Семинар
5-р хичээл: Судруудыг судлах нь


5-р хичээл

Судруудыг судлах нь

Оршил

Энэ хичээл нь судруудын түүхэн нөхцөл байдал болон агуулгыг хэрхэн илүү сайн ойлгож, судруудын агуулдаг сайн мэдээний сургаал, зарчмуудыг тодорхойлж, тэдгээр үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах болно. Суралцагчдыг судруудад байдаг мөнхийн үнэнүүдийг олж, тэдгээрийн дагуу үйлдэх үед сайн мэдээ тэдний зүрх сэтгэлд гүн нэвтэрч чадна. Энэ жилийн турш энэ хичээл дээрх материалуудыг давтах арга замуудын талаар бодож үз.

Заах зөвлөмж

Судар судлахын зорилго

Хичээл эхлэхийн өмнө харандаа, тэмдэглэлийн дэвтэр эсвэл дууны ном зэргийг ангид хаа нэгтээ харагдахаар газар байрлуул. Тухайн зүйл буруу газраа байгаа мэт харагдахааргүй эсвэл суралцагчид амархан анзаарахааргүй газрыг сонго. Та ямар нэг зүйлээ алдсан ба үүнийг олоход тэдний тусламж танд хэрэгтэй байгааг хэлээд, хичээлээ эхлүүл. Өрөөнөөс хайхыг тэднээс хүс, гэхдээ тэд юу хайх ёстойг хэлж болохгүй. Суралцагчдыг хэсэг хугацаанд хайгаад амжилтгүй байвал тэдэнд юу хайх ёстойг нь хэлээд дахин нэг удаа оролдоод үзэхийг хүс.

  • Хоёр дахь удаад хайж байгаа зүйлээ олох нь та нарт яагаад илүү амархан байв?

Судраа бариад өргө. Бид хайх зүйлээ мэдэж байгаа үед аливаа зүйлийг эрж хайхад илүү амар байдаг шиг судлах зүйлдээ юу хайхаа мэдэж байвал судраас судлах үйл явц маань илүү утга учиртай байж чадна гэдгийг хэл.

Суралцагчдад бид судруудыг судалж байхдаа юу эрж хайх ёстойг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Суралцагчийг уншихаас өмнө ангийнхнаас өөр нэг зүйлийг хайж байгаа үедээ судраас үргэлж олж чаддаг ямар нэг зүйлийг олж бодохыг хүс. (Та энэхүү үг болон энэ хичээл дээрх бусад бошиглогчийн хэлсэн үгсийн хуулбарыг суралцагчдад өгч болно.)

Зураг
Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

“Хүн сайн мэдээний зарчмуудыг сурахгүйгээр судруудыг судална гэж үгүй юм. Учир нь судрууд зарчмуудыг хадгалахын тулд бичигдсэн байдаг” (“The Message of the Old Testament” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1979 оны 8-р сарын 17], 3, LDS.org).

  • Ерөнхийлөгч Ромнигийн хэлснээр бид судруудыг судлах үедээ юу эрж хайж байх ёстой вэ?

  • Зарчим гэж юу вэ?

Та нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүсэх замаар суралцагчдын хариултуудыг бататгаж эсвэл гүйцээж болно. Суралцагчийг уншихаас өмнө ангийнхны хагасаас зарчим гэж юу болохыг олж мэдэхийг хүс. Ангийнхны нөгөө хагасаас судруудаас зарчим судлах нь яагаад маш чухал болохыг олж мэдэхийг хүс.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Зарчмууд бол олон төрлийн нөхцөл байдалд тохирдог шалгарсан үнэн юм. Үнэн зарчим нь хамгийн эргэлзээтэй, хүнд нөхцөл байдалд ч шийдвэрүүдийг тодорхой болгодог” (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, 1993 оны 11-р сар, 86).

  • Ахлагч Скоттын хэлснээр зарчим гэж юу вэ? Судруудаас зарчмуудыг олох нь яагаад тийм их чухал байдаг вэ?

Есүс Христийн сайн мэдээний зарчмууд болон сургаалууд нь маш чухал бөгөөд бидний амьдралд удирдамж өгдөг өөрчлөгдөшгүй үнэнүүд гэдгийг тайлбарла. Их Эзэн болон Түүний бошиглогчид биднийг илчлэлт, номлол болон судруудад цэдэглэгдсэн үйл явдлуудаас сургаал, зарчмуудыг нь сураасай гэж хүсдэг.

Суралцагчдад судруудад заагддаг сургаал эсвэл зарчмын жишээг олж мэдэхэд нь туслахын тулд тэднийг Иосеф Смитийн анхны үзэгдлийн талаар бодоход урь. Суралцагчдаас Иосеф Смитийн туршлагаас мэдэж авч болох энгийн үнэнийг олж тогтоохыг хүс. Суралцагчид янз бүрийн сургаал ба зарчмыг олж тогтоож болно. Дараах үнэн бол нэг жишээ юм. Хэрэв бид итгэлтэй залбирвал Бурхан бидний залбиралд хариулна.

