Семинар
64-р хичээл: Сургаал ба Гэрээ 58:34–65


64-р хичээл

Сургаал ба Гэрээ 58:34–65

Оршил

Сионы хотыг барих ажлыг хэрхэн урагшлуулах талаарх ахлагчдын асуултын хариуд Их Эзэн Сургаал ба Гэрээ 58-д цэдэглэгдсэн илчлэлтийг 1831 оны 8-р сарын 1-нд өгчээ. 34–65-р шүлэг нь Сион руу нүүсэн хүмүүс бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах заавруудыг агуулдаг. Эдгээр шүлэгт, Их Эзэн түүнчлэн наманчлалын зарчмыг зааж, ахлагчдад сайн мэдээг тунхаглахыг зарлиглаж мөн Сионыг хэрхэн барих талаар зөвлөгөөг тэдэнд өгчээ.

Заах зөвлөмж

Өмнөх хичээл дээр, суралцагчдыг өнөөдрийн хичээлээс өмнө сонгох эрхээ ашиглан ямар нэг сайн зүйл хийхэд урьсан. Сайн зарчимд “санаа сэтгэлээ бүрэн зориулсан” (С ба Г 58:27) туршлагаа хуваалцахыг суралцагчдаас хүссэнээр энэ урилгыг шалга.

Сургаал ба Гэрээ 58:34–43

Их Эзэн Сионы талаар зааврууд өгч мөн наманчлалын зарчмуудыг заав

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Наманчлах гэж юу гэсэн үг вэ?

Цөөн суралцагчийг асуултад хариулахад урь. Тэгээд дараах асуултуудыг самбар дээр бич. Би бүрэн наманчилсан эсэхээ хэрхэн мэдэж чадах вэ? Их Эзэн нүглүүдийг маань уучилсан эсэхийг би яаж мэдэх вэ?

Суралцагчдыг эдгээр асуултыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Хэсэг хугацаанд эдгээр асуулт бүрд хариулж бичихийг тэднээс хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, хичээлийн сүүлчээр хариултуудаа дахин ярилцах боломжтой байх болно гэдгийг хэл.

Миссури руу аялж мөн тэнд амьдрах даалгавар авсан ахлагчдын олон нь Сионы хотыг төлөвлөж, зохион байгуулж мөн байгуулахын тулд юу хийх хэрэгтэйг мэдэхийг хүссэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 58:34–37-г хураангуйл. Миссури руу нүүж буй хүмүүст мөнгө болон өмч хөрөнгөө Сионыг байгуулах ажилд зориул хэмээн Их Эзэн зааварлажээ. Мартин Харрис бишопт мөнгөө өгч үүний үлгэр жишээ болох ёстой гэсэн заавар авсан байна. Тэр, бишоп Эдвард Партрижид Сүмд зориулан газар худалдаж авахад нь туслахаар их хэмжээний мөнгө хандивлажээ.

Дараах нэрсийг самбар дээр бич. Мартин Харрис, Виллям В.Фелпс, ба Зиба Петерсон. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:31–41, 60-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Мартин Харрис, Виллям В.Фелпс болон Зиба Петерсон нар Сионыг байгуулахаар бэлтгэх үед Их Эзэний тэдэнд өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

Суралцагчдыг дараах асуултуудад хариулах хооронд та тэдний хариултыг самбар дээр тохирох сэдвийн доор бичиж болно.

  • Их Эзэн Мартин Харрисыг ямар нүгэлд буруутай хэмээн хэлсэн бэ? Их Эзэн Түүнд юу хий гэж хэлсэн бэ?

  • Их Эзэн Виллям В.Фелпсийг ямар нүгэлд буруутай хэмээн хэлсэн бэ? Их Эзэн Түүнд юу хий гэж хэлсэн бэ? (Та “давамгайлахыг эрэлхийлдэг” [41-р шүлэг] гэсэн хэллэг нь хамгийн сайнаараа хичээх эсвэл сайжрахыг хичээх гэсэн утгатай биш гэдгийг тайлбарлаж болно. Харин энэ хэллэг нь бусдаас илүү сайн эсвэл чухал харагдах гэсэн зөв шударга бус, бардам хүслийг хэлж байгаа юм.)

