Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 50


Хэсэг 50

1831 оны тавдугаар сарын 9-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Дэлхий даяар тархсан янз бүрийн сүнсний илэрхийллүүдийг ахлагчдын зарим нь ойлгохгүй байсныг мөн уг асуудлын талаар тэрбээр тусгайлан асуусны хариу болгон энэхүү илчлэл өгөгдсөн хэмээн Иосеф Смитийн түүхэнд өгүүлжээ. Ер бусын сүнсний үзэгдэл хэмээгдэгч нь гишүүдийн дунд нийтлэг байлаа, тэдний зарим нь үзэгдлүүд болон илчлэлүүд хүлээн авдаг хэмээн зүтгэж байв.

1–5, Олон хуурамч сүнс дэлхийд тархсан ажгуу; 6–9, Хоёр нүүр гаргагчдад мөн Сүмээс тусгаарлагдагсдад халаг; 10–14, Ахлагчид Сүнсээр сайн мэдээг номлох ёстой; 15–22, Номлогчид болон сонсогчид аль аль нь Сүнсээр гэгээрүүлэгдэх хэрэгтэй; 23–25, Гэгээрүүлдэггүй тэр нь Бурханаас биш бөлгөө, 26–28, Итгэгчид бүх зүйлийг эзэмшигчид болой; 29–36, Цэвэршигдсэн тэдний залбирлууд хариулагддаг; 37–46, Христ бол Сайн Хоньчин мөн Израилын Чулуу болой.

1 Анхаарагтун, ай миний сүмийн ахлагчид та нар, мөн амьд Бурханы дуу хоолойд чих тавигтун; мөн сүмийн талаар бас дэлхийд тархсан олон сүнсний талаар та нар асуусан ба санал нэгтэй байсны дагуу та нарт өгөгдөх мэргэн ухааны үгсэд анхаарал хандуулагтун.

2 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, дэлхийд тархан, дэлхийнхнийг мэхэлж буй хуурамч сүнснүүд болох олон сүнс буй.

3 Мөн түүнчлэн Сатан та нарыг унагааж болохын тулд тэрээр та нарыг мэхлэхээр эрэлхийлсээр байна.

4 Болгоогтун, Их Эзэн бибээр, та нарын дээрээс харлаа, мөн миний нэртэй хэмээн зүтгэдэг тэр сүм дэх жигшүүрт хэргүүдийг үзлээ.

5 Гэвч үнэнч ба эцсээ хүртэл тэвчдэг тэд амьдралд ч эсвээс үхэлд ч адислагдсан болой, учир нь тэд мөнх амьдралыг өвлөх болно.

6 Гэвч мэхлэгчид болон хоёр нүүртэн тэдэнд халаг, учир нь Их Эзэн ийн хэлдэг билээ, Бибээр тэднийг шүүлтэд авчирна.

7 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, хоёр нүүртнүүд та нарын дунд байгаа бөгөөд тэд заримыг мэхэлснээс болж энэ нь дайсанд хүч өгсөн; гэвч болгоогтун, ийн мэхлүүлсэн нь зөв замдаа буцаан оруулагдах болно;

8 Гэвч хоёр нүүртнүүд амьдралд эсвэл үхэлд, миний хүслийн дагуу, илрүүлэгдэж мөн тусгаарлагдах болно; мөн миний сүмээс тусгаарлагдсан тэдэнд халаг, учир нь мөнхүү тэд бол дэлхийд дийлэгдэгсэд болой.

9 Иймийн тул, үнэн бус бөгөөд зөв шударга бус зүйлийг миний өмнө үйлдэх вий хэмээн хүн бүр болгоомжлог.

10 Мөн эдүгээ та нар ойлгож болохын тулд нааш ир мөн хамтдаа хэлэлцье хэмээн Их Эзэн Сүнсээр сүмийнхээ ахлагчдад хэлдэг;

11 Хүн нүүр тулан нэг нэгэнтэйгээ хэлэлцдэгийн адил бүгдээрээ хэлэлцэцгээе.

