Семинар
60-р хичээл: Сургаал ба Гэрээ 56


60-р хичээл

Сургаал ба Гэрээ 56

Оршил

Эзра Тайрег Огайогийн Көртланд дахь Фредерик Г.Виллямсын ферм дээр Ахмад Иосеф Смиттэй хамт амьдарч, ажиллуулахаар томилов. Мөн Тайре ах уг газрын өрийн заримыг төлөхөд тусалжээ. 1831 оны 6-р сарын эхээр, тэрээр Томас Б.Марш ахын хамт Миссури руу номлолд дуудагдав (С ба Г 52:22-ыг үзнэ үү). Бардамнал хийгээд амин хувиа хичээсэн үзлийн улмаас Тайре ах, Марш ахтай хамт явах бэлтгэлгүй байв. 6-р сарын 15-нд хүлээн авсан Сургаал ба Гэрээ 56-д цэдэглэгдсэн илчлэлт дээр, Их Эзэн Тайре ахын дуудлагыг цуцалж, Марш ахад шинэ хамтрагч томилов. Их Эзэн гэгээнтнүүдийг бардамналаас сэрэмжлүүлж, газар болон мөнгөнөөс хамаагүй илүү зүйлүүд тэдэнд зориулагдан, хадгалагдаж байгаа хэмээн заасан байна.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 56:1–13

Их Эзэн Эзра Тайрегийн номлолын дуудлагыг цуцалж, түүнийг наманчил хэмээн анхааруулав

Суралцагчдаасаа Их Эзэний зарлигуудын нэгийг дуулгавартай дагахын тулд ямар нэгэн чухал зүйлээ орхисон хэн нэгнийг мэддэг эсэхийг асуу. (Сүмд нэгдэх, номлолд явах эсвэл Сүмийн тодорхой жишгүүдэд дуулгавартай байхын тулд золиослол хийж буй хэн нэгний жишээ байж болно.) Цөөн суралцагчийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урь.

1831 оны 6-р сард Их Эзэн, Эзра Тайрег Томас Б.Марштай хамт Миссури руу номлолд үйлчлүүлэхээр дуудсаныг тайлбарла. Марш ахыг явахад бэлэн үед Тайрег ах эд хөрөнгө, мөнгөнд санаа нь зовж байснаас явахад бэлэн биш байсан учир Марш ах Иосеф Смитээс юу хийх ёстойг асуухаар явжээ. Бошиглогч Их Эзэнээс асуух үед Их Эзэн Сургаал ба Гэрээ 56-д цэдэглэгдсэн илчлэлтээр хариулсан юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 56:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагахаас татгалздаг тэдгээрийн талаар Их Эзэн юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагахаас татгалздаг тэдгээрийн талаар Тэрээр юу гэж хэлсэн бэ?

Дараах бүрэн бус мэдэгдлийг самбар дээр бич. Аврагдахын тулд бид … ёстой.

Суралцагчдыг 2-р шүлэгт цэдэглэгдсэний дагуу энэ мэдэгдлийг гүйцээхэд урь. Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тогтоох хэрэгтэй. Аврагдахын тулд бид загалмайгаа үүрч, Аврагчийг болон Түүний зарлигуудыг дагах ёстой. (Самбар дээр энэ зарчмыг гүйцээж бич.)

  • “[Өөрсдийн] загалмайг үүрнэ” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдад энэ хэллэгийг ойлгоход нь туслахын тулд та тэднийг Матай 16:24-ийн зүүлт тайлбарын дхэсэгт байгаа Матай 16:24-ийн Иосеф Смитийн орчуулгыг уншихад урьж болно.)

  • Таныг загалмайгаа үүрч, дуулгавартай байхын тулд золиослол хийхийг шаарддаг ямар зарлигуудыг Их Эзэн өгсөн бэ? (Зарим жишээг Залуучуудын бат бөх байдлын төлөөх товхимлоос олж үзэж болно.)

  • Та дуулгавартай байхыг сонгосноор ямар адислалуудыг хүлээн авсан буюу авах вэ?

