээ тэгэх аваас, нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:13, 15-ыг чанга уншихад урь. Суралцагчдыг эдгээр шүлгийг ашиглан, бишопын албан тушаалыг самбар дээр хаана байрлуулахаа мэдэхийг хүс. Бишопын алба бол Аароны санваарын албан тушаал болохыг тайлбарла. Бишоп бол Аароны санваарын ерөнхийлөгч бөгөөд тойрогтоо тэргүүлэх дээд прист юм. (16–17-р шүлэгт дурдсан Аароны шууд удмын дуудлага нь Сургаал ба Гэрээ 68:15–21 ба 74-р хичээлд гардгийг анхаар.)

Самбар дээр албан тушаалуудыг зөв байрлуулахад анхаарна уу. (Мелкизедек санваарын албан тушаалууд нь ахлагч, дээд прист, патриарх, дал, төлөөлөгч юм. Аароны санваарын албан тушаалууд нь дикон, багш, прист, бишоп юм.) Энэ жагсаалт нь суралцагчдыг дараагийн 2 хичээлд бэлдэж байгаа бөгөөд тэд эдгээр хичээлээр санваарын албан тушаалуудын талаар илүү зүйлсийг мэдэж авах болно гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг өнөөдөр ангид сурч мэдэрсэн зүйлсийнхээ талаар гэрчлэлээ хуваалцахад уриад хичээлийг төгсгө.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 107:1. Аароны санваар болон Мелкизедек санваар хоорондоо ямар хамааралтай вэ?

Бошиглогч Иосеф Смит:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хоёр санваар байдаг ч, Мелкизедек нь Аароны буюу Левийн санваарыг өөртөө багтаадаг дээд санваар бөгөөд санваарт хамаарах дээд эрх мэдэл болон дэлхий дээрх бүх эрин зуунаас хамгийн сүүлчийн үеийнхнийг хүртэл Бурханы хаант улсуудын түлхүүрүүдийг эзэмшдэг билээ. Мөн энэ санваар нь авралын тухай бүх мэдлэг, сургаал, авралын төлөвлөгөө, тэрчлэн тэнгэрээс илчлэгддэг бүх чухал асуудал дамжин ирдэг суваг юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 124).

“Бүх санваар бол Мелкизедекийнх юм. Харин үүний олон янзын түвшин буюу зэрэглэл байдаг. … Бүх бошиглогчид Мелкизедек санваартай байлаа” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 125).

Сургаал ба Гэрээ 107:8–9, 18 Санваарын түлхүүрүүд

Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Түүний санваарыг дэлхий дээр хэрэглэхэд удирдах, хянах, засаглахаар Бурханаас олгосон эрх мэдэл юм. Санваарын түлхүүрүүдийг хэрэглэх нь үүний түлхүүрийг атгагч хүмүүсээр хянагддаг ( С ба Г 65:2; 81:2; 124:123-ыг үзнэ үү). Санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүс эрх мэдлийнхээ хүрээнд Сүмийг тэргүүлж, удирдах эрхтэй байдаг.

Есүс Христ Өөрийн Сүмд хамаатай санваарын бүх түлхүүрийг атгадаг. Тэрээр дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаатай бүх түлхүүрийг төлөөлөгч бүрдээ олгосон юм. Хамгийн ахмад, амьд сэрүүн төлөөлөгч бол Сүмийн ерөнхийлөгч бөгөөд санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн мөн ( С ба Г 43:1–4; 81:2; 107:64–67, 91–92; 132:7-г үзнэ үү.).

Далууд томилолтоор буюу Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас эрх мэдэл олгосноор ажил хэргийг явуулдаг. Бүсийн ерөнхийлөгчдийг Тэргүүн Зөвлөл ба Арван хоёроос эрх мэдэл олгосны дагуу бүсүүдийг удирдуулахаар томилдог. Далын ерөнхийлөгчийн зөвлөлийг адисалж, Далын чуулгуудыг тэргүүлэх түлхүүрүүдийг олгодог.

Сүмийн ерөнхийлөгч нь санваарын түлхүүрүүдийг Санваарын бусад удирдагчид хариуцсан бүсүүдийг нь тэргүүлүүлэхээр олгодог. Санваарын түлхүүрүүдийг ариун сүм, номлол, гадас, дүүргийн ерөнхийлөгч, бишоп, салбарын ерөнхийлөгч болон чуулгын ерөнхийлөгч нарт олгодог. Тэргүүлэх энэхүү эрх мэдэл нь удирдагч бүр зөвхөн харьяаллынхаа нутаг дэвсгэрт дуудагдсан үүргээ биелүүлэхэд хүчин төгөлдөр байдаг. Санваарын удирдагчид дуудлагаасаа чөлөөлөгдөхдөө дуудлагатайгаа холбоотой түлхүүрүүдийг цаашид эзэмшихээ мөн больдог.

