Номын сан
29-р хичээл: Матай 25:14–46


29-р хичээл

Maтай 25:14–46

Оршил

Есүс Христ Чидуны уулан дээр Өөрийн Хоёр дахь ирэлтийн тухай шавь нартаа зааж байхдаа талантын тухай сургаалт зүйрлэлийг хэлжээ. Түүнчлэн Тэр дахин ирэхдээ зөв шударга хүмүүсийг ёс бус хүмүүсээс тусгаарлах болно гэдгээ тайлбарлав.

Заах зөвлөмж

Maтай 25:14–30

Есүс Христ шавь нартаа талантын тухай сургаалт зүйрлэл заав

Хичээл эхлэхийн өмнө ангийн нэг талд таван зоос, нөгөө талд хоёр зоос байрлуул. Өөр найман зоосыг халаасандаа хий.

Хичээлээ эхлэхийн тулд Есүс Христ Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаарх зааврынхаа нэг хэсэг болгон, шавь нартаа заасан нэг сургаалт зүйрлэлийг үйлдэж үзүүлэхэд туслах гурван суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урь.

Нэг суралцагчийг Матай 25:14–18-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, боол тус бүр юу хүлээж авсныг мөн түүгээрээ юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Эзэн нь боол тус бүрд юу өгсөн бэ? (Энэ сургаалт зүйрлэл дэх талант нь мөнгө гэдгийг тайлбарла. Халаасандаа байгаа найман зоосыг гаргаад, тавыг нь нэг суралцагчид, хоёрыг нь дараагийн суралцагчид мөн нэгийг нь гурав дахь суралцагчид өг.)

  • Боол тус бүр өөрт нь өгсөн мөнгөөр юу хийсэн бэ?

Таван зоостой суралцагчийг өрөөний нэг талаас ахиад таван зоос очиж авахад урь. Хоёр зоостой суралцагчийг өрөөний нөгөө талаас ахиад хоёр зоос очиж авахад урь. Нэг зоостой суралцагчийг зоосоо нууж эсвэл булж байгаа дүр үзүүлэхэд урь.

Суралцагчдаас зооснуудаа танд буцааж өгөөд, суудалдаа суухыг хүс. Самбар дээр сургаалт зүйрлэлүүдийн дараах үндсэн хэсгүүдийг бич (хаалтан доторх хөрвүүлгийг бичихгүй):

Боолуудын эзэн (Их Эзэн Есүс Христ)

Боолууд (Их Эзэний шавь нар)

Талантууд (Их Эзэний шавь нартаа өгдөг авьяас, чадварууд)

  • Сургаалт зүйрлэлүүдийн үндсэн хэсгүүд юуг төлөөлж байж болох вэ? (Бидний энэ зуурдын амьдралдаа хүлээж авсан авьяас чадваруудын зарим нь бидэнд өмнөх сүнсний амьдралд өгөгдөж мөн бид үүнийг хөгжүүлж байсан гэдгийг тайлбарла. Бид тэдгээр авьяас чадварыг зуурдын амьдралдаа үргэлжлүүлэн хөгжүүлж чадна.)

  • Матай 25:15-д цэдэглэснээр, яагаад эзэн нь боолууддаа өөр өөр хэмжээний зоосыг өгсөн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа “чадварынх нь дагуу” гэдэг нь Бурхан бидний хүн нэг бүрд нөхцөл байдалд маань хэрэгтэй авьяас чадваруудыг өгдөг гэдгийг харуулж байгааг онцлон хэл.)

Дараах асуултуудыг чанга уншаад, суралцагчдыг тэдгээрийн талаар тунгаан бодоход урь. Үүнд:

  • Аль боол нь та нартай илүү адилхан гэж бодож байна вэ? Таван таланттай нь уу, хоёр таланттай нь уу, аль эсвэл нэг таланттай боол нь уу? Яагаад?

Нэг суралцагчийг Матай 25:19–21-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, таван талантыг хүлээн авсан боолд эзэн нь юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Эзэн нь эхнийхээ боолд юу гэж хэлсэн бэ?