Дараах жишээнүүд дээр дурдсан хүмүүс ямар арга замаар загалмайгаа үүрч, Их Эзэний зарлигуудад дуулгавартай байж болохыг асуу.

  1. Нэгэн залуу эрэгтэйн номлолд үйлчилж болох нас нь ойртож байна. Тэр номлолд үйлчлэх үед ард нь үлдэх бүх зүйлийн төлөө санаа зовж байна.

  2. Нэгэн залуу эмэгтэй тойргийнх нь өсвөр үеийнхэн хэдхэн сарын дараа ариун сүмд орох гэж байгааг мэдэж байгаа ч түүнд ариун сүмийн эрхийн бичиг байхгүй. Түүнийг ариун сүмийн эрхийн бичиг авахад нь саад болох нэгэн зүйл түүний амьдралд яг одоо тохиолдоод байна.

Хэрэв бид загалмайгаа үүрэхгүй байхыг сонговол, бид бусдыг адислах мөн өөрсдөө ч адислалуудыг хүлээн авах боломжуудаа алдах болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 56:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Эзра Тайре Миссури руу явахад бэлэн биш байсан учир юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс. Та суралцагчдыг уншихаас өмнө цуцлах гэдэг үг нь буцааж авах эсвэл болих гэсэн утгатай болохыг тайлбарлан хэлж болох юм.

  • Эзра Тайре явахад бэлэн биш байсан учраас тэр юу алдсан бэ? (Тэрээр номлолд үйлчлэх боломж болон үйлчилснээр ирж болох байсан адислалуудаа алдсан.)

  • 4-р шүлэг-т цэдэглэгдсэнээр, Их Эзэн өгдөг зарлигуудынхаа тухайд юу хийж чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлох хэрэгтэй. Их Эзэн тохиромжтой гэж үзвэл зарлиг өгч эсвэл цуцалж чадна.)

Суралцагчдаас Их Эзэн зарлиг өгөөд дараа нь цуцалсан жишээнүүдийг судруудаас эсвэл Сүмийн түүхээс бодож олж чадах эсэхийг асуу. Цөөн жишээг доор харуулав.

  1. Их Эзэн Мосе болон түүний хүмүүст дээд хуулийг өгсний дараа Израилын хүүхдүүд эсэргүүцэж, алтан тугал шүтэж эхлэв. Тэгэхэд нь Их Эзэн тэдэнд доод хуулийг өгсөн юм. (Египетээс гарсан нь 32–34; Иосеф Смитийн орчуулга, Египетээс гарсан нь 34:1–2; С ба Г 84:23–27-г үзнэ үү.)

  2. Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр төлөөлөгчдөө зөвхөн Израилийн угсааны гишүүд рүү илгээдэг байсан (Матай 10:5-ыг үзнэ үү). Аврагч амилсныхаа дараа удалгүй, төлөөлөгчдөдөө бүх үндэстэнд сайн мэдээг тунхагла хэмээн хэлсэн (Матай 28:19-ийг үзнэ үү).

  3. Энэ эрин үед Их Эзэн эхэн үеийн зарим гэгээнтэнд олон эхнэр авахыг зарлигласан. Бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад олон удирдагчийн хувьд энэ зарлиг нь хэцүү байсан ч тэд үүнийг дуулгавартай дагасан юм. 1890 оны 10-р сарын 6-нд ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф, илчлэлт хүлээн авсны дараа, эрх мэдэл бүхий, заавал биелүүлэх Сүмийн хүлээн зөвшөөрөгдсөн Албан Тунхаг гаргасан. Үүгээр Сүм дэх олон эхнэр авах ёс төгсгөл болсон билээ (Албан Тунхаг 1-ийг үзнэ үү).