Судруудын түүхэн нөхцөл байдал ба агуулгыг ойлгох нь

Хальсыг нь арилгаж иддэг нэг жимс үзүүл (жишээ нь: гадил эсвэл жүрж).

  • Та нар энэ жимсийг зориулалтын дагуу хэрэглэхээсээ өмнө юу хийх ёстой вэ? (Хальсыг нь арилгах.)

  • Хэрэв энэ жимсний чухал ба хэрэгцээтэй хэсэг нь дотроо байгаа юм бол гадна талын хальс нь ямар зориулалттай юм бол? (Дотор нь байгаа зүйлийг хадгалж мөн зөөвөрлөх зориулалттай.)

Гадуураа хальстай жимсийг судрууд дээр байдаг сургаал, зарчмуудтай адилтгаж болно гэдгийг тайлбарла. Гаднах хальс нь судруудын үйл явдал, хүмүүс болон номлолуудтай адил юм. Хальс нь жимсийг хадгалж, зөөвөрлөхөд тусалдаг шиг эдгээр судрын түүх нь бидэнд сайн мэдээний сургаал, зарчмуудыг санаж, амьдралдаа хэрэгжүүлж болох арга замаар заадаг.

Судруудын нөхцөл байдал, түүх, үйл явдлууд болон бусад нарийвчилсан зүйлийг илүү сайн ойлгохын тулд хийсэн зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс. (Та тэдний зарим санааг самбар дээр бичиж болно.) Суралцагчдыг цөөн хэдэн санааг хуваалцсаны дараа судар судлах дараах чадваруудыг ангийн гишүүдэд тайлбарлаж мөн дадлага хийх хэдэн минут зарцуул.

Түүхэн нөхцөл байдал: Сургаал ба Гэрээний хэсэг бүр нь оршилтой бөгөөд тэдгээр нь санаа зовоосон зүйл, асуултууд, эсвэл энэ хэсэг дэх илчлэлттэй холбоотой түүхэн үйл явдлуудыг дүрсэлдэг гэдгийг тайлбарла. Эдгээр мэдээллийг мэдэх нь бидэнд илчлэлтийг ойлгоход тусалж чадна.

Эдгээр мэдээллийг мэдэх нь илчлэлтийн талаарх бидний ойлголтыг хэрхэн нэмэгдүүлдгийг харуулахын тулд цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:1–8-ыг ээлжлэн чанга уншихад урь. Дараа нь суралцагчдаас хэсгийн оршлыг дотроо уншиж, эдгээр шүлгийг ойлгоход туслах мэдээллийг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Смит Либерти шоронд олон сар хоригдож байсныг мэдэх нь эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?

Үгийн тодорхойлолт: Судруудад ашиглагдсан зарим үг танил биш байж болно гэдгийг хэл. Библийн толь бичиг, судруудын удирдамж, судрын зүүлт тайлбар болон ердийн толь бичиг нь үгсийн тодорхойлолтыг мэдэж мөн тэдгээрийн утгыг ойлгоход бидэнд тусалж чадна.

Нэг жишээ үзүүлэхийн тулд суралцагчдыг Сургаал ба Гэрээ 121:2-ыг дотроо уншихад урь. Хүлцэн тэвчих гэдэг нь хойшлуулах эсвэл зөвшөөрөх гэсэн утгатай байж болно гэдгийг тайлбарла.

  • Энэ утгыг ойлгох нь энэ шүлгийг илүү сайн ойлгоход та нарт хэрхэн тусалж байна вэ?

Сургаал ба зарчмуудыг олж тогтоох нь

Бид судрын хэсгүүдийн түүхэн нөхцөл байдал болон агуулгын талаарх ойлголтоо нэмэгдүүлсний дараа үүний агуулж буй сайн мэдээний үнэнүүдийг хайж олоход бэлэн болдог. Нэг суралцагчийг ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийн гишүүдээс бид судруудыг судлахдаа үнэнүүдийг хайж олохын тулд юу хийх ёстойг дүрсэлсэн хэллэгүүдийг олж мэдэхийг хүс.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Та сүнслэг мэдлэгийг эрэлхийлэхдээ зарчмуудыг эрж хай. Зарчмуудын тухай тайлбарыг зарчмуудаас нь анхааралтай ялгаж салга. … Бид цуглуулсан үнэнээ зарчмын энгийн мэдэгдэл болгож зохион байгуулах нь маш их хичээл зүтгэл шаарддаг” (“Acquiring Spiritual Knowledge,” 86).

  • Судрууд дахь үнэнийг хайж олох үйл явцыг дүрслэхийн тулд ахлагч Скотт ямар үг хэллэг ашигласан бэ? (“Зарчмуудын тухай тайлбарыг зарчмуудаас нь анхааралтай ялгаж салгах,” “цуглуулсан үнэнээ зарчмын энгийн мэдэгдэл болгож зохион байгуулах.”)

