Семинар
152-р хичээл: Агуу Үнэт Сувд ном ирсэн нь


152-р хичээл

Агуу Үнэт Сувд ном ирсэн нь

Оршил

1851 онд, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн мөн Британийн Номлолын ерөнхийлөгч, ахлагч Франклин Д.Ричардс Иосеф Смитийн хүлээн авсан хэд хэдэн илчлэлт, орчуулга, бичвэрийг хэвлүүлсэн ба энэхүү цуглуулгаа Агуу Үнэт Сувд хэмээн нэрлэжээ. 1880 оны 10-р сарын Сүмийн Ерөнхий чуулганы үеэр, Сүм Агуу Үнэт Сувдыг жишиг бүтээлүүдийн нэг хэсэг болсон судар гэж хүлээн зөвшөөрсөн. “Агуу Үнэт Сувд бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэл хийгээд сургаалын олон чухал талыг хөндсөн сонгомол материалуудын цуглуулга бөлгөө” (Агуу Үнэт Сувдын Оршил).

Заах зөвлөмж

Агуу Үнэт Сувд ном ирсэн нь

Сувдны зургийг үзүүлэх юм уу зур. Суралцагчдаас сувд хэрхэн үүсдэгийг мэддэг эсэхийг асуу. Хэрэв тэд мэдэхгүй бол сувд нь хясаан дотор элсний будаа зэрэг гадны биетийн цочрооноос үүсдэгийг тайлбарла. Хясаа нь эцэстээ сувд болох будааг тойруулан бүрэх бодисыг ялгаруулдаг байна. Жинхэнэ сувд ховор байдаг бөгөөд үнэ цэнтэйд тооцогддог.

Зураг
хясаан доторх сувд

Өнөөдөр суралцагчид Агуу Үнэт Сувд гэж нэрлэгддэг судрын номын үүсэл гарлын тухай сурна гэдгийг тайлбарла. Тэд Агуу Үнэт Сувдын үнэ цэнтэй байдаг зарим шалтгааныг олж мэднэ.

Нэг суралцагчийг Агуу Үнэт Сувдын оршил хэсэг дэх эхний догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас Агуу Үнэт Сувдад юу агуулагддагийг олж мэдэхийг хүс. Тэднийг уншихаас өмнө тогтмол хэвлэлүүд гэдэг өдөр тутмын, долоо хоног тутмын эсвэл сар бүр тогтмол тараагддаг хэвлэлүүд болох сонин эсвэл сэтгүүлүүдийг хэлдгийг тайлбарлаж болно.

  • Агуу Үнэт Сувд юугаараа ховор бөгөөд үнэ цэнтэй гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг оршил хэсгийн хоёр дахь догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Агуу Үнэт Сувдыг яагаад эмхэтгэснийг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ тайлагнахад урь.

Агуу Үнэт Сувдын анхны хэвлэлээс хойш зарим агуулга нэмэгдэж эсвэл шилжүүлэгдсэн гэдгийг тайлбарласнаар оршил хэсгийн гурав дахь догол мөрийг нэгтгэн дүгнэ. Агуулгын зарим нь нэмэгдсэн ч хожим нь Сургаал ба Гэрээнд шилжүүлэгдэн оржээ.

Нэг суралцагчийг “Мосегийн номноос авсан цуглуулгууд” гэдэг үгсээр эхэлж байгаа догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхныг Иосеф Смит энэ номон дээрх илчлэлтийг хэрхэн хүлээн авч байсныг олж мэдэхийг тэднээс хүс.

Суралцагчдыг Мосегийн номыг гүйлгэн уншаад, тэдний үнэ цэнтэй гэж бодож байгаа үнэнийг агуулсан ядаж нэг шүлгийг олоход урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдаас шүлгүүдээ хамтрагчтайгаа эсвэл ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг Агуу Үнэт Сувдын оршил руу эргэн очихыг хүс. Нэг суралцагчийг “Абрахамын ном” гэдэг хэллэгээр эхэлж байгаа догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смит Абрахамын номон дээрх бичвэрүүдийг хэрхэн хүлээн авсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Иосеф Смит Абрахамын номон дахь эртний бичвэрүүдийг хэрхэн хүлээн авсныг тайлбарлахад туслахын тулд өөрөө эсвэл нэг суралцагчийг дараах үгсийг уншихад урь.