Их Эзэн түүнчлэн Села Ж.Гриффин, Ньюел Найт хоёрын номлолын дуудлагыг өөрчилснийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 56:6–7-г дүгнэн ярьж өг. Суралцагчдадаа Огайогийн Томпсонд Леман Коплейгийн бий болгосон хүндрэлүүдээс болж Колесвиллийн гэгээнтнүүд Миссури руу нүүх удирдамж авсныг сануул. Тэд бошиглогч Иосеф Смитээс, Колесвиллийг орхисон цагаас тэднийг удирдаж байгаа Ньюел Найтаар удирдуулан нүүж болох эсэхийг асуув. Ньюел Найт энэ хэцүү бэрхшээл тулгарахын өмнө Села Ж.Гриффинтэй хамт үйлчлэхээр дуудагдсан байв (С ба Г 52:32-ыг үзнэ үү). Тиймээс Их Эзэн, Села Ж.Гриффинд Эзра Тайрегийн оронд Томас Б.Маршийг хамтрагчаа болгох мөн Ньюел Найтыг Колесвиллийн гэгээнтнүүдтэй байх удирдамж өгөв.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 56:8–11-ийг чангаар уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Эзра Тайрегийн номлол цуцлагдсаны дараа Их Эзэн түүнд юу хийх хэрэгтэй хэмээн зарлигласныг олж мэдэхийг хүс.

  • Хэрэв Эзра Тайре наманчилбал юу тохиолдох болно хэмээн Их Эзэн хэлсэн бэ? Хэрэв тэр наманчлахгүй бол юу тохиолдох вэ?

Эзра наманчлахыг сонгосон учраас тэрээр 7 сарын дараа Томас Б.Марштай хамт номлогчоор үйлчлэхээр дахин дуудагдсан гэдгийг тайлбарла (С ба Г 75:31-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 56:14–20

Их Эзэн гэгээнтнүүдийг шунахай, бардам зүрх сэтгэлийн эсрэг сэрэмжлүүлэв

Суралцагчдаас нүгэл үйлдээд одоо гэмшиж байгаа нэгэн найз тэдэнд байна гэж төсөөлөхийг хүс. Найз нь тэдэн дээр ирж, “Би наманчлахын тулд юу хийх хэрэгтэй вэ?” гэж асуув. Суралцагчдад тунгаан бодож, хариулах хангалттай цаг өг. Тэднийг хариулсны дараа нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 56:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхныг гүйлгэн харж, биднийг гэм нүглүүдээсээ уучлагдаж эсвэл өршөөгдөхөд саад болдог хандлага болон үйлдлүүдийг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Сургаал ба Гэрээ 56:14–15-р шүлгийн дагуу, ямар хандлага эсвэл үйлдлүүд нь биднийг гэм нүглүүдээсээ уучлагдаж эсвэл өршөөгдөхөд саад болдог вэ?

  • “Өөрсдийнхөө арга замаар зөвлөлдөх” хэмээх үгс нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? “Та нарын зүрх сэтгэл үл ханана” хэмээх үгс нь юуг санал болгож байна вэ? (Энэ нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус байх гэсэн утгатай юм.)

  • Наманчилж, өршөөл хүлээн авахын тулд юу шаардлагатай талаар 14 болон 15-р шүлгүүдээс бид юу сурч авч болох вэ? (Суралцагчид олон янзын зарчмуудыг тодорхойлж болох ч дараах үнэнийг тодорхойлж байгаа эсэхийг магадал. Наманчлал нь Их Эзэний зөвлөгөөнд дуулгавартай байх болон шударга бус хүслээсээ эргэхийг хэлдэг. Та суралцагчдыг энэхүү үнэнийг судар дээрээ Сургаал ба Гэрээ 56:14–15-ын хажууд бичихэд урьж болно.)

  • Дуулгавартай байдал болон шударга бус байдлаас эргэх нь жинхэнэ наманчлалд яагаад шаардлагатай вэ?

