Семинар
124-р хичээл: Сургаал ба Гэрээ 117–118


124-р хичээл

Сургаал ба Гэрээ 117–118

Оршил

1838 оны 7-р сарын 8-нд Миссуригийн Фар Вестэд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 117–120-д цэдэглэгдсэн дөрвөн илчлэлтийг хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 117-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн Виллям Маркс, Ньюел К.Витней хоёрт Огайогийн Көртланд дахь ажил төрлөө даруй зохицуулж, Фар Вестэд цугларч буй итгэлтэй гэгээнтнүүдтэй нэгдэхийг зарлиглав. Их Эзэн мөн Оливер Гранжерийг Сүмийн өмч хөрөнгийг борлуулах, Иосеф Смитийн ажил хэргийг зохицуулах Тэргүүн Зөвлөлийн төлөөлөгчөөр үйлчлэх ёстой хэмээн хэлжээ. Сургаал ба Гэрээ 118-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн унасан тэдгээр хүмүүсийн оронд шинэ төлөөлөгчдийг дуудаж, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бүх гишүүнийг Их Британид номлолд үйлчлэхэд дуудсан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 117:1–11

Их Эзэн Виллям Маркс, Ньюел К.Витней хоёрт ажил төрлөө хурдхан зохицуулж, Көртландыг орхихыг зарлиглав

Суралцагчдаас хүмүүс яагаад Их Эзэний зарлигийг дагахаас татгалзаж болох шалтгаануудыг жагсаахыг хүс. Тэдний хариултыг самбар дээр бич.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 117:1-ийг анхааралтай уншаад, энэхүү илчлэлт хэнд өгөгдсөнийг олж тогтооход урь. Ньюел К.Витней Көртландад бишоп байсан гэдгийг тайлбарла. Тэр маш амжилттай бизнес эрхлэгч байсан бөгөөд өмч хөрөнгөнийхөө ихэнхийг Сүмд зориулжээ. Виллям Маркс 1837 оны 9-р сарын 17-нд бишоп Витнейгийн төлөөний хүнээр үйлчлэхээр дуудагдав. Тэрээр ном худалдаалдаг бизнес эрхэлдэг байв.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 117:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Өөрийн хүмүүст юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс. (Англи хэлний embark буюу эхлэх гэсэн үг нь begin буюу эхлэх гэсэн утгатайг та тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Их Эзэн Виллям Маркс, Ньюел К.Витней хоёрт юу хийхийг зарлигласан бэ? (Тэрээр тэдэнд ажил төрлөө хурдхан зохицуулаад, Көртландыг орхихыг зарлиглажээ. Тэд Их Эзэн тухайн газар нутагт цас илгээхээс өмнө энэ аяллыг хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, тэд дөрвөн сар орчмын дотор явах ёстой байлаа.)

1838 оны 4-р сарын 26-нд Их Эзэн гэгээнтнүүдэд Миссуригийн Фар Вест болон өөр бусад газарт цугларахыг зарлигласан болохыг суралцагчдад сануул (С ба Г 115:17–18-ыг үзнэ үү). 1838 оны 7-р сарын 6-нд Көртландын бүсийн 500 гаруй гэгээнтнээс бүрдсэн Көртланд суурин хэмээх нэртэй бүлэг Миссури рүү явжээ (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [ Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 178–179-ийг үзнэ үү).

Бид Сургаал ба Гэрээ 117:4–5 дахь Их Эзэний үгсийг уншихдаа, бишоп Витней, Виллям Маркс хоёр Көртланд дахь Сүмийн өмч хөрөнгийн талаар хэт их санаа зовж байсныг мэдэх болно. Тэд бишоп болон бишопын төлөөний хүний дуудлагатай учраас эдгээр өмч хөрөнгийг харж хамгаалах үүрэгтэй байжээ. Нэг суралцагчийг 4-р шүлгийг чанга уншихад уриад, ангийнхнаас энэ шүлэг дэх Их Эзэний асуултыг анхааралтай сонсохыг хүс.

Дараах асуултыг самбар дээр бич. Надад өмч хөрөнгө юуны хамаа байна?

  • Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна?

Суралцагчдад 4-р шүлэг дэх Их Эзэний асуултын утга учрыг ойлгоход нь туслахын тулд цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 117:5–8-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн яагаад “Надад өмч хөрөнгө юуны хамаа байна?” гэж хэлсэн шалтгаануудыг олж мэдэхийг хүс. (Та “Олаха Шинехагийн талууд” гэдэг нь Миссури дэх Адам-ондай-Аманы эргэн тойрон дахь газар нутгийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.)

