Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 109–112 (24-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 109–112 (24-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 109–112-ыг (24-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 109)

Суралцагчид Көртландын ариун сүмийн онцгойлон адислах залбирлыг судалж байхдаа яагаад ариун сүмүүд барьдаг зарим шалтгааныг олж мэдсэн. Тэд хэрэв ариун сүмд зохистойгоор шүтэн бишрэх юм бол Их Эзэн бидэнд Өөрийгөө илчилж, биднийг хүч болон Өөрийн тусламжаар зэмсэглэж, ёс бус зүйлс биднийг дийлэхгүй байж болохын тулд биднийг адислах болно гэдгийг мэдэж авсан. Көртландын ариун сүмийг онцгойлон адислах ёслолын үеэр гэгээнтнүүдэд тохиолдсон үйл явдал нь Пентекостын өдрүүдэд эртний төлөөлөгчдөд тохиолдсон зүйлстэй олон талаар адилхан байсан юм (Үйлс 2-ыг үзнэ үү).

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 110)

Есүс Христ бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдсэн нь гэгээнтнүүдийн Көртландын ариун сүмд хүлээн авсан адислалуудын нэг хэсэг нь байв. Суралцагчид хэрэв бид Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаж, Түүний өргөөг цэвэр ариун байлгах юм бол Тэрээр Өөрийгөө бидэнд Өөрийн ариун сүмүүдэд илчлэх болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Мосе, Елиас, Елиа нар Көртландын ариун сүмд үзэгдэж, Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын түлхүүрүүдийг даатгасан гэдгийг мэдэж авсан. Суралцагчид номлолын ажил, мөнхийн гэр бүлүүд болон ариун сүмийн ажлын түлхүүрүүд нь биднийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг гэдгийг мэдэж авсан.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 111)

Масачусетсын Салемд бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтээс суралцагчид Их Эзэн бидний чин сэтгэлийн хичээл зүтгэлүүдээс сайн сайхныг авчрах болно гэдгийг мэдэж авсан. Тэд бас бид амар амгалан болон Түүний Сүнсний хүчээр дамжуулан Их Эзэний удирдамжийг хүлээн авч чадна гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 112)

Суралцагчид Томас Б.Маршид өгсөн Их Эзэний зөвлөгөөгөөр дамжуулан хэрэв бид даруу байвал Их Эзэн биднийг удирдаж, бидний залбирлуудад хариулах болно гэдгийг мэдэж авсан. Их Эзэн ерөнхийлөгч Маршид Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд бүх үндэстэнд сайн мэдээг тунхаглахад Арван хоёрын ажлыг удирдах түлхүүрүүдийг атгаж байгааг хэлсэн. Эдгээр түлхүүр нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үед сүүлийн удаа сэргээгдсэн. Суралцагчид бас Их Эзэний амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд итгэлтэй байх ёстой гэдгээ мэдэж авсан.

Оршил

Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үеэрээ бошиглогч Иосеф Смит бусдын сайн сайхны төлөө залбирсан. Ариун сүмийг онцгойлон адисалсны дараа өнгөрсөн эрин үеийн бошиглогчид санваарын түлхүүрүүдийг лацдан холбох түлхүүрүүдийн хамтаар бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хүртээсэн юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 109:47–53

Иосеф Смит Тэнгэрлэг Эцэгээс Миссури дэх гэгээнтнүүдэд туслахыг гуйв

Суралцагчдыг ямар нэг арга замаар зовж, шаналж байгаа өөрсдийнхөө мэддэг хүний талаар бодоход урь. Суралцагчдад бодох хугацаа гаргаж өгсний дараа, дараах асуултыг тавь.

  • Та ямар арга замаар хэн нэгний зовлонг багасгахад тусалж чадах вэ?

Суралцагчдыг цөөн хэдэн санаа хуваалцсаны дараа Миссури дэх гэгээнтнүүд Жаксон гүнлэгийн танхайрагчдын хүчирхийллээс болж агуу ихээр зовж шаналж байсан гэдгийг тэдэнд сануул. Тэдний гэгээнтэн нөхөд Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үедээ тэднийг санаж байсан юм. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:47–49-д цэдэглэгдсэн онцгойлон адислах залбирлын нэг хэсгийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хүнд хэцүү үед нь бусдад туслахын тулд бидний хийж чадах нэг зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Бошиглогч Көртландын ариун сүмийг онцгойлон адисалж байхдаа Миссури дэх гэгээнтнүүдийн төлөө юу хийсэн бэ?