Наманчлал нь зөвхөн алхмуудыг дагах биш бөгөөд харин зүрх сэтгэлийн бүрэн өөрчлөлтийг—Их Эзэнийг дуулгавартай дагаж, бүхий л шударга бус зүйлээсээ татгалзах шийдвэрийг шаарддаг гэдгийг тайлбарла. Энэ илчлэлтийг хүлээн авах үед Эзра Тайрегийн амин хувиа хичээсэн үзэл болон бардамнал нь түүнд Их Эзэний зөвлөгөөнд дуулгавартай байхад саад болсон нь харагддаг.

  • Хувь хүний бардамнал нь түүний наманчлагч зүрх сэтгэлтэй байх боломжинд хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 56:16–17-г хамтрагчтай хамт уншихад урь. Нэгээс нь наманчлагч бус зүрх сэтгэл нь баян хүнд хэрхэн илэрч болохыг хайж олохыг хүс. Нөгөөгөөс нь наманчлагч бус зүрх сэтгэл нь ядуу хүнд хэрхэн илэрч болохыг хайж олохыг хүс. Та тэдэнд олсон зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хамтрагчдаа тайлбарлаж, дараах асуултуудыг хамтдаа ярилцахыг хүс (та тэдгээрийг самбар дээр бичиж болно).

  • Баян болон ядуу аль алины наманчлагч бус зүрх сэтгэлээс та нар ямар ижил төстэй зүйлүүдийг олж харж байна вэ?

  • Шунахай сэтгэл нь яагаад баян болон ядуу хүмүүсийн аль алинд нь нийтлэг шинж чанар байж болох вэ?

Суралцагчдаас өөрсдийнхөө амьдралд эсвэл мэддэг хүмүүсийнхээ амьдралд иймэрхүү хандлагууд илрэхийг харснаа тунгаан бодохыг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 56:18-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, адислагдах тэдгээрийн зүрх сэтгэлийг дүрсэлдэг үгсийг олж мэдэхийг хүс.

  • 18-р шүлгийн дагуу, бидний зүрх сэтгэл ямар байх ёстой вэ? Харууссан зүрхтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Гэмшсэн сэтгэл гэдэг нь юу гэсэн үг вэ? (Эдгээр үг хэллэг нь Их Эзэнд даруу, хүлцэнгүй байхыг илэрхийлдэг.)

  • Хэрэв бидний зүрх сэтгэл шунахай эсвэл бардам байсан бол бид хэрхэн өөрчлөгдөж чадах вэ?

Суралцагчдыг хамтрагчийнхаа хамт Сургаал ба Гэрээ 56:19–20-ийг үргэлжлүүлэн уншихыг хүс. Тэднээс даруу зүрх сэтгэлтэй хүмүүст амласан Их Эзэний адислалуудыг олж мэдэхийг хүс. Та тэднийг олсон зүйлүүдээ тэмдэглэхийг санал болгож болно.

Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Даруу зүрх сэтгэлтэй хүмүүс … болно.

  • 18–20-р шүлгүүдийн дагуу, ямар адислалууд самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх вэ? (Суралцагчдыг эдгээр шүлэгт дурдагдсан адислалуудыг тодорхойлж хэлэх үед тэдгээрийг самбар дээр бич. Та төлөөс гэдэг үг нь сайн үйл хийсэн үед шагнал, шударга бус үйл хийсэн үед шийтгэл өгч байгааг хэлдэг гэдгийг тайлбарлаж болно.)

Бүхнээ зориулах хуулиар нөхцөл байдлынх нь дагуу хувь хүн эсвэл гэр бүлд өгөгдсөн хувийг “өв хөрөнгө” хэмээн нэрлэдэг байсан” (С ба Г 57:7). Энэ хуулийг хэрэгжүүлээд удаагүй байх үед гэгээнтнүүдийн зарим нь Эзра Тайре шиг өөрсдийн “өв хөрөнгө”-ийг хүлээж авах талаар хэт их санаа зовж байсан байж болох юм.

Самбар дээр жагсаан бичсэн адислалуудын хажууд Миний өв хөрөнгө гэсэн үгсийг бич.