“1835 оны 7-р сарын 3-нд Майкл Чандлэр гэдэг хүн Египетийн дөрвөн ширхэг занданшуулсан шарил болон эртний хэд хэдэн хуйлмал үйсэн дээрх бичээсийг Огайогийн Көртландад авчирчээ. Занданшуулсан шарил болон үйсэн дээрх бичээсийг хэдэн жилийн өмнө Антонио Лэболо Египетээс олж илрүүлсэн байна. Көртланд бол Нэгдсэн Улсын зүүн хэсгээр Чандлэрын занданшуулсан шарилаа үзүүлж явсан газруудын нэг байсан юм. Чандлэр занданшуулсан шарилууд болон хуйлмал үйсэн дээрх бичээсүүдээ зарахаар санал болгосон ба бошиглогч Иосеф Смитийн гуйлтаар Сүмийн хэд хэдэн гишүүн тэдгээрийг худалдан авах мөнгийг хандивласан. 1835 оны 7-р сарын 5-нд бичигдсэн мэдэгдэлдээ Иосеф Смит эдгээр эртний Египетийн бичээсүүдийн ач холбогдлыг тунхаглахдаа ийн цэдэглэжээ. ‘Би зарим дүрс үсэг болон нууцлаг тэмдэгний орчуулгыг хийж эхэлсэн ба нэг хуйлаас нь Абрахамын бичвэрийг агуулж байгааг олж мэдээд хөөрөн баярласан . … Их Эзэн амар амгалан болон үнэнийг элбэг дэлбэгээр илчилж эхэлснийг би үнэхээр хэлж чадна’ (History of the Church, 2:236)” (The Pearl of Great Price Student Manual [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2000], 28).

Зарим нь бошиглогчийг эртний бичвэрүүдийг хэрхэн орчуулсныг гайхаж байлаа. “Бошиглогч Иосеф Смит эдгээр шастирыг орчуулсан аргаа хэзээ ч мэдүүлж байгаагүй. Бусад бүх судрын адил эдгээр бичвэрийн үнэн зөв байдлын тухай гэрчлэл нь ерөнхийдөө итгэлийн асуудал юм. Абрахамын номын үнэн зөв байдлын хамгийн агуу нотолгоо нь бодит нотолгооны судалгаа шинжилгээнээс ч, түүхэн нөхцөл байдлаас ч олддоггүй, харин үүний агуулга ба хүчний талаар залбиралтайгаар бодсоноос олддог” гэдгийг тайлбарла (The Pearl of Great Price Student Manual, 28). Хэдийгээр Иосеф Смит бичвэрүүдийг орчуулахдаа яг ямар арга хэрэглэснийг бид мэдэхгүй ч, тэрээр Бурханы бэлэг болон хүчээр Абрахамын номыг орчуулсан гэдгийг бид мэднэ.

  • Абрахамын номын үнэн зөв байдлын сүнслэг гэрчийг хүлээн авах нь яагаад чухал вэ?

Хичээлийн дараах хэсэг дээр хоёр суралцагчийг ангийн өмнө гараад, мэдээний нэвтрүүлэгч Агуу Үнэт Сувд дахь номуудын агуулга болон гарал үүслийн тухай судалгаанд бүхнээ зориулсан эрдэмтэнтэй ярилцлага хийж байгаа жүжигчилсэн тоглолтыг хийхэд урь. Тэднээс дараах зохиолыг уншихыг хүс.

Нэвтрүүлэгч:Хэдийгээр гар бичмэлүүд нь Абрахамын үеийнх биш байхад Иосеф Смит яагаад Абрахамын бичвэрүүдийг орчуулсан гэж хэлсэн бэ?

Эрдэмтэн:Бошиглогч Иосеф Смит үйсэн дээрх бичээсүүд нь үнэндээ Абрахамын бичвэрүүд гэж хэзээ ч тунхаглаагүй. Тэр “Абрахамын ном бол бидний гарт орж ирсэн эртний бичээсүүдийн зарим орчуулга юм. Эдгээр нь Абрахамыг Египетэд байх үед Түүний бичээсүүд гэж мэдэгдсэн Египетийн газар доорх агуйгаас олдсон” гэж хэлсэн (Times and Seasons, 1842 оны 3-р сарын 1, 704).

