Семинар
14-р хичээл: Сургаал ба Гэрээ 5


14-р хичээл

Сургаал ба Гэрээ 5

Оршил

Хэдийгээр Мартин Харрис 1828 оны зун гар бичмэлийн 116 хуудсыг алдсан ч Мормоны Номыг орчуулах ажилд туслах хүсэлтэй хэвээр байсан юм. 1829 оны 3-р сард Мартин Нью-Йорк дахь гэрээсээ Пеннсильванийн Хармонид байсан Иосеф болон Эмма Смит дээр айлчлан очжээ. Тэнд байхдаа Мартин Иосефт алтан ялтсууд байгаа гэдгийг батлах баталгааг хүсжээ. Иосеф Смит Их Эзэнээс асууж, Сургаал ба Гэрээ 5-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн Мормоны Номыг гэрчлэх гурван гэрч дуудагдах болно хэмээн тунхаглаж мөн эдгээр гэрчийн нэг болох шаардлагыг хангахын тулд юу хийх ёстойг Мартинд хэлсэн юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 5:1–22

Их Эзэн хожмын өдрүүдэд Өөрийнхөө үгийг авчирч мөн гэрчүүд гэрчлэх болно

Суралцагчдыг дараах асуултуудад хариулахад урь.

  • Та нарт сонссон боловч нүдээрээ харахыг хүсдэг ямар нэг зүйл байдаг уу? Та нар яагаад үүнийг харахыг хүсэж байна вэ?

Цөөн суралцагчийг хариулсны дараа суралцагчдыг Сургаал ба Гэрээ 5:1-ийг дотроо уншаад, Мартин Харрис юу харахыг хүссэнийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг Мартин юу харахыг хүссэнийг олж тодорхойлсны дараа та тэднээс алтан ялтсуудыг харахыг хүсэж байгаа эсэхийг нь асууж болно. Нэг эсвэл хоёр суралцагчийг хариултаа хуваалцахад урь.

Мартин яагаад ялтсуудын бодит байдлын талаар нэмэлт баталгаа авахыг хүссэнийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд 1829 оны 3-р сард Мартин Нью-Йорк дахь гэрээсээ Пеннсильванийн Хармонид байгаа Иосеф, Эмма Смит хоёр дээр очихоор төлөвлөснийг тайлбарла. Гэсэн хэдий ч, түүний эхнэр Люси Харрис, нөхөр нь Мормоны Номын хэвлэлтэд цаг зав болон мөнгөө зориулж байгаад сэтгэл дундуур байжээ. Тэр түүнчлэн алтан ялтсуудыг харах хүсэлтийг нь биелүүлээгүй Иосеф Смитэд уурлаж байлаа. Тэр Иосеф Смитийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, мөн Иосеф алтан ялтсуудын талаар худал хэлсэн гэж гэрчлэхэд бэлэн хэдэн хүнийг цуглуулсан байв. Шүүхэд гаргасан гомдлоор Иосефыг сүрдүүлэхээс гадна эдгээр хүн хэрэв Мартиныг тэдэнтэй хамт Иосеф Смитийн эсрэг гэрчлэхгүй бол Мартиныг Иосефын хамсаатан болж, түүнтэй хамт шоронд сууна гэж анхааруулсан байна. Энэ үед Мартин алтан ялтсуудыг огт хараагүй байсан боловч Иосефын бичээчээр үйлчилсэн байв. Мартин Иосефын гэрт ирснийхээ дараа алтан ялтсуудын бодит байдлын талаар нэмэлт гэрч хүлээн авах хүслээ илэрхийлжээ. Тэр өөрөө ялтсуудыг харвал тэдгээр нь үнэн гэдгийг шүүхэд гэрчилж мөн өөрийнхөө болон Иосефын нэрийг залилангийн гүтгэлгээс цэвэрлэж чадна гэж итгэсэн байж магадгүй. Мартины ялтсуудыг харах хүсэлтийг сонсоод Иосеф Их Эзэнээс асууж мөн Сургаал ба Гэрээ 5-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 5:2–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн Мартины хүсэлтэд хэрхэн хариул хэмээн Иосефт хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Мартинд хэрхэн хариул гэж Иосефт хэлсэн бэ?

