Хэсэг 35
1830 оны арван хоёрдугаар сарын 7-нд Нью-Йоркийн Фэйетэд юм уу үүний ойролцоо бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Энэ үед, бошиглогч Библийн орчуулгыг бараг өдөр бүр хийж завгүй байв. Орчуулга бүр 1830 оны зургаадугаар сард эхэлсэн ба Оливер Каудери, Жон Витмер хоёр хоёул бичээчээр үйлчилж байлаа. Эдүгээ тэд өөр ажил үүрэгт дуудагдсан тул энэ ажилд бошиглогчийн бичээчээр үйлчлэхээр Сидней Ригдон бурханлаг томилолтоор дуудагдсан байв (20-р шүлгийг үз). Энэхүү илчлэлийн цэдгийн өмнөх үг болгон Иосеф Смитийн түүхэнд өгүүлэхдээ: “Арван хоёрдугаар сард [Охайогоос] Сидней Ригдон мөн түүнтэй хамт Эдвард Партриж хоёр Их Эзэнээс асуухаар ирэв … Энэ хоёр ахыг ирсний дараа удалгүй Их Эзэн тийн ярив” гэжээ.
1–2, Хүмүүс хэрхэн Бурханы хүүхдүүд болж болох нь; 3–7, Сидней Ригдон баптисм хүртээж мөн Ариун Сүнс хүртээхээр дуудагдав; 8–12, Тэмдгүүд болон гайхамшгууд итгэлээр гүйцэтгэгддэг авай; 13–16, Их Эзэний үйлчлэгчид Сүнсний хүчээр үндэстнүүдийг шигших болно; 17–19, Иосеф Смит нууцуудын түлхүүрүүдийг атгадаг; 20–21, Сонгомол хүмүүс Их Эзэний ирэлтийн өдрийг тэсвэрлэх болно; 22–27, Израил аврагдах болно.
1 Их Эзэн Бурханыхаа, бүр Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл, замнал нь нэгэн мөнхийн эргэлт, өнөөдөр, өчигдөр мөн үүрд адил болох түүний дуу хоолойг сонсогтун.
2 Би бол Есүс Христ, Бурханы Хүү, дэлхийнхний, бүр миний нэрэнд итгэх болгоны нүглүүдийн төлөө цовдлогдсон тэр бөлгөө, тэгснээр тэд Бурханы хүүхдүүд, бүр би Эцэгтэй нэг, Эцэг надтай нэгийн адилаар тэд надтай нэг болж болохын тулд, бид нэг болж болохын тулд буюу.
3 Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би өөрийн үйлчлэгч Сидней чамд хэлж байна, би чамайг болон чиний ажлуудыг харлаа. Би залбирлуудыг чинь сонслоо, мөн чамайг илүү агуу ажилд бэлтгэсэн юм.
4 Адислагдсан болой чи, учир нь чи агуу зүйлсийг хийх болно. Болгоогтун чи Иоханы адилаар миний өмнө, мөн ирэх ёстой тэрхүү Елиагийн өмнө замыг бэлтгэхээр урагш илгээгдсэн бөлгөө, харин чи үүнийгээ мэдсэн нь үгүй.
5 Чи наманчлалын төлөө усаар баптисм хүртээсэн, гэвч тэд Ариун Сүнсийг хүлээж аваагүй байсан;
6 Харин эдүгээ чи усаар баптисм хүртээх болно хэмээх зарлигийг би чамд өгч байна, мөн эртний төлөөлөгчдийн адилаар гар тавилтаар, тэд Ариун Сүнсийг хүлээн авах болно.
7 Мөнхүү улиран тохиох дор уг нутагт, бүр харийнхны дунд агуу ажил байх болно, учир нь тэдний мунхаглал болон тэдний жигшүүрт хэргүүд бүх хүний нүдэнд үзүүлэгдэх болно.
8 Учир нь бибээр Бурхан болой, мөн миний мутар богиносоогүй байна; мөн миний нэрэнд итгэх тэд бүгдэд гайхамшгууд, тэмдгүүд болон гайхалтай зүйлсийг би үзүүлэх болно.
9 Мөн миний нэрэнд итгэлтэйгээр үүнийг гуйх хэн боловч тэд чөтгөрүүдийг хөөн зайлуулах болно; тэд өвчтөнүүдийг эдгээх болно; тэд сохор тэднийг харах, мөн дүлий тэднийг сонсох, мөн хэлгүй тэднийг ярих, мөн хазгар тэднийг алхах болгоно.
