Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 8–9; 11–16; Иосеф Смит—Түүх 1:68–75 (4-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 8–9; 11–16; Иосеф Смит—Түүх 1:68–75 (4-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материалууд

Өдөр бүр гэрээр судлах суралцагчийн хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 8–9; 11–16; ба Иосеф Смит—Түүх 1:68–75 (4-р бүлэг)-ыг судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 8–9)

Суралцагчид Оливер Каудерийн ялтаснуудыг орчуулах хичээл зүтгэлийг судалж байхдаа илчлэлт хүлээн авч, таньж мэдэх нь өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг хийхийг шаарддаг гэдгийг мэдэж авсан. Тэд бас хэрэв тэд судалж мөн итгэлтэй асуух юм бол Их Эзэн Ариун Сүнсний хүчээр тэдний оюунд мөн зүрх сэтгэлд ярих болно гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 11–12)

Бошиглогчийн ах Хайрум Их Эзэний ажилд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Суралцагчид Хайрумд өгөгдсөн илчлэлтээс тэд өөрсдийн хүслийн дагуу Бурханаас адислалуудыг хүлээн авдаг бөгөөд хэрэв тэд Бурханы ажлыг хийх хүсэлтэй байвал сайн зүйлсийг хийх арга хэрэгсэл болж чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас Их Эзэний Сүнс болон хүчийг хүлээн авахын тулд хэрхэн Түүний үгийг судалж мөн олж авч болох талаар тунгаан бодох боломжтой байсан.

3 дахь өдөр (Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13)

Суралцагчид Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт гар тавилтаар Аароны санваарыг хүртээсэн гэдгийг мэдэж авсан. Тэнгэр элчүүдийн тохинуулал, наманчлалын сайн мэдээ, нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулах баптисмыг багтаадаг Аароны санваарын түлхүүрүүд нь дэлхий дээр сэргээгдсэн юм.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 14–16)

Давид Витмер Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Пеннсильвани дахь хавчлага дарамтаас зугтаж, Нью-Йорк руу нүүхэд нь тусалсан. Суралцагчид Давид Витмерт хандан Их Эзэний хэлсэн үгээс хэрэв тэд зарлигуудыг дагаж, эцсээ хүртэл тэвчвэл мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авсан. Тэд бас Их Эзэний ажилд итгэлтэй байж, тусалснаар сүнслэг болон материаллаг байдлын хувьд адислагдах болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Жон, Петр Витмер хоёрт өгөгдсөн илчлэлтүүдийг судалснаар бусдыг Есүс Христэд авчрах бидний хичээл зүтгэл бидний хувьд агуу үнэ цэнтэй гэдгийг мөн Бурхан биднийг нэг бүрчлэн мэддэг гэдгийг олж мэдсэн.

Оршил

Оливер Каудери, Хайрум Смит, Ахмад Иосеф Найт, Давид Витмер, Жон Витмер болон Петр Витмер нар бүгд Иосеф Смитийг Бурханы бошиглогч байсныг мэддэг байсан бөгөөд Сэргээлтэд туслах хүсэлтэй байсан юм. Их Эзэн илчлэлтийн сүнсний талаар болон сайн мэдээг тунхаглахаар эрэлхийлэхээсээ өмнө хүмүүсийн хийх ёстой зүйлсийн талаар тэдэнд заасан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 8–9

Их Эзэн Оливер Каудери, Хайрум Смит хоёрт илчлэлтийн сүнсний тухай заав

Суралцагчдаас хэрэв Их Эзэнээс илчлэлт хүлээн авсан эсэхээ хэрхэн мэдэх талаар бодож байсан бол гараа өргөхийг хүс.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 8, 9-ийг болон энэ хэсэгт зориулсан 1 дэх өдрийн хичээл дээр эдгээр бүлгийн талаар судрын тэмдэглэлдээ юу бичсэнээ эргэн харахад урь. Суралцагчдыг залбирлынхаа хариултуудыг хүлээн авч, таньж мэдэх талаар мэдэж авсан зүйлсээ олж мэдэхэд урь. Цөөхөн суралцагчийг олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Та Ариун Сүнсний өдөөлтүүд эсвэл удирдамжийг хүлээн авч байгаагаа таньж мэдэхээр хичээх үедээ ямар сорилтуудтай тулгардаг вэ?

Сургаал ба Гэрээ 8, 9 нь Оливер Каудериг алтан ялтаснуудыг орчуулахаар хичээх үед Их Эзэний түүнд өгсөн заавруудыг багтаадаг гэдгийг суралцагчдад тайлбарла. Бид эдгээр илчлэлтээс хэрхэн илчлэлт хүлээн авч, таньж мэдэх талаар мэдэж авч чадна. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг (төгс эзэмших судар) гаргаад, энэ хэсгийг нэгэн дуугаар чээжээр уншихад урь. Дараах үнэнийг самбар дээр бич. Их Эзэн Ариун Сүнсний хүчээр бидний оюун санаа болон зүрх сэтгэлд ярьдаг.

