Семинар
19-р хичээл: Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13


19-р хичээл

Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13

Оршил

1829 оны 5-р сард Иосеф Смит, Оливер Каудери хоёр баптисмын ёслолын ач холбогдлыг онцолсон Мормоны Ном дахь нэг шүлгийг орчуулсныхаа дараа Их Эзэнээс асуухаар Пеннсильванийн Хармони дахь Иосефын фермийн ойролцоох ойд оржээ. Тэднийг залбирч байхад амилсан тэнгэр элч Иохан Баптист тэдэнд үзэгдэв. Тэр тэдэнд Аароны санваарыг хүртээсэн бөгөөд ойролцоох Сасквиеханна голд бие биедээ баптисм хүртээх мөн бие биенээ Аароны санваарт томилох удирдамж өгчээ. Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хэлсэн Иоханы үгс Сургаал ба Гэрээ 13-т цэдэглэгдсэн байдаг. Иосеф Смит, Оливер Каудери хоёр баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсээр дүүрч мөн агуу адислалуудыг хүртсэн билээ.

Заах зөвлөмж

Иосеф Смит—Түүх 1:68–72; Сургаал ба Гэрээ 13

Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аароны санваар хүртээв

Дараах асуултуудыг самбар дээр эсвэл суралцагчдад өгөх тараах материал дээр бич (хариултуудыг бичих хэрэггүй). Суралцагчдыг ангид ирэх үед тэднийг цаас эсвэл тараах материал дээр байгаа асуултуудад хариулахад урь. Хэрэв шаардлагатай бол тэд хариултууд олохын тулд гурамсан судрын индекс (“Санваар, Аароны”-ыг үзнэ үү) эсвэл Судруудын удирдамжийг (“Аароны санваар”-ыг үзнэ үү) ашиглаж болно. Та сүнслэг хэсгээ эхлэхээс өмнө суралцагчдыг хариултаа бичиж дуустал хүлээж болно.

  1. Бид аль судраас Аароны санваарын сэргээлтийн талаар сурч болох вэ?

  2. Аароны санваар ямар өдөр сэргээгдсэн бэ?

  3. Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт олгож мөн сэргээсэн тэнгэр элчийн нэр хэн байсан бэ?

  4. Аароны санваарыг тэдэнд хэрхэн олгосон бэ?

  5. Уг тэнгэр элч Иосеф, Оливер хоёрт өөр юу амласан бэ? Тэд үүнийг хэнээс хүлээж авах вэ?

(Хариултууд: (1) Иосеф Смит—Түүх эсвэл Сургаал ба Гэрээ 13; (2) 1829 оны 5-р сарын 15 [Иосеф Смит—Түүх 1:72-ыг үзнэ үү]; (3) Иохан Баптист [Иосеф Смит—Түүх 1:72-ыг үзнэ үү]; (4) Гар тавилтаар [Иосеф Смит—Түүх 1:68, 71-ийг үзнэ үү]; (5) Иохан Баптист тэднийг дараа нь Мелкизедек санваарыг Төлөөлөгч Петр, Иаков, Иохан нараас хүлээн авах болно гэж хэлсэн [Иосеф Смит—Түүх 1:72-ыг үзнэ үү].)

Сүнслэг хэсгийн дараа суралцагчдаас эхний асуултын хариултуудаа хуваалцахыг хүс. Суралцагчдыг энэ асуултад зөв хариулсны дараа тэднийг хоёр хоёроороо ажиллаж мөн хариултуудаа шалгах даалгавар өг. Тэдэнд Иосеф Смит—Түүх 1:68–72 болон Иосеф Смит—Түүхийн ард байдаг Оливер Каудеригийн бичсэн зүйлийг ашиглах заавар өг. Та анги дотор явж, тэдэнд зөв хариултуудыг олоход нь тусалж болно.