“Чамд ихийг хариуцуулъя” болон “Эзэнийхээ баяр баясгаланд ор” (Maтай 25:21) гэдэг нь тэнгэрлэг чадавхдаа хүрэхийг болон Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралыг хүлээн авахыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Бид эхний боолын туршлагаас ямар зарчим ойлгож авч чадах вэ? (Хэрвээ бид Их Эзэний бидэнд өгсөн авьяас чадваруудыг үнэнчээр ашиглах аваас тэнгэрлэг чадавхдаа хүрч, мөнх амьдралыг хүлээж авч чадна гэсэн зарчим нь суралцагчдын тодорхойлж болох нэг зарчим юм.)

  • Их Эзэний бидэнд өгсөн авьяас чадваруудыг үнэнчээр ашиглах ямар зарим жишээ байна вэ?

Хоёр дахь боол нь эхний боол таван талант авсныг мөн өөрөө хоёрхныг авснаа хараад гомдоллож болох байсныг онцлон хэл. Харин тэр өөрт нь өгөгдсөн талантуудыг үнэн зөв ашигласан.

Нэг суралцагчийг Матай 25:22–23-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хоёр талант хүлээн авсан боолд эзэн нь юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Хоёр талант хүлээн авсан боолд эзэн нь юу гэж хэлсэн бэ?

  • Эзэн нь эхний хоёр боолдоо өөр хэмжээний мөнгө өгсөн байхад яагаад тэр хоёр эзнээсээ адилхан хариулт хүлээж авсан гэж та нар бодож байна вэ?

  • Бид хоёр талант авсан хүний туршлагаас ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Их Эзэний бидэнд өгсөн авьяас чадваруудыг хэр олон эсвэл ямар байхаас нь үл хамааран, үнэн зөв ашиглавал Тэр биднийг адислах болно гэсэн зарчмыг тодорхойлох ёстой. Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглаад, энэ зарчмыг самбар дээр бич.)

Ангийнхнаас, тэд хэзээ нэгэн цагт өөр хүнд өөрсдөд нь байдгаас илүү олон, илүү сайн авьяас чадвар байна гэж бодож байсан эсэхийг тунгаан бодохыг хүс. Самбар дээр бичсэн зарчмыг дахин дурд.

  • Бид хэн нэгнийг биднээс илүү олон эсвэл илүү сайн авьяас чадвар хүлээж авсан гэж бодох үед энэ зарчмыг санах нь бидэнд хэрхэн туслах вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Квинтин Л.Күк

“Бидний авьяас чадварын өсөлт нь хувийн хөгжил дэвшлийг маань харуулах хамгийн сайн үзүүлэлт юм. … Адислалуудыг харьцуулах нь баяр хөөрийг үгүй болгодог гэдэг нь бараг тодорхой. Бид талархах, атаархах хоёрыг яг нэг зэрэг үйлдэж чадахгүй. Хэрвээ бид үнэхээр Их Эзэний Сүнстэй байж, баяр хөөр, аз жаргал мэдрэхийг хүсвэл өөрсдөд буй адислалуудад баясаж, талархдаг байх ёстой” (“Rejoice!” Ensign, 1996 оны 11-р сар, 30.)

  • Бид Их Эзэний бидэнд өгсөн авьяас чадваруудыг хэрхэн олж мэдэж болох вэ?

Суралцагч бүрд нэг жижиг цаас өгөөд, дээр нь өөрийнхөө нэрийг бичихийг тэднээс хүс. Суралцагчдыг цаасаа хажуудаа сууж байгаа хүүхдүүдэд дамжуулахад урь. Суралцагчдыг цаасан дээр нэр нь бичигдсэн хүүхдэд байдаг авьяас чадваруудыг бичихийг хүс. Хүн тус бүрээс олж ажигласан авьяас чадваруудыг бичээд, ангийг тойруулан үргэлжлүүлэн дамжуулахыг тэдэнд зааварчил.