  • “Жижигхэн … зүйлд шунаж мөн илүү жинтэй асуудлуудыг үл хайхрах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (C ба Г 117:8). Көртланд дахь өмч хөрөнгүүд Их Эзэний бишоп Витней, ерөнхийлөгч Маркс хоёрт өгөх Их Эзэний адислалуудтай харьцуулахад хэрхэн “жижиг зүйл” вэ? (Суралцагчдыг эдгээр асуултыг ярилцсаны дараа, самбар дээр дараах зарчмыг бич. Дэлхийн зүйлст шунах нь биднийг илүү жинтэй асуудлуудыг үл хайхрахад хүргэдэг.)

Суралцагчдаас амьдралынхаа хамгийн чухал зүйлст хэрхэн илүү анхаарал тавихаа тунгаан бодохыг хүс.

Их Эзэн Виллям Марксыг Фар Вестэд ирээд үргэлжлүүлэн Сүмийн удирдлагад үйлчлэхэд дуудсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 117:10-ыг нэгтгэн дүгнэ. Их Эзэн хэрэв ерөнхийлөгч Маркс “цөөн юманд итгэмжтэй” байх юм бол “ихийг хариуцах” болно гэж хэлжээ (мөн Матай 25:23-ыг үзнэ үү).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 117:11-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэний Ньюел К.Витнейд өгсөн зэмлэлийг олж мэдэхийг хүс. Суралцагчийг уг шүлгийг уншсаны дараа, николайчууд нь эртний шашны бүлэглэл байсан гэдгийг тайлбарла. Тэд өөрсдийгөө Христийн шашинтнууд гэж хэлдэг байсан боловч дэлхийн зуршлуудыг дагахын тулд сайн мэдээний зарчмуудыг орхигдуулсан юм (Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001], 290).

  • Хэрэв Ньюел К.Витней гэгээнтнүүдтэй хамт цугларахаас илүү Көртланд дахь өмч хөрөнгөнд анхаарал тавихаар шийдсэн бол түүний үйлдэл хэрхэн николайчуудын үйлдэлтэй адилхан болох байсан бэ?

Виллям Маркс, Ньюел К.Витней хоёр Көртландаас хоцорч явсан учраас мөн Миссури дэх хавчлага дарамтаас болж Фар Вестэд гэгээнтнүүдтэй хамт цугларах боломжгүй байлаа. Гэсэн хэдий ч, тэд Их Эзэний зөвлөгөөг дагаж, итгэлтэй хэвээрээ үлдэж, хожим нь Иллинойгийн Наувуд гэгээнтнүүдтэй хамт цугларсан юм. Виллям Маркс тэнд гадасны ерөнхийлөгчөөр, Ньюел К.Витней бишопоор үйлчилсэн байна.

Сургаал ба Гэрээ 117:12–16

Их Эзэн Көртланд дахь ажил хэрэгт Тэргүүн Зөвлөлийг төлөөлөн ажиллахыг Оливер Гранжерт даалгав

Суралцагчдыг өөрсдийн хүлээн авч болох дуудлагууд эсвэл Сүмийн үүрэг даалгавруудыг самбар дээр жагсааж бичихэд урь.

Их Эзэн Оливер Гранжер нэртэй эрэгтэйд Фар Вестийг орхиж, “Сүмийн Тэргүүн Зөвлөлийн гэтэлгэлийн төлөө тэмцэх[ийн]” (С ба Г 117:13) тулд Көртланд руу буцахыг зарлиглажээ. Энэ үүрэг даалгавар нь Сүмийн өмч хөрөнгийг зарж борлуулах, Иосеф Смитийн ажил хэргийг эмхлэн зохицуулах зэргийг багтааж байлаа. Энэ нь бараг л харах чадваргүй болсон Оливер Гранжераас золиослолуудыг хийхийг шаардсан юм. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 117:12–15-ыг дотроо уншаад, Оливер Гранжерийн энэ үүрэг даалгаврыг биелүүлэх үед хүлээн авах болно хэмээн Их Эзэний хэлсэн адислалуудыг олж мэдэхэд урь.

  • Оливер Гранжер ямар адислалуудыг хүлээн авах байсан бэ?

  • Их Эзэн Оливер Гранжерийн гаргах золиослолуудын талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ? (Та “түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно” гэх өгүүлбэр нь Их Эзэн Оливерийн үүрэг даалгавраа биелүүлснээр хүлээн авах мөнгөнөөс илүү түүний гаргасан золиослолд анхаарал тавьж байсан гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.) Дараах зарчмыг самбар дээр бич. Их Эзэнд үйлчлэхийн тулд бидний гаргадаг золиослол Түүнд ариун нандин байдаг.)