Хангалттай цаг гаргаж өгснийхөө дараа ангийнхантай хамт хариултуудыг ярилц. Та эдгээр хариултыг ярилцах үедээ суралцагчдад дараах сургаалуудыг олж тогтоон мөн ойлгоход нь тусал. Иохан Баптист Аароны санваарыг дэлхий дээр сэргээсэн (Иосеф Смит—Түүх 1:72-ыг үзнэ үү). Санваарыг гар тавилтаар олгодог (Иосеф Смит—Түүх 1:68, 71-ийг үзнэ үү). Та суралцагчдын хариултуудыг ярилцах үедээ Иосеф Смит, Оливер Каудери хоёр 1829 оны 5-р сард Петр, Иаков, Иохан нараас Мелкизедек санваарыг хүлээн авсан гэдгийг тайлбарла (see Larry C. Porter, “The Restoration of the Aaronic and Melchizedek Priesthoods,” Ensign, 1996 оны 12-р сар, 30–47).

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:68-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф, Оливер хоёр Их Эзэнээс нүглүүдийн ангижралын тулд хийгдэх баптисмын талаар тэднийг асуухад хүргэсэн юу хийж байсныг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр юу Иосеф, Оливер хоёрыг нүглүүдийн ангижралын тулд хийгдэх баптисмын талаар асуухад хүргэсэн бэ? (Тэд Мормоны Номыг орчуулж байгаад нүглүүдийн ангижралын тулд хийгдэх баптисмтай холбоотой сургаалыг олж харжээ.)

Аароны санваарын сэргээлт нь маш чухал учраас Иохан Баптистын үгс нь Сургаал ба Гэрээний 13-р хэсэг болон орсон гэдгийг хэл. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Аароны санваарын сэргээлт нь нүглүүдийн ангижралын төлөө хийгдэх баптисмын талаар илүү их мэдэх гэсэн Иосеф, Оливер хоёрын залбиралд хэрхэн хариулсныг олж тогтоохыг хүс.

  • Аароны санваарын сэргээлт нь нүглүүдийн ангижралын төлөө хийгдэх баптисмын талаар илүү их мэдэх гэсэн Иосеф, Оливер хоёрын залбиралд ямар байдлаар хариулсан бэ?

Самбар дээр түлхүүрний нүхтэй энгийн хаалганы зураг зур.

Зураг
хаалганы зураасан зураг
Зураг
түлхүүрний зураг
  • Хаалганы зорилго юу вэ? (Суралцагчдыг энэ асуултыг ярилцаж байх үед хаалга нь өөр байршил руу орох замд байдаг зүйл гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Үүнээс гадна, хаалга биднийг аливаа зүйлийн гадна байлгаж эсвэл дотор оруулж чадна.)

Суралцагчдад хэдэн түлхүүр үзүүлж, (эсвэл самбар дээр түлхүүрний зураг зур) дараах асуултыг тавь.

  • Түлхүүр нь хаалганы зориулалттай хэрхэн холбогддог вэ? (Түлхүүр нь хаалгыг түгжиж мөн онгойлгодог. Бид түлхүүрээр хаалга онгойлгох үед энэ нь биднийг дотогш орж мөн тэнд байгаа зүйлүүдийг харах боломжийг олгодог.)

Их Эзэн бидэнд мөнхийн боломжууд болон адислалуудыг хүлээн авах боломжийг онгойлгож мөн нээдэг санваарын эрх мэдлийг төлөөлүүлэхийн тулд түлхүүрийг бэлгэдэл болгон ашигладаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 13:1-ийг уншаад, Аароны санваартай холбоотой түлхүүрүүдийг хайж олоход урь. Та суралцагчдад эдгээр түлхүүрийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.

  • Аароны санваар ямар түлхүүрүүдийг атгадаг гэж Иохан Баптист хэлсэн бэ? (Аароны санваар нь тэнгэр элчүүдийн тохинууллын болон наманчлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгадаг. Та нэг суралцагчаас энэ өгүүлбэрийг самбар дээр байгаа хаалганы зургийн доор бичихийг хүсэж болно.)

Суралцагчдад Аароны санваарын эдгээр түлхүүр болон эдгээрийн Сүмийн гишүүдэд боломжтой болгодог адислалуудыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах тайлбарыг уншихыг нэг суралцагчаас хүс. (Энэ үгийн хуулбарыг суралцагч бүрд судрынхаа завсар хадгалах хэмжээтэй болгож хэмжээг нь багасгаж өгч болно.)