“1966 онд Иосеф Смитэд нэгэн үе байсан 11 ширхэг үйсэн дээрх бичээс нь Нью-Йорк хотын уран зургийн музейгээс олджээ. Тэдгээр нь Сүмд өгөгдсөн бөгөөд эрдэмтдийн судалгаагаар МЭӨ 100 оноос МЭ 100 онд хамаардаг. Абрахамын номын жинхэнэ эх хувь мөн эсэх талаарх түгээмэл эсэргүүцэл нь Христийг мэндлэхээс бараг хоёр мянган жилийн тэртээ амьдарч байсан Абрахамаар бичигдсэн байхаар хангалттай эртнийх байж чаддаггүйд оршино. Иосеф Смит үйсэн дээрх бичээсийг түүний гараар бичигдсэн (Абрахам өөрөөр нь бичигдсэн) юм уу Абрахамын үеийнх гэж тунхаглаагүй. Өөрөө бичиглэсэн үү, бусдад хэлж бичүүлсэн үү эсвэл бусад хүн түүний бичвэрүүдийг хожим хуулж бичсэн үү гэдгээс үл хамааран зохиогчийн бүтээлийг ‘түүний’ бичвэрүүд гэх нь түгээмэл байдаг (The Pearl of Great Price Student Manual, 28).

Нэвтрүүлэгч:Иосеф Смит орчуулгаараа юу хийсэн бэ?

Эрдэмтэн:“Абрахамын ном нь анх Иллинойн Наувуд 1842 оны 3-р сараас эхлэн TImes and Seasons гэдэг Сүмийн хэвлэлд цөөн цөөнөөр эшлэгдэн хэвлэгдсэн (Агуу Үнэт Сувдын эхэн дэх [оршил] хэсгийг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит дараа нь Абрахамын номын илүү олон хэсгийг хэвлэнэ гэж байсан ч, ингэж чадахаас нь өмнө түүний амийг бүрэлгэсэн юм. Бүрэн дууссан орчуулгын хэмжээний талаар Оливер Каудери нэгэн удаа үүнийг агуулахын тулд ‘боть’ болгох хэрэгтэй гэж хэлж байжээ (Messenger and Advocate, 1835 оны 12-р сар, 236-г үзнэ үү).

Нууц тэмдэг бүхий бичвэрүүдээс гадна гар бичээс нь мөн Египетийн зургуудыг агуулдаг. 1842 оны 2-р сарын 23-нд бошиглогч Иосеф Смит мэргэжлийн сийлбэрч, Сүмийн гишүүн Рүбэн Хэдлокоос тэдгээрийг хэвлэхийн тулд эдгээр зургаас гурвыг нь сийлж бэлтгэхийг хүсжээ. Хэдлок сийлбэрийг долоо хоногийн дотор хийсэн бөгөөд Иосеф Смит хуулбаруудыг Абрахамын номтой хамт хэвлэсэн. Хуулбаруудтай хамт байгаа зургуудын талаарх Иосеф Смитийн тайлбарууд” (The Pearl of Great Price Student Manual 28–29).

Нэвтрүүлэгч:Занданшуулсан шарил болон үйсэн дээрх бичээсүүдийг яасан бэ?

Эрдэмтэн:“Бошиглогч Иосеф Смитийг нас нөгчсөний дараа занданшуулсан шарил болон үйсэн дээрх бичээсүүд нь Иосефын бэлэвсэн эх Люси Мак Смитийн өмч болсон (The Pearl of Great Price Student Manual, 29). Люси Мак Смитийг нас барсны дараа цуглуулга Абел Комбс гэдэг хүнд худалдагдсан байна. Цуглуулга нь Иосеф Смитийн эхнэр Эмма юм уу дүү Виллямаар зарагдсан байж болох юм. Ноён Комбс цуглуулгынхаа заримыг Миссуригийн Сэйнт Луис дахь музейд заржээ. Тэр бусдыг нь авч үлдсэн ч хожим заримыг нь тараасан байдаг. (The Pearl of Great Price Student Manual, 29; H. Donl Peterson, The Story of the Book of Abraham: Mummies, Manuscripts, and Mormonism [1995], 204–209, 257-г үзнэ үү.)

