Семинар
122-р хичээл: Сургаал ба Гэрээ 113–114


122-р хичээл

Сургаал ба Гэрээ 113–114

Оршил

Бошиглогч Иосеф Смит 1838 оны 3-р сард Миссуригийн Фар Вестэд хүрч ирснийхээ дараа Сургаал ба Гэрээ 113-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан юм. Их Эзэн уг илчлэлтдээ Исаиагийн номын шүлгүүдийн талаарх асуултуудад хариулжээ. Иосеф Смит 1838 оны 4-р сарын 11-нд Сургаал ба Гэрээ 114-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба үүнд Их Эзэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн Давид В.Паттеныг номлолд үйлчлэхийг зааварласан байв.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 113

Их Эзэн Исаиагийн номон дээрх хэсгүүдийн талаарх асуултуудад хариулав

Суралцагчдад дараах асуултыг тавьснаар хичээлээ эхэл.

  • Танд судруудаас уншсан зүйлээ ойлгохгүй үе гардаг уу?

Судрууд дахь зарим бошиглол ойлгоход хэцүү бэлгэдлүүдийг ашигласан байдгийг онцлон хэл. Миссуригийн Фар Вестэд зарим ах Исаиагийн номын 11 болон 52-р бүлэг дэх хэсгүүдийг тодорхой болгож өгөхийг бошиглогч Иосеф Смитээс хүсжээ. Их Эзэний эдгээр асуултад өгсөн хариултууд Сургаал ба Гэрээ 113-т цэдэглэгдсэн байдаг. Та Моронай Иосеф Смит дээр анх удаа зочлохдоо Исаиа 11-т буй бошиглолыг эш татсан гэдгийг тайлбарлаж болно. Моронай уг бошиглол гүйцэлдэхийн даваан дээр буй гэж Иосефт хэлжээ (Иосеф Смит—Түүх 1:40-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Исаиа 11:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, уг шүлэгт дурдсан дөрвөн зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Та ямар зүйлс олсон бэ? (Суралцагчид хожуул, нахиа, үндэс, мөчрийг дурдах ёстой. Сургаал ба Гэрээ 113 нь гол иш, мөчир (хожуул), үндэсний тухай тайлбарыг агуулдаг болохыг онцлон хэл.)

Зураг
Хожуул

Исаиа 11:1 дэх хожуул гэдэг үг нь еврей хэлнээс орчуулагдсан бөгөөд тайрагдсан эсвэл тарьсан гэдгээс үл хамааран модны иш эсвэл хожуулыг хэлдэг. Нэг суралцагчаас самбар дээр хожуул зураад, зурагныхаа хажууд Хожуул гэж бичихийг хүс. Дараа нь суралцагчаас үндэс зураад, Үндэс гэж бичихийг хүс.

  • Исаиа 11:1-д цэдэглэснээр, хожуулаас юу гарч ирдэг вэ? (Өөрөөр хэлбэл нахиа гэдэг нь зулзаган мод юм.)

Суралцагчаас хожуулаас гарч буй зулзаган мод зураад, үүнийгээ Нахиа гэж нэрлэхийг хүс.

Эдгээр зүйл нь бүгд бэлгэдэл гэдгийг тайлбарла. Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 113:1–6-г дотроо уншаад, бэлгэдлүүдийн утга учрыг олж мэдэхийг хүс.

  • 1–2-р шүлэгт цэдэглэснээр, Иессийн гол иш хэнийг төлөөлдөг вэ?

Суралцагчийг самбар дээрх Хожуул гэдэг үгийн хажууд Есүс Христ гэж бичихэд урь.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки үндэс, нахиа хоёр нь хоёулаа Иосеф Смитийг төлөөлдөг хэмээх нэгэн тайлбарыг хуваалцсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Бид энд дурдагдсан бошиглогч нь санваарыг болон хаант улсын түлхүүрүүдийг хүлээж авсан, бидний эрин үед Их Эзэний хүмүүсийн цугларалтын тугийг өргөсөн Иосеф Смит мөн хэмээн хэлэхэд буруутна гэж үү? Түүнчлэн тэр ‘Христийн гар дахь Иессийн мөн түүнчлэн Ефраимын эсвээс Иосефын угсааны хагас удам болох, дээр нь их хүч тавигдсан үйлчлэгч’ биш гэж үү? (С ба Г 113:4–6.) Эцэс төгсгөлгүйн шивнээг чих тавин сонсдог хүмүүс эдгээр зүйлийн утга учрыг мэдэх болно” (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 339-340).

Суралцагчийг самбар дээрх Үндэс, Нахиа гэсэн үгсийн хажууд Иосеф Смит гэж бичихэд урь.