Хэдэн минутын дараа цааснуудыг эзэнд нь буцааж өгөхийг суралцагчдаас хүс. Бусад хүн өөрсдөөс нь ямар ямар авьяас чадвар олж харж байдгийг унших цагийг суралцагчдад гаргаж өгөөрэй. Тэгээд тэднийг цаасан дээрээ дараах асуултад хариулж бичихийг хүс. Үүнд:

  • Их Эзэний ажлыг урагшлуулахын тулд авьяасаа ашиглаж болох нэг арга зам юу вэ?

Түүнчлэн талантын сургаалт зүйрлэл нь бидэнд өгөгдсөн авьяас чадваруудын талаарх сэрэмжлүүлгийг багтаадаг болохыг онцлон хэл. Хэдэн суралцагчийг Матай 25:24–30-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, эзэн нь талантаа нуусан боолд юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс. 27-р шүлгийг уншсаны дараа, хүү гэж мөнгө зээлүүлснээр эсвэл хөрөнгө оруулснаар олдог ашгийг хэлдэг гэдгийг тайлбарла.

  • Яагаад гурав дахь боол талантаа нуусан бэ? Энэ боолын сонголтод эзэн нь юу гэж хариулсан бэ?

  • Боол нь эзнийхээ мөнгийг алдаагүй атал энэ боолын үйлдэл юугаараа буруу байсан бэ?

  • Уг боол хоёр талантыг буцааж авчирсан бол эзэн нь түүнд юу гэж хариулах байсан гэж та нар бодож байна вэ?

  • Эзэн нь уг боолд өгсөн байсан талантаар юу хийсэн бэ? (Үүнийг түүнээс аваад, өөр хүнд өгсөн.)

Нэг суралцагчийг Далын ахлагч Стэрлинг В.Силлийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Бид өөрсдөдөө байгаа авьяас чадваруудыг зөв ашиглахгүй бол яагаад тэдгээрийг алддаг болохыг сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Стэрлинг В.Силл

“[Гурав дахь боол] нь буруу зүйл хийснээсээ болоод зоосыг алдсан биш, харин айдас нь аливаа зүйлийг хийхэд саад болсон учраас алдсан юм. Гэтэл бидний ихэнх адислалаа алддаг энэ үйл явц хэвээр байсаар л байна. …

… Хүн гарын булчингаа ашиглахгүй бол гарынхаа хүчийг алддаг. … Бид чадвараа хөгжүүлэхгүй бол чадваруудаа алддаг. Эртний үеүдэд хүмүүс санваараа хүндэтгэж үзээгүй үед энэ нь тэдгээрээс авагддаг байсан. … Сүнслэг ба оюун ухааны эсвэл бие махбодын авьяас чадваруудаа газар шороонд булсан байвал тэдгээр нь хөгжиж чадахгүй” (The Law of the Harvest [1963], 375).

  • Бид талантаа нуусан боолоос ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид олон өөр зарчим санал болгож болох ч Бид Их Эзэний өгсөн авьяас чадваруудыг ашиглахад, бидэнд айдас саад болж болно мөн Хэрвээ бид сүнслэг бэлгүүдээ хөгжүүлж, зөв ашиглахгүй байвал тэдгээрийг алдах болно гэсэн үнэнүүдийг тодорхойлж байгаа эсэхийг бататга.

  • Өөрсдийн авьяас чадварыг ашиглан сайныг үйлдэхэд маань айдас бидэнд ямар ямар арга замаар саад болж болох вэ?

Суралцагчдыг ярилцсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцахад урь. Тэднийг авьяас чадвараа Их Эзэний ажлыг урагшлуулахад ашиглахад нь урамшуулан дэмж.

Maтай 25:31–46

Аврагч Өөрийн Хоёр дахь ирэлтээр ёс бусчууд зөв шударга хүмүүсээс тусгаарлагдах тухай зөгнөн хэлэв.

Зураг
Хоёр дахь ирэлт

Хоёр дахь ирэлт зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 66; мөн LDS.org-оос үзнэ үү). Нэг суралцагчийг Матай 25:31–33-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэн Хоёр дахь ирэлтийнхээ дараа дэлхий дээр байгаа хүмүүсийг яахыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Хоёр дахь ирэлтийнхээ дараа дэлхий дээр байгаа хүмүүсийг яах вэ?