  • Иосеф Смит яагаад Мартин Харрист ялтсуудыг үзүүлж чадаагүй вэ?

Суралцагчдыг Их Эзэн яагаад алтан ялтсуудыг дэлхийн хүмүүсийн өмнө гаргахыг хүсээгүйг тунгаан бодоход урь. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах үгсийг уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Хүмүүс Мормоны Номын тухай түүхийг сонсоод, ихэвчлэн ялтсуудыг үзэж болох ямар нэг музейд байгаа эсэхийг асуудаг. Хэрэв эрдэмтэд ялтсуудыг харж мөн шинжилж үзээд уншиж чадвал тэд Мормоны Ном болон Иосеф Смитийн талаар үнэнийг гэрчилж мөн дэлхийн бүх хүн хөрвөгдөх болно гэж шинжлэх ухааны мэдлэг боловсролтой зарим нь [зөвлөдөг]” (Church History and Modern Revelation, 2-р боть [1953], 1:40).

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрийг Сургаал ба Гэрээ 5:5–10-ыг ээлжлэн чанга уншаад, Их Эзэн яагаад ялтсуудыг дэлхийд үзүүлэхгүй байхыг Иосефт хэлснийг олж мэдэхэд урь.

  • Ялтсуудыг дэлхийд үзүүлэхгүй байх ямар шалтгааныг Их Эзэн Иосефт өгсөн бэ? (Хэрэв хүмүүс Иосеф Смитээр дамжин илчлэгдсэн Их Эзэний үгэнд итгэхгүй бол тэд ялтсуудыг харсан ч итгэхгүй байх болно [С ба Г 5:7-г үзнэ үү]; Их Эзэний мэргэн зорилгын улмаас дэлхийгээс нуусан юм [С ба Г 5:9-ийг үзнэ үү].)

  • Бид Сургаал ба Гэрээ 5:10-аас Иосеф Смитийн онцгой дуудлагын талаар юу мэдэж авдаг вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч дараах үнэнийг олж тогтоосон эсэхийг нягтлаарай. Их Эзэн Өөрийн үгийг дэлхийд авчрахаар Иосеф Смитийг дуудсан. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ Сургаал ба Гэрээ 5:10-ын дэргэд бичихийг зөвлөж болно.)

  • Энэ үнэний талаар гэрчлэлтэй байх нь бидэнд яагаад чухал вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 5:11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн Мормоны Номын талаарх Иосеф Смитийн гэрчлэлийг дэмжихийн тулд юу хийнэ гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг сурсан зүйлээ хэлсний дараа дараах үнэнийг самбар дээр бич. Гурван гэрчийн гэрчлэл Мормоны Номын үнэний нотолгоо болж дэлхийд ирэх болно.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 5:11–15-ыг дотроо уншаад, Гурван гэрч юуг сонсож, харж мөн хийхээр зарлигдуулсныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хэлэхэд урь. Олж мэдсэн зүйлээ тайлагнахыг суралцагчдаас хүс.

  • Их Эзэн Иосеф Смитээс гадна ялтсуудыг харж мөн тэдгээр нь үнэн гэсэн Түүний гэрчлэлийг сонссон гурван гэрчийг дуудсаныг мэдэх нь хэрхэн тустай байж болох вэ?

Иосеф Смит болон гурван гэрчийг гэрчлэлээ хуваалцахад удирдахаас гадна Их Эзэн Мормоны Номын үнэнийг мэдэж болох өөр арга замуудыг бидэнд өгсөн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 5:16–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Мормоны Номонд итгэсэн хүмүүст Их Эзэн юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Өөрийнх нь үгэнд итгэсэн хүмүүст юу илгээнэ хэмээн Их Эзэн хэлсэн бэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Хэрэв бид Их Эзэний үгсэд итгэвэл Тэрээр Түүний Сүнсээр тэдгээрийн үнэнийг батлах болно.)

Дээр дурдсан үнэнийг хэрхэн хэрэгжүүлж болохыг ойлгоход нь ангийнханд туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгийг уншихад урь. Бид Мормоны Номын талаарх гэрчлэл хүлээж авсан бол юу хийх ёстойг олж сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Бид бүгд Ариун Сүнсээр дамжуулан Мормоны Номын талаарх гэрчлэлтэй болох ёстой. Тэгээд бид гэрчлэлээ Мормоны Номтой хослуулан бусадтай хуваалцах ёстой бөгөөд тэд ч бас Ариун Сүнсээр дамжуулан үүний үнэнийг мэдэж болно” (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, 1987 оны 5-р сар, 84).