12 Эдүгээ, хүн хэлэлцэхэд хүмүүн түүнийг ойлгодог, учир нь тэрээр хүний адил хэлэлцдэг буюу; та нар ойлгож болохын тулд Их Эзэн бибээр та нартай бүр түүнчлэн хэлэлцэх болно.

13 Иймийн тул, Их Эзэн бибээр та нараас энэ асуултыг асууя—та нар яахаар томилогдсон бэ?

14 Үнэнийг заахаар урагш илгээгдсэн бүр Тайтгаруулагч болох Сүнсээр миний сайн мэдээг номлохоор буюу.

15 Мөн тэгээд та нар өөрсдөө ойлгож чадаагүй тэрхүү сүнснүүдийг хүлээн авсан билээ, мөн тэдгээрийг Бурханаас хэмээн хүлээн авсан буюу; мөн үүнд та нар зөвтгөгдөх үү?

16 Болгоогтун та нар энэ асуултад өөрсдөө хариулах болно, гэсэн хэдий ч, би та нарт нигүүлсэнгүй байх болно; та нарын дундах сул дорой нэгэн нь үүнээс хойш хүчтэй болгогдох болно.

17 Үнэнээр би та нарт хэлнэ, надаар томилогдож мөн Тайтгаруулагчаар үнэний үгийг номлохоор үнэний Сүнстэйгээр урагш илгээгддэг тэр нь, үүнийг тэрээр үнэний Сүнсээр номлодог уу, эсвэл өөр арга замаар номлодог уу?

18 Мөн хэрэв энэ нь ямар нэг өөр арга замаар болбоос энэ нь Бурханаас бус болой.

19 Мөн түүнчлэн, үнэний үгийг хүлээн авдаг тэр нь, үүнийг үнэний Сүнсээр хүлээн авдаг уу, эсвэл өөр арга замаар хүлээн авдаг уу?

20 Мөн хэрэв энэ нь ямар нэг өөр арга замаар болбоос энэ нь Бурханаас бус болой.

21 Тиймийн тул, үгийг үнэний Сүнсээр хүлээн авдаг тэр нь, үнэний Сүнсээр номлогдсоны дагуу үүнийг хүлээн авдаг гэдгийг та нар яагаад ойлгож мөн мэдэж чадахгүй байна вэ?

22 Иймийн тул, номлодог тэр нь мөн хүлээн авдаг тэр нь бие биеэ ойлгодог, мөн хоёул гэгээрч мөн хамтдаа баясдаг буюу.

23 Мөн гэгээрүүлдэггүй тэр нь Бурханаас бус, мөн харанхуй болой.

24 Бурханаас ирдэг тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үргэлжлүүлдэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон нэмэгддэг.

25 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, мөн та нар үнэнийг мэдэж болохын тулд, та нар өөрсдийнхөө дундаас харанхуйг хөөн гаргаж болохын тулд бибээр үүнийг хэлж байна;

26 Бурханаар томилогддог мөн урагш илгээгддэг тэр нь хамгийн дорд бас бүхний үйлчлэгч хэдий ч, мөнхүү тэр нь хамгийн агуу нэгэн байхаар томилогддог буюу.

27 Иймийн тул, тэр нь бүх зүйлийг эзэмшигч билээ; учир нь Эцэгийн тааллаар түүний Хүү Есүс Христээр дамжин илгээгдсэн, тэнгэр болон дэлхий аль алин дээрх бүх зүйл, амь ба гэрэл, Сүнс болон сүр хүч түүнд харьяалагддаг бөлгөө.

28 Гэвч хүмүүн бүх нүглээс ариусгагдаагүй мөн цэвэршигдээгүй бол, тэрээр бүх зүйлийн эзэмшигч байх нь үгүй.

29 Мөн хэрэв та нар бүх нүглээс ариусгагдсан мөн цэвэршигдсэн аваас, та нар Есүсийн нэрээр юуг ч хүсэж гуйлаа гэсэн мөн энэ нь хийгдэх болно.

30 Гэвч та нарын юуг гуйх ёстой чинь та нарт өгөгдөх болно гэдгийг мэд; мөн та нар тэргүүнд томилогдсон учраас сүнснүүд та нарт харьяалагдах болно.

