Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 68


Хэсэг 68

1831 оны арван нэгдүгээр сарын 1-нд Охайогийн Хайрамд, Оорсон Хайд, Лук С.Жонсон, Лайман И.Жонсон мөн Виллям Э.МакЛелин нарын талаар Их Эзэний бодол мэдэгдээсэй хэмээх залбирлын хариуд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Хэдийгээр энэ илчлэлийн зарим хэсэг нь энэ дөрвөн эрд зориулагдсан ч, агуулгын ихэнх нь бүхэл бүтэн Сүмд хамааралтай юм. Энэ илчлэл нь Сургаал ба Гэрээнүүдийн 1835 оны хэвлэлд Иосеф Смитийн удирдлагаар илүү өргөн тодорхойгоор өгүүлэгджээ.

1–5, Ариун Сүнсээр өдөөгдсөн үед ахлагчдын үгс судар болдог; 6–12, Ахлагчид номлож мөн баптисм хүртээх ёстой, мөн үнэн итгэгчдийг тэмдгүүд дагалдах болно; 13–24, Аароны хөвгүүдийн дундаас ууган нь Тэргүүн зөвлөлийн удирдлага дор Тэргүүлэх Бишопоор (энэ нь бишопын хувьд ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүрүүдийг атгах явдал мөн) үйлчилж болно; 25–28, Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заахаар зарлигдуулав; 29–35, Гэгээнтнүүд Хүндэтгэлийн өдрийг чанд сахиж, шаргуу хөдөлмөрлөн мөн залбирдаг байх ёстой.

1 Миний үйлчлэгч Оорсон Хайд, амьд Бурханы Сүнсээр үүрдийн сайн мэдээг хүмүүсээс хүмүүст мөн нутгаас нутагт, ёс бусыг үйлдэгчдийн цугларалтуудад, тэдний синагогуудад тунхаглан, тэдэнд учирлан мөн бүх судрыг ухуулахаар өөрийн томилолтын дагуу дуудагдсан билээ.

2 Мөн болгоогтун, мөн харагтун, урагш одох нь үүрэг даалгавар болж тэдэнд өгөгдсөн, энэхүү санваарт томилогдсон бүгдэд энэ нь үлгэр жишээ болох ажгуу—

3 Мөн тэд Ариун Сүнсээр өдөөгдөх үедээ ярихын тулд энэ нь тэдэнд үлгэр жишээ болох бөлгөө.

4 Мөн Ариун Сүнсээр өдөөгдөх үедээ тэдний ярьсан юу ч судар байх болно, Их Эзэний таалал байх болно, Их Эзэний оюун байх болно, Их Эзэний үг байх болно, Их Эзэний дуу хоолой, мөн авралд хүргэх Бурханы хүч байх болно.

5 Болгоогтун, энэ бол та нарт өгсөн Их Эзэний амлалт юм, ай үйлчлэгчид та нар минь.

6 Иймийн тул, баяр хөөртэй байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсож байх болно; мөн та нар бүр Есүс Христ миний тухай, би бол амьд Бурханы Хүү, би байсныг, би байгааг, би ирэх болно гэдгийг гэрчлэх ёстой.

7 Энэ бол миний үйлчлэгч Оорсон Хайд чамд, мөн тэрчлэн миний үйлчлэгч Лук Жонсонд, мөн миний үйлчлэгч Лайман Жонсонд, мөн миний үйлчлэгч Виллям Э.МакЛелинд, мөн миний сүмийн бүх үнэнч ахлагчид хэлж буй Их Эзэний үг болой—

8 Та нарт миний өгсөн тэрхүү эрх мэдэлд үйлдэн, Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээн та нар бүх дэлхийгээр явагтун, сайн мэдээг хүн болгонд номлогтун.

9 Мөн итгэдэг бас баптисм хүртсэн тэр нь аврагдах болно, мөн итгэдэггүй тэр нь яллагдах болно.

10 Мөн итгэдэг тэр нь дагалдагч тэмдгүүдээр, бүр энэ нь бичигдсэний дагуу адислагдах болно.

11 Мөн цаг үеийн тэмдгүүдийг, мөн Хүний Хүүгийн ирэлтийн тэмдгүүдийг мэдэх нь та нарт өгөгдөх болно;

12 Мөн Эцэгийн гэрчлэх болгоны тухайд, тэднийг мөнх амьдралд лацдах хүч та нарт өгөгдөх болно. Амен.

13 Мөн эдүгээ, гэрээнүүд болон зарлигуудаас гадна бусад зүйлийн тухайд, тэр нь эдгээр болой—

14 Их Эзэний тогтоосон цагт, бүр эхнийхийн дагуу тохинуулахаар сүмд онцгойлон адислагдах ёстой бусад бишоп цаашид үлдэх бөлгөө;

15 Иймийн тул тэд зохистой дээд пристүүд байх ёстой, мөн тэд Аароны шууд удам биш аваас тэд Мелкизедек санваартны Тэргүүн зөвлөлөөр томилогдох ёстой.

16 Мөн хэрэв тэд Аароны шууд удам байх аваас, хэрэв тэд Аароны хөвгүүдийн дунд ууган нь байх аваас тэд бишопын зөвлөлд хууль ёсны эрхтэй бөлгөө;

17 Учир нь ууган хүү нь энэ санваарт ерөнхийлөгчийн зөвлөлийн, мөн үүний түлхүүрүүдийн буюу эрх мэдлийн эрхийг атгадаг.