Нэг суралцагчийг бичиж өгөхөд урь. Эдгээр шүлэг дээрх бошиглогчийн залбирлаас бидний сурч чадах нэг зарчмыг санал болгохыг ангийнхнаас хүс. Суралцагчдыг хариулах хооронд бичээч дараах зарчмыг бичиж болно. Бидний залбирал тусламж хэрэгтэй байгаа тэдэнд тусламж болон хүч чадлыг авчирч чадна.

  • Залбирлын хүч тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд тусалж байхыг та хэзээ харж эсвэл мэдэрч байсан бэ? (Эдгээр залбирал нь заримдаа бусдад туслахын тулд юу хийж болох талаар бидний эсвэл бусдын хүлээн авдаг сүнслэг өдөөлтүүдээр дамжуулан хариулагддаг гэдгийг та онцолж болно. Та бас энэ зарчим таны амьдралд хэрхэн хэрэгжиж байсныг хуваалцаж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:50-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогчийн залбирсан бусад хүнийг олж мэдэхийг хүс.

  • Бошиглогч өөр хэний төлөө залбирсан бэ?

  • Бид яагаад дайснуудынхаа төлөө залбирах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

  • Бид Сургаал ба Гэрээ 109:50-аас бидний залбирлууд бусдад хэрхэн нөлөөлж чадах талаар юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа бичээчээс дараах зарчмыг самбар дээр бичихийг хүс. Бидний залбирал хүмүүсийг наманчлахад нөлөөлж чадна. Дараа нь бичээчийг суухад урь.)

Суралцагчдаас дараах асуултыг тунгаан бодохыг хүс.

  • Бидний залбирдаг хүмүүс наманчлахгүй байхыг сонговол яах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:51–53-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний хүсэл болон бусдын сонгох эрхийг хүлээн зөвшөөрч буй үг хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. (Суралцагчийг эдгээр шүлгийг уншихаас өмнө та судрууд Их Эзэн мутраа ил гаргаж байгаа тухай тунхаглалыг агуулж байгаа үед Түүний хүчийг харуулж байдаг гэдгийг тайлбарлаж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:53-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Тэнгэрлэг Эцэг наманчилдаг хүмүүсийн төлөө юу хийхийг олж мэдэхийг хүс. (Та Бурханы уур хилэн нь ихэвчлэн бидний нүглээсээ болж Түүний шударга ёсны дагуу шийтгэлийг эсвэл зовлонг амсаж байгаагаар илэрдэг гэдгийг тайлбарлаж болно.) “Та Тослогдогчийнхоо нүүрийг хараад” хэмээх хэллэг нь Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү, Есүс Христийн цагаатгагч золиослолын учир нигүүлсэнгүй байхад бэлэн байдгийг илэрхийлж байна.

  • Тэнгэрлэг Эцэг наманчилдаг тэднээс яагаад уур хилэнгээ зайлуулан авах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэдэнд дараах зарчмыг олж тогтооход тусал. Есүс Христийн цагаатгагч золиослолын ачаар Тэнгэрлэг Эцэгийн уур хилэн наманчилдаг тэднээс авагдах болно.)

Суралцагчдад 53-р шүлэг дэх тодорхойлолтыг төсөөлөн бодоход туслахын тулд дараах зүйлийг хийхэд тэднийг урь.

Мормончуудыг эсэргүүцэгч танхайрагч бүлгийн нэг гишүүн Бурханы өмнө шүүгдэхээр зогсож байна гэж төсөөл. Энэ хүн нас барахаасаа хэдэн жилийн өмнө Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өршөөгдөж мөн гэтэлгэгдэхийн төлөө чин сэтгэлээсээ наманчилж, залбирсан гэж төсөөлөн бод. Есүс Христ энэ хүний гэм нүглийн төлөө зовж шаналсан учраас Тэнгэрлэг Эцэг шийтгэлээ зайлуулан авч, наманчлагч нүгэлтэнд нигүүлсэнгүй хандах болно.

  • Дайснууд нь Тэнгэрлэг Эцэгийн уур хилэнг өөрсдөөсөө зайлуулж болохын тулд чин сэтгэлээсээ залбирахад хүмүүст ямар зан чанар хэрэгтэй байдаг вэ?

Өөрсдийг нь гомдоосон эсвэл зовоход хүргэсэн хүмүүсийн төлөө ийм зан чанарыг хөгжүүлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж. Эдгээр хүн Тэнгэрлэг Эцэгийн өмнө гэмшин зогсож байгаагаар төсөөлөхийг суралцагчдаас хүс. Суралцагчдыг өөрсдийг нь гомдоосон эсвэл тэдний эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийн төлөө Иосеф Смитийн адил залбирахад урь.