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Аароны санваар нь ‘наманчлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын’ түлхүүрүүдийг атгадаг гэдэг нь ямар утгатай үг вэ? Үүний утга нь баптисмын ёслол болон ариун ёслолоос харагддаг. Баптисм нь нүглүүдийн ангижралын тулд хийгдэж, ариун ёслол нь баптисмын гэрээнүүд болон адислалуудыг шинэчилдэг. Энэ хоёр ёслолын өмнө наманчлал хийгдсэн байх ёстой.

Баптисм хүртсэний дараа [бидний] хэн ч гэсэн нүгэл хийхгүй болох нь үгүй. Бид баптисм хүртсэнийхээ дараа, цэвэршигдэх үйл явцыг үргэлжлүүлэхгүй бол бид бүгд сүнслэг зүйлсээс холдох юм.

Бидэнд гэм нүглүүдээ наманчилж мөн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Их Эзэнд ирж, ариун ёслолоос хүртэхийг зарлигладаг. Бид энэ арга замаар баптисмын гэрээгээ шинэчилбэл Их Эзэн бидний баптисмын ариусгагч нөлөөг шинэчилдэг.

Бид энэ зүйл дээр Аароны санваар хэчнээн чухал болохыг онцлоод барахгүй. Нүглүүдийн ангижралын төлөөх эдгээр чухал алхам нь баптисмын аврах ёслол болон ариун ёслолын шинэчлэгч ёслолоор дамжин гүйцэтгэгддэг. Энэ хоёр ёслол нь наманчлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг хэрэгжүүлдэг бишопын зөвлөлийн удирдлаган доор Аароны санваар атгагчдаар гүйцэтгэгддэг” (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, 1998 оны 11-р сар, 37–38).

  • Аароны санваарын түлхүүрүүд нь бидэнд Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад хэрхэн тусалдаг вэ?

  • Ахлагч Өүксийн хэлснээр наманчлалын сайн мэдээний мөн баптисмын түлхүүрүүдийг тойрог бүрд хэн удирддаг вэ?

Суралцагчдад тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах тайлбарыг уншихыг нэг суралцагчаас хүс.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Залуу Аароны санваартан байхдаа би өөрийгөө тэнгэр элч харна гэж боддоггүй байсан ба ийм үзэгдэл үзэх нь Аароны санваартай ямар холбоотой болох талаар гайхдаг байсан.

“Гэхдээ тэнгэр элчүүдийн тохинуулал нь үл харагдах байдлаар ирж болно. Тэнгэр элчүүдийн захиас нь дуу хоолой, оюун санаанд ирэх бодол эсвэл мэдрэмжээр ирж болно” (“The Aaronic Priesthood and the Sacrament,” 39).

Хэрэв дараах зургууд байгаа бол нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд барихад урь. Үүнд: Баптисм хүртэж буй залуу эрэгтэй (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 103; мөн LDS.org-ийг үзнэ үү) ба Ариун ёслолыг адислах нь (д. 107)

Зураг
Баптисм хүртэж буй залуу эрэгтэй
Зураг
Ариун ёслолыг адислах нь
  • Аароны санваарын түлхүүрүүдийг ойлгох нь та нарт долоо хоног бүр ариун ёслолыг бэлтгэж, түгээж эсвэл хүртэхээр бэлтгэхэд хэрхэн тусалж болох вэ?

Ангид байгаа залуу эмэгтэйчүүдийг Аароны санваарын талаарх мэдрэмжүүд болон тэдний амьдралд авчирдаг адислалуудын талаар хуваалцахад урь. Мөн та Аароны санваарын сэргээлтэд яагаад талархаж явдгаа хуваалцаж болно.

Иосеф Смит—Түүх 1:73–75

Иосеф Смит, Оливер Каудери хоёр баптисмынхаа дараа агуу адислалуудыг хүртэв

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:73-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф, Оливер хоёрын баптисмынхаа дараа үзсэн зүйлийг дүрсэлсэн үг, хэллэгийг олж тогтоохыг хүс. Та суралцагчдад судрын энэ хэсгийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.

  • Иосеф, Оливер хоёрыг баптисм хүртсэний дараа тэдэн дээр юу ирсэн бэ?