  • Зиба Петерсон нүглүүдээ яах бодолтой байсан бэ?

Эдгээр эрэгтэйн нүгэл нь Сионыг байгуулахад туслахад нь тэдэнд саад болж байсан гэдгийг онцлон хэл.

  • Бидний нүгэл ямар байдлаар Их Эзэнд үйлчлэхэд бидэнд саад болдог вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн наманчлалын талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид наманчилбал Их Эзэн юу хийнэ хэмээн амласан бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид нүглээ наманчилбал Их Эзэн биднийг уучилж мөн бидний нүглийг цаашид санахгүй. Энэ зарчмыг самбар дээр бич. Та суралцагчдад 42-р шүлэг дээрх энэ зарчмыг зааж буй үгсийг тэмдэглэхийг зөвлөж болно.

  • Энэ амлалт нь бидний нүглийн алинд нь хамааралтай вэ? (Бүгдэд нь.)

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Самбар дээр бичсэн зарчмыг заах үг, хэллэгүүдийг олж сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Бидний хийсэн буруу зүйл юу болохоос, бидний үйлдэл хэн нэгнийг хэр их хохироосноос үл хамааран, нүглийг юу ч үлдээлгүй арчин хаях боломжтой. Миний хувьд бүх судар дахь хамгийн гайхамшигтай үгс бол, “‘Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй’ [С ба Г 58:42] хэмээн сударт өгүүлсэн Их Эзэний үгс билээ.

[Энэ бол] Есүс Христийн сайн мэдээ болон Цагаатгалын зорилго юм” (“Цагаатгал,” Ensign, 2012 оны 11-р сар, 77 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92).

Самбар дээр бичсэн асуултууд руу суралцагчдын анхаарлыг дахин хандуул.

  • 42-р шүлэг-т гарч буй Их Эзэний амлалт гурав дахь асуултад хариулахад хэрхэн тусалж чадах вэ? Их Эзэн нүглүүдийг маань уучилсан эсэхийг би яаж мэдэх вэ? (Их Эзэний амлалт нь биднийг бүрэн дүүрэн наманчлахад Тэр үргэлж өршөөдөг гэдгийг мэдэхэд бидэнд тусалдаг.)

  • Биднийг бүрэн наманчлах үед Их Эзэн уучлах болно гэсэн амлалтаас гадна бид уучлагдсан гэдгээ яаж мэдэх вэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг чангаар уншихыг хүс. Суралцагчдаас Их Эзэн тэдний гэм нүглийг өршөөсөн гэдгийг хэрхэн мэдэж болохыг сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид нэгэнт чин сэтгэлээсээ наманчилсан бол Христ бидний гэм нүглийн ачааг авч хаях болно. Бид өршөөгдөж, эдгэрсэн гэдгээ өөрсдөө мэдэж чадна. Ариун Сүнс үүнийг бидэнд батлах болно. Тэр бол Ариусгагч. Өршөөлийн тухай үүнээс агуу гэрчлэл гэж үгүй” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 101).

  • Бүх нүглээсээ уучлагдаж чадна гэсэн мэдлэг нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Зарим хүн нүглүүдээ санаж байгаа бол бүрэн наманчлаагүй гэж буруу боддог гэдгийг суралцагчдад тайлбарлаж өг. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг уншихад урь. Ангийнхнаас, бид наманчилсныхаа дараа ч гэсэн нүглүүдээ яагаад санадаг болохыг олж мэдэхийг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Бид нүглүүдээ санадаг учраас Сатан бидний нүгэл уучлагдаагүй гэж бидэнд итгүүлэхийг хичээх болно. Сатан бол худалч; тэр биднийг харалган болгож, биднийг наманчлал, өршөөлөөс холдуулахыг хичээдэг. Бурхан биднийг нүглүүдээ санахгүй хэмээн амлаагүй юм. Нүглүүдээ санаж байх нь урьдын алдаагаа дахин гаргахаас зайлсхийхэд бидэнд тусалдаг. Хэдий тийм ч бид үнэнч, итгэлтэй хэвээр байвал бидний нүглүүдийн дурсамж цагийн явцад багасах болно. Энэ нь эдгэрэл болон ариуслын үйл явцын шаардлагатай нэг хэсэг юм” (“Point of Safe Return,” 101).