18 Энэхүү албан тушаалыг авах мөн энэ санваарын түлхүүрүүдийг атгах хууль ёсны эрх нь, тэрээр Аароны шууд удам ба ууган нь биш байх аваас ямар ч хүмүүнд байх нь үгүй бөлгөө.

19 Гэвч, Мелкизедек санваарын дээд прист нь бүх доод албан тушаалд албан үүрэг гүйцэтгэх эрх мэдэлтэй учраас, Аароны шууд удам байхгүй үед тэрээр Мелкизедек санваарын Тэргүүн зөвлөлийн гарын дор энэхүү хүчинд дуудагдан мөн онцгойлон адислагдаж мөн томилогдох үедээ бишопын албан тушаалд албан үүрэг гүйцэтгэж болно.

20 Мөн тэрчлэн Аароны шууд удам энэхүү Ерөнхийлөгчийн зөвлөлөөр товлогдсон байх ёстой, мөн энэхүү Ерөнхийлөгчийн зөвлөлийн гарын дор зохистой нь тогтоогдож мөн тослогдож мөн томилогдох ёстой, эс тэгвээс тэд өөрсдийн санваарт албан үүрэг гүйцэтгэх хууль ёсны эрх мэдэлгүй бөлгөө.

21 Гэвч, эцгээс хүүд залгамжлан ирсэн тэдний санваарын эрхийн талаарх тогтоол дээр үндэслэн, хэрэв тэд ямар ч үед удам угсаагаа нотолж чадах аваас, эсвээс дээр нэрлэгдсэн Ерөнхийлөгчийн зөвлөлийн гарын дор Их Эзэнээс илчлэл хүлээн авах замаар үүнийг тодорхой болгох аваас, тэд өөрсдийн томилолтыг шаардаж болно.

22 Мөн түүнчлэн, энэхүү тохинууллын төлөө онцгойлон адислагдах бишоп юм уу дээд прист нь сүмийн Тэргүүн зөвлөлийн өмнө байхаас бусдаар аливаа гэмт хэрэгт шүүгдэх эсвэл буруутгагдах ёсгүй;

23 Мөн тэрээр энэхүү Ерөнхийлөгчийн зөвлөлийн өмнө эргэлзээтэй байх аргагүй гэрчлэлээр гэмтэй нь нотлогдох аваас тэрээр шийтгэгдэх ёстой;

24 Мөн хэрэв тэрээр наманчлах аваас тэрээр сүмийн гэрээнүүд болон зарлигуудын дагуу өршөөгдөх болно.

25 Мөн түүнчлэн, Сионд буюу түүний зохион байгуулагдсан аль ч гадаснуудад эцэг эхчүүд хүүхдүүдтэй бол, тэдэнд наманчлалын сургаалыг, амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл мөн найман нас хүрэхэд баптисмын талаар мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг тэд заадаггүй байхын хэрээр, уг нүгэл эцэг эхчүүдийнх нь тэргүүн дээр байх болно.

26 Учир нь Сионы оршин суугчдад буюу үүний зохион байгуулагдсан аль ч гадаснуудад энэ нь хууль байх болно.

27 Мөн тэдний хүүхдүүд нүглүүдийнхээ ангижралын төлөө найман настайдаа баптисм хүртэж, мөн гар тавиулан хүлээн авах ёстой.

28 Мөн тэд хүүхдүүддээ залбирахыг, мөн Их Эзэний өмнө зөв шударгаар алхахыг тэрчлэн заах ёстой.

29 Мөн Сионы оршин суугчид тэрчлэн Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалахын тулд чанд мөрдөх ёстой.

30 Мөн Сионы оршин суугчид бүхий л үнэнч байдалд хөдөлмөрлөхөөр томилогдохын хэрээр, өөрсдийн хөдөлмөрүүдийг тэрчлэн санах ёстой; учир нь залхуурагчид Их Эзэний өмнө сануулагдах болно.

31 Эдүгээ, Сионы оршин суугчид Их Эзэн миний таалалд үл нийцнэ, учир нь тэдний дунд залхуурагчид буй; мөн тэдний хүүхдүүд тэрчлэн ёс бус байдалд өсөж байна; тэд тэрчлэн үүрд мөнхийн баялгуудыг хичээнгүйлэн эрэлхийлэх нь үгүй, харин тэдний нүд шуналаар дүүрэн байна.

32 Эдгээр зүйл байх ёсгүй, мөн тэдний дундаас үгүй болгогдох ёстой; иймийн тул, миний үйлчлэгч Оливер Каудери эдгээр үгийг Сионы нутагт аваачиг.

33 Мөн нэг зарлигийг бибээр тэдэнд өгч байна—Их Эзэний өмнө тухайн цагт нь залбирлуудаа хэлдэггүй тэрээр миний хүмүүсийн шүүгчийн өмнө сануулалтад байг.

34 Эдгээр үг үнэн бөгөөд итгэмжлэгдсэн билээ, иймийн тул, тэдгээрийг бүү зөрч, тэрчлэн тэдгээрээс бүү хас.

35 Болгоогтун, би бол Альфа ба Омега, мөн бибээр даруй ирнэ. Амен.