Номын сан
Паулын Тимотод бичсэн анхны захидлын оршил


Паулын Тимотод бичсэн анхны захидлын оршил

Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?

1 Тимот номд Паул Ефесийн Сүмийн удирдагч Тимотод жинхэнэ сургаал заагдахад болон түгээмэл худал хуурмаг зүйлс нь сайн мэдээний сургаалуудаас сатааруулахгүй байхад анхаарахыг зөвлөсөн талаар бид уншдаг. Тэрээр Тимотод бишоп, диконы албадын талаар зааж, эдгээр албан тушаалд үйлчлэх тэдний ур чадваруудын тухай хэлдэг. Түүнчлэн Паул хөрвөгдөх үедээ Есүс Христээс хүлээн авсан нигүүлсэлдээ маш их талархдагаа өгүүлсэн. Суралцагчид 1 Тимот номыг судалснаар Сүмд жинхэнэ сургаал заахын ач холбогдлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх болно. Мөн тэд Аврагчийн нигүүлсэлд болон бишоп ба бусад Сүмийн удирдагчийн чухал үүрэг хариуцлагад илүү их талархалтай байх болно.

Хэн энэ номыг бичсэн бэ?

Паул 1 Tимот номыг бичжээ (1 Тимот 1:1-ийг үзнэ үү).

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Паул Тимотод бичсэн анхны захидлаа МЭ 64–65 оны хооронд Македонд байхдаа бичсэн байх магадлалтай (Судруудын удирдамж, “Паулын захидлууд,” scriptures.lds.org; 1 Тимот 1:3-ыг тус тус үзнэ үү). Паул уг номыг бичихээсээ өмнө хоёр жилийн турш Ромд гэрийн хорионд байсан бөгөөд суллагдсаныхаа дараа их аялж, урьд нь өөрийн байгуулсан Сүмийн салбарууд бүхий бүс нутгуудад очсон (Библийн толь бичиг, “Паулын захидлууд”-ыг үзнэ үү).

Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Паул номлолынхоо хоёр дахь аялалдаа хамт үйлчилсэн Тимотод хандан энэ номыг бичжээ (Үйлс 16:3-ыг үзнэ үү). Номлолынхоо дараа Тимот үргэлжлүүлэн итгэлтэй номлогч, Сүмийн удирдагч (Үйлс 19:22; Филиппой 2:19-ийг үзнэ үү) бөгөөд Паулын хамгийн итгэмжит хамтран зүтгэгч (1 Коринт 4:17-г үзнэ үү) байжээ. Паул Тимотыг “итгэл доторх [өөрийн] жинхэнэ хүүхэд” хэмээн дурдсан (1 Тимот 1:2). Тимотын эцэг харь үндэстэн грек хүн байсан бөгөөд зөв шударга иудей эх, эмээ хоёр нь түүнд судруудыг зааж, тэдгээрээс суралцахад тусалжээ (Үйлс 16:1; 2 Тимот 1:5; 3:15-ыг үзнэ үү).

Энэ номыг бичигдэх үед Тимот Ефест Сүмийн удирдагчаар үйлчилж байв (1 Тимот 1:3-ыг үзнэ үү). Тимотын нас залуу байсан тул зарим гишүүн түүний удирдах чадварт эргэлзэж байсныг Паул цухас өгүүлсэн (1 Тимот 4:12-ыг үзнэ үү). Паул өөрийн биеэр Тимот дээр зочилж очихыг хүссэн ч тэгж чадах эсэхдээ тээнэгэлзэж байв (1 Тимот 3:14; 4:13-ыг үзнэ үү). Паул Сүмийн залуу удирдагч болох Тимотыг үүрэг хариуцлагаа илүү сайн ойлгоосой гэсний үүднээс энэхүү захидлаа бичжээ.