“Занданшуулсан шарил, үйсэн дээрх бичээсүүдийг … хэрхсэн талаар хэд хэдэн таамаглал байдаг. 1871 оны Чикагогийн их түймрээр занданшуулсан шарилуудаас лав л хоёр нь шатсан гэж үздэг (B. H. Roberts, New Witnesses for God, 3-р боть [1909–1911], 2:380–382-ыг үзнэ үү).

1966 оны хаврын эхээр Ютагийн их сургуулийн профессор, доктор Азиз С.Атияа Нью-Йорк хотын Метрополитаны дүрслэх урлагийн музей дэх [Иосеф Смитийн үйсэн дээрх бичээсийн хэд хэдэн үлдэгдэл хэсэг рүү Сүмийн анхаарлыг хандуулсан.] Эдгээр үлдэгдэл хэсгийг 1967 оны 11-р сарын 27-нд музейн эрхлэгч Сүмд гардуулан өгсөн. Бусад занданшуулсан шарил одоо хаана байгаа болон үйсэн дээрх бичээсүүдийн бусад хэсэг тодорхойгүй байна [Х.Донл Пэтэрсон “Some Joseph Smith Papyri Rediscovered (1967),” in Studies in Scripture, Volume Two: The Pearl of Great Price, хянасан Робэрт Л.Миллэтт ба Кэнт П.Жэксон (1985), 183–185]” (The Pearl of Great Price Student Manual, 29-ийг үзнэ үү).

Суралцагчдыг Абрахамын номыг гүйлгэн уншаад, үнэ цэнтэй гэж бодож байгаа дор хаяж нэг шүлгийг олоход урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг олсон шүлгээ хамтрагчтайгаа юм уу ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдыг оршил хэсэг рүү эргэн очихыг хүс. Нэг суралцагчийг “Иосеф Смит—Матай” гэдэг үгсээр эхэлж байгаа догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смит энэ илчлэлтийг хэрхэн хүлээн авсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахад урь.

Иосеф Смит—Матай үнэ цэнтэй болох нэг шалтгаан нь Хоёр дахь ирэлтийн тухай Аврагчийн яриануудын нэгийг багтаадгийг тайлбарла.

Нэг суралцагчийг “Иосеф Смит—Түүх” гэдэг үгсээр эхэлж байгаа догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смит энэ түүхийг хэзээ бэлтгэснийг олж мэдэхийг хүс.

Суралцагчдыг Иосеф Смит—Түүхийг гүйлгэн уншаад, үнэ цэнтэй гэж бодож байгаа хамгийн багадаа нэг шүлгийг олоход урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг олсон шүлгээ хамтрагчтайгаа юм уу ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдыг найз нь хоёр минутын дотор Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлийг тайлбарлахыг тэднээс хүсэж байна гэж төсөөлөхөд урь. Ангийнхнаас хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хэрхэн хариулах байснаа бичихийг хүс. Хэдэн минутын дараа, хоёр гурван суралцагчаас бичсэн зүйлээ уншихыг хүс.

Итгэлийн Тунхаг бидний итгэлийн тухай маш сайн дүгнэлтийг өгдөг гэдгийг онцол. Суралцагчдад Итгэлийн Тунхгийн гарал үүслийг ойлгоход нь туслахын тулд 1842 оны 3-р сарын 1-нд бошиглогч Иосеф Смит сонины редактор Жон Вентвортын хүсэлтээр өөрийнхөө болон Сүмийн түүх, итгэл үнэмшлийн талаар мэдээлэл өгснийг тайлбарла. Үүнийг хүмүүс гол төлөв Вентвортын захиа гэдгээр нь мэддэг болсон. Үүнд Иосеф сайн мэдээний 13 үндсэн зарчмыг тунхаглажээ. Эдгээр итгэл үнэмшил нь Агуу Үнэт Сувдад Итгэлийн тунхаг болж орсон. Хэдийгээр эдгээр нь бидний итгэл үнэмшлийг бүгдийг нь харуулсан мэдэгдэл биш ч сайн мэдээний сургаал болон зарчмуудын чухал цогц юм.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрд итгэлийн тунхгаас нэгээс илүүг даалга. (Суралцагчдын хэрэгцээ болон ангийн хэмжээнд үндэслэн хамтрал бүрд нэг юм уу түүнээс дээш итгэлийн тунхгийг хуваарилж болно.) Хос бүрийг хуваарилагдсан итгэлийн тунхгаа уншаад доорх зааврыг дагахыг хүс. Та эдгээр зааврын хуулбарыг хийх юм уу самбар дээр бичиж болно. Суралцагчид эдгээр зааврыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ дагаж болно.