  • Бидний жагсаасан зүйлүүдээс Их Эзэний даруу зүрх сэтгэлтэй тэдэнд зориулан хадгалж буй адислалуудыг та нар хэрхэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох дараах зарчмыг тодорхойлох хэрэгтэй. Даруу зүрх сэтгэлтэй хүмүүс дэлхийг өвлөх болно.)

  • 18–20-р шүлэг-т дүрслэгдсэн адислалууд нь Эзра Тайре болон бусад эртний гэгээнтнүүдийн санаа зовж байсан тэдгээр эд хөрөнгө болон мөнгөтэй хэрхэн харьцуулагдах вэ?

Бид шударга бус зүйлүүдээс өөрсдийгөө холдуулж, Түүний зарлигуудыг дагахаар шийдэх үед Их Эзэний бидэнд зориулан хадгалсан байгаа адислалуудын буюу “өв хөрөнгө”-ийн талаар гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 56:2. Номлогчдын хувьд загалмайгаа үүрч, Их Эзэнийг дагах нь

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, номлолд үйлчлэхийн тулд шаардлагатай бол юуг ч золиослоход бэлэн байх байдлыг залуу эрэгтэйчүүдээс хүлээж байдаг талаараа ийн хэлсэн юм.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Номлолд үйлчлэх талаар ерөнхийлөгч [Спэнсэр В.] Кимбалл хэлэхдээ ‘Залуу эрэгтэйн хувьд эрийн цээнд хүрээд, өөрийнхөө амьдралын ажил, мэргэжилд бэлтгэхэд цаг заваа зарцуулж, дэлхий дээрх хамгийн чухал үйлчлэл болох өөрийн Бүтээгчид үйлчлэх хүсэлгүй байх нь хэчнээн амин хувиа хичээсэн, бодлогогүй алхам байх билээ‘ (Regional Representatives‘ seminar, 1977 оны 9-р сарын 30). …

Залуу эрэгтэйчүүд ээ, ерөнхийлөгч Кимбаллын хэлсэн энэхүү мэдэгдэл та нарын хувийн уриа байх ёстой. Зөв зохистой, чадвартай ХҮГ эрэгтэй бүр номлолын ажил хийх ёстой” (Ensign 1974 оны 5-р сар, 87-р хуудас). Бид та нараас энэ золиослолыг хийгээч хэмээн хүсч байна. Илүү сайн үг олдохгүй болохоор бид золиослол гэж нэрлэдэг. Энэ бол хөрөнгө оруулалт. Дэлхий дээрх хамгийн агуу үйлчлэл болох үүнд элсэн ор. Үүрэг хариуцлагаасаа бүү зугт. Ухамсартайгаар бүү эсэргүүц. Бид та нарыг өдөр бүр тоо нь өсөн нэмэгдэж буй тэрхүү армид … нэгдэн ороход урьж байна. Сэргээлтийн сайн мэдээг дэлхийд тунхаглах нь таны ажил байх болно. Бид та нарт итгэдэг бөгөөд та нарт хайртайг мэдэгтүн. Бид та нараас номлолоо гүйцээхийг хүсэн хүлээж байна (“This Is a Day of Sacrifice,” Ensign, 1979 оны 5-р сар, 33).

Сургаал ба Гэрээ 56:4. Их Эзэн зарлиглаж бас цуцалдаг

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэр, Их Эзэн Сүмд өгсөн удирдамжаа заримдаа хэрхэн өөрчилдөг талаар ойлголтыг өгсөн юм. Ерөнхийлөгч Пакэр, Төлөөлөгчдөд өгөгддөг илчлэлтийн үйл явцад итгэлтэй байж мөн тэдгээрийг илчлэгдэх үед хийж заншсан зүйлс болон үйл явц дахь өөрчлөлтүүдийг хүлээн авахад гишүүдийг урамшуулан дэмжсэн.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Байгууллага эсвэл үйл явц дахь өөрчлөлтүүд нь илчлэлт үргэлжилж байгаагийн гэрч юм. Сургаалууд хувьсан өөрчлөгдөлгүй үлддэг ч, арга барил эсвэл үйл явц нь өөрчлөгддөг. …

Сайн мэдээний төлөвлөгөө нь шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханаар илчлэгддэг байв. Мөн үргэлжлүүлэн: ‘Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг.’ (ИТ 1:9.)