Самбар дээр бичсэн амлалт нь нөхцөлтэй гэдгийг онцол. Бид нүглээ бүрэн наманчлахын тулд чадах бүхнээ хийсэн үед л Их Эзэний өршөөлийг хүлээн авч чадна.

  • Наманчлах гэж юу гэсэн үг вэ? (Та суралцагчдыг самбар дээрх асуултуудад хариулсан хариултаа эргэн харахад урьж болно.)

Суралцагчдыг хариулсны дараа нэг суралцагчийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас наманчлах гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар заасан нэмэлт зүйлсийг сонсохыг хүс.

Наманчлал гэдэг нь буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхөөс илүү утга учиртай юм. Энэ нь оюун ухаан, зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Нүглийг орхиж, уучлалын төлөө Бурхан руу эргэх нь наманчлал юм. Наманчлал нь Бурханыг хайрлах хайр, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 28).

Жинхэнэ наманчлал хэд хэдэн шаардлагатай гэдгийг тайлбарла. Эдгээр шаардлагын хоёр нь Сургаал ба Гэрээ 58:43-т дурдагдсан байдаг. Нэг суралцагчаас энэ шүлгийг чангаар уншихыг хүс. Ангийнхнаас дагаж уншаад, бидний бүрэн наманчлахын тулд хийх ёстой хоёр зүйлийг олж мэдэхийг хүс.

  • 43-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бүрэн наманчлахын тулд бидний хийх ёстой хоёр зүйл юу вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлох ёстой. Наманчлахын тулд бид нүглүүдээ хүлээж мөн орхих ёстой. Зарчмыг самбар дээр бич.)

  • Энэ үнэн нь Би бүрэн наманчилсан эсэхээ хэрхэн мэдэх вэ? гэсэн асуултад хариулахад хэрхэн туслах вэ? (Нүглүүдээ хүлээж мөн орхих нь бүрэн наманчлалын амин чухал хэсэг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

  • Нүглээ хүлээх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Суралцагчдад нүглээ хүлээх гэдгийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Нүглээ улайж, орхих нь хүчирхэг ойлголт. Энэ нь зүгээр л ‘Би хүлээн зөвшөөрч байна, намайг уучлаарай’ гэж хэлэхээс илүү гүн утга учиртай юм. Нүглээ хүлээх нь Бурханд болон бусдын өмнө үйлдсэн хэргээ сэтгэлийн гүнээс, заримдаа бүр шаналан байж хүлээх явдал юм” (“Наманчлалын бурханлаг бэлэг,” Ensign, 2011 оны 11-р сар, 40 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47).

  • Нүглээ хүлээх нь нүглээ орхиж, уучлалын төлөө Бурхан руу эргэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Энэ ярилцлагын нэг хэсэг болгон суралцагчид ямар нүглийг хүлээх ёстойг мөн хэнд хүлээх ёстой талаар бодож байж болно. Бид Тэнгэрлэг Эцэгтээ бүх нүглээ тоочих хэрэгтэй гэдгийг тайлбарла. Бэлгийн харьцааны гэм нүгэл болон порнограф гэх мэт ноцтой гэм нүглүүдийг бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчдөө тоочих хэрэгтэй.

Суралцагчдын анхаарлыг самбар дээр сүүлд бичсэн үнэнд хандуул.

  • Нүглүүдээ орхих гэдэг нь юу гэсэн үг вэ? (Нүглээсээ бүрмөсөн эргэж, тэдгээрийг хийхээ болих.)