Иосеф, Оливер хоёр Ариун Сүнсний бэлгийг хараахан хүлээн аваагүй байсан учраас тэд энэ үед Ариун Сүнсний хүчийг мэдэрсэн юм. Иосеф, Оливер хоёр дараа нь Ариун Сүнсний бэлгийг олгох Мелкизедек санваарыг хүлээн авсан (Иосеф Смит—Түүх 1:70-ыг үзнэ үү; мөн Библийн толь бичиг эсвэл Судруудын Удирдамж, “Ариун Сүнс,” scriptures.lds.org-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:74-ийг чанга уншихад урь. Ангийнхныг Иосеф, Оливер хоёрын Ариун Сүнсний хүчээр дамжуулан авсан тодорхой адислалыг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа дараах сургаалыг самбар дээр бич. Ариун Сүнс бидэнд судруудын утга болон зорилгыг ойлгоход тусалдаг.

  • Судруудыг ойлгоход Ариун Сүнс бидэнд яагаад хэрэгтэй вэ?

  • Ариун Сүнс та нарт судруудын “жинхэнэ утга ба зорилгыг” ойлгоход хэзээ тусалж байсан бэ?

Суралцагчдаас судруудыг судлах үедээ Ариун Сүнсний тусламжийг урихын тулд хийх хэрэгтэй зүйлээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хэдэн минутын турш бичихэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иосеф Смит—Түүх 1:74. Судруудыг судлах үедээ Ариун Сүнстэй хамт байх нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс судар судлах үедээ Сүнстэй хамт байхын чухлыг онцлон ингэж хэлжээ.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Хэрэв бид судруудын талаарх ойлголтыг маань тэлэх илчлэлт болон сүнслэг удирдамжийг эрэлхийлж мөн хүлээн зөвшөөрвөл хичээнгүйлэн хайгчдад ‘Бурханы нууцууд нь тэдэнд … Ариун Сүнсний хүчээр задлагдах ажгуу’ гэсэн Нифайн сүнсээр өдөөгдсөн үгс биелэгдэхийг бид мэдэх болно (1 Нифай 10:19).

Судруудад дурдагдсан өөр олон зүйл зөвхөн Ариун Сүнсний хүчээр ойлгогдох болно. Төлөөлөгч Паулын, ‘Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй’ хэмээх үг байдаг (ИСО, 1 Коринт 2:11).

“Иосеф Смит, Оливер Каудери хоёр энэ эрин үед жишээ үзүүлсэн юм. Тэд баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсээр дүүргэгдэв. Дараа нь Иосеф өөрийнхөө түүхэнд ийн тайлбарлажээ, ‘Эдүгээ бидний оюун гэгээрч, бидний ойлголтод нээгдсэн судрууд бидэнд бий болон мөн тэдгээрийн илүү нууцлаг хэсгүүдийн жинхэнэ утга хийгээд зорилго урьд нь бидний хэзээ ч мэдэхгүй байсан, өмнө нь бидний хэзээ ч бодож байгаагүй тийм байдлаар бидэнд илчлэгдсэн болой’ (ИС—Т 1:74).

“Паул Тимотод хэлсэнчлэн, ‘судар бүр Бурхны амьсгалснаар байгаа’ (2 Тимот 3:16; мөн 2 Петр 1:21-ийг үзнэ үү). Судрыг ойлгохын тулд бидний оюун Их Эзэний Сүнсээр гэгээрүүлэгдэх хэрэгтэй гэсэн үг юм” (“Scripture Reading and Revelation,” Ensign, 1995 оны 1-р сар, 7, 9).

Сургаал ба Гэрээ 13:1. Левийн хөвгүүдийн Их Эзэнд өргөл өргөх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Бошиглогч Иосеф Смит Левийн хөвгүүдийн өргөх өргөлийн талаар дараах тайлбарыг өгчээ.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Агуу өргөл [буюу Есүс Христийн золиослол] хийгдсэний дараа өргөл өргөх явдал нь дууссан хэмээн нийтлэг ойлгогддог ба ирээдүйд өргөл өргөх ёслол хэрэг болохгүй гэж боддог хүмүүс санваарын үүрэг, эрх болон эрх мэдлийг эсвэл бошиглогчдыг сайн мэддэггүй юм.