  • Иосеф Смит “Христийн гар дахь … үйлчлэгч”-ийн хувьд ямар зүйлсийг хийсэн бэ? (C ба Г 113:4).

  • Сургаал ба Гэрээ 113:6-д Иосеф Смитэд өгөгдсөн хаант улсын түлхүүрүүдийн ямар зорилго дурдагдсан бэ? (Суралцагчдыг энэ асуултыг ярилцах хооронд дараах үнэнийг самбар дээр бич. Иосеф Смит эцсийн өдрүүдэд Израилын цугларалтын тулд хаант улсын түлхүүрүүдийг хүлээн авсан. Та мөн суралцагчдыг Сургаал ба Гэрээ 110:11-ийг уншихад урьж болно.)

Их Эзэн Исаиа 11-ийн тухай асуултуудад хариулсны дараа Елиас Хигбее Исаиа 52-той холбоотой асуултуудыг асуужээ. Ангийн тал суралцагчдыг Сургаал ба Гэрээ 113:7–8-ыг дотроо уншихад урь. Нөгөө талыг нь Сургаал ба Гэрээ 113:9–10-ыг дотроо уншихад урь. Бүлэг бүрээс Их Эзэний Сионы хүмүүсээс хүсдэг хүсэлтүүдийг олж мэдэхийг хүс.

  • 7–8-р шүлэгт цэдэглэснээр, бид юу “өмсөх” ёстой вэ? 8-р шүлэгт цэдэглэснээр, Сионы хүчин чадал гэж юу вэ? (Суралцагчид дараах үнэнийг илэрхийлэх ёстой. Санваарын эрх мэдэл нь Сионы хүчин чадал юм.)

9-р шүлэг нь “хүзүүнийхээ хүлээснээс өөрийгөө суллаж буй” Сионы тухай асуултыг багтаадаг. Энэ шүлэг дэх хүлээс гэдэг үг нь хэн нэгнийг боолчлолд байлгахад ашигладаг материалыг хэлдэг.

  • 10-р шүлэгт цэдэглэснээр, “хүзүүний хүлээс” гэх үгс нь ямар утга учиртай вэ?

  • Санваарын эрх мэдэл нь ямар ямар арга замаар “хүчин чадлаа [өмсөхөд]” бид бүгдэд тусалдаг вэ?

  • Бид өөрсдийгөө “хүлээснээс” чөлөөлөхийн тулд юу хийж болох вэ? Бид бусдад эдгээрийг хийхэд нь хэрхэн тусалж болох вэ?

Сургаал ба Гэрээ 114

Их Эзэн номлолд үйлчлэхээр бэлтгэхийг Давид В.Паттенд зарлиглав

Их Эзэний Сионд “хүчин чадлаа өмсөхөд” нь туслуулахаар сонгосон нэг хүн нь Давид В.Паттен байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг дараах тодорхойлолтыг чанга уншихад урь.

Давид В.Паттен 1832 оны 6-р сарын 15-нд Сүмд нэгджээ. Тэрээр 1835 онд төлөөлөгчөөр томилогджээ. Тэр өөрийнхөө итгэл үнэмшлийг болон бошиглогч Иосеф Смитийг хамгаалахдаа айхыг мэддэггүй зоригтой байв. Давид В.Паттеныг гэгээнтнүүдийг Миссури дэх дээрэмчдийн эсрэг хамгаалж байхад нь “Captain Fear Not” буюу “Айдаггүй удирдагч” гэж нэрлэдэг болжээ. (Лисукрус А.Вилсон, Life of David W. Patten: The First Apostolic Martyr [1900], 5, 32, 52, 62-ыг үзнэ үү.)

Ахлагч Паттен өөрийнх нь төлөө илчлэлт эрэлхийлэхийг Иосеф Смитээс хүсжээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 114:1-ийг чанга уншихад урь. Их Эзэн ахлагч Паттенээс юу хийхийг хүссэнийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Их Эзэн ахлагч Паттенээс юу хийхийг хүссэн бэ?

  • 1-р шүлэгт цэдэглэснээр, уг номлолыг гүйцэтгэхэд Их Эзэн хэдэн хүнийг дуудсан бэ? (Арван хоёр. Энэ шүлэг нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон тэдний Англи руу хийх номлолын тухай өгүүлдэг.)

  • Ахлагч Паттен хэзээ номлолд явах ёстой байсан бэ? Хэсгийн оршил руу хараад, уг илчлэлт өгөгдсөн өдрийг анзаар. Тэр хэр хугацааны дараа явах ёстой байсан бэ? (Ойролцоогоор нэг жил.)

Давид Паттенд зориулагдсан илчлэлт өгөгдсөнөөс хойш зургаан сарын дараа гай зовлон тохиолдсон гэдгийг суралцагчдад хэл. Нэг суралцагчийг Крүүкэд гол дээр болсон тулалдааны дараах түүхийг уншихад урь.