Аврагчийн Цагаатгал болон сая ярилцсан наманчлал болон уучлалын зарчмуудыг гэрчил. Суралцагчдыг наманчлах хэрэгтэй нүглүүд байгаа эсэхийг бодож үзэхэд урьж мөн өнөөдөр сурсан үнэнүүдийн дагуу үйлдэж наманчлахад нь урамшуулан дэмж.

Сургаал ба Гэрээ 58:44–65

Их Эзэн ахлагчдад сайн мэдээг номлохыг зарлиглаж мөн Сионыг хэрхэн байгуулах талаар зөвлөгөө өгөв

Их Эзэн Миссурид үлдэх ахлагчдад газар худалдан авч мөн Миссури дэх гэгээнтнүүдийн цугларалтад бэлтгэх ёстой хэмээн хэлсэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 58:49–62-ыг хураангуйл.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:46–47, 63–65-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Огайо руу буцах ёстой ахлагчдад өгсөн Их Эзэний зөвлөгөөг хайж олохыг хүс.

  • 46–47-р шүлэгт цэдэглэгдсэнээр, ахлагчид Огайо руу буцах үедээ юу хийх ёстой байсан бэ?

  • 64-р шүлэгт өгүүлснээр сайн мэдээг хэнд номлох ёстой байсан бэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч тэдний хариултууд дараах үнэнийг илэрхийлэх ёстой. Сайн мэдээг хүн бүрд номлох ёстой. Та суралцагчдад 64-р шүлэг дэх энэ үнэнийг заадаг үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.

Суралцагчдыг эргэн тойрондоо байгаа хүмүүстэй сайн мэдээний үнэнүүдийг хуваалцахын тулд Сүнсний өдөөлтүүдийг дагахад урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 58:39. “Наманчил”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон наманчлал нь зүгээр нэг хийдэг дэс дараатай зүйлээс илүү гэдгийг заасан.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Наманчлалын онцгой үе шатуудын жагсаалт гаргахыг оролдох нь заримд нь тустай байж болох ч энэ нь бас л өөрийн мэдэлгүй механик байдалд хөтөлж мэднэ. Үнэн наманчлал нь өнгөцхөн зүйл биш. Их Эзэн наманчлалын талаар хоёр чухал зүйлийг хэлсэн юм. ‘Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно’ (С ба Г 58:43)” (“Наманчлалын бурханлаг бэлэг,”Ensign, 2011 оны 11-р сар, 40 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон наманчлал гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тайлбарласан.

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Наманчлалын сургаал нь толь бичгийн тодорхойлолтоос хавьгүй өргөн хүрээтэй. Есүс ‘наманчил’ хэмээн хэлэхэд Түүний төлөөлөгчид энэ зарлигийг грек хэл дээр metanoeo гэсэн үйл үгээр тэмдэглэжээ. Энэ хүчирхэг үг нь маш их ач холбогдолтой. Энэ үгийн угтвар meta гэдэг нь ‘өөрчлөх’ гэсэн утгатай. Дагавар нь дөрвөн чухал грек үгтэй холбоотой. Үүнд: ‘оюун санаа’ гэсэн утгатай nous, ‘мэдлэг’ гэсэн утгатай gnosis ‘сүнс’ гэсэн утгатай pneuma, мөн ‘амьсгал’ гэсэн утгатай pnoe.

Тиймээс Есүс ‘наманчил’ хэмээн хэлэхдээ, биднээс оюун санаа, мэдлэг болон сүнс, тэр байтугай амьсгалаа өөрчлөхийг хүссэн. Амьсгалаа өөрчлөх гэдэг нь амьсгал бүрийг өгдөг Түүнийг талархалтайгаар хүлээн зөвшөөрөх явдал гэдгийг нэгэн бошиглогч тайлбарласан. Хаан Бенжамин ‘хэрэв та нар эхлэлээс та нарыг бүтээсэн түүнд, мөн та нарыг өдрөөс өдөрт хадгалан хамгаалж буй, танд амьсгалыг өгснөөр, … , мөн бүр таныг нэг хормоос нөгөөд дэмжих түүнд үйлчилсэн ч—би хэлнэ, хэрэв та нар түүнд өөрсдийн бүхий л бие сэтгэлээрээ үйлчилсэн ч, та нар ашиггүй зарц нар хэвээр байх бөлгөө’ хэмээн хэлсэн. [Мозая 2:21.]