Өргөл өргөх нь санваарын үүргүүдийг бүрдүүлж мөн үүнтэй үргэлж холбоотой байсаар ирсэн. Энэ нь санваартай хамт эхэлсэн бөгөөд Христийн ирэлт хүртэл үеэс үед үргэлжлэх болно.

Эдгээр өргөл болон санваарт хамаардаг ёслол бүр Их Эзэний ариун сүм баригдаж, Левийн хөвгүүд цэвэршигдэх үед бүрэн сэргэж мөн бүрэн хүчнүүд, үр дагаварууд болон адислалуудын хамт гүйцэтгэгдэх болно. Мелкизедек санваарын хүч хангалттай байгаа цагт энэ нь байсаар ирсэн ба цаашид байх болно. Эс бөгөөс ариун бошиглогчдоор яригдсан бүх зүйлийн сэргээлт хэрхэн биелж чадах билээ? Үүнийг Мосегийн хууль бүх ёс заншил болон олон төрлийн ёслолуудтайгаа дахин бий болно гэж ойлгож болохгүй. Бошиглогчид хэзээ ч ийм зүйл яриагүй, харин Мосегийн үеэс өмнө байсан өргөл өргөх ёслол үргэлжлэх болно” (Сүмийн түүх, 4:211–212).

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Бид бүх зүйл цуглуулагдах цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдарч байгаа ба эхлэлээс хойших бүх зүйл сэргээгдэх болно. Үүгээр зогсохгүй энэ дэлхий хүртэл Адамын зөрчлийн өмнө байсан байдалдаа сэргээгдэх болно. Зүйлүүдийн мөн чанарын хувьд өргөлийн хууль сэргээгдэх болно эсвэл Их Эзэний хэлсэн бүх зүйл сэргээгдэхгүй. Тийм учраас эрт үед Израилд цусаар өргөл өргөсөн Левийн хөвгүүдийн хувьд дахин ийм өргөл өргөж мөн энэ ёслолыг энэ эрин үед бүрэн төгс хийх нь шаардагдах болно. Цус урсгаж өргөл өргөх явдал нь Адамын өдрүүдэд бий болсон бөгөөд сэргээгдэх шаардлагатай.

Амьтнаар өргөл өргөх нь яригдсан тэрхүү ариун сүм баригдахад сэргээлтийг бүрэн дүүрэн болгох гэж хийгдэх болно; мянган жилийн эхэнд эсвэл сэргээлтийн үед цусаар өргөх өргөл нь энэ эрин үед сэргээлтийн бүрэн байдлыг гүйцээхийн тулд удаан хугацаанд хийгдэх болно. Үүний дараа өргөл нь өөр байдлаар хийгдэх болно” хэмээн тайлбарлажээ (Doctrines of Salvation, хянасан Брүс Р.Макконки [1956], 3:94).

Сургаал ба Гэрээ 13:1. Түлхүүрүүдийн тухай тайлбар

Ахлагч Брүс Р.Макконки түлхүүрүүдтэй холбоотой Бурханы илчлэлтүүдийг хоёр янзаар тайлбарласан.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Илчлэлтүүдэд түлхүүрүүд гэдэг үгийг хоёр янзаар хэрэглэдэг. Нэг нь Сүм буюу хаант улс болон үүний бүх бүлгийг удирдах хүчнүүд, хаант улсын түлхүүрүүд буюу ерөнхийлөгчийн зөвлөлийн хүчнүүд. Нөгөөх нь ямар нэг зүйлийг илчлэх, олж нээх эсвэл үзүүлэх арга замыг хэлдэг” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл. [1966], 409–410).

Сургаал ба Гэрээ 13:1. Нүглийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүр

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрийг ийн дүрсэлжээ.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Хоорондоо нягт холбоотой Аароны санваарын эдгээр ёслол нь тэнгэр элчүүдийн тохинуулалд чухал юм.