1838 оны намар Миссури дэх гэгээнтнүүдийн эсрэг дайсагнал, хавчлага дарамт ихэсчээ. 10-р сарын 24-нд дээрэмчид гурван гэгээнтнийг барьцаалж аваад, тэднийг тэр шөнөө алахаар төлөвлөсөн байлаа. Үүнийг сонссон орон нутгийн шүүгч, Сүмийн гишүүн Елиас Хигбее дээрэмчдийг хөөн тарааж, хоригдогсдыг аврах хүмүүсийн бүлгийг зохион байгуулахад мужийн цэргийн дэд хурандаа Сүмийн гишүүн Жеорж М.Хинклийг томилжээ. Ахмад Давид В.Паттены хамт 75 эрэгтэй тэр шөнө цугларчээ. Ахлагч Паттен дээрэмчдийг цочоон сандаргаж, цус урсгахгүйгээр шоронд хоригдогсдыг аврахыг хүссэн боловч тэднийг Крүүкэд голд ойртож ирэх үед нуугдаж байсан нэг дээрэмчин гал нээжээ. Гэгээнтнүүдийн гишүүн цэрэг Патрик О’’Банион газарт унав. 15 эрэгтэйтэй хамт өөр замаар явж байсан ахмад Паттен буун дуу сонсоод, тэднийг зүглэн явжээ. Тулалдаан даруй эхэлж, хэд хэдэн эрэгтэй гэмтэл авав. Гидеон Картэр тэр дороо нас барж, Патрик О’Банион тэр шөнөдөө нас барсан байна. Ахлагч Паттен мөн шархдагсдын дунд байв.

Ахлагч Паттен тулалдаанаас хойш хэдэн цагийн дараа нас барсан юм. Сэргээгдсэн сайн мэдээнд итгэх түүний итгэл агуу байсан ба тэр нэг удаа бошиглогч Иосеф Смитэд итгэлийнхээ төлөө бусдын гарт үхэхийг хүсэж байгаагаа хэлжээ. Бошиглогчийн сэтгэл ихэд хөдөлж мөн гунигтайгаар, ‘Тань шиг итгэлтэй хүн Их Эзэнээс юу ч хүссэн байлаа гэсэн түүнийгээ ер нь авдаг юм даа’ гэж Давидад хэлжээ” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Сиситемийн гарын авлага, 2003], 200; Иосеф Смитийн эшэ татав, Life of David W. Patten, 53). Иосеф Смит Фар Вест дэх ахлагч Паттены оршуулгын ёслолын өмнө түүн рүү заагаад, “Тэр бол хэлсэн зүйлээ хийсэн хүн юм. Тэр нөхдийнхөө төлөө өөрийнхөө амийг өгсөн билээ” (in History of the Church, 3:175) гэж хэлжээ.

Ахлагч Паттен нас барах үедээ өөрийгөө итгэлтэй байдлаараа дамжуулан номлолд үйлчлэхэд бэлтгэж байсан гэдгийг онцол. Суралцагчдаас хоёр хоёроороо хуваагдаад, дараах асуултуудыг ярилцахыг хүс.

  • Их Эзэний номлолд үйлчлэхэд бэлтгэх зарлиг ахлагч Паттенд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ? Ахлагч Паттен хэдийгээр үйлчилнэ гэж бодож байсан номлолоо хэзээ ч гүйцэтгээгүй ч, энэ зарлиг нь ахлагч Паттенд хэрхэн адислал болсон байж болох вэ?

  • Бид үүнээс ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг оролцуулан өөр хэдэн санаа бодол, үнэнийг хуваалцаж болно. Хэрэв бид Их Эзэний удирдамжийг анхааран дагавал бид Түүний бидний төлөө төлөвлөсөн юуг ч хийхэд бэлтгэгдсэн байх болно.)

  • Та хэзээ Их Эзэний зөвлөгөөг дагаж, энэ нь таныг таны мэдэхгүй ямар нэгэн зүйлийн төлөө бэлтгэснийг олж мэдсэн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 114:2-ыг чанга уншихад урь. Их Эзэн, хүмүүс өөрсдийн дуудлагыг биелүүлэхгүй бол юу тохиолдох болно хэмээн хэлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс. (Та энэ шүлэг дэх бишопын зөвлөл гэдэг үг нь бишоп эсвэл түүний зөвлөхүүдийг биш харин хувь хүний үүрэг хариуцлагыг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно. Дуулал 109:8; Үйлс 1:20-ийг үзнэ үү.)

  • Бид дуудлагадаа итгэлгүй байх юм бол юу тохиолдох тухай 2-р шүлгээс юу сурч чадах вэ? (Хэн нэгэн нь бидний үүрэг хариуцлагыг биелүүлэхээр дуудагдах болно.)