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ (1) Мормоны Номын талаарх гэрчлэлээ эсвэл (2) Мормоны Ном үнэн гэсэн гэрчлэлтэй болохын тулд эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах талаараа бичих хугацаа өг. Та цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урьж болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 5:21–22-ыг чанга уншиж, “Иосеф” гэсэн нэрийг өөрийнхөө нэрээр сольж уншихад урь. Уг суралцагчаас Их Эзэн эдгээр шүлэгт юу зааж байгааг нэгтгэн дүгнэхийг хүс.

  • Хүн хэрхэн “хүмүүний ятгалгад” автахаас зайлсхийж чадах вэ?

  • Хэрэв Иосеф Смитийг итгэлтэй байвал тэр “алагдсан” ч юуг хүлээн авах болно гэж Их Эзэн амласан бэ? (Мөнх амьдрал.)

Сургаал ба Гэрээ 5:23–35

Хэрэв Мартин Харрис наманчилбал гурван гэрчийн нэгээр дуудагдах болно

Хэрэв боломжтой бол суралцагчдад гэрлийн чийдэн үзүүл (эсвэл самбар дээр зур). Гэрлийн чийдэнг асаахын тулд бид юу хийх ёстойг асуу. Дараа нь гэрлийн чийдэнг бүрхүүлэнд хий. Гэрлээ цахилгаанд залгаад асаа. Гэрлийн чийдэнг асаахын тулд хэд хэдэн алхам байдагтай адил Мартин Харрис Их Эзэнээс ялтсуудын гэрчийг хүлээж авахын тулд хэдэн алхам хийх ёстойгоо мэдэж авчээ.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 5:23–24-ийг дотроо уншаад, хэрэв ба тэгээд үгсийг ашиглан, Их Эзэний Мартин Харрист өгсөн нөхцөлтэй амлалтыг хайж олохыг хүс. Нэг суралцагчийг самбарт өөрсдийн хариултуудыг бичихэд урь. Суралцагч “Хэрэв Мартин Харрис даруу байдалд, итгэлтэй ба чин сэтгэлээсээ залбирвал Их Эзэн түүнд ялтсуудыг үзүүлэх болно” гэж бичиж болно. Энэ амлалтаар дамжуулан Их Эзэн Мартин Харрист Мормоны Номын нэг гэрч байх боломжийг санал болгосон гэдгийг хэл.

  • Даруу байдалд, итгэлээр мөн чин сэтгэлээсээ залбирах гэдэг нь ямар утгатай вэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 5:24-өөс үнэнийг тогтооход туслахын тулд тэднээс самбар дээр буй “хэрэв–тэгвэл” гэдэг үгийг бид бүгдэд тохирох арга замаар хэлэхийг хүс. Суралцагчид дараахтай адил зүйлийг хэлэх ёстой. Хэрэв бид чин сэтгэлээсээ даруу байдалд, итгэлтэйгээр залбирвал зөв шударга хүслүүдийнхээ дагуу хариултууд хүлээн авна.

  • Даруу байдалд, итгэлтэйгээр мөн чин сэтгэлээсээ залбирах нь Их Эзэнээс хариулт хүлээн авахад биднийг хэрхэн бэлтгэж болно гэж та нар бодож байна вэ?

  • Та нар хэзээ даруу байдалд, итгэлтэйгээр мөн чин сэтгэлээс хэлсэн залбирлыг сонсож эсвэл өөрсдөө хэлж байсан бэ? Та нарын сонссон эсвэл хэлсэн энэ залбирал нь бусад залбирлаас юугаараа өөр байсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 5:25–26-г чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн Мартин Харрисыг Мормоны Номын нэг гэрч болсныхоо дараа юу хийгээсэй гэж хүссэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 5:27–28, 32-ыг дотроо уншаад, Их Эзэний Мартин Харрист өгсөн нэмэлт зөвлөгөө болон сэрэмжлүүлгийг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Мартин Харрист юу хийхийг зөвлөж мөн сэрэмжлүүлсэн бэ?