Өнгөрсөн үеүдэд байсны нэгэн адил ирээдүйд ч өөрчлөлтүүд байх болно. Ах нар өөрчлөлтүүд хийж эсвэл тэдгээрийг эсэргүүцэх нь, эхэнд зохион байгуулагдсан илчлэлтийн сувгаар дамжуулан тэдний хүлээн авдаг тэрхүү зааврууд дээр бүрэн дүүрэн үндэслэдэг билээ.

Сургаалууд нь өөрчлөгдөлгүй, мөнх үлдэж; байгууллага, хөтөлбөр болон үйл явцууд нь Түүний сүмийн хувьд Түүгээр удирдагдан өөрчлөгдөх болно. …

Мөн төгсгөлд нь Эзэн үүнийг ярьсан учир эдгээр нь ирдэг ‘харин [Түүний] өөрийн дуу хоолой байна уу, эсвэл [Түүний] үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил.’ (С ба Г 1:38.) Түүнийг ярих үед бид Түүний дуу хоолойг таньдаг” (“Revelation in a Changing World,” Ensign, 1989 оны 11-р сар, 15, 16).

Сургаал ба Гэрээ 56:14–15. Гэм нүглээсээ өршөөгдөхийн тулд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон наманчлалаар дамжуулан зүрх сэтгэлийн бүрэн өөрчлөлтөөс ирдэг үр дүнг онцлон тэмдэглэсэн.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Наманчлал нь туйлын зорилго болон хэцүү байсан ч гэсэн цөхрөлтгүй оролдох хүсэл тэмүүллийг шаарддаг. Наманчлалын онцгой үе шатуудын жагсаалт гаргахыг оролдох нь заримд нь тустай байж болох ч энэ нь бас л өөрийн мэдэлгүй механик байдалд хөтөлж болно. Үнэн наманчлал нь өнгөцхөн зүйл биш. …

Нигүүлсэнгүй Гэтэлгэгчид итгэх итгэлтэйгээр цөхрөлийг найдвараар солих боломжтой. Нэгэнт зүрх сэтгэл, хүсэл нь өөрчлөгдөхөд сэтгэл хуурах нүглүүд улам бүр жигшүүртэй, үзэн ядмаар болдог. Нүглээ хүлээн, орхих шийдвэр гаргасан шинэ зүрх сэтгэлд гэм нүглээ засах боломж маш түргэн ирдэг. Энэ шийдвэрийн араас удалгүй Бурханы дуулгавартай байдлын гэрээ ирдэг. Гэрээг хийсний дараагаар, бурханлаг ач ивээлийн элч Ариун Сүнс тайвшрал, уучлалыг авчрах болно” (“Наманчлалын бурханлаг бэлэг,” Ensign, 2011 оны 11-р сар, 40) эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45).

Сургаал ба Гэрээ 56:19. Их Эзэн зүрх сэтгэлдээ даруу тэдгээрт нөхөн төлөөсийг авчрна

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах үг нь Аврагчаас ирэх нөхөн төлөөсийн амлалтад багтсан нөхөн төлөөсийн зарчмыг заадаг.

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Их Эзэн итгэлтэй хүмүүст алдсан юм болгоныг нь нөхөж өгдөг. Их Эзэнийг хайрладаг хүмүүсээс авагдсан юмсыг Тэрээр Өөрийнхөө арга замаар тэдэнд нэмж өгөх болно. Энэ нь бидний хүссэн цагт ирэхгүй байж болох ч өнөөдрийн гашуун нулимс бүрийг хэдэн зуу дахин илүү баяр талархлын нулимсаар эргүүлэн төлнө гэдгийг итгэлтэй хүмүүс мэдэх болно” (“Юу ч тохиолдсон талархалтай бай,” Ensign, 2008 оны 11-р сар, 28 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33).