Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 124–128 (27-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 124–128 (27-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 124–128 (27-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 124:1–83)

Сургаал ба Гэрээн дээр хэвлэгдсэн Сургаал ба Гэрээ 124 бол Иллинойгийн Наувуд хүлээн авсан хамгийн анхны илчлэлт байсан юм. Суралцагчид Наувуд ариун сүм барих Их Эзэний зарлигийг судалж байхдаа ариун сүм бол бид амьд болон нас барагсдынхаа гэтэлгэлийн төлөө санваарын ёслолуудыг бүрэн дүүрэн хүлээн авч чадах цорын ганц газар юм гэдгийг мэдэж авсан. Тэд бас Их Эзэний зарлигуудад дуулгавартай байснаар бид итгэлтэй байдлаа батлан харуулдаг гэдгийг олж мэдсэн.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 124:84–145; 125–126)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 124-ийг судалж дуусахдаа хэрэв бид бошиглогчдын зөвлөгөөг анхааран сонсох юм бол энэ нь бидэнд сайн байх бөгөөд Их Эзэн санваарын удирдагчдыг тохинууллын ажлыг удирдаж, гэгээнтнүүдийг төгөлдөржихөд туслуулахын тулд дууддаг гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Сургаал ба Гэрээ 125, 126-аас хэрэв бид Их Эзэний төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөх юм бол Тэрээр бидний зөв шударга өргөлүүдийг хүлээн авах болно гэдгийг мэдэж авсан.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 127; 128:1–11)

Сургаал ба Гэрээ 127 ба 128-ыг бошиглогч Иосеф Смитийн Миссуригийн албан хаагчдын хууль бус баривчилгаанаас зугтахаар явж байхдаа гэгээнтнүүдэд хандан бичсэн захидлуудаас авсан юм. Суралцагчид эдгээр хэсгээс Тэнгэрлэг Эцэгтээ итгэх нь зовлон шаналлыг эцсээ хүртэл тэвчихэд бидэнд тусалж чадах бөгөөд зөв бичигдсэн үед бидний газар дэлхий дээр гүйцэтгэдэг ариун сүмийн ёслолууд тэнгэрт холбогддог гэдгийг олж мэдсэн.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 128:12–25)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 128-ын үлдсэн хэсгийг судалж байхдаа ариун сүмийн ажилтай холбоотой дараах зарчмуудыг олж тогтоосон. Нас барагсдын маань аврал бидний авралд зайлшгүй шаардлагатай юм. Нас барагсдын төлөөх баптисм нь биднийг өвөг дээдэстэй маань үүрд мөнх холбодог. Өнгөрсөн эрин үеийн түлхүүрүүд, хүч, эрх мэдэл нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үед сэргээгдсэн юм. Бид гэр бүлийн түүхийн ажлыг хийж, өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ёслолуудыг хүлээн авснаар Их Эзэнд зөв шударга өргөлүүдийг өргөдөг.

Оршил

Энэ хичээл Сургаал ба Гэрээ 124:1–21 дээр төвлөрөх болно. Суралцагчид эдгээр шүлгийг судалж байхдаа Иосеф, Хайрум Смит хоёрын талаар болон тэдний Есүс Христийн Сүмийн Сэргээлтэд гүйцэтгэсэн үүргүүдийг мэдэж авах болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 124:1–14

Их Эзэн яагаад Есүс Христийн сайн мэдээг сэргээхийн тулд Иосеф Смитийг дуудсанаа тайлбарлав

Хүчтэй гэдэг үгийг самбар дээр бич. Дэлхийн жишгүүдийн дагуу хэн нэгнийг хүчтэй гэж дүрсэлж байгаа үед нийтлэг авч үздэг ямар шинж чанарууд байдгийг суралцагчдаас асуу. Суралцагчдыг хариулах хооронд Хүчтэй гэдэг үгийн доор самбар дээр тэдний хариултыг бич. Сул дорой гэдэг үгийг самбар дээр бич. Дэлхийн жишгүүдийн дагуу хэн нэгнийг сул дорой гэж дүрсэлж байгаа үед нийтлэг авч үздэг ямар шинж чанарууд байдгийг суралцагчдаас асуу.