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Паулын захидлууд болох 1 Тимот, 2 Тимот, Тит номуудыг удирдамжийн захидал хэмээн нэрлэдэг. Учир нь эдгээр захидалд Сүмийн пасторууд буюу удирдагчдад зориулсан Паулын зөвлөгөө байдаг (Библийн толь бичиг, “Паулын захидлууд”-ыг үзнэ үү). Пастор гэдэг үг нь “хоньчин” гэсэн латин үгнээс гаралтай.

Паул бишоп, диконоор үйлчлэх зохистой нэр дэвшигчийг таньж мэдэхэд нь туслах удирдамжийг Тимотод өгсөн (1 Тимот 3-ыг үзнэ үү). Паулын удирдамж нь гишүүдийн материаллаг болон сүнслэг хэрэгцээг хангах Сүмийн удирдагчдын үүрэг хариуцлагыг тодруулж өгөхөд тусалсан (1 Тимот 5-ыг үзнэ үү). Паул мөн илүү агуу сүнслэг байдал нь өөрийгөө золиослох чанга хатуу байдлаар олддог хэмээх хатуужлын хуурамч нийтлэг санааны тухай бичсэн. Тухайлбал, Паул Сүмийн зарим гишүүн урваж, гэрлэлтийг хориглох ёстой хэмээх үзэл бодлыг дэмждэг гэдгийг сэрэмжлүүлсэн (1 Тимот 4:1–3-ыг үзнэ үү). Энэ болон бусад тэрс үзлийн эсрэг тэмцэхийн тулд Паул жинхэнэ сургаал заахыг Тимотод зааварчилсан (1 Тимот 1:3–4, 10; 4:1–6, 13, 16-г үзнэ үү).

Тойм

1 Тимот 1 Паул хуурамч сургаалуудын эсрэг анхааруулдаг. Тэрээр өөрийг нь аврахаар агуу их нигүүлслийг өгөгч Их Эзэн Есүс Христийг алдаршуулсан. Паул хөрвөхөөсөө өмнө Христийн шашинтнуудыг эсэргүүцэж байснаа дурсан, өөрийгөө гэм нүгэлтнүүдийн “тэргүүлэгч” (1 Тимот 1:15) буюу хамгийн муу нь хэмээн хэлдэг. Паул Христийн нигүүлсэл мөн тэдэнд туслах болно гэдгийг бусдад батлан хэлдэг.

1 Тимот 2–3 Паул залбирал, зөв мөргөлийн талаар заадаг. Тэрээр Есүс Христ бол бид бүхний төлөөс, Эцэгт Зуучлагч хэмээн заадаг. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс мөргөлийн үеэр өөрсдийгөө хэрхэн авч явах тухай зааварладаг. Тэр бишоп, диконуудын ур чадваруудыг дүрслэн хэлсэн. Тэр бурханлаг байдлын нууц нь Есүс Христийн хүлцэнгүй байдал, Түүний энэ дэлхий дээрх төгс амьдрал, Түүний алдар сууд дээшилсэн явдал юм гэдгийг тайлбарласан.

1 Тимот 4 Паул зарим хүн гэрлэлт болон зөв хооллолтын талаарх хуурамч сургаалуудад хууртагдана гэдгийг Тимотод сануулжээ. Тэрээр гэрлэлтийг болон Бурханы бүтээлүүдийг талархан хүлээн авч байхын ач холбогдлын талаар ярьдаг. Паул өөрийн өдрүүдэд төдийгүй ирэх өдрүүдэд хуурамч сургаалуудтай хэрхэн харьцах тухай Тимотод заажээ.

1 Тимот 5–6 Паул Тимотод ахмад, залуу, бэлэвсэн, хөгшин хүмүүсийн болон боолуудын хэрэгцээнд зориулан үйлчлэхэд хэрэгтэй заавар удирдамжийг өгсөн. Паул Тимотод хуурамч багш нарыг дүрслэн хэлж өгдөг. Тэрээр “мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс” (1 Тимот 6:10) хэмээн анхааруулж, гэгээнтнүүд хэрхэн мөнх амьдралыг олж авах талаар Тимотод зааварласан.