  • Энэ үнэнийг ойлгох нь Их Эзэнээс ирж буй илчлэлтийг таньж мэдэхээр хичээхэд тань хэрхэн тусалж чадах вэ?

Хувийн илчлэлт эрэлхийлж, хүлээн авах чадвар нь Бурханы бүх хүүхдэд боломжтой Түүнээс ирдэг бэлэг гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 8:4-ийг чанга уншиж мөн ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, хэрэв Оливер илчлэлтийн бэлгийг “ашиглавал” Их Эзэн түүнд юу гэж амласныг олж мэдэхийг хүс. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Илчлэлтийн сүнсийг “ашиглах” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Залбирлынхаа хариултыг эрэлхийлэх мөн тэдгээрийг хүлээн авахын тулд зохистой амьдрах.)

  • Бид Сургаал ба Гэрээ 8:4-өөс ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч хэрэв бид илчлэлтийн сүнсийг ашиглавал хилэнцэт хор хөнөөлөөс чөлөөлөгдөж чадна хэмээх үнэнийг олж тогтоосон байх ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдаас Ариун Сүнсийг эрэлхийлж мөн сонссон учраас Их Эзэн тэднийг эсвэл тэдний мэддэг хэн нэгнийг хамгаалж байсан талаар хуваалцахыг хүс.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 8:1-ийг дотроо уншаад, илчлэлтийн сүнсийг “ашиглахын” тулд залбирлуудаа сайжруулж болох арга замуудыг олж мэдэхэд урь.

Хэрэв боломжтой бол Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгийн хуулбарыг суралцагчдад өг (эсвэл хичээл эхлэхээс өмнө үүнийг самбар дээр бич.)

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Сүнс бидэнд намуухан, тайвнаар шивнэдэг учраас бид яагаад зохисгүй нэвтрүүлэг, порнографи болон хөнөөлтэй донтуулагч зүйлс ба донтуулах байдлаас зайлсхийх ёстойг ойлгоход хялбар юм. Дайсны эдгээр хэрэгсэл нь Бурханы Сүнсний хүчээр илгээгдсэн Түүний мэргэн захиасуудыг таньж мэдэн, хариулах чадварыг маань сулруулан доройтуулж, улмаар устгаж ч болох юм. Хүн бүр чөтгөрийн өгөөшөөс татгалзаж, илчлэлтийн сүнсийг хувийн амьдрал ба гэр бүлдээ хэрхэн зөв шударгаар “ашиглах” талаар нухацтайгаар эргэцүүлж, залбиралтайгаар тунгаан бодох ёстой” (“Илчлэлтийн Сүнс,” Ensign, 2011 оны 5-р сар, 88 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91).

Суралцагчдаас ахлагч Бэднарын хэлсэн үгийг дотроо уншаад, илчлэлтийн сүнсийг хэрхэн илүү сайн “ашиглаж” эсвэл эрэлхийлэхийг ойлгоход тэдэнд туслах хэллэгүүдийг олж тогтоохыг хүс. Та тэдэнд эдгээр хэллэгийг тэмдэглэж авахыг зөвлөж болно. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Та нар ямар ямар хэллэгийг олж тогтоосон мөн тэдгээр нь таны хувьд яагаад чухал байсан бэ?

  • Ахлагч Бэднарын хэлснээр хэрэв бид илчлэлт хүлээн авч мөн таньж мэдэхийг хүсвэл муугаас зайлсхийх нь яагаад чухал байдаг вэ?

Суралцагчдыг хилэнцтийн эсрэг хамгаалалтыг хүлээн авахын тулд илчлэлтийн бэлгийг илүү сайн “ашиглах” зарим арга замыг бодож үзэхэд урь. Та тэднийг энэ бэлгийг өөрсдийн амьдралд хэрхэн илүү бүрэн дүүрэн “ашиглахыг” хүсч байгаа зорилгоо бичихэд урамшуулан дэмжиж болно.

Илчлэлт эрэлхийлэх өөр нэг арга замыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Оливер Каудерид орчуулах зөвшөөрөл өгөгдсөн ч тэр эхэлснийхээ дараа “эхэлсэн шигээ үргэлжлүүлээгүй” (С ба Г 9:5) гэдгийг тэдэнд сануул. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 9:7–8-ыг чанга уншихыг хүсч, ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, илчлэлт хүлээн авахын тулд Оливерыг юу хийх ёстой хэмээн Их Эзэн хэлснийг олж мэдэхэд урь.

  • Бид Их Эзэний Оливер Каудерид өгсөн зөвлөгөөн дээр үндэслэн илчлэлт хүлээн авахад ихэвчлэн бидний зүгээс юу шаардлагатай гэж мэдэж авсан бэ? (Суралцагчдын олж тогтоож болох нэг зарчим бол илчлэлт хүлээн авч мөн таньж мэдэхэд бидний зүгээс хичээл зүтгэл шаардагддаг. Та энэ үнэнийг эсвэл суралцагчдын хэлсэн үүнтэй төстэй үнэнийг самбар дээр бичиж болно.)

