Семинар
136-р хичээл: Сургаал ба Гэрээ 129; 130:1–11, 22–23


136-р хичээл

Сургаал ба Гэрээ 129; 130:1–11; 22–23

Оршил

1843 оны 2-р сарын 9-нд бошиглогч Иосеф Смит тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанарыг ялган танихад нь гэгээнтнүүдэд туслах заавруудыг өгчээ. Эдгээр заавар Сургаал ба Гэрээ 129-т цэдэглэгдсэн байдаг. Сургаал ба Гэрээ 130 нь 1843 оны 4-р сарын 2-нд Иллинойн Рамуст гэгээнтнүүдтэй уулзаж байхдаа бошиглогч Иосеф Смитийн өгсөн хэд хэдэн сургаалын талаарх зааврыг агуулдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 129

Бошиглогч Иосеф Смит тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанарын талаар заавруудыг өгчээ.

Хэрэв хэн нэгэн хүн хожмын үеийн гэгээнтнүүд тэнгэр элчүүдэд итгэдэг үү гэж асуувал юу гэж хариулахыг нь суралцагчдаас асуу. Суралцагчдыг хариулсны дараа, нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Эхлэлээс эхлэн дараагийн бүх эрин үеийн туршид Бурхан хайр энэрлээ Өөрийн хүүхдүүдэд дамжуулахын тулд тэнгэр элчүүдийг элч төлөөлөгч болгон илгээсээр байна.

Эдгээр хүмүүн биес ихэвчлэн үзэгддэггүй. Зарим үед үзэгддэг. Гэвч үзэгддэг ч байна уу, үзэгддэггүй ч байна уу тэнгэр элчүүд үргэлж ойрхон байдаг. Зарим үед тэдний ажил үүрэг их өргөн цар хүрээтэй бөгөөд бүх дэлхийд ач холбогдолтой байдаг. Зарим үед тэдний захиас хувь хүнд илүү чиглэсэн байдаг. Тэнгэр элчийн зорилго бол ерөнхийдөө сэрэмжлүүлэх явдал мөн“ (“Тэнгэр элчүүдийн үйлчлэл,” Ensign, 2008 оны 11-р сар, 29 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 35).

1839 оноос эхлэн 1843 оныг дуустал бошиглогч Иосеф Смит тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанарыг хэрхэн ялган таньж болохыг мэдэхэд нь туслахын тулд хэдэн хүнд зааврууд өгсөн гэдгийг тайлбарла. Эдгээр зааврын зарим нь Сургаал ба Гэрээ 129-д цэдэглэгдсэн байдаг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 129:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн хоорондох чухал ялгааг олж мэдэхийг хүс. (Та шударга гэдэг нь зөв шударга гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.)

  • Тэнгэр элчүүд сүнснүүдээс ямар ялгаатай байдаг вэ? (Тэнгэр элчүүдэд амилсан мах болон ясан бие байдаг бол сүнсэнд байдаггүй.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 129:4–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, тэнгэр элчүүд хийгээд зөв шударга сүнснүүдийн хоорондох ялгааг олж мэдэх арга замыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Бид 7-р шүлгээс Тэнгэрлэг Эцэгээс ирсэн жинхэнэ тэнгэр элчүүдийн мөн чанарын тухай юу сурдаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та дараах сургаалыг судрын зайн дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно. Тэнгэрлэг Эцэгээс ирсэн жинхэнэ тэнгэр элчүүд биднийг хуурахгүй байх болно.)