  • Дэлхий ямар арга замаар залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэйг өөрийнхөө жишгийн дагуу сул дорой болгон мэдрүүлэхээр хичээдэг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 35:13-ыг чанга уншихад урь. Дараа нь суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:1-ийг дотроо уншаад, Их Эзэн хэнийг сул дорой гэж дүрсэлснийг олж мэдэхэд урь.

  • Иосеф Смит сайн мэдээг сэргээхээр дуудагдахдаа ямар арга замаар сул дорой байсан байж болох вэ?

  • Сургаал ба Гэрээ 35:1-д цэдэглэснээр, Их Эзэн яагаад Өөрийн ажилд туслуулахаар сул дорой хүмүүсийг дууддаг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд самбар дээр дараахтай төстэй үнэнийг бичиж, тэдний хариултыг нэгтгэн дүгнэ. Их Эзэн Өөрийн хаант улсыг дэлхийн сул дорой зүйлсээр дамжуулан үзүүлдэг.)

  • Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн мэргэн ухааныг ямар арга замаар үзүүлсэн бэ?

Суралцагчдыг өсвөр насандаа байгаа ч гэсэн хүлээн авч болох дуудлагат ажил эсвэл даалгавруудын заримыг нэрлэхийг хүс. (Гэрийн багш, ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, номлогч, ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх эсвэл тойрог, салбартаа хэн нэгэнтэй нөхөрлөх гэх мэт хариултууд байж болно.)

  • Самбар дээр бичсэн зарчмыг санах нь биднийг Сүмд олон төрлийн дуудлагат ажил эсвэл даалгавруудыг хүлээн авахад бидэнд хэрхэн тусалж чадах вэ?)

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд дэлхийн захирагчдад хандан сайн мэдээний тунхаг бичих зарлигийг өгсөн гэдгийг тайлбарлан, Сургаал ба Гэрээ 124:2–14-ийг нэгтгэн дүгнэ.

Сургаал ба Гэрээ 124:15–21

Их Эзэн Науву дахь Сүмийн удирдагчдад зааврууд өгөв

Суралцагчдаас хэн нэгэн тэднийг чин сэтгэлээсээ магтаж байсан үеийн талаар бодохыг хүс. Цөөн суралцагчийг өөрсдийн туршлагыг болон эдгээр магтаал тэдэнд яагаад утга учиртай байсан талаар хуваалцахад урь.

Их Эзэн энэ илчлэлтээрээ цөөн хэдэн хүнд хандсан бөгөөд тэдний хүчтэй тал болон хувь нэмрүүдийг онцолж тэднийг магтсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:15–20-ийг дотроо уншаад, Их Эзэн эдгээр хүний талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд урь. Та тэдэнд чухал санагдсан хэллэгүүдийг тэмдэглэхийг зөвлөж болно. Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг хамтрагч руугаа харж, тэдний хувьд юу чухал санагдсан мөн яагаад гэх мэт олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урь.

Та Сургаал ба Гэрээ 124:19 дээр Их Эзэн богинохон хугацааны өмнө нас барсан 3 итгэлтэй хүн (Давид Паттен, Эдвард Партриж, бошиглогчийн аав Ахмад Иосеф Смит) Их Эзэний дэргэд хүлээн авагдсан хэмээн тунхагласан гэдгийг онцолж болно.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:15, 20-ийг эргэж хараад, Их Эзэн Хайрум Смит болон Жорж Миллер нарын талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Иосеф Смит болон Жорж Миллер нарын тухай юу гэж хэлсэн бэ?

  • Их Эзэн үнэнч шударга хүмүүсийн талаар юу мэдэрдэг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Их Эзэн зүрх сэтгэл нь үнэнч шударга хүмүүсийг хайрлаж, тэдэнд итгэдэг.)