“Тийм ээ, Их Эзэн бидэнд наманчлахыг, өөрсдийн замаа өөрчлөхийг, Түүнд ирэхийг мөн Түүнтэй илүү адил болохыг зарлигласан. [3 Нифай 27:21, 27-г үзнэ үү.] Энэ нь бүрэн өөрчлөлтийг шаарддаг” (“Repentance and Conversion,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 103).

Сургаал ба Гэрээ 58:42. “Тэдгээрийг цаашид санах нь үгүй”

Далын ахлагч Ф.Бөртон Ховард наманчилсны дараа Их Эзэн бидний нүглийг үнэхээр санадаггүй гэдгийг сурч авсан нэгэн туршлагаа хуваалцсан.

Зураг
Ф.Бөртэн Ховард

“Сүүлийн түүхээ хуваалцъя. Энэ нь намайг бишоп байх үед тохиолдсон юм. Нэг шөнө намайг бөх гэгч унтаж байхад хаалганы хонх дуугарав. Би бүдчин байж хаалгаа нээтэл пристүүдийн чуулгын нэгэн залуу эрэгтэй хаалган дээр зогсож байлаа. Би түүнийг сайн мэддэг. Түүнтэй хамт зугаалж, түүнтэй хамт мөн түүний төлөө залбирч мөн түүнд заадаг байсан юм. Сайн бишоп бүр арван найман настай идэвхтэй пристээ мэддэг шиг би түүнийг сайн мэддэг байсан учраас шөнө дунд хаалган дээр минь юу хийж явааг нь асуух миний хувьд тийм ч хэцүү байгаагүй.

Тэр ‘би тантай ярилцах хэрэгтэй байна, бишоп оо. Би сая нэг ноцтой зүйл хийсэн болохоор гэртээ харьж чадахгүй байна’ гэж хэлэв.

Түүний зөв байлаа. Энэ нь ноцтой зүйл байлаа. Би түүнийг орж ирэхийг уриад, бид хоёр ярилцав Бид хоёр ээлжлэн ярьж, бие биенээ сонсож үүр цайлгасан юм. Түүнд олон асуулт байсан. Тэр маш ноцтой нүгэл үйлдсэн байсан. Тэр өөрт нь найдвар байгаа эсэхийг мэдэхийг хүсжээ. Тэр хэрхэн наманчлахаа мэдэхийг хүссэн юм. Тэр наманчлах явцдаа эцэг, эхдээ хэлэх ёстой эсэхээ мэдэхийг хүссэн. Тэр өөрт нь номлолд үйлчлэх боломж байгаа эсэхийг мэдэхийг хүссэн юм. Тэр өөр олон зүйл мэдэхийг хүсэж байлаа.

Надад бүх хариулт байгаагүй ч гэсэн би найдвар байгаа гэдгийг түүнд хэлсэн. Алдаагаа засах нь хэцүү боловч боломжтой гэж би түүнд хэлэв. Би наманчлалын үйл явцын талаар мэддэг зүйлээ түүнд хэлж мөн түүнд юу хийх ёстойгоо ойлгоход нь тусалсан. Хэрэв тэр номлолд явахыг үнэхээр хүсч байвал энэ шийдвэрийг наманчилсны дараа л гаргаж болно гэж би түүнд хэлсэн. Би түүнд гэртээ харь гэж хэлсэн бөгөөд тэрээр явсан юм.

Тэр эцэг, эх хоёртойгоо учраа олсон. Тэр хохироосон хүмүүсээсээ уучлал хүссэн. Тэр нүгэл болон муу найзуудаасаа холдож мөн наманчлахын тулд чадах бүхнээ хийсэн.

