Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 110

1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд Огайогийн Көртланд дахь ариун сүмд Бошиглогч Иосеф Смит мөн Оливер Каудерид харуулагдсан үзэгдлүүд оршвой (History of the Church, 2:435–436). Уг үйл явдал нь Хүндэтгэлийн өдрийн цуглааных байлаа. Бошиглогч үзэгдлүүдийн талаарх цэдгийнхээ өмнөх үг болгон: Үдээс хойш энэ өдөр ариун ёслолынширээний дэргэд ажиллах нь тэдний онцгой боломж байсан Арванхоёроос үүнийг хүлээж аван, Сүмд Их Эзэний Зоогийг түгээхэд нь бусад ерөнхийлөгчдөд би тусалж байлаа. Ах нартаа энэ үйлчлэлийг гүйцэтгэсний дараа, индэрт эргэж ирэхэд хөшиг доош бууж, мөн бибээр Оливер Каудерийн хамт онцгой хүндэтгэлийн хийгээд чимээгүй залбиралд өвдөг сөхрөв. Залбирлаас босч ирсний дараа бид хоёрт дараах үзэгдэл нээгдсэн болой хэмээн эдгээр үгсийг өгүүлжээ. (History of the Church, 2:435).

1–10, Их Эзэн Иехова алдар сууд залран ирж мөн Көртландын Ариун Сүмийг өөрийн өргөө болгон хүлээж авав; 11–12, Мосе мөн Елиас тус бүр залран ирж мөн өөрсдийн түлхүүрүүдийг хийгээд эрин үеүдийг даатгав; 13–16, Елиа эргэж ирэн мөн Малахигаар амлагдсанчлан, өөрийн эрин үеийн түлхүүрүүдийг даатгав.

1ХӨШИГ нь бидний оюунаас авагдаж, мөн бидний ойлголтын мэлмий нээгдсэн байлаа.

2Индрийн хашлага дээр, бидний өмнө зогсч буй Их Эзэнийг бид харав; мөн түүний хөлөн дор хув шиг өнгөтэй шижир алтаар бүрсэн тавцан байлаа.

3Түүний мэлмий галын дөл лугаа адил байв; тэргүүнийх нь үс цэвэрхэн цас мэт цав цагаан байв; түүний төрх байдал нарны гэрлээс ч илүү хурцаар гялалзаж байлаа; мөн дуу хоолой нь агуу их ус хуйлрах мэт байв, бүр Иеховагийн дуу хоолой өгүүлэн;

4Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ.

5Болгоогтун, нүглүүд чинь өршөөгдсөн болой та нарт; миний өмнө цэвэр болой та нар; тиймийн тул, тэргүүнээ өргөж мөн баясагтун.

6Ах дүүсийн чинь зүрх сэтгэл баясаг, мөн өөрсдийн хүчин чадлаар энэ өргөөг миний нэрэнд барьсан миний бүх хүмүүсийн зүрх сэтгэл баясаг.

7Учрыг болгоогтун, би энэ өргөөг хүлээж авлаа, мөн миний нэр энд байх болно; мөн энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно.

8Тийм ээ, хэрэв миний хүмүүс зарлигуудыг минь сахьж, мөн энэ ариун өргөөг бохирлохгүй байх аваас, би өөрийн үйлчлэгчдэд хүрч ирэх болно.

9Тийм ээ, юүлэгдэх адислалуудын, мөн энэ өргөөнд миний үйлчлэгчдэд хүртээгдсэн хишгүүдийн улмаас мянга мянгын мөн хэдэн арван мянгын зүрх сэтгэл агуу ихээр баясах болно.

10Мөн энэ өргөөний алдар нэр алс холын нутгуудад тархах болно; мөн энэ нь миний хүмүүсийн тэргүүн дээр юүлэгдэх адислалын эхлэл бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

11Энэ үзэгдэл хаагдсаны дараа, тэнгэр бидэнд дахин нээгдэв; мөн Мосе бидний өмнө хүрч ирэн, мөн умардын нутгаас арван овгийг удирдан мөн дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг бидэнд даатгав.

12Үүний дараа Елиас хүрч ирэн, мөн бид болон бидний дараах бидний бүх үр удам адислагдах болно гэдгийг хэлэн Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгав.

13Энэ үзэгдэл хаагдсаны дараа, өөр нэгэн агуу хийгээд алдар суут үзэгдэл бидэн дээр гэнэт эхлэв; учир нь үхлийг үзэлгүйгээр тэнгэрт аваачигдсан бошиглогч Елиа бидний өмнө зогсч байв, мөн хэлсэн нь:

14Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө тэр [Елиа] илгээгдэх болно хэмээн нотолж—Малахийн амаар яригдсан тэрхүү цаг бүрнээрээ ирлээ—

15Бүхэл дэлхий зүхлээр арчигдахгүйн тулд эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх нь буюу.

16Тиймийн тул, энэ эрин үеийн түлхүүрүүд та нарын гарт даатгагдлаа; мөн үүгээр та нар Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ойрхон, бүр хаалган дээр ирээд байгааг мэдэж болох бөлгөө.