Самбар дээр бичсэн дуудлага, үүрэг даалгавруудад анхаарлаа хандуул. Суралцагчдаас эдгээр дуудлага, үүрэг даалгавар нь ямар золиослолуудыг шаардахыг асуу.

  • Бид үүрэг даалгавар эсвэл дуудлагаа гүйцэтгэхийн тулд яагаад чадах бүхнээ хийх нь чухал байдаг вэ?

Оливер Гранжер 1841 оны 8-р сарын 25-нд Көртландад нас барсан гэдгийг тайлбарла. Тэр үед тэрээр Тэргүүн Зөвлөлийн ажил хэргийг хариуцсан төлөөний хүнээр үйлчилсэн хэвээр байсан юм. Тэрээр Сүмийн ажил хэргийг бүрэн дүүрэн амжилттай зохицуулаагүй ч Сүмийн шударга байдал, нэр хүндийг хадгалахын тулд хөдөлмөрлөсөн. Тэрээр Их Эзэнд болон бошиглогч Иосеф Смитэд үнэнч байсан.

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Оливер Гранжер өөрийн нэрийг ариун нандин дурсамжтай байлгах юуг хийсэн бэ? Үнэндээ тийм ч их зүйл биш. Түүний юу хийсэн нь түүний хэн байсныг бодоход тийм ч их биш юм.

Их Эзэн Оливероос төгс байхыг эсвэл амжилттай байхыг хүсээгүй.

Бид үргэлж амжилттай байна гэж хүсэн хүлээж болохгүй, харин чадах чинээгээрээ хичээх хэрэгтэй” (“The Least of These,” Ensign эсвэл 2004 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

  • Бид өөрсдийнхөө хичээл зүтгэлийг бүрэн дүүрэн амжилттай байсан гэж бодохгүй байгаа ч гэсэн бидний золиослол яагаад Их Эзэнд ариун нандин байдаг гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 118

Их Эзэн шинэ төлөөлөгчдийг томилж, бүх төлөөлөгчийг номлолд үйлчлэхэд дуудав

1838 оны 7-р сарын 8-нд Их Эзэн Сүмээс урвасан Лук Жонсон, Лайман И.Жонсон, Виллям Э.Маклелин, Жон Ф.Боинтон нарын оронд дөрвөн шинэ төлөөлөгчийг дуудсан болохыг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 118:3-ыг дотроо уншаад, Их Эзэн төлөөлөгчдөөс юу хийхийг хүссэнийг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн төлөөлөгчдөд юу хийхийг зарлигласан бэ?

  • 3-р шүлэг дэх ямар үг, хэллэг Их Эзэний төлөөлөгчдөөс сайн мэдээг хэрхэн тунхаглахыг хүссэнийг тодорхойлж байна вэ?

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид сайн мэдээг Их Эзэний арга замаар номловол, …

  • 3-р шүлэг дээр үндэслэн бидний энэ өгүүлбэрийг гүйцээж бичих ямар хоёр арга зам байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмуудыг олж тогтоох ёстой. Хэрэв бид сайн мэдээг Их Эзэний арга замаар номловол Тэрээр бидний гэр бүлийг хангах болно. Хэрэв бид сайн мэдээг Их Эзэний арга замаар номловол Тэрээр бусдыг Өөрийнх нь сайн мэдээг хүлээж авахад бэлтгэх болно.)

Та суралцагчдыг ах, эгч эсвэл бусад гэр бүлийн гишүүнийхээ номлолын үйлчлэлээр дамжуулан хэрхэн адислагдаж байснаа хуваалцахад урьж болно.

Их Эзэн Фар Вест дэх ариун сүмийн газраас номлолоо эхлэн, сайн мэдээг тунхаглахын тулд “агуу их усан дээгүүр” (Атлантын далай) аялахад Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг дуудсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 118:4–5-ыг нэгтгэн дүгнэ. Тэд Их Британид үйлчлэх ёстой байсан.

  • 5-р шүлэгт цэдэглэснээр, төлөөлөгчид хэзээ номлолдоо явах ёстой байсан бэ? Тэд хаанаас явах ёстой байсан бэ?