Санваарын удирдагчдын зөвлөхүүд түлхүүрүүдийг хүлээн авдаггүй. Тэд онцгойлон адислагдаж, даалгасан болон олгосон эрх мэдлийн дагуу дуудлагат ажлаа гүйцэтгэдэг.

Тойрог, гадасны бүх туслах бүлэг тэргүүлэх эрх мэдэл бүхий гадасны ерөнхийлөгч эсвэл бишопын удирдлаган доор ажилладаг. Туслах бүлгүүдийн ерөнхийлөгч болон тэдний зөвлөхүүд түлхүүрүүдийг хүлээн авдаггүй. Тэд дуудлагадаа тохирсон эрх мэдлийг хүлээн авдаг (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 2.1.1).

Сургаал ба Гэрээ 107:8–12. Тэргүүн Зөвлөл, Мелкизедек санваарын ерөнхийлөгчийн зөвлөл

“Их Эзэн Өөрийн хүслийг Мелкизедек санваарын ерөнхийлөгчийн зөвлөлөөр буюу Тэргүүн Зөвлөлөөр дамжуулан илчилдэг хэмээн Иосеф Смит заажээ. ‘Мелкизедек Дээд Санваар бол Бурханы Хүүгийн санваараас өөр юу ч биш юм; … санваарт хамаатай тодорхой хэдэн ёслол байдаг ба үүнээс тодорхой үр дүн гарч ирдэг; мөн Сүмийн дээр Ерөнхийлөгчийн зөвлөл болон ерөнхийлөгчид удирдах бөгөөд Сүмд өгдөг Бурханы хүсэл, оюун санаа, илчлэлтүүд Ерөнхийлөгчийн зөвлөлөөр л дамжин ирдэг. Энэ нь тэнгэрийн жаяг бөгөөд санваарын хүч, эрх мэдэл мөн’ (History of the Church, 2:477)” (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 263).

Сургаал ба Гэрээ 107:18. Мелкизедек санваар нь “сүмийн сүнсний бүх адислалуудын түлхүүрүүдийг” атгадаг

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийн заасан:

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“[Мелкизедек санваар] нь бодгалиудыг аврахаар хүмүүсээр дамжуулан Их Эзэний ажилладаг арга зам юм. Санваарын хүч байхгүй байсан бол хүмүүс төөрөлдсөн байх болно. Зөвхөн энэ хүчээр л хүмүүн “сүмийн сүнсний бүх адислалуудын түлхүүрүүдийг атгадаг” бөгөөд өөртөө “тэнгэрийн хаант улсуудын нууцыг хүлээн авах, тэнгэрийг нээлгэх” боломжтой болж (С ба Г 107:18–19-ийг үз), гэрлэлтийн шинэ бөгөөд мөнхийн гэрээнд орж, эхнэр хүүхдүүдтэйгээ мөнхийн холбоонд нэгдэх боломжтой болж, үүрд өөрийн үе удмын патриарх нь болон, Их Эзэний бүрэн дүүрэн адислалуудыг хүлээн авах боломжтой болно” (“The Example of Abraham,” Ensign, 1975 оны 6-р сар, 3; мөн Сургаал ба Гэрээ суралцагчдын гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 263-ыг үзнэ үү).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Мелкизедек санваартай холбоотой сүнслэг адислалуудын тухай гэрчлэхдээ:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Бурханы хүчийг гэр орондоо, мөн тохинуулалдаа би болгоосон. Хорон санаа хянагдаж, элементүүд захирагдахыг би харсан. Бэрхшээлийн уулс нүүж, аймшигт Улаан тэнгис ярагдах нь ямар учиртайг би мэднэ. Устгагч тэнгэр элч тэдний дэргэдүүр өнгөрнө гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг би мэднэ [С ба Г 89:21-ийг үзнэ үү]. ‘Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваарын’ эрх мэдлийг хүлээн авч мөн энэ хүчийг хэрэглэх нь [С ба Г 107:1–3-ыг үз.], энэ дэлхий дээр миний болоод миний гэр бүлийн авахаар найдаж болох хамгийн агуу адислал билээ. Тэгээд эцэст нь санваарын утга учрыг өдөр тутмын энгийн үгээр хэлэхэд, энэ бол юутай ч харьцуулшгүй, дуусашгүй, тасралтгүй адислах чадавх юм” гэжээ (“Our Most Distinguishing Feature,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 45).