Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 17

1829 оны зургадугаар сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудери, Давид Витмер болон Мартин Харрис нарт Мормоны Номын цэдгийг агуулсан сийлбэрлэгдсэн ялтсуудыг тэд үзэхийн өмнө өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:52-57). Онцгой гурван гэрч товлогдох болно гэдгийг Иосеф, түүний бичээч Оливер Каудери хоёр Мормоны Номын ялтсуудын орчуулганаас олж мэджээ (Ифер 5:2–4; 2 Нифай 11:3; 27:12-ыг үз). Оливер Каудери, Давид Витмер болон Мартин Харрис нар мөнөөх онцгой гурван гэрч байхаар сүнсээр урамшуулагдсан хүслээр хөтлөгдөв. Их Эзэнээс Бошиглогч асууж, мөн Урим ба Туммимаар дамжуулсан хариу болж энэхүү илчлэлт өгөгдсөн ажээ.

1–4, Гурван гэрч ялтсуудыг хийгээд бусад ариун нандин зүйлүүдийг итгэлээр үзэх болно; 5–9, Мормоны Номны бурханлиг чанарын талаар Христ гэрчилдэг.

1БОЛГООГТУН, та нар миний үгэнд итгэх ёстой гэдгийг, хэрэв та нар зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор ингэх аваас, та нар ялтсуудыг, мөн тэрчлэн Лебений хуяг, илд, мөн уулан дээр түүнийг Их Эзэнтэй нүүр учран ярьж байхад нь Жаредын ахад өгөгдсөн Урим ба Туммим, мөн аглаг буйдад, Улаан Тэнгисийн хөвөө хязгааруудад байхад нь Лихайд өгөгдсөн шидэт зүг чиг заагчийг үзэх болно.

2Мөн итгэлээрээ, бүр эрт цагийн бошиглогчдод байсан тэр итгэлээр та нар тэдгээрийг үзэх болно.

3Мөн та нар итгэлтэй болж мөн тэдгээрийг нүдээрээ харсны дараа, та нар тэдгээрийн тухай Бурханы хүчээр гэрчлэх болно;

4Мөн миний үйлчлэгч Бага Иосеф Смит устгагдахгүй байж болохын тулд, бибээр энэ ажлаараа хүмүүний үрсийн төлөө зөв шударга зорилгуудаа хэрэгжүүлж болохын тулд та нар үүнийг хийх ёстой.

5Мөн тэдгээрийг миний үйлчлэгч Бага Иосеф Смит харсан лугаа та нар харсан гэдгээ та нар гэрчлэх ёстой; учир нь, тэрээр тэдгээрийг харсан нь миний хүчээр болой, мөн энэ нь тэрээр итгэлтэй байсных бөлгөө.

6Мөн тэрээр уг номыг, бүр түүнд миний зарлигласан тэрхүү хэсгийг орчуулсан бөлгөө, мөн чиний Их Эзэн мөн чиний Бурхан амьдын адил энэ нь үнэн бөлгөө.

7Иймийн тул, та нар түүний нэгэн адилаар мөн тэрхүү хүчийг, мөн тэрхүү итгэлийг, мөн тэрхүү бэлгийг хүлээн авлаа;

8Мөн хэрэв та нарт өгсөн миний сүүлчийн зарлигуудыг та нар биелүүлэх аваас, тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; учир нь миний ач ивээл та нарт хангалттай бөлгөө, мөн та нар эцсийн өдөр өргөгдөх болно.

9Мөн бибээр, Есүс Христ, та нарын Их Эзэн мөн та нарын Бурхан, та нарт үүнийг бибээр зөв шударга зорилгуудаа хүмүүний үрст авчирч болохын тулд ярилаа. Амен.