  • Та зүрх сэтгэлийн үнэнч шударга байдлыг хэрхэн тодорхойлох вэ?

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Миний хувьд үнэнч шударга зан нь шууд үр дүнгээс үл хамааран үргэлж зөв болон сайн зүйлийг хийх гэсэн үг юм. Энэ нь зөвхөн бид үйлдлүүддээ төдийгүй хамгийн чухал нь бодол, зүрх сэтгэлдээ чин сэтгэлээсээ зөв шударга байна гэсэн утгатай юм. Хувийн үнэнч шударга байдал нь итгэл эсвэл гэрээндээ хуурамч дүр эсгэх боломжгүй итгэл даасан, зөв шударга байдлыг хэлдэг” (“Personal Integrity,” Ensign, May 1990, 30).

  • Ахлагч Вөртлиний тодорхойлолт дээр үндэслэн Их Эзэн яагаад зүрх сэтгэлдээ үнэнч шударга тэднийг хайрладаг гэж та бодож байна вэ?

Хайрум Смит зүрх сэтгэлийн үнэнч шударга байдлаа хэрхэн үлгэрлэн харуулсныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Бошиглогчийн ах, найз мөн зөвлөх нь байсан Хайрум Смит Их Эзэнд болон дүү Иосефтоо үнэмлэхүй, хоёргүй хайр, үнэнч зан ба үнэнч шударга байдлыг үзүүлсэн юм. Тэдний ахан дүүсэг ёсыг юутай ч харьцуулшгүй юм.

Хайрумын талаар Иосеф хэлэхдээ ‘Бүх ах нар хурга шиг хүлцэнгүй, Иов шиг үнэнч шударга, товчхондоо бол Христийн номхон дөлгөөн, даруу байдлыг өөртөө агуулсан хайрт ах Хайрумтай минь адил байсан болоосой гэж зүрх сэтгэлдээ залбирч чадна. Би түүнийг үхлээс илүү хүчтэй хайраар хайрладаг учир тэр намайг эсвэл би түүнийг хэзээ ч зэмлэж байгаагүй’ гэжээ. ( History of the Church, 2:338.) …

Хайрум үхэлтэй нүүр тулж байхдаа ч гуйвшгүй байсан. Агуу гарз хохирол, хавчлага дарамтын дараа тэрээр бичихдээ:

Миний хувь заяа хаашаа ч эргэлээ гэсэн би нүдээрээ харсан, гараараа барьж үзсэн мөн гэрчлэл олж авсан зүйлсээ [Мормоны Номын орчуулагдсан ялтаснуудыг] үгүйсгэхээсээ илүүтэй үхлийг сонгох шийдвэр төгс байгаадаа Бурхандаа талархана; Би үхлээрээ тамгалсан хамгийн хүчтэй гэрчлэлээ үлдээх боломжтой байснаа ах дүү нартаа батлан хэлж чадна’ гэжээ. (Times and Seasons, Dec. 1839, p. 23.)” (“The Family of the Prophet Joseph Smith,” Ensign, Nov. 1991, 7).

  • Хайрум Смит үнэнч шударга байдлаа хэрхэн харуулсан бэ?

Суралцагчдыг илүү үнэнч шударга байж болох байсан амьдралынхаа нэг талыг тунгаан бодоход урь. Энэ тал дээрээ үнэнч шударга байдлаа сайжруулахын тулд хувийн зорилго тавихад тэднийг урамшуулан дэмж.

Өнөөдөр заагдсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 129–132)

Суралцагчдаас селестиел хаант улсад хэдэн зэрэглэл байдгийг мэддэг эсэхийг асуу. Тэд ирэх долоо хоногт судалж байхдаа селестиел хаант улс болон авралын төлөвлөгөөтэй хамаатай олон зарчмыг олж мэдэх болно гэдгийг тайлбарла.