Зарим үед чөтгөрүүд хүмүүсийг хуурахын тулд “гэрлийн тэнгэр элч“ мэт харагдахыг хичээдэг гэдгийг тайлбарла (С ба Г 129:8-ыг үзнэ үү). Үүнээс гадна “судрууд мөн чөтгөрийн элчүүдийн тухай өгүүлдэг. Тэдгээр нь Люсиферийг даган мөнх бус амьдралын өмнөх амьдралд Бурханы дэргэдээс зайлуулагдан, дэлхий дээр хаягдсан сүнснүүд юм (Илч. 12:1–9; 2 Ниф. 9:9, 16; С ба Г 29:36–37)” (Судруудын удирдамж, “Тэнгэр элчүүд,” scriptures.lds.org). Сатан эсвэл хилэнцэт сүнснүүдийн талаар туршлага хуваалцаж болохгүй ба ярилцлагыг хэт сэтгэл хөдөлгөсөн, гайхшируулсан түүхүүд мөн үнэн бус мэдээлэл рүү бүү хандуул.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 129:8–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, гэрлийн тэнгэр элчийн дүрээр хүмүүсийг хуурахыг эрэлхийлдэг хилэнцэт сүнсийг хэрхэн танихыг олж мэдэхийг хүс. (9-р шүлэг дэх үйлчлэл гэдэг үг нь тэнгэр элч эсвэл сүнсний илэрхийлэл эсвэл айлчлал гэдгийг тайлбарлаж болно.) Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцахад урь.

  • Эдгээр шүлэг дэх заавруудаас гадна Тэнгэрлэг Эцэг та нарт Сатаны хууран мэхлэлтийг ялган танихад туслах юу өгсөн бэ?

Сургаал ба Гэрээ 130:1–11, 22–23

Бошиглогч Иосеф Смит хэд хэдэн сургаалыг тодорхой болгов

1843 оны 4-р сарын 2-нд бошиглогч Иосеф Смит Наувугаас зүүн урагшаа 32 орчим километрийн зайтай Иллинойн Рамуст гэгээнтнүүдтэй хамт гадасны чуулганыг явуулсан болохыг тайлбарла. Өглөөний хуралдааны үеэр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Хайд номлол айлдаж, өмнө нь явж байсан өөр сүмээс сурч авсан судрын буруу тайлбаруудыг заажээ.

  • Бошиглогч энэ үед юу хийх үүрэгтэй байсан бэ? (Цуглаан дээр заасан аливаа буруу сургаалыг залруулах).

Бошиглогч, гадасны ерөнхийлөгч, бишоп зэрэг Сүмийн тэргүүлэх удирдагчид Сүмд зөв сургаал заагдаж байгаа эсэхэд анхаарал тавих үүрэгтэй байдаг гэдгийг тайлбарла. Өглөөний цуглааны дараа Иосеф Смит Оорсон Хайд болон цөөн хэдэн хүмүүсийн хамт Иосефын эмэгтэй дүү Софрониягийн гэрт үдийн хоол идэж байв. Үдийн хоолны үеэр бошиглогч “[Хайд ахын] айлдсан номлолд зарим залруулга хийх болно“ гэж хэллээ. Ахлагч Хайд “Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авах болно” (History of the Church, 5:323-т) гэж хариулсан байна.

  • Иосеф Смит уг нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэсэн туршлагаас бид юу сурч болох вэ?

  • Бид Оорсон Хайдын бошиглогчид өгсөн хариултаас юу сурч болох вэ?

Оорсон Хайд өглөөний цуглаан дээр Иохан 14:23-ыг буруу заасан болохыг тайлбарла. Нэг суралцагчийг энэ шүлгийг чанга уншихад урь.

Оорсон Хайд энэ шүлгийг дурдсаныхаа дараа “Эцэг, Хүү хоёрыг зүрх сэтгэлдээ байлгах нь бидний онцгой эрх” гэж хэлсэн гэдгийг тайлбарла (History of the Church, 5:323-т). Сургаал ба Гэрээ 130 нь энэ санааны талаарх бошиглогч Иосеф Смитийн залруулгыг агуулдаг. Энд мөн зарим нэмэлт сургаал агуулагддаг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иохан 14:23-ын утга учрын талаарх Оорсон Хайдын тайлбар яагаад буруу байсныг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Өнөөдөр маш олон хүн Бурханы талаар ойлголтгүй байдаг бөгөөд зарим нь Кампбэллайт шашны номлогч байсан Оорсон Хайдтай адил буруу уламжлалуудаас болж, Бурханы мөн чанарын талаар буруу ойлголттой болсон байдаг гэдгийг тайлбарла. Бид Тэнгэрлэг Эцэгийн жинхэнэ мөн чанар болон Түүний хувьд тэд хэн болох талаар ойлгоход нь бусдад тусалж чадна.