  • Та Сургаал ба Гэрээ 9:8-ыг ашиглан чухал шийдвэр гаргахаар хичээж буй найздаа ямар зөвлөгөө өгөх вэ?

Та суралцагчдаасаа хэцүү шийдвэр гаргахын тулд хүчин зүтгэл гаргах шаардлагатай байсан үеийнхээ талаар болон дараа нь тэд зөв сонголт хийсэн эсэхээ Тэнгэрлэг Эцэгээс асууж байсан туршлагуудаа хуваалцахад урьж болно.

Сургаал ба Гэрээ 11–12; 14–16

Их Эзэн Хайрум Смит, Ахмад Иосеф Найт, Витмер ах нарт Бурханы ажил дахь үүргүүдийнх нь талаар заавар өгөв

Суралцагчдаас дэлхий дээр болж буй агуу ажлуудын нэгэнд тэднийг оролцохыг хүссэн гэж төсөөлөхийг хүс. 1829 оны 5, 6-р сард таван хүн сайн мэдээний Сэргээлтэд өөрсдөд нь зориулсан Их Эзэний хүслийн талаар нэг бүрчлэн заавар авсан гэдгийг тэдэнд хэл.

Дараах гарчиг болон судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Дэлхий дээрх Бурханы хаант улсыг барьж байгуулахад туслахын тулд эдгээр хүн нэг бүрд зориулсан Их Эзэний зөвлөгөөг олж мэдэхийн тулд энэ эшлэлүүдийг судлахыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг дөрвөн эшлэлийг бүгдийг нь судлахад урь. (Хэрэв хангалттай цаг байхгүй бол ангийнханд эшлэлүүдийг хувааж өгөөд, олж мэдсэнээ тайлагнахыг хүс.)

Хайрум Смит

Ахмад Иосеф Найт

Давид Витмер

Жон ба Петр Витмер

С ба Г 11:16, 18–19, 21

С ба Г 12:6–9

C ба Г 14–8, 11

С ба Г 15:4–6; 16:4–6

Суралцагчдыг эдгээр эшлэлийг судалж дууссаны дараа, дараах асуултуудыг тавь.

  • Та Их Эзэний эдгээр таван хүнд өгсөн зарлигуудаас ямар төстэй талуудыг олж харсан бэ? Та ямар ялгаатай талуудыг олж харсан бэ?

  • Сургаал ба Гэрээ 11 дээрх шүлгүүдээс таны сурсан зүйлсийн дагуу Их Эзэн яагаад сайн мэдээг номлохын тулд “дахиад багахан хүлээхийг” (С ба Г 11:16) Хайрум Смитээс хүссэн бэ?

  • Номлолд үйлчлэхээр бэлтгэж буй залуу эрэгтэй, эмэгтэйд тус болох ямар зөвлөгөөг Их Эзэн Сургаал ба Гэрээ 11:21 дээр Хайрумд өгсөн бэ? (Тэдний хариултуудаас дараах зарчмыг олж тогтооход суралцагчдад тусал. Их Эзэний үгийг судалдаг хүмүүс Түүний Сүнсийг болон сайн мэдээний үнэнийг бусдад үнэмшүүлэх хүчийг хүлээн авна.) Та үүнийг самбар дээр бичиж болно.

Суралцагчид Их Эзэний үгийг судалж мөн олж авахаар хичээх хүчин чармайлтууддаа илүү санаачилгатай байхын тулд юу хийж чадахаа тунгаан бодоход мөн тунгаан бодож байхдаа хүлээн авсан өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэх зорилго тавихад тэднийг урь.

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 13:1 дээрх төгс эзэмших судрыг төгс эзэмшихэд нь туслахын тулд тэднийг хамтдаа чээжээр уншихад урь. Шаардлагатай бол тэднийг судруудаа ашиглахыг зөвшөөр. Дараа нь суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилж, энэ хэсгийг ашиглан, Аароны санваарын түлхүүрүүд хүмүүсийг Есүс Христэд авчрахад хэрхэн тусалж чадахыг хамтрагчдаа тайлбарлахыг хүс.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 17–19)

Тэд дараагийн хэсгийг судалж байхдаа алтан ялтаснууд, Лиахона болон бусад ариун зүйлийг харахаар гэрчээр сонгогдсон хүмүүсийн талаар мэдэж авах болно гэдгийг суралцагчдад хэл. Тэд Гетсемани цэцэрлэг болон загалмай дээрх Аврагчийн зовлон шаналлын талаарх түүхийг унших болно. Тэд бас бид ийм зовлон шаналлаас хэрхэн зайлсхийж чадах талаар Аврагчийн заасан сургаалуудыг унших болно.