10 Мөн агуу их зүйлс хүмүүсийн үрсэд үзүүлэгдэх тэр цаг хурдан ирнэ;
11 Гэвч итгэлгүй бол, өөрийн завхайрлаас болж бүх үндэстнийг хилэнгийн дарснаас уухад хүргэсэн мөнөөх Вавилоны эзгүйрлээс өөр юу ч үзүүлэгдэхгүй байх болно.
12 Мөн миний энэ үеийнхэнд илгээсэн миний сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авахад бэлэн байгаа тэднээс өөр хэн ч сайныг үйлддэггүй бөлгөө.
13 Иймийн тул, бибээр дэлхийн сул дорой хүмүүсийг дуудаж байна, Сүнснийхээ хүчээр үндэстнүүдийг шигшихийн тулд эрдэмд боловсроогүй тэднийг мөн ад үзэгддэг тэднийг буюу;
14 Мөн тэдний гар миний мутар байх болно, мөн бибээр тэдний халхавч мөн бамбай нь байх болно; мөн бибээр тэдний хормойг шууж өгөх болно, мөн тэд миний төлөө эрэлхэгээр тулалдах болно; мөн дайснууд нь тэдний хөл дор байх болно; мөн бибээр илдийг тэдний тусын тулд унахаар болгоно, мөн би хилэнгийнхээ галаар тэднийг хамгаалах болно.
15 Мөн сайн мэдээ нь ядуус болон номхон даруу тэдэнд номлогдох болно, мөн тэд миний ирэлтийн цагийг харуулдан хүлээж байх болно, учир нь энэ нь ойрхон байна—
16 Мөн тэд инжир модны тухай сургаалт зүйрлэлийг сурах болно, учир нь бүр эдүгээ зун аль хэдийн ойрхон байна.
17 Мөн би өөрийн сайн мэдээний бүрэн байдлаа өөрийн үйлчлэгч Иосефын гараар урагш илгээсэн буюу; мөн сул дорой байхад нь бибээр түүнийг адисалсан билээ;
18 Мөн би түүнд лацдагдсан тэдгээр зүйл, бүр дэлхийн үүслээс байсан зүйлс, мөн энэ үеэс миний ирэлтийн үе хүртэл тохиох тэдгээр зүйлийн нууцын түлхүүрүүдийг өгсөн бөлгөө, хэрэв тэрээр надад итгэлтэй хэвээр үлдэх аваас буюу, мөн хэрэв тэгэхгүй аваас, түүний оронд бибээр өөр нэгнийг тавих болно.
19 Иймийн тул, түүний итгэл алдрахгүйн тулд түүнийг харж хандагтун, мөн энэ нь бүх зүйлийг мэддэг Ариун Сүнс, Тайтгаруулагчаар өгөгдөх болно.
20 Мөн түүнд туслан чи бичих ёстой хэмээх зарлигийг би чамд өгч байна; мөн судрууд нь, бүр тэдгээр нь миний цээжинд байдагчлан, миний өөрийн сонгомол тэдний авралын тулд өгөгдөх болно;
21 Учир нь тэд миний дуу хоолойг сонсох болно, мөн намайг үзэх болно, мөн унтаж байх нь үгүй бөлгөө, мөн миний ирэлтийн өдрийг тэсвэрлэх болно; учир нь би цэвэр ариуны адилаар, тэд цэвэршигдэх болно.
22 Мөн эдүгээ би чамд хэлж байна, түүнтэй үлдэгтүн, мөн тэрээр чамтай хамт аялах болно; түүнийг бүү орхи, мөн эдгээр зүйл гарцаагүй биелэгдэх болно.
23 Мөн та нарыг бичээгүй байх үед чинь, болгоогтун, бошиглох нь түүнд өгөгдөх болно; мөн үгс нь түүнд өгөгдөхийн хэрээр, чи түүний үгсийг нотлохын тулд ариун бошиглогчдыг эш татаж мөн миний сайн мэдээг номлох ёстой.
24 Та хоёр дагах ёстой бүх зарлиг болон гэрээнүүдээ сахигтун; мөн та нарын сайн сайхны төлөө бибээр тэнгэрийг сэгсрэх болгоно, мөн Сатан дагжин чичирч мөн Сион толгод дээр баясан мөн цэцэглэн хөгжих болно;
25 Мөн миний өөрийн тогтоосон цагт Израил аврагдах болно; мөн миний өгсөн түлхүүрүүдээр тэд удирдагдах болно, мөн цаашид огт төөрөлдүүлэгдэх нь үгүй болой.
26 Зүрх сэтгэлээ өргөж, мөн баяртай байгтун, та хоёрын гэтэлгэл ойртож байна.
27 Бүү эмээ, бяцхан сүрэг минь, намайг ирэх хүртэл хаант улс та нарынх бөлгөө. Болгоогтун, би даруй ирнэ. Бүр тийм буюу. Амен.