31 Иймийн тул, улиран тохиох дор, хэрэв өөрсдийн тань ойлгож үл чадах илэрхийлэгдсэн сүнсийг та нар болгоох аваас, мөн та нар тэр сүнсийг үл хүлээн авч, та нар Есүсийн нэрээр Эцэгээс асуух болно; мөн хэрэв тэрээр уг сүнсийг та нарт үл өгөх аваас, тэгвэл та нар үүнийг Бурханаас бус гэдгийг мэдэж болох бөлгөө.

32 Мөн тэрхүү сүнсний дээрх хүч та нарт өгөгдөх болно; мөн тэрхүү сүнсний эсрэг та нар чанга дуу хоолойгоор энэ нь Бурханаас бус хэмээн тунхаглах болно–

33 Та нар үүнд дийлдэхгүйн тулд хатуу ширүүн буруутгалаар бус, мөн та нар үүнд баригдахгүйн тулд онгирон сагсуурах буюу баярлан хөөрсөн байдлаар бус буюу.

34 Бурханаас хүлээн авдаг тэрээр, үүнийг Бурханаас хэмээн тооцог; мөн тэрээр хүлээн авахад зохистой хэмээн Бурханаар тооцогдсондоо баясаг.

35 Мөн та нар хүлээн авсан мөн үүний дараа хүлээн авах тэдгээр зүйлдээ анхаарал тавьж мөн үйлдсэнээр буюу—мөн та нарт хаант улс, мөн түүнээс томилогдоогүй бүх зүйлийг дийлэх хүч Эцэгээс өгөгдсөн бөлгөө—

36 Мөн болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, миний эдгээр үгийг үйлчлэгчийн минь амнаас эдүгээ сонсож буй та нар адислагдсан болой, учир нь нүглүүд тань та нарт өршөөгдсөн бөлгөө.

37 Миний таалалд орших миний үйлчлэгч Жозеф Вэйкфилд, мөн миний үйлчлэгч Парлей П.Пратт сүмийн салбаруудын дунд урагш явж мөн ухуулгын үгсээр тэднийг хүчирхэгжүүлэг;

38 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Жон Корилл, эсвээс миний үйлчлэгчдээс энэ албан тушаалд томилогдсон олон нь жимсний талбайд хөдөлмөрлөг; мөн ямар ч хүн тэдэнд миний томилсон тэдгээрийг үйлдэхэд нь бүү саад болог—

39 Иймийн тул, энэ зүйлд миний үйлчлэгч Эдвард Партриж зөвтгөгдөх нь үгүй болой; гэсэн хэдий ч, тэрээр наманчлаг мөн тэрээр өршөөгдөх болно.

40 Болгоогтун, та нар бяцхан хүүхдүүд, мөн эдүгээ та нар бүх зүйлийг даах нь үгүй болой; та нар ач ивээлд мөн үнэний мэдлэгт өсөх ёстой.

41 Бяцхан хүүхдүүд, бүү эмээ, учир нь та нар минийх болой, мөн бибээр дэлхийг ялсан, мөн та нар Эцэгийн надад өгсөн тэдний хэсэг билээ;

42 Миний Эцэгийн надад өгсөн тэднээс хэн нь ч алдагдах нь үгүй.

43 Мөн Эцэг болон бибээр нэг болой. Бибээр Эцэгийн дотор мөн Эцэг миний дотор байдаг; мөн та нар намайг хүлээн авахын хэрээр, та нар миний дотор мөн бибээр та нарын дотор байдаг бөлгөө.

44 Иймийн тул, бибээр та нарын дунд байна, мөн бибээр сайн хоньчин, мөн Израилын чулуу болой. Энэ хадан дээр барьдаг тэр нь хэзээ ч унахгүй байх болно.

45 Мөн та нар миний дуу хоолойг сонсож мөн намайг харж, мөн би байдгийг мэдэх тэр өдөр ирэх болно.

46 Тиймээс та нар бэлэн байж болохын тулд сэрэмжтэй байгтун. Бүр тийм буюу. Амен.