Уг илчлэлт ирсний дараагийн хэдэн сард Миссури дэх хавчлага дарамт ихэссэн болохыг тайлбарла. Эцэст нь гэгээнтнүүд уг мужаас хөөгдөн гарсан. Энэхүү нөхцөл байдлууд нь Фар Вестэд уулзах Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлэхэд Арван хоёрт хүндрэл учруулжээ. Миссуригийн олон иргэн уг илчлэлтийн биелэлтэд саад болж чадлаа гэж онгирон хөөрчээ. Гэвч Арван хоёр Их Эзэний зарлигийг дуулгавартай дагахаар хатуу шийдсэн байв. 1839 оны 4-р сарын 26-ны өглөө ахлагч Бригам Янг, Хибер С.Кимбалл, Оорсон Пратт нар шинээр төлөөлөгчөөр томилогдсон Жон Е.Пейж, Жон Тэйлор нарын хамт (С ба Г 118:6-г үзнэ үү) Фар Вестийн ариун сүмийн газар руу явжээ. (Чуулгын бүх итгэлтэй гишүүн тэнд байх боломжгүй байлаа. Жишээлбэл, Парлей П.Пратт хилс хэргээр баривчлагдаж, шоронд хоригдсон байв.) Тэд эдлэн газрын зүүн өмнөд өнцгийн ойролцоо том чулуу тавьж, (С ба Г 115:11-ийг үзнэ үү) ариун сүмийн суурийг тавьсан байна. Тэд мөн Арван хоёрын чуулга дахь хоосон орон зайг нөхөх шинэ төлөөлөгчдөөр ахлагч Вилфорд Вудрафф (С ба Г 118:6-г үзнэ үү), Жорж А.Смит нарыг томилжээ. Тэднийг зогсоохоор төлөвлөж байсан хүмүүст мэдэгдэлгүйгээр тэд Их Эзэний заавруудыг биелүүлээд, тэндээс явав. Сургаал ба Гэрээ 118:6-д дурдагдсан Виллард Ричардс нэг жил орчмын дараа, 1840 оны 4-р сарын 14-нд төлөөлөгчөөр томилогджээ. (Энэ явдлын талаар илүү бүрэн дүүрэн түүхийг уншихыг хүсвэл Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 139–141-ийг үзнэ үү.)

Өнөөдрийн хичээлээр ярилцсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлийг дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 117:11. Николайчуудын бүлэг

Николайчууд гэдэг үг нь Илчлэлт 2:6, 15-д гардаг. Зарим судлаач николайчууд нь эртний Христийн сүмд хиймэл шүтээн шүтэх уламжлалыг авчрахыг оролдсон гэдэгт итгэдэг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки, николайчууд нь “дэлхийн хэв маягаар амьдардаг хэрнээ Сүмийн гишүүнчлэлд үлдэхийг хүсдэг Сүмийн гишүүд байсан. … Тэдний үйлдэл мөн сургаал ямар ч байсан хамаагүй зүрх сэтгэлийн бүрэн зорилгоор сайн мэдээнд өөрсдийгөө зориулахыг хүсдэггүй хэрнээ өөрсдийн нэрийг Сүмийн цэдэгт байлгахыг хүсдэг хүмүүсийг ялгаж салгах нэр гарч ирсэн юм” гэж бичжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1966–1973], 3:446; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 290).

Сургаал ба Гэрээ 117:16. Зоос солигчид

Иосеф Смитийг Көртландыг орхихоос өмнө урвагчдын бүлэг ариун сүмийг хяналтандаа авчээ. Их Эзэн тэдгээр эрэгтэйг Иерусалим дахь ариун сүмийн газрыг бохирдуулсан тэдэнтэй адил “зоос солигчид” (Матай 21:12–13-ыг үзнэ үү) гэж дууджээ. Бүр ийм зүйл тохиолдсоны дараа ч, Их Эзэн “Көртландын нутаг дахь” Өөрийн үйлчлэгчдийг ариун сүмийн ариун нандин байдлыг санаасай хэмээн хүсэж байлаа.

Сургаал ба Гэрээ 118. Номлогчдыг Фар Вестээс аянаа эхэл хэмээсэн зарлигийн биелэлт

“Өглөө эрт [1839 оны 4-р сарын 26-нд Арван хоёр төлөөлөгчийг Фар Вестийн ариун сүмийн газарт уулзсаны дараа] Фар Вестэд Арван хоёртой хамт байсан гэгээнтнүүдийн нэг Теодор Түрлий урвагч Исаак Рассэллд баяртай гэж хэлэхээр гэр рүү нь явжээ. Рассэлл түүний найз нь Арван хоёрын гишүүдтэй хамт Фар Вестэд байсныг мэдээд гайхаж цочирдон, бошиглол гүйцэлдсэнийг мэдээд хэлэх ч үггүй болжээ” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 226).