Номын сан
109-р хичээл: 1 Коринт 12


109-р хичээл

1 Коринт 12

Оршил

Паул Сүнсний олон бэлгийн талаар бичив. Тэрээр Сүмийг бие махбодтой харьцуулан, бие махбод зохих ёсоор ажиллахад эрхтэн тус бүр хэрэг болдгийн адил Сүмийг хүчирхэгжүүлэхэд гишүүн бүр сүнслэг бэлгээ ашиглаж чадна гэдгийг тайлбарлав.

Заах зөвлөмж

1 Коринт 12:1–11

Паул сүнслэг бэлгийн талаар заав

Дараах чулууны зургийг үзүүл.

Зураг
чулуу, юу ч хийсэн бай өөрт оногдсоныг сайн хий

Нэг суралцагчийг чулуун дээрх бичээсийг чанга уншихад урь. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй Шотландад номлолд үйлчилж байхдаа Стирлинг цайзын ойролцоох барилгын хаалган дээр уг чулуу байхыг харсан ба үүн дээрх захиас нь түүнд сүнслэгээр нөлөөлсөн гэдгийг тайлбарла (Францис M.Гиббонс, David O. McKay: Apostle to the World, Prophet of God [1986], 45).

Чулуун дээрх тэмдэгтүүд нь тус бүрдээ тоон утгыг илэрхийлнэ гэдгийг тайлбарла. Дүрс бүрийн илтгэх тоон утгыг тодорхойлохыг суралцагчдаас хүс. (Зүүнээс баруун тийш, дээд талын мөрөн дэх тэмдэгтүүд нь 5, 10, 3 гэсэн тоонуудыг, дунд талын мөр нь 4, 6, 8 гэсэн тоонуудыг, доод талын мөр нь 9, 2, 7 гэсэн тоонуудыг тус тус төлөөлнө.)

  • Дээд, дунд, доод мөрөн дэх тоонуудын нийлбэр хэд вэ?

Аль ч мөр, багана, ташуу зурваст буй тоонуудын нийлбэр адилхан 18 байгааг тайлбарла. Эдгээр тэмдэгт нь “Юу ч хийсэн бай, өөрт оногдсоныг сайн хий” гэсэн үгтэй хамт байсан шалтгаан нь хэрэв аль нэг дүрсний байрыг соливол багана, мөр гээд бүх чиглэл дэх тоонуудын нийлбэр 18 болохгүйд оршино.

Суралцагчдыг 1 Коринт 12-ыг судалж байхдаа бид Сүмийн гишүүдийн хувьд хэрхэн уг чулуун дээрх дүрснүүдтэй адилхан болохыг бодож үзэхэд урь.

Коринтын Сүмийн гишүүдэд сүнсний бэлгийн талаар заахыг хүссэн ба гэгээнтнүүдийн олонх нь үүнийг буруу ойлгодог байсан гэдгийг тайлбарлан, 1 Коринт 12:1–2-ыг нэгтгэн дүгнэ. Тэд хөрвүүлэгдэхээсээ өмнө хиймэл шүтээнээр буруу тийш хөтлөгдсөн байсныг Паул сануулсан.

Нэг суралцагчийг 1 Коринт 12:3-ыг чанга уншихад уриад, Есүс бол Их Эзэн, Аврагч гэдгийг бид өөрсдөө хэрхэн мэдэх талаар олж мэдэхийг ангийнхнаас хүс. Иосеф Смит 3-р шүлэгт буй хэлэх гэдэг үгийг бид мэдэх гэж уншиж ойлгох хэрэгтэй гэж заасан (History of the Church, 4:602–3).

  • 1 Коринт 12:3-т цэдэглэснээр, бид Есүс Христийн талаар хэрхэн хувийн гэрчлэлтэй болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Зөвхөн Ариун Сүнсээр дамжуулан бид Есүс Христ бол бидний Аврагч гэсэн хувийн гэрчлэлийг олж авч чадна гэсэн үнэнийг самбар дээр бич. Үүнтэй адил зарчмаар Иосеф Смитийн эсвэл Мормоны Номын талаар хувийн гэрчлэлтэй болдгийг та тайлбарлаж болно.)

Энэ үнэнийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Гэрчлэл бол хамгийн нандин өмч юм, учир нь үүнийг логик ухаанаар олж авч чадахгүй бөгөөд үүнийг дэлхийн өмч хөрөнгөөр ч худалдаж авч чадахгүй мөн үүнийг бэлгэнд эсвэл өвөг дээдсээсээ өвлөн авч чадахгүй. Бид бусдын гэрчлэлд тулгуурлаж болохгүй. Бид өөрсдөө мэдэж авах хэрэгтэй. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ‘Хожмын үеийн гэгээнтэн бүр Есүс бол амилсан бөгөөд амьд Бурханы амьд Хүү гэдгийг ямар ч эргэлзээгүй, баттай мэдэж авах үүрэг хариуцлагатай’ гэж хэлсэн байдаг (“Fear Not to Do Good,” Ensign, 1983 оны 5-р сар, 80). …

Бид энэ гэрчлэлийг Ариун Сүнс бидний доторх сүнстэй ярих үед хүлээж авдаг. Бидний гэрчлэл, үнэмшлийн эх сурвалж болох амар амгаланг болон гуйвшгүй үнэнийг бид хүлээн авах болно” (“Хувийн гэрчлэлийн хүч,” Ensign, 38 эсвэл 2006 оны 10-р сарын Ерөнхий Чуулган).

  • Есүс Христийн талаарх гэрчлэл зөвхөн Ариун Сүнсээр дамжин ирдэг гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

  • Бид амьдралдаа Ариун Сүнсийг урихын тулд юу хийж болох вэ?

1 Коринт 12:4–6-д цэдэглэснээр, өөр өөр арга замаар ажилладаг янз бүрийн сүнслэг бэлэг байдаг ч бүгдээрээ Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас ирдэг гэж Паул заасныг тайлбарла. Сүнсний бэлэг гэдэг нь Ариун Сүнсээр дамжин өгөгддөг адислал буюу чадвар бөгөөд Бурхан Сүмийн гишүүн бүрд доод тал нь нэг бэлэг өгсөн гэдгийг тайлбарлаж болно (С ба Г 46:11-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг 1 Коринт 12:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бидэнд яагаад Сүнсний бэлэг өгөгддөгийг олж мэдэхийг хүс. (Шаардлагатай бол “нийтийн тусын тулд” гэдэг нь бүх гэгээнтний сайн сайхны тулд гэсэн үг болохыг тайлбарла.)

  • Бид яагаад Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Сүнсний бэлэг өгөгддөг талаар Паулаас ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид Сүнсний бэлэг нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн ашиг тусын тулд өгөгддөг гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бич.)

Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход туслахын тулд дараах хүснэгтийг самбар дээр зураад, тэднээс үүнийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж авахыг хүс.

Сүнслэг бэлэг

Эдгээр сүнслэг бэлэг нь Бурханы хүүхдүүдэд хэрхэн ашиг тустай вэ?

Ангийнхныг хоёр эсвэл гурваар нь бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрийг 1 Коринт 12:8–11-ийг судалж, дагалдах зааврыг дагахад урь. Та эдгээр зааврыг самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон өгч болно.

  1. Хүснэгтийн эхний багананд 1 Коринт 12:8–11-д дурдсан сүнслэг бэлгийг жагсаан бич.

  2. Сүнслэг бэлэг бүрийн утгыг ярилц эсвэл жишээ өг.

Бүлэг бүрийг олж мэдсэн сүнслэг бэлэг болон тус бүрийнх нь утгыг тайлбарлахад урь. Шаардлагатай бол “мэргэн ухааны үг” (8-р шүлэг) гэдэг нь зөв зүйтэй шүүж, мэдлэгээ зохих ёсоор ашиглахыг, “мэдлэгийн үг”(8-р шүлэг) гэдэг нь Бурханы болон Түүний хуулиудын талаарх мэдлэгийг, “сүнснүүдийг ялгах” (10-р шүлэг) гэдэг нь үнэн болоод үнэн бус зүйлсийг ялган таньж, бусдын сайн, муу эсэхийг таньж мэдэх гэсэн утгатайг мөн “олон янзын хэлээр ярих” (10-р шүлэг) гэдэг нь гадаад болон үл мэдэгдэх хэлээр ярих чадварыг хэлнэ гэдгийг тайлбарла.

Бүлэг бүр 8–10-р шүлэгт дурдагдсан сүнслэг бэлгээс хоёрыг сонгоод, хүснэгтийн хоёр дахь багананд тэдгээр бэлэг нь Бурханы хүүхдүүдэд хэрхэн ашиг тустай талаар бичихийг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг хоёр дахь багананд бичсэн хариултуудынхаа нэгийг ангийнхандаа тайлбарлахад урь.

Сударт дурдсан сүнслэг бэлэг нь бидний Сүнсээр дамжуулан хүлээн авч болох маш олон бэлгийн зөвхөн цөөн хэд нь гэдгийг онцол.

  • Ариун Сүнсээр дамжин бидэнд өөр ямар бэлэг ирж болох вэ?

  • Та нар гэр бүлийн гишүүд, найз нөхөд, ангийнхнаасаа ямар сүнслэг бэлгийг анзаарч байсан бэ?

  • Бид сүнслэг бэлгээ олж нээхийн тулд юу хийж болох вэ? (Тэнгэрлэг Эцэгээсээ тэдгээрийн тухай залбирах үедээ асууж, патриархын адислалаа авах мөн судлах)

Суралцагчдыг өөрсдөдөө өгөгдсөн сүнслэг бэлгийн талаар мөн тэдгээрийг ашигласнаар өөрсдөдөө болон бусдад хэрхэн ашиг тустай байж болох талаар бодоход урь.

1 Коринт 12:12–31

Сүнсний бэлгийг Сүмийн бүх гишүүнийг адислахын тулд өгсөн.

Самбарын өмнө дөрвөн суралцагчийг гарч ирэхийг хүс. Ангийнханд дуулдахгүйгээр энэ 4 суралцагчид хөл, гар, чих болон нүд гэсэн үгсийг өг. Авсан үгээ самбар дээр дүрслэн зурахыг суралцагч бүрээс хүсээд, сурагч бүрийн юу зурж байгааг таахыг ангийнхнаас хүс. Бүх зургийг зөв таасны дараа суралцагчдыг суудалдаа эргэн суухад урь. Хөл, гар, чих, нүд нь бидний биед ямар хувь нэмэр оруулдаг талаар бодохыг ангийнхнаас хүс.

  • Та нар урьд нь хөл гарын хуруу эсвэл шүд зэрэг биеийн жижиг хэсгүүдээ гэмтээж байсан уу? Энэ жижиг бэртэл нь өдөр бүрийн энгийн ажлаа хийхэд чинь хэр нөлөөлж байсан бэ?

Нэг суралцагчийг 1 Коринт 12:12–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул бие болон биеийн эрхтнүүдийг юутай харьцуулсныг олж мэдэхийг хүс.

  • Паул бие болон биеийн эрхтнүүдийг юутай харьцуулсан бэ? (Есүс Христийн Сүм болон Сүмийн гишүүдтэй харьцуулсан)

Дараах судрын эшлэл болон асуултыг самбар дээр бич.

1 Коринт 12:15–22, 25–30

Паул ямар байдлаар биеийг Сүмтэй харьцуулсан бэ?

Суралцагчдыг өмнөхтэй адил бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрийг 1 Коринт 12:15–22, 25–30-ийг хамтдаа уншаад, Паул ямар арга замаар биеийн эд эрхтэнг Сүмийн гишүүдтэй харьцуулсан талаар олж мэдэхийг хүс. Паул биеийн эрхтнүүдийг Сүмийн гишүүдтэй хэрхэн харьцуулсныг тодорхойлохоос өмнө бие, эрхтнүүдийн тухай юу заасныг олж мэдэхийг санал болгож болно. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Паул сүнслэг бэлгийн тухай ярьсныхаа дараа яагаад Сүмийн гишүүн нэг бүрийн үүргийн тухай ярьсан гэж та нар бодож байна вэ?

  • Паулын Сүмийн гишүүдийг биеийн эрхтэнтэй адилтган заасан нь өнөөгийн Сүмийн гишүүдэд байдаг ямар асуудлыг шийдэж болох вэ?

  • Сүмийн гишүүдийг биеийн эрхтэнтэй харьцуулснаас бид ямар зарчмыг мэдэж болох вэ? (Суралцагчид Бид өөрсдийн онцгой сүнслэг бэлгийг бусдад үйлчлэхэд ашиглах үедээ Сүмийг хүчирхэгжүүлдэг гэсэн зарчмыг тодорхойлсон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Суралцагч бүрд уг мэдэгдлийг хувилж өгөх талаар бодож үзнэ үү.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бид бүгдээрээ энэхүү агуу ажилд хамтдаа хүчин зүтгэж байгаа. ‘Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах’ (Мосе 1:39) Эцэгийнхээ ажил, алдар сууд туслахын тулд бид энд байгаа билээ. Ажил үүрэгтээ хүлээдэг та нарын үүрэг хариуцлага, ажил үүрэгтээ хүлээдэг миний үүрэг хариуцлагатай адилхан нэр хүндтэй юм. Энэ сүмд өчүүхэн ач холбогдолтой дуудлага гэж байдаггүй. Бид бүгд үүргээ биелүүлэхдээ бусдын амьдралд нөлөөлж байдаг” (“This Is the Work of the Master,” Ensign, 1995 оны 5-р сар, 71).

  • Гишүүдийн өөр өөр сүнслэг бэлэг, дуудлага Сүмийг хэрхэн адисалдаг вэ?

  • Та нар гишүүдийн сүнслэг бэлгээр дамжуулан гэр бүл, семинар, тойрог эсвэл салбар хэрхэн хүчирхэгжихийг харж байсан бэ?

Суралцагчид Сүмийг хүчирхэгжүүлж, бусдын амьдралыг адислахын тулд сүнслэг бэлгээ хэрхэн ашиглаж болох талаар бодохыг тэднээс хүс.

Суралцагчдыг 1 Коринт 12:31-ийг дотроо уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөснийг олж мэдэхэд урь.

  • Паул гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөсөн бэ? (Энэ шүлэгт хүсэн тэмүүлэгтүн гэдэг нь “хичээнгүйлэн эрэлхийл” гэсэн утгатайг тайлбарла [31-р шүлэг, зүүлт тайлбар a].)

  • Бид Сүнсний “үлэмжийн агуу бэлгүүдийг” хичээнгүйлэн эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ (С ба Г 46:8–9-ийг мөн үзнэ үү)?

Сүнслэг бэлгийн талаар гэрчилж, талархлаа илэрхийлэн, суралцагчдыг бусдад үйлчилж, Сүмийг хүчирхэгжүүлэхийн тулд сүнслэг бэлгийг хичээнгүйлэн эрэлхийлж мөн ашиглахад урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Коринт 12:3. “Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард Ариун Сүнсний хүчээр дамжуулан Есүс Христийн сайн мэдээний гэрчлэлийг олж авахын тулд бид юу хийж болохыг тайлбарласан.

“Онцгой үнэнүүдийн талаарх жинхэнэ гэрчлэл нь гэртээ заах, залбирах, судраас судлах, бусдад үйлчлэх, Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудад дуулгавартай байх зэрэг чин сэтгэлийн хичээл зүтгэлийн дараа Ариун Сүнсээр дамжин ирдэг гэрч юм. Сайн мэдээний үнэний талаар гэрчлэл олж авах мөн үүрд хадгалах нь биднээс шаарддаг сүнслэг бэлтгэлийн үнэ цэнтэй адил чухал юм” (“Pure Testimony,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 11-р сар, 40).

1 Коринт 12:4–10. Сүнсний бэлэг

Сүнсний бэлэг нь Их Эзэнд маш чухал учраас манай дөрвөн гол судрын гуравт энэ тухай заасан байдаг (1 Коринт 12, Моронай 10 ба Сургаал ба Гэрээ 46).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштон судруудад байхгүй сүнслэг бэлгийн тухай заасан.

“Үргэлж ил тод, анхаарал татахуйц байдаггүй ч маш чухал хэдэн бэлгийг би нэрлэе. …

Асуух, сонсох, намуун зөөлөн дуу хоолойг анхааран сонсох, ашиглах; уяхан сэтгэлтэй байх, зөрчилдөөнөөс зайлсхийх, бусадтай эв нийцтэй байх, хоосон давталтаас зайлсхийх, зөв шударга зүйлсийг эрэлхийлэх, бусдыг шүүхгүй байх мөн удирдамж авахаар Бурханд хандах, шавь байх, бусдад анхаарал халамж тавих, тунгаан бодох чадвартай байх, залбирал хэлэх, хүчирхэг гэрчлэл үлдээх, Ариун Сүнсийг хүлээн авах зэрэг бэлэгнүүд байдаг” (“There Are Many Gifts,” Ensign, 1987 оны 11-р сар, 20).

1 Коринт 12:7. Би өөртөө ямар сүнслэг бэлэг байгааг хэрхэн мэдэх вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс бидэнд ямар сүнслэг бэлэг өгөгдсөнийг хэрхэн олж мэдэх талаар:

“Бид өгөгдсөн бэлгийг олохын тулд залбирч, мацаг барих ёстой. Ихэнхдээ патриархын адислал маань бидэнд өгөгдсөн сүнслэг бэлгийн талаар хэлж өгдөг бөгөөд хэрэв тэдгээрийг эрэлхийлбэл хүлээн авч болох бэлгийн амлалтыг бидэнд мэдэгддэг. Би хүн нэг бүрийг өөрсдийн бэлгийг илрүүлж, амьдралын тань ажлыг удирдан чиглүүлэх мөн тэнгэрийн ажлыг урагшлуулах тэдгээр бэлгийг эрэлхийлэхийг шавдуулмаар байна” гэж заасан (“Gifts of the Spirit,” Ensign, 2002 оны 2-р сар, 16).

1 Коринт 12:22. “Бүр сул дорой мэт санагдах эрхтэн харин ч шал өөр байх бөгөөд биед бүр ч их хэрэгтэй байдаг аж”

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

“Өөрийн чинь дуудлага, үүрэг хариуцлагыг танаас илүү сайн хийж чадах илүү чадварлаг, илүү туршлагатай өөр хүмүүс байдаг гэж та нар бодож болох ч энэ үүрэгт ажлыг Их Эзэн танд ямар нэг шалтгаанаар өгсөн. Зөвхөн та л тэдэнд хүрч, тэдний зүрх сэтгэлд нөлөөлж чадах хүн нь байж болох юм. Танаас өөр хэн ч үүнийг таны хийдэг арга замаар хийж чадахгүй байж мэднэ” (“Зогсож байгаа газраасаа өргө,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65).