Ахлагч Давид В.Паттен үхлүүт хэвтэж байхдаа итгэлтэй байж чадаагүй Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зарим гишүүн, гэгээнтэн нөхдийнхөө тухай ярьжээ. Тэрээр “тэд миний оронд байсан ч болоосой! Би итгэлээ хадгалсан, замаа дуусгасан гэж надад санагдаж байна. Тийм болохоор зөв шударга Шүүгч Их Эзэн надад титэм өгөх болно” гэж хэлжээ. Тэрээр эхнэртээ “Чи юу ч хийсэн бай итгэлээ бүү үгүйсгэ” (Хибер С.Кимбалл эш татав, Life of David W. Patten, 69-д) гэж хэлжээ.

Суралцагчдад яг одоо итгэлтэй байх сонголтыг хийхийн ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд тэднийг Их Эзэний зөвлөгөөг дагаж, Түүний тэднээс хүсэж буй зүйлийг биелүүлэхийн тулд юу хийх тухайгаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 113:1–6. Судрууд дахь бэлгэдлүүдийн тайлбар

Судрууд дахь бэлгэдлүүд нь янз бүрийн утгатай байж болно. Жишээлбэл, Сургаал ба Гэрээ 113:1–6 дахь Исаиа 11:1 болон 10-ын сүнслэгээр өдөөгдсөн тайлбар нь уг бошиглолын хожмын өдрүүд дэх биеллийг харуулдаг (Иосеф Смит—Түүх 1:40-ийг үзнэ үү). Гэсэн хэдий ч, Исаиа 11:1 болон 10-ыг дараах маягаар зөв тайлбарлаж болно. Иессийн хожуул ба үндэс нь Давидын угсааг, нахиа ба мөчир нь Есүс Христийг төлөөлж болно.

Сургаал ба Гэрээ 114:2. “Миний нэрийг үгүйсгэдэг тэд та нарын дунд байх … болно”

Сургаал ба Гэрээ 114-т цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн Өөрийнх нь нэрийг үгүйсгэх хожмын үеийн гэгээнтнүүдийн талаар ярьсан. Тэдгээрийн нэг нь Оливер Каудери байсан бөгөөд тэрээр урваж, Миссуригийн Фар Вестэд 1838 онд гишүүнчлэлээс хасагджээ. Оливер Каудери төлөөлөгч байсан учраас түүний урвалт нь тэрээр өөрийн дээд мөн ариун дуудлагаа орхиж, цаашид Христийн онцгой гэрч байхаа больсон гэсэн үг юм. Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф хожим нь Оливер Каудерийг итгэл дэх гуйвшгүй байдлаасаа унасан хүний жишээ болгон ярихдаа:

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

“Сүмийн ерөнхийлөгч, түүний зөвлөх, төлөөлөгч эсвэл хэн нэгэн эрэгтэй Бурхан түүнгүйгээр ажлаа хийж чадахгүй бөгөөд тэрээр Их Эзэний ажлыг урагшлуулахад халтирах бусдаас илүү чухал гэж зүрх сэтгэлдээ мэдэрч байгаа бол тэр халтиргаатай зам дээр байна гэсэн үг. Сүмийн хоёр дахь төлөөлөгч Оливер Каудери ‘“хэрэв би Сүмийг орхивол энэ нь газарт унах болно’ гэж өөрт нь хэлсэн гэж Иосеф хэлж байхыг би сонссон юм.

Иосеф түүнд ‘Оролдоод үз, Оливер’ гэж хэлжээ. Оливер оролдоод үзжээ. Тэр унасан, гэхдээ Бурханы хаант улс унасангүй. Би өөрсдийгөө Их Эзэн тэдэнгүйгээр ажлаа хийж чадахгүй гэж мэдэрч байсан бусад төлөөлөгчтэй уулзаж байсан юм. Гэвч Их Эзэн тэдэнгүйгээр ажлаа гүйцэтгэсэн билээ.

Би Бурханы хүчтэй хамт байсан Оливер Каудерийг харж байсан. Би Ариун Сүнсний нөлөөн дор хэлсэн түүнийхээс илүү хүчтэй гэрчлэлийг сонсож байгаагүй. … Гэвч түүнийг Бурханы хаант улсыг орхих тэр мөчид түүний хүч унасан юм. Тэрээр яг л Делилагийн өвдөг дээрх Самсон шиг хүчээ алдсан юм. Тэрээр өөрт байсан хүч мөн гэрчлэлээ алдсан бөгөөд хэдийгээр Сүмийн [гишүүн] байхдаа нас барсан ч хэзээ ч махан биед байхдаа үүнийг бүрэн дүүрнээр дахин хүлээж аваагүй юм” гэжээ (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 104–105).