  • Хэрэв Мартин Харрис өөрийгөө эс даруусгаж мөн “гэрчийг эс хүлээн авбаас” (С ба Г 5:32) юу тохиолдоно гэж Их Эзэн хэлсэн бэ?

  • Сургаал ба Гэрээ 5:32 дахь зөвлөгөө нь бидэнд хэрхэн хамаатай байж болох вэ?

Суралцагчдыг өнөөдрийн хичээл дээр өөрсдөдөө төрсөн ямар нэгэн сэтгэгдлээ хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг Их Эзэнээс хариултууд авах илүү чадвартай болгохын тулд та тэдний хийх хэрэгтэй гэж мэдэрч байгаа тодорхой өөрчлөлтүүд дээр төвлөрч, илүү даруу байдалд, итгэлтэйгээр мөн чин сэтгэлээсээ залбирахад урамшуулан дэмжиж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 5:7, 16. Жинхэнэ гэрч Ариун Сүнсээр дамжин ирдэг

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Мормоны Номд итгэх итгэлээ хадгалахын тулд материаллаг эсвэл шинжлэх ухааны нотолгоонууд дээр найдахгүй байхыг зөвлөсөн юм.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Нотолгоо шаардах дуртай дэлхийд хэдийгээр зарим хүнд тустай байж болох ч үүний үнэний нотолгоо нь археологи эсвэл антропологи дээр тулгуурладаггүй. Мөн батлахад тустай байх боловч үүний үнэн байдал нь үгийн судалгаа эсвэл түүхийн дүн шинжилгээнд оршдоггүй. Үүний үнэний нотолгоо нь номондоо байдаг. Үүний үнэнийг шалгах шалгалт нь үүнийг уншихаас хамаардаг. Энэ бол Бурханы ном. Ухаантай хүмүүс үнэн сэтгэлээсээ үүний гарал үүсэлд эргэлзэж болно, гэхдээ үүнийг залбирч уншсан хүмүүс өөрсдийнхөө мэдрэхүйгээс ч илүү хүчний тусламжтайгаар энэ нь үнэн, Бурханы үгийг агуулдаг ба үүрдийн сайн мэдээний авралд хүргэх үнэнүүдийг заадаг мөн энэ ном ‘Есүс бол Христ гэдгийг Иудей болон харийнханд итгүүлэхийн тулд’(Мормоны Номын удиртгал) Бурханы бэлэг болон хүчээр ирсэн гэдгийг мэдэж авсан байдаг” (“Four Cornerstones of Faith,” Ensign, 2004 оны 2-р сар, 6).

Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг мэдэх нь бид өөрсдийн мэдрэхүйгээр мэдсэн юунаас ч илүү хүчтэй байдаг хэмээн ерөнхийлөгч Жозеф Ф.Смит заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Бид өөрсдийн нүдээр олон агуу зүйлийг харж болох ч хууртагдаж болно. Бид чихээрээ сонсож болох ч хууртагдаж болно. Бидний мэдрэхүй хууртагдаж болдог юм. … Гэхдээ Бүхнийг Чадагч Өөрийгөө хүнд илчлэх үедээ үүнийг Ариун Сүнсний хүчээр хийдэг бөгөөд энэ мэдлэг нь жирийн нүд эсвэл чихээр дамжин ирдэггүй гэдгийг би та нарт хэлье. Тэрээр хүнд хандан ярихдаа биенээс нь салангид буюу сүнсэнд нь хандан ярьдаг. Тиймээс, хэрэв Бүхнийг Чадагч Бурхан танд ярьж мөн Өөрийнхөө үнэнийг Ариун Сүнсний хүчээр гэрчилбэл та Бурханы мэддэгийн адил мэдэх болно. Энэ нь таны итгэдэг төдий зүйл биш, таны мэдрэхүйгээр дамжин ирсэн зүйл ч биш ба ийм тохиолдолд та хууртагдаж болно. Харин энэ нь Бурхан зүрхэнд, амьд бодгальд, хүний Бурхантай адил устгагдашгүй ба үүрд орших мөн чанарт хэлсэн зүйл байх болно” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Жозеф Ф.Смит [1998], 6).