  1. Хуваарилагдсан итгэлийн тунхгаа уншсаны дараа, заагдсан сургаал эсвэл зарчмыг өөрсдийн үгээр бич.

  2. Хуваарилагдсан итгэлийн тунхаг дахь сургаал, зарчмуудыг дэмжиж эсвэл тайлбарладаг судруудыг ол. Уг зарчмын талаарх ойлголт дээр тань судруудын нэмж байгаа ойлголтуудыг бич.

  3. Энэ итгэлийн тунхгийг ойлгож, үүнд итгэснээр хэн нэгний амьдралд адислал авчирч болох арга замуудыг жагсаан бич.

Суралцагчдад даалгавраа гүйцэтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднийг бичсэн зүйлээ хуваалцахад урь. Та тэдний олж тогтоосон зарим үнэнийг самбар дээр бичиж болно.

Суралцагчдыг Итгэлийн тунхаг юм уу үүнд агуулагддаг үнэнүүд хэн нэгэнд сайн мэдээг тайлбарлахад тусалж байсан туршлагуудаасаа хуваалцахад урь. Та түүнчлэн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.

Суралцагчдыг Итгэлийн тунхгийг судалж, чээжлэхэд уриал. Та суралцагчдыг ангиараа Итгэлийн тунхгийн нэгийг чээжлэхэд туслахын тулд энэ гарын авлагын хавсралт дахь чээжлэх үйл ажиллагаануудын нэгийг ашиглаж болно. Суралцагчдыг итгэл үнэмшлээ бусдад тайлбарлахдаа Итгэлийн тунхгийн мэдлэгээ ашиглахад урамшуул.

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич. Агуу Үнэт Сувд бол Иосеф Смит … байсны баталгаа юм.

Дараах асуултуудыг тавьснаар мэдэгдлийг гүйцээхэд нь суралцагчдад тусал.

  • Агуу Үнэт Сувдад орших үнэт үнэнүүд нь бидэнд Иосеф Смитийн талаар юу заадаг вэ? (Самбар дээрх үнэнийг дараахтай адил гүйцээ. Агуу Үнэт Сувд бол Иосеф Смит бошиглогч, үзмэрч мөн илчлэгч байсны баталгаа юм.)

  • Ямар арга замаар Агуу Үнэт Сувд нь Иосеф Смитийг бошиглогчоор дуудагдсаны баталгаа болдог вэ?

Агуу Үнэт Сувд бол Иосеф Смитийг бошиглогч, үзмэрч мөн илчлэгч байсны баталгаа юм гэдгийг гэрчил. Энэ ном бидэнд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар үнэнийг заадаг.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Абрахамын ном: Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагын нотолгоо

“Абрахамын ном нь бошиглогч Иосеф Смитийн сүнслэгээр өдөөгдсөн дуудлагын нотолгоо юм. Энэ бол эртний Египетийн хэл, соёлыг дөнгөж судалж эхэлж байсан үед гарч ирсэн билээ. Эрдэмтэд 1800-аад оны үед египет судлалын талбарыг шинжилж, судалж дөнгөж эхэлж байхад эртний хэлний албан ёсны сургалтгүй мөн эртний Египетийн тухай (Мормоны Ном дээр ажиллахаас гадна) ямар ч мэдлэггүй Иосеф Смит эртний гар бичээсийн орчуулгаа эхэлсэн. Түүний мэдлэг, чадвар өөрийнх нь шийдэмгий байдал болон итгэлтэй хамт Бурханы хүч ба бэлгээр ирсэн юм” (The Pearl of Great Price Student Manual [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2000], 29).

Итгэлийн тунхаг ба Вентвортын захидал

Иосеф Смит Иллинойн Чикаго Демократ сонины редактор болон өмчлөгч болох Жон Вентвортод захидал бичжээ. Бошиглогч Иосеф Смит захиандаа хожмын үеийн гэгээнтнүүдийн түүх болон сургаалуудын тухай мэдэгдлийг өгсөн байна. Итгэлийн тунхаг тэр захианы нэг хэсэг байв. Захиаг бүтэн эхээр нь “The Wentworth Letter,” Ensign, 2002 оны 7-р сар, 26–32-оос үзнэ үү.