  • Их Эзэн ёс бус хүмүүсийг төлөөлүүлэхээр ямар амьтан ашигласан бэ? Шударга хүмүүсийг юугаар төлөөлүүлсэн бэ?

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хосуудын нэг хагасыг Maтай 25:34–40-ийг хамтдаа чанга уншиж, Их Эзэн хэн нэгнийг “хонь” мөн эсэхийг хэрхэн шийдэхийг олж мэдэхэд урь (Maтай 25:32–33). Нөгөө хагасыг нь Maтай 25:41–46-г хамтдаа чанга уншиж, Их Эзэн хэн нэгнийг “ямаа” мөн эсэхийг хэрхэн шийдэхийг олж мэдэхэд урь (Maтай 25:32–33).

Хангалттай хугацаа өнгөрсний дараа хос бүрийг өөр шүлгүүдийг уншсан өөр нэг хостой хамтран ажиллахад урь. Суралцагчдыг өөрсдийн уншсаныг дүгнэн хэлээд, бүлгээрээ дараах асуултуудын талаар ярилцахыг хүс. Үүнд:

  • Их Эзэн Өөрийг нь хайрладаг (хонь) ба хайрладаггүй (ямаа) хүмүүсийг хооронд нь хэрхэн ялгадаг вэ?

  • Бид эдгээр шүлгээс ямар ямар зарчим мэдэж авч болох вэ?

Бүлэг бүрээс өөрсдийн бүлгийн тодорхойлсон зарчмыг самбар дээр бичих нэг хүнийг гаргаж ирэхэд урь. Суралцагчид Бид бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэх үедээ Их Эзэнд өөрсдийнхөө хайрыг үзүүлдэг гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой. Бид бусдын хэрэгцээг үл ойшоох үедээ Их Эзэнийг үл ойшоодог.

Суралцагчдад эдгээр зарчмыг ойлгоход туслахын тулд дараахтай төстэй асуултуудыг тавь. Үүнд:

  • Дүү нь гэрийн даалгавраа хийхэд туслуулмаар байна гэхэд Их Эзэний баруун гар талд байгаа хүн хэрхэн хариулж болох вэ?

  • Ангийнх нь хүүхэд коридорт номоо унагаахад Их Эзэний зүүн гар талд байгаа хүн хэрхэн хандаж болох вэ?

  • Эдгээр зарчмыг ойлгох нь бусадтай харьцаагаа сайжруулахад бидэнд хэрхэн тус болох вэ?

Өнгөрсөн 24 цагийн туршид бусдад хэрхэн хандсан талаараа тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Хэрэв тэд ирээдүйд иймэрхүү нөхцөл байдалд орох юм бол өөрөөр үйлдэхийг сонгох байсан эсэх талаар бодож үзэхийг тэднээс хүс. Бусдыг илүү их хайрлаж, тэдэнд үйлчилж болох арга замуудын талаар бодоход суралцагчдыг урамшуулаад, тэднийг төлөвлөснийхөө дагуу үйлдэхэд урь. Та суралцагчидтай дараа нь уулзахдаа тэдэнд ямар ямар эерэг туршлага тохиолдсон талаар хуваалцахад урьж болох юм.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 25:15. “Тэр хүн нэг бүрд, чадварынх нь дагуу өгөв”

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст бидэнд өгөгддөг өөр өөр бэлгийн талаар ярихдаа:

“Их Эзэн Өөрийн бүх үйлчлэгчдэд мөн санваартан бүрд сүнслэг авьяасыг итгэмжлэн өгдөг. … Бид туршлага, авьяас, чадавхаар бүгд адилгүй ч эдгээр сүнслэг бэлгийг ашиглах өөр өөр боломж бидэнд байдаг бөгөөд бидэнд өгөгдсөн бэлэг, боломжуудыг ашигласныхаа төлөө бүгд хариуцлага хүлээх болно” гэжээ (“I Believe I Can, I Knew I Could,” Ensign, 2002 оны 11-р сар, 50).