Жил гаруй хугацааны дараа энэ чуулгаас таван залуу эрэгтэй номлолд явсан. Тэр тэдний нэг байсан юм. Би тэд нартай бүгдтэй нь ойр дотно байсан. Би тэднийг явахад нь үдэж өгч билээ. Тэд бүгд номлолоо нэр төртэйгөөр хийсэн. Гэртээ эргэж ирээд удалгүй тэд бүгд ариун сүмд гэрлэсэн юм. Эхнэр бид хоёр тэдний хуримын ёслолуудад оролцсон. Би өнөөдөр ч гэсэн цаас гаргаж ирээд, тэдний нэрийг эхнэрүүд болон зарим хүүхдийнх нь хамт бичиж чадна. Би тэднийг ийм хэмжээнд сайн мэддэг.

Гэхдээ би одоо та нарт маш хувийн чанартай болон чухал зүйл хэлье. Би шөнө дунд манай гэрт ирсэн залуу эрэгтэйн нэрийг санадаггүй. Тэр залуу нөгөө тавын нэг байсан гэдгийг би мэднэ, гэхдээ аль нь гэдгийг би санахгүй байна.

Энэ талаар санаа зовох үе надад байдаг байсан. Ой санамж минь муудаж байж магадгүй гэж бодсон. Би асуудалд орсон нь хэн билээ гэж санахыг бүр албаар хичээсэн боловч чадаагүй.

Удалгүй би дуудлагаасаа чөлөөлөгдөж, болсон бүх зүйлийг бодлоосоо гаргасан. Олон жилийн дараа би нэгэн орой алхаж яваад, бишопоор үйлчилж байсан тойрогтоо ирсэн юм. Нам гүм байдал нь дурсамжуудыг сэргээж байв. Би гүн бодолд автан явж байхдаа олон жилийн өмнө залуу эрэгтэйчүүдийн маань нэг амьдарч байсан байшингийн өмнө алхаж байгаагаа анзаарсан юм. Гэв гэнэт, та нарт ярьсан залуу эрэгтэйн түүх миний толгойд орж ирсэн. Би энэ залуу тэр тавын аль нь байсныг санахыг хичээсэн. Тэр энэ байшинд амьдарч байсан бил үү? гэж би гайхаж билээ. Би яагаад санаж чадахгүй байгаа юм бэ?

Цааш үргэлжлүүлэн алхаж байхад тайлбарлахад хэцүү ямар нэг, бодитой зүйл тохиолдсон. Би нэг дуу хоолой сонсох шиг болсон. ‘Хүү минь, чи ойлгохгүй байна гэж үү? Би үүнийг мартсан. Чи яагаад санах ёстой юм бэ?’

“Би үнэхээр ичин даруусгагдав. Энэ асуултад надад хангалттай хариулт байхгүй байв. Би энэ талаар дахин хэзээ ч бодоогүй. Тэр үед би өмнөхөөсөө ч илүүгээр Өөрийнх нь хүүхдүүд Түүнд эргэн ирэхэд Их Эзэн баяртай байдаг гэдгийг мэдсэн юм.

Бүх хоньчин болон алдагдсан хонь үүнийг сайн ойлгох ёстой. Их Эзэн, ‘Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй (С ба Г 58:42)’ хэмээх амлалтаа биелүүлдэг” (“Come Back to the Lord,” Ensign, 1986 оны 11-р сар, 77–78).