  • Бид буруу уламжлалуудаас болж буруу ойлголттой болсон хүмүүстэй сайн мэдээний талаар ярилцахдаа хэрхэн эелдэг мөн зөв ойлголтоор хандах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:22–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бусдад Бурхан Тэргүүтэний талаар заахдаа тайлбарлаж болох сургаалуудыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт ямар сургаалуудыг заасан байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мах болон ясан биетэй тусдаа хүмүүс юм. Ариун Сүнс бол сүнсэн хүн.)

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мах болон ясан биетэй, тус тусдаа хүмүүс гэдгийг ойлгох нь чухал гэж та нар яагаад бодож байна вэ?

Суралцагчдад Бурхан Тэргүүтэний талаар илүү сайн ойлгоход нь туслахын тулд тэдэнд хоёр хоёроороо ажиллахыг даалга. Хос бүрд дараах мэдэгдлийг бичсэн цаасыг өг. Суралцагчдыг хамтрагчтайгаа хамт мэдэгдлийг судлаад, тэдэнд онцгой санагдсан Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаарх үнэнүүдийн доогуур зурахад урь.

Бурхан Эцэг: Энэ бол Бурханы нэр болох Эцэг буюу Елохим хэмээх нийтлэг утгатай. Тэрээр бидний сүнснүүдийн эцэг учраас Эцэг хэмээн нэрлэгддэг. Бурхан Эцэг бол ертөнцийн Дээд Захирагч мөн. Тэрээр бүхнийг чаддаг … , бүхнийг мэддэг … , мөн Сүнсээрээ дамжуулан газар бүхэнд байдаг билээ. … Хүн төрөлхтөн Бурхантай онцгой харилцаатай байдаг нь бусад бүх бүтээгдсэн зүйлүүдээс хүнийг ангид болгодог: эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд Бурханы сүнсэн хүүхдүүд мөн. …

Бурхан Хүү: Иехова хэмээн нэрлэгддэг Бурхан нь Хүү буюу Есүс Христ юм. … Есүс Эцэгийн удирдлаган доор, мөн түүнтэй төгс эв нийцэлд ажилладаг. Бүх хүмүүн төрөлхтөн түүний ах, эгч дүүс юм, учир нь тэрбээр Елохимын сүнсэн хүүхдүүдийн ууган нь билээ. Тэрээр Гэтэлгэгч бөгөөд бүх хүн төрөлхтний нүгэл, өвчин шаналлыг үүрч, бүгдийн төлөө бие махбодын үхлийг ялсан юм.

Бурхан Ариун Сүнс: Ариун Сүнс бол мөн Бурхан бөгөөд Ариун Сүнс, Сүнс, Бурханы Сүнс хэмээн [Тайтгаруулагч зэрэг] бусад адил төстэй нэрээр дуудагддаг. Хүн Ариун Сүнсний тусламжтайгаар Бурханы тааллыг, түүнчлэн Есүс бол Христ (Аврагч) гэдгийг мэдэж болно” (Судруудын удирдамж, “Бурхан, Бурхан Тэргүүтэн,” scriptures.lds.org). Ариун Сүнсний гол үүрэг бол Бурхан Эцэг мөн Есүс Христийн талаар гэрчлэх явдал юм. Ариун Сүнс үнэнийг зааж, нотолдог.

Суралцагчдыг энэ даалгаврыг гүйцэтгэсний дараа, цөөн суралцагчаас юу тэмдэглэж авснаа мөн яагаад тэдгээр нь онцгой санагдсаныг тайлагнахыг хүс. Та нэг эсвэл хоёр суралцагчийг Бурхан Тэргүүтэний талаарх гэрчлэлээ ангийнхантай хуваалцахад урьснаар энэ үйл ажиллагааг дуусгаж болно.

