Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 12

1829 оны тавдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Ахмад Иосеф Найтад өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:47–48). Мормоны Номын ялтсууд өөрт нь байгаа хийгээд тухайн үед ид дундаа явагдаж байсан орчуулгын ажлын талаар Иосеф Смитийн мэдэгдлүүдэд Иосеф Найт итгэсэн бөгөөд орчуулгыг үргэлжлүүлэх боломжийг тэдэнд олгосон эд материалын тусламжийг хэд хэдэн удаа Иосеф Смит болон түүний бичээчид үзүүлжээ. Иосеф Найтын хүсэлтээр Бошиглогч Их Эзэнээс асууж мөн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ.

1–6, Талбайд хөдөлмөрлөгсөд авралыг олох болно; 7–9, Хүссэн хийгээд тохирох болгон нь Их Эзэний ажилд тусалж болно.

1АГУУ хийгээд гайхамшигт ажил хүмүүний үрсийн дунд тохиох гэж байна.

2Болгоогтун, бибээр Бурхан билээ; амьд хийгээд хүчирхэг, хоёр талдаа иртэй илднээс илүү хурц, үе мөч болон чөмгийг аль алиныг нь хэдэн хэсэг болгон салгах миний үгэнд анхаарал тавигтун, тиймийн тул миний үгэнд анхаарал тавигтун.

3Болгоогтун, талбай нь цагаан хадахад бэлэн байна; тиймийн тул, тэрээр сүнснийхээ төлөө үүрдийн авралыг Бурханы хаант улсад нөөцөлж болохын тулд хураахыг хүсэгч хэн боловч тэрээр хадуураараа чадлаараа хадаг мөн өдөр үргэлжилж байхад хурааг.

4Тийм ээ, хадуураараа хадаж мөн хураах хэн боловч, мөнхүү тэр нь Бурханаас дуудагддаг бөлгөө.

5Тиймийн тул, чи надаас асуух аваас чи хүлээж авах болно; хэрэв чи тогших аваас энэ нь чамд нээгдэх болно.

6Эдүгээ, чи асуусан болохоор, болгоогтун, би чамд хэлж байна, миний зарлигуудыг сахигтун, мөн Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэгтүн.

7Болгоогтун, чамд, мөн тэрчлэн энэ ажлыг урагш авчирч мөн төлөвшүүлэх хүсэлтэй бүх хүмүүст би ярьж байна;

8Мөн өөрийнх нь анхаарал халамжинд итгэж даалгасан бүх зүйлд даруу төлөв хийгээд хайраар дүүрэн, итгэл, найдвар, мөн энэрэлтэй, биеэ барьдаг байхаас бусдаар өөр хэн ч энэ ажилд тусалж эс чадна.

9Болгоогтун, эдгээр үгсийг ярих би бол дэлхийн гэрэл ба амьдрал, тиймийн тул бүх хүч чадлаараа сонсож дага, мөн тэгээд чи дуудагдах болно. Амен.