Сургаал ба Гэрээ 58:43. “Нүглүүдээ тооч”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт нүглээ тоочиход шаардлагатай зүйлсийг тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Та нүглээ Их Эзэнд үргэлж тоочих хэрэгтэй. Хэрэв таны үйлдсэн нүглүүд [бэлгийн харьцааны] гэх мэт ёс суртахууны хувьд ноцтой байвал эдгээрийг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчдөө тоочно. Нүглээ тоочих нь наманчилж байгаа хэрэг биш гэдгийг ойлгоорой. Энэ нь нүглээ наманчлах маш чухал алхам мөн хэдий ч энэ нь хангалттай биш. Зөрчлийнхөө багахан хэсгийг тоочсоноор хагас дутуу хүлээх нь танд илүү хүнд тоочоогүй нүглээ шийдэхэд тус болохгүй. Уучлалыг хүлээн авахад Их Эзэн ба Түүний санваарын шүүгчид үйлдсэн бүх зүйлээ дэлгэх нь зайлшгүй шаардлагатай” (“Finding Forgiveness,” Ensign, 1995 оны 5-р сар, 76).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл нүглүүдээ хүлээх үедээ чин сэтгэлээсээ мөн бүрэн шударга байхын чухлыг заасан.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Наманчлал хийгдэх хүртэл ямар ч хүний нүгэл уучлагдахгүй бөгөөд хүн өөрийнхөө бодгалийг бүрэн нээж мөн шалтаг эсвэл зөвтгөх зүйлгүйгээр бодол санаа ба сул дорой чанаруудаа хүлээн зөвшөөрөх хүртэл наманчлаагүй гэсэн үг” (Love versus Lust, Бригам Янгийн Их Сургуулийн оны шилдэг үгс [1965 оны 1-р сарын 5], 10).

Сургаал ба Гэрээ 58:43. Зарим нүглийг яагаад эрх мэдэлтэй санваарын удирдагчид тоочих ёстой вэ?

Тойргийн Аароны санваарын ерөнхийлөгчийн хувьд бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч нь тойрог дахь хүмүүстээ зориулсан наманчлалын түлхүүрийг атгадаг. Бишопууд болон салбарын ерөнхийлөгчид аливаа хүний Сүм дэх байр суурийг тодорхойлж мөн уг хүнд наманчлалын үйл явц дээр туслахад эдгээр түлхүүрийг ашигладаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт эрх мэдэлтэй санваарын удирдагчид ноцтой гэм нүглээ тоочихын учрыг ийн тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Бэлгийн харьцааны гэх мэт ноцтой гэм нүглийг наманчлах үйл явцыг дуусгаж мөн энэ нь бүрэн ба зохих ёсоор хийгдсэн гэдгийг батлахад бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гэх мэт түлхүүр атгадаг эрх мэдэлтэй хүний тусламж шаардлагатай байдаг” (“The Power of Righteousness,” Ensign, 1998 оны 11-р сар, 69–70).

Сургаал ба Гэрээ 58:43. “Тэдгээрийг хүлээж мөн орхи”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн нүглээ наманчлах гэдэг нь юу гэсэн үг болохыг ийн тайлбарласан.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Нүглээ орхино гэдэг нь дахиад үүнрүүгээ дахин хэзээ ч эргэхгүй байх гэсэн үг юм. Нүглээ орхих нь цаг хугацаа шаарддаг. Их Эзэн бидэнд туслахын тулд зарим үед алдааг санаанд минь байлгасаар байдаг. Мөнх бус байдал дахь суралцах үйл явц бол бидний амьдралын амин чухал хэсэг мөн.

Бид нүглээ шударгаар хүлээж, гомдоосон хүмүүстээ хохирлыг нь чадлынхаа хэрээр барагдуулж, зарлигуудыг сахих замаар нүглээ орхих юм бол, уучлалыг хүлээн авах үйл явцад байгаа нь тэр. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний гэмшил илааршиж, “бидний зүрх сэтгэлээс гэмийг зайлуулан авч“, [Aлма 24:10] “дотор сэтгэлд амар амгалан” ирэх болно. [Moзая 4:3.]

Үнэхээр наманчилдаг боловч сэтгэл санааны амар амгаланг мэдэрч чадахгүй байгаа хүмүүс зарлигуудыг үргэлж сахих хэрэгтэй. Сэтгэл санааны амар амгалан Их Эзэний цагт ирнэ гэдгийг би амлаж байна. Эдгэрэлт нь цаг хугацаа шаарддаг” [“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign, 2009 оны 11-р сар, 42 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).