Суралцагчдад бошиглогч Иосеф Смитийн Рамуст байгаа гэгээнтнүүдэд заасан өөр сургаалыг олж нээхэд нь туслахын тулд тэднийг Сургаал ба Гэрээ 130:2-ыг уншаад, бидний дунд байгаа харилцаануудын талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.

  • Харилцаа гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Харилцаа нь бидний хувийн харилцаа холбооны мөн чанарыг хэлдэг. )

  • Иосеф Смит тэнгэрт бидний дунд байх харилцаануудын мөн чанарын талаар юу заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Тэнгэрт бидний дунд байх харилцаанууд нь энд бидний дунд байгаа харилцаатай адил байх ба гагцхүү мөнхийн алдар суутай байх болно.)

  • Энэ үнэн нь бусадтай харилцах таны харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн мөнхийн харилцааны талаарх дараах гэрчлэлийг уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Бид мөнхийн гэр бүлийн мэдлэгийн сэргээлтийн ачаар гэр бүлийнхээ харилцаанд илүү итгэлтэй мөн эелдэг байдаг. Энэ амьдрал дахь хамгийн агуу баяр баясал гэр бүлд байдаг ба тэдгээр нь мөн ирэх дэлхийд ч тийм байх болно. Хэрэв бид итгэлтэй байх юм бол энэ амьдралд бидний дунд байгаа харилцаа нь ирэх дэлхийд мөнхийн алдар сууд бидэнтэй мөнхөд хамт байх болно гэдэг нотолгоонд би маш их баяртай байдаг” [С ба Г 130:2-ыг үзнэ үү] (“The True and Living Church,” Ensign эсвэл 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 22).

Суралцагчдыг бусадтай харилцах харилцаагаа, ялангуяа гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаагаа тунгаан бодоход урь. Тэднийг тэдгээр харилцааг хүчирхэгжүүлэх зорилго бичихэд урь.

Суралцагчдад бошиглогчийн Рамус дахь цуглааны үеэр заасан бусад сургаалыг олж нээхэд нь туслахын тулд цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:4–11-ийг ээлжлэн чанга уншихад урь.

10–11-р шүлэгт цэдэглэснээр, селестиел хаант улсыг өвлөн авах бүх хүн тэнгэрлэг зүйлсийг ойлгоход, тэдгээр зүйлийн талаар сурахад нь туслах Урим ба Туммимыг хүлээн авах болно гэдгийг тайлбарлаж болно. Бошиглогч энэ сургаалын талаар өөр мэдээлэл өгөөгүй юм.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 129:8–9. “Гэрлийн тэнгэр элч адил чөтгөр“

“Сатан төгс болгогдсон шударга хүний сүнсэнд байдаг гэрлийг хуурамчаар үзүүлж хууран мэхлэхийг оролддог. Төгс болгогдсон шударга хүний сүнс өөрийн алдар сууд ирэх болно; ‘учир нь энэ бол түүний хүрч ирж болох цорын ганц зам болой’ (С ба Г 129:6). Бошиглогч Иосеф Смит ‘Ёс бус сүнснүүдэд захирагддаг хил хязгаар, хууль дүрэм гэж байдаг … ба санваар л зөвхөн хянаж чадах хүч тэдэнд байдаг гэдэг нь тодорхой байдаг’ гэж хэлсэн (History of the Church, 4:576-д).

Чөтгөрөөс гар барихыг хүсэхэд ‘тэрбээр та нарт гараа өгөх болно’ (С ба Г 129:8) гэж бошиглогч заажээ. Чөтгөр бие махбодгүй сүнс учраас мөнх бус хүмүүн юу ч мэдрэхгүй байх болно. Тэр тийн энэ арга замаар зөв шударга сүнс эсвэл Бурханаас илгээгдсэн элчээс ялгагдах болно. Зөв шударга хүн хуурахыг эрэлхийлдэггүй (С ба Г 129:7-г үзнэ үү); Сатаны элч хууран мэхлэхээс татгалзахгүй байх болно” (Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001], 321).

Сургаал ба Гэрээ 130:9. Энэ дэлхий ертөнц болон үүний дээр оршин суух тэдгээрийн хувь заяа ямар байх вэ?

Ерөнхийлөгч Бригам Янг:

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“[Дэлхий] селестиел болгогдох үедээ яг л нар шиг байх болно мөн гэгээнтнүүдийг оршин суухад бэлтгэгдэж, Эцэг мөн Хүүгийн оршихуйд эргэн ирэх болно. Энэ нь одоогийнх шиг гэрэл нэвтэрдэггүй булингартсан шил биш байх ба гэрэл ба алдар суугаар дүүрэн огторгуй дахь ододтой адил байх болно. Иохан үүнийг селестиел болгогдсон шилэн тэнгистэй зүйрлэв“ (“Sermon,” Deseret News, 1859 оны 6-р сарын 15, 114) гэж заажээ.

Хоёр жил орчмын дараа тэрээр:

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Энэ дэлхий цэвэршигдэж, ариусгагдаж, селестиел болох үедээ шилэн тэнгис шиг байх ба үүн рүү харах хэн бүхэн өнгөрсөн, одоо, ирээдүйг харж чадна; зөвхөн селестиел болгогдсон биес энэ онцгой эрхийг эдлэх болно; тэд дэлхий рүү хараад, яг л толинд харж байгаа царай мэт, мэдэхийг хүссэн зүйлээ харах болно“ (“Remarks,“ Deseret News, 1861 оны 7-р сарын 3, 137) гэж заасан.

Сургаал ба Гэрээ 130:22–23. Бурхан Тэргүүтэн

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Бурхан Тэргүүтэний бодит байдлыг тунхаглажээ.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хамгийн анхдагч бөгөөд үндсэн гол итгэлийн тунхаг бол ‘Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг явдал юм’ [Итгэлийн Тунхаг 1:1]. Бид эдгээр бурханлаг гурван хувь хүн зорилго, арга зам, гэрчлэл, үүргээрээ нэгдмэл Бурхан Тэргүүтэнийг бүрдүүлдэг гэдэгт итгэдэг. Бид Тэднийг нигүүлсэл ба хайр, шударга ёс ба ач ивээл, тэвчээр, уучлал ба гэтэлгэлийн бурханлаг мэдрэмжээр дүүрэн гэдэгт итгэдэг. Тэд бол бидний зөвхөн төсөөлж чадах нэн чухал бөгөөд мөнхийн бүх зүйлд нэг хүн мэт нэгдмэл байдаг гэдэгт бид итгэдэг гэж хэлэх нь зөв боловч нэг материд нэгдсэн гурван хүн гэдэгт итгэх Гурвалсан нэгдлийн тухай үзэл баримтлал үнэн биш учраас энэ нь сударт хэзээ ч тавигдаж байгаагүй юм.

Үнэндээ маш нэр хүндтэй эх сурвалж болох Harper’s Bible Dictionary буюу Харпэрийн Библийн толь бичиг нь ‘дөрөв болон тавдугаар зууны сүмийн агуу их зөвлөлүүдийн тодорхойлсон Гурвалсан нэгдлийн албан ёсны сургаал нь [Шинэ Гэрээнд] байдаггүй’ [хянасан Пол Ф.Ахтэмайер (1985), 1099; тодотгол нэмэв] гэж тэмдэглэсэн байдаг.

Иймээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Бурхан, Есүс мөн Ариун Сүнсний талаарх орчин үеийн Христийн шашны үзэл бодлыг дагадаггүй гэх шүүмжлэл нь Христэд итгэх бидний итгэлийн тухай шүүмжлэл биш харин бидний Бурхан Тэргүүтэний тухай үзэл баримтлал нь Шинэ Гэрээнээс хойших Христийн шашинтны түүхээс өөр ба Есүсийн Өөрийн биеэр заасан сургаалыг дагадаг гэдэг баталгаа юм.

Эцэг, Хүү, Ариун Сүнс гурвуулаа бие даасан бодгаль, гурван бурханлаг хүмүүн гэдэг нь судруудаас ил харагддаг болохыг бид тунхаглаж байна” (“The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” Ensign эсвэл 2007 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40, 41).