‘Судар дээр хэрэглэгддэг “Тэнгэр элч” гэдэг үг нь Бурханы захиасыг дамжуулж буй бурханлаг биеийг хэлдэг’ (George Q. Cannon, Gospel Truth, sel. Jerreld L. Newquist [1987], 54). Судрууд тэнгэр элчүүдийн хувийн айлчлалын талаар олон жишээг дурддаг.

Гэхдээ бас тэнгэр элчүүдийн тохинуулал нь заавал харагдаж ирдэг биш юм. Тэнгэр элчүүдийн захиас нь дуу хоолой, оюун санаанд ирэх бодол эсвэл мэдрэмжээр ирж болно.

… Тэнгэр элчүүдийн ихэнх харилцаа нь сонсогдож мөн харагдахаас илүү мэдрэгддэг.

Аароны санваар тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг хэрхэн атгадаг вэ? Хариулт нь Их Эзэний Сүнстэй адил юм.

Ерөнхийдөө сүнсний нөхөрлөл болон харилцааны адислалууд нь цэвэр хүмүүст л боломжтой байдаг. Өмнө нь тайлбарласанчлан Аароны санваарын баптисм ба ариун ёслол хэмээх ёслолуудаар дамжуулан бид нүглүүдээсээ цэвэршигдэж мөн хэрэв бид гэрээнүүдээ сахивал Түүний Сүнс бидэнтэй үргэлж хамт байх болно гэсэн амлалт авдаг. Энэ амлалт нь зөвхөн Ариун Сүнсний тухай бус тохинуулагч тэнгэр элчүүдийн тухай байдаг гэдэгт би итгэдэг. Учир нь ‘тэнгэр элчүүд Ариун Сүнсний хүчээр ярьдаг; тиймийн тул, тэд Христийн үгсийг ярьдаг’ (2 Нифай 32:3). Тиймээс Аароны санваар атгагчид нь ариун ёслолыг зохистой хүртдэг Сүмийн бүх гишүүдэд Их Эзэний Ариун Сүнс болон тохинуулагч тэнгэр элчүүдийн нөхөрлөлийг эдлэх хаалгыг нээж өгдөг.

“Аароны санваар нь ‘наманчлалын хийгээд баптисмын, мөн нүглүүдийн ангижралын сайн мэдээ’ (C ба Г 84:27)-ний түлхүүрүүдийг атгадаг. Бид ариун ёслолоос хүртэх үед Аврагчийн маань Цагаатгалын цэвэршүүлэгч хүч шинэчлэгдэж байдаг. ‘Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд’ (С ба Г 20:77) хэмээх амлалт нь бидний сүнслэг байдалд амин чухал юм. Аароны санваарын ёслолууд нь энэ бүхэнд амин чухал юм” (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, 1998 оны 11-р сар, 38–40).

Сургаал ба Гэрээ 13:1. Тэнгэр элчүүдийн тохинуулал

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли тэнгэр элчүүдийн тохинууллыг ингэж тайлбарлажээ.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Сүмийн ерөнхийлөгч, олон жилийн арвин их туршлагатай Вилфорд Вүдрафф Аароны санваартнуудад: ‘Хэрэв хүн дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг бол прист эсвэл төлөөлөгч аль нь ч байсан ялгаа байхгүй адил гэдгийг та нар мэдээсэй хэмээн би хүсэж байна. Пристийн албанд томилогдсон хүн тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгадаг’ хэмээн хэлжээ. ‘Би амьдралдаа Төлөөлөгч, Дал эсвэл Ахлагч байхдаа Пристийн албатай байхдаа авч байснаас илүү Их Эзэний хамгаалалтыг авч байгаагүй.’ (Millennial Star, 53:629.)

Үүнийг бодоод үз, хүндэт ах нар аа. Та нарын атгадаг санваар тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгадаг. Миний ойлголтоор, хэрэв та нар зохистой амьдарвал өөрсдийг тань удирдаж, хамгаалж мөн адислах тэнгэрлэг биетүүдийн хүчийг хүлээн авах мөн эдлэх эрх та нарт байгаа. Энэ гайхамшигт адислалыг хүлээн авахыг хүсэхгүй хөвгүүн байна гэж үү?” (“The Priesthood of Aaron,” Ensign, 1982 оны 11-р сар, 45).