  • Бид судруудын шүлгүүдээс сурдаг “үнэнээ” сургаал эсвэл зарчмын энгийн мэдэгдэл болгон зохион байгуулах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Сайн мэдээний зарим сургаал, зарчмыг таньж мэдэхэд хялбар байдаг. Учир нь эдгээр нь сударт тодорхой бичигдсэн байдаг гэдгийг хэл. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас эдгээр шүлэгт тодорхой дурдагдсан үнэнүүдийг олж тогтоохыг хүс. Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой. Хэрэв бид зовлон бэрхшээлүүдээ дажгүй давбал, Бурхан биднийг өргөмжилж мөн бүх дайснаа ялахад бидэнд туслах болно.

Олон сургаал болон зарчим судруудад тодорхой гардаггүй боловч хэд хэдэн шүлэг дээр дүрслэгдэж болдог гэдгийг тайлбарла. Энэ төрлийн сургаал эсвэл зарчмыг эрж олох нь судруудын хэсэгт дүрслэгдэж байгаа үнэнүүдийг таньж мэдэх болон тэдгээр үнэнийг ойлгомжтой, энгийн байдлаар хэлэх чадварыг шаарддаг. Суралцагчдад тодорхой гардаггүй сургаал, зарчмуудыг олж тогтооход нь туслахын тулд та үүнтэй төстэй асуултууд тавихыг тэдэнд зөвлөж болно. Тухайлбал: “Би үүнээс юу сурч болох вэ?” “Эдгээр шүлгийн захиас эсвэл гол санаа нь юу вэ?” эсвэл “Их Эзэн намайг үүнээс юу сураасай гэж хүсэж байна вэ?”

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 121:1–8-ыг уншаад, сургаал, зарчмуудыг олж мэдэх дадлага хийхэд урь. Суралцагчдаас Иосефын залбирал болон Их Эзэний уг залбиралд өгсөн хариултаас сурч болох сайн мэдээний нэг үнэнийг өөрсдийн хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн хэдэн суралцагчийг эдгээр шүлгээс олж тогтоосон сургаал эсвэл зарчмаа уншихад урь. Тэдний олж тогтоосон үнэнүүдэд дараах зүйлүүд орсон байж болно.

Бурхан бидний залбирлыг сонсдог.

Бид хүнд хэцүү үед Бурханыг дуудан залбирвал Тэр бидэнд амар амгаланг өгч чадна.

Сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх нь

Хичээлийн эхэнд ярилцсан жимсний талаар дахин ярь.

  • Хэрэв жимсний хальсыг арилгасны дараа үүнийг хэзээ ч идэхгүй бол энэ нь ямар ашигтай вэ?

  • Хэрэв судруудаас бидний хайж олдог сургаал, зарчмуудыг хальсыг нь арилгасан жимстэй адилтгавал бид тэдгээр үнэнийг хайж олсныхоо дараа юу хийх ёстой вэ? (Тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх.)

Бид судруудаас хайж олсон сургаалууд болон зарчмуудынхаа үнэнийг болон чухал ач холбогдлыг мэдрэх үед тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх хүслийг мэдрэх болно. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 121:1–8-д олж тогтоосон үнэнүүдээ хэрхэн хэрэгжүүлж чадахаа өөр нэг суралцагчтай хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас өөрсдийнхөө хувьд утга учиртай хэллэгүүдийг олж тогтоохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Хэрэв [та] илчлэлт авч сурсан бол хувийн, нийгмийн, улс төрийн эсвэл ажил мэргэжилтэй холбоотой ямар ч асуултдаа хариулт авч чадна. Илчлэлтэд үүрдийн сайн мэдээний бүрэн байдал агуулагддаг. Судруудаас бид хүмүүнд тохиолдох аливаа төөрөгдөл, асуудал, түвэгтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх үнэний зарчмуудыг олдог” (“Teach the Scriptures” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1977 оны 10-р сарын 14], 3–4, LDS.org).

  • Ямар ямар үг хэллэг нь онцгой санагдсан бэ? Яагаад?

Таныг судрууд дээрээс сургаал, зарчмуудыг хайж олон мөн амьдралдаа хэрэгжүүлэх үед тэдгээр нь таны амьдралыг хэрхэн адисалсан тухай хуваалцсанаар хичээлээ дуусга. Суралцагчдыг судруудаас хайж олсон сургаал эсвэл зарчим нь тэдний амьдралыг хэрхэн адисалсан тухай хуваалцахад урих талаар бодож үз. Суралцагчдыг судруудыг судлахдаа эдгээр мөнхийн үнэнийг хичээнгүйлэн эрж хайн мөн тэднийг амьдралдаа хэрэгжүүлэхэд урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сайн мэдээний сургаал, зарчмуудыг олж мөн амьдралдаа хэрэгжүүлэх нь

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон судар судлах талаар энэхүү зөвлөгөөг өгчээ.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Та нарын хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг бол өөрсдийгөө сударт бүрэн зориулах явдал юм. Тэдгээрийг хичээнгүйлэн эрэлхийл. Христийн үгэн дээр найрла. Сургаалаас суралц. Судруудад байдаг зарчмуудыг төгс сайн эзэмш” (“The Power of the Word,” Ensign, 1986 оны 5-р сар, 81).