Сургаал ба Гэрээ 110:13–16

Елиа Иосеф Смит, Оливер Каудери хоёрт лацдан холбох түлхүүрүүдийг даатгав

Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсан долоо хоногийн сүүлээр Есүс Христ ариун сүмд бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдсэн гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 110-ын хэсгийн оршлыг харж, энэ үзэгдэл болсон өдрийг олж мэдэхэд урь. Тэднийг үүнийг олж мэдсэний дараа 1836 оны 4-р сарын 3-ны долоо хоног бол дэлхий даяарх еврейчүүдийн Дээгүүр өнгөрөх баяр байсан гэдгийг тайлбарла. Олон зууны турш еврей гэр бүлүүд Хуучин Гэрээний Малахигийн бошиглолын дагуу “эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлэх” (Малахи 4:6) Елиагийн ирэлтийг хүлээн, Дээгүүр өнгөрөх баярын найран дээрээ хоосон суудал үлдээдэг болсон.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 110:13–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Малахигийн бошиглол Көртландын ариун сүмд хэрхэн биелснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Елиа Иосеф Смитэд “газар дэлхий дээр холбогдсон бүхэн тэнгэрт холбогддог санваарын лацдан холбох хүчийг хүртээсэн. Энэ нь Бурханы ариун сүмд амьд болон нас барагсдын аль алиных нь авралд шаардлагатай бүх ёслолыг гүйцэтгэх эрх мэдлийг Иосеф Смитэд олгосон юм” (Doctrines of Salvation, хянасан Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956], 2:118) хэмээн ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит заасан юм.

  • Бид ариун сүмд нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг хийхэд тусалснаар нас барсан өвөг дээдэстээ юуг санал болгож байна вэ? (Дараах зарчмыг самбар дээр бичихийг бодож үз. Бид өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлыг хийснээр тэдэнд авралыг санал болгодог.)

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Та энэ хэлсэн үгийн хувийг суралцагчдад өгч болно. Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд тусалдаг хүмүүст ирж болох нэг адислалыг олж сонсохыг тэднээс хүс.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Ариун сүмд таны хийдэг ямар ч ажил таны цагийг дэмий гарзадна гэж байхгүй, харин өвөг дээдсийнхээ хэн нэгний төлөө төлөөлөн гүйцэтгэх ёслол хийлгэснээр ариун сүмд өнгөрүүлсэн цаг тань улам ариун болж, агуу адислалуудыг хүлээн авах боломжийг танд олгоно. …

Залуу хүмүүс та нар дайсны нөлөөг амьдралаасаа шахан зайлуулах найдвартай арга замыг мэдэхийг хүсч байна уу? Тэгвэл өвөг дээдсээ эрж олон, тэдний нэрсийг ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудад бэлтгэж, улмаар ариун сүмд очиж, тэдний төлөө баптисмын болон Ариун Сүнс хүлээн авах ёслолуудыг хийлгэхэд бие сэтгэлээ дайчлан ажиллагтун. Та нар нас ахих тусмаа, бусад ёслолыг түүнчлэн хүлээн авахад оролцох боломжтой болно. Амьдралд тань нөлөөлөх дайсны муу нөлөөнөөс хамгаалах үүнээс илүү найдвартай хамгаалалтыг би мэдэхгүй” (“Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан,” Ensign, 2012 оны 11-р сар, 93 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114).

  • Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлыг хийдэг хүмүүст ямар адислал ирдэг вэ?

  • Та эсвэл таны мэддэг хэн нэгэн хэзээ эдгээр адислалын нэгийг хүлээн авч байсан бэ?

Суралцагчдыг гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд гаргаж буй хичээл зүтгэлээ сайжруулахын тулд хийж чадах зүйлсээ бодож үзэхэд урь.

Дараагийн бүлэг (Сүм умард Миссури рүү нүүв; Сургаал ба Гэрээ 113–120)

Суралцагчдыг ирэх долоо хоногт судлахад нь бэлтгэхийн тулд та тэднийг дараах асуултыг тунгаан бодоход урьж болно. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өөрийн нэрийг хэрхэн хүлээн авсан бэ? Аравны нэгийн хуулийг хэзээ танилцуулсан бэ? Дараагийн хэсгээр тэд эдгээр асуултын хариултыг мөн бид итгэл болон гэрээнүүддээ үнэнч үлдэхийн тулд Бурханаас хэрхэн тусламж гуйж болох талаар мэдэж